Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2021/00904

 

....................., ................. нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Банзрагч, Х.Сонинбаяр, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/02252 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2342 дугаар магадлалтай,

.................., .................. нарын нэхэмжлэлтэй,

............................................-т холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: Чингэлтэй дүүргийн шүүгчийн захирамжаар  …............, .......................  нараас 37,689,592 төгрөгийг гаргуулж Хас банканд олгохоор шийдвэрлэсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан …............... миний өмчлөлийн Ү-220100870 дугаарт бүртгэлтэй ...............дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын ................ тоот 47.6 м.кв хувийн орон сууц, Г-2202003825 тоот дугаартай 338 м.кв талбайтай газрыг маань бидэнд мэдэгдэлгүйгээр өөрсдийн гэрээт ашиг хуваах зорилготой үнэлгээний газраар үнэлүүлж 45,290,000 төгрөгөөр үнэлүүлсэн болохоо Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2019.11.29-ний өдрийн 4/27238 тоот албан бичгээр мэдэгдсэн. Манай 338 м.кв газартай үл хөдлөх хөрөнгө нь ….............дүүргийн 14 дүгээр хорооны дэргэд төв зам дагуу, автобусны буудлын хажууд байрлалтай, тус газар дахин төлөвлөлтөд орсон орон сууцаар газраа солих боломж нь нээгдсэн. Манай газрыг дахин төлөвлөлтөд орсон болохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ашиг хуваах зорилгоор төлбөр төлөгчийн хөрөнгийг хямдаар үнэлж дундаас ашиг хүртдэг. Иймд зах зээлийн бодит үнэлгээг гаргаж чадаагүй Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгат үнэлгээний байгууллагын 46,290,000 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргасан хариу тайлбарт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1718 дугаар захирамжаар  ................., ................  нараас 37,661,364 төгрөг гаргуулж “Х б” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн ба гүйцэтгэх баримт бичгийг 2019.07.18-ны өдөр хүлээн авч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн хуулийн дагуу ажиллаж байна. Төлбөр төлөгч  …............, ................... нар нь төлбөрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгө болох ............... дүүрэг, 14 дүгээр хороо, Хайлаастын 10 дугаар гудамж, .............. тоот хаягт байрлах 338 м.кв талбайтай газар, мөн хаягт байрлах 47.6 м.кв талбайтай хувийн сууц зэргээс төлбөрийг хангуулахаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу төлбөр төлөгч …..............-ийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн хураасан. Үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалтыг үндэслэн шинжээч томилон 46,290,000 төгрөгөөр үнэлэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/02252 дугаар шийдвэрээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлангаар үнэлэгдсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн ................., ............... нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Чингэлтэй дүүргийн шүүхийн шүүгчийн 2019 оны 12 сарын 31-ний өдрийн 182/ШЗ2020/00228 дугаар захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байхыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2342 дугаар магадлалаар  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/02252 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч ............, .................нарын хяналтын журмаар гаргасан гомдолд: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.06-ны өдрийн 182/ШШ2020/02252 дугаар  шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.12.11-ний өдрийн 2342 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийн талаар: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэг хүлээсэн байх бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлэх зорилгоор шүүх хэргийг хянан шийдвэрлэх явцад томилогдсон “Т з” ХХК-ийн үнэлгээчинг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргасан бөгөөд эргэлзээтэй, тодорхой бус үнэлгээний талаар тодруулах шаардлагатай байсан. “Т з” ХХК-ийн үнэлгээчин Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4-ийг зөрчсөн гэж бид үзээд тус хуулийн 11.1.4-т заасан эрхээ хэрэгжүүлж шүүх хуралдааны явцад үнэлгээчинг оролцуулж, асуулт асууж тайлбар авахыг хүсэхэд шүүх эрх хязгаарласан. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2, 3-т заасан эрх хязгаарлагдсаныг давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй, дүгнэлт хийгээгүй байгаа нь шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй болохыг нотолно.

   2. Манай газар нь 5 буудлын дэргэд Хайлааст руу эргэдэг төв зам дагуух байрлалтай, эрэлт ихтэй, зах зээлийн үнэ бүхий газар байрладаг. Бид өөрсдийн газраа үнэлэхэд хэцүү байдаг буюу ядаж л орон сууцаар солих хэмжээний үнэтэй. Гэтэл манай хашаа, байшинг 46,290,000 төгрөгөөр үнэлсэн нь 2 дахь дуудлага худалдаагаар 23 сая төгрөг болж Хас банкныханд алдаад, дээрээс нь 10 гаруй сая төгрөгийн өртэй үлдээд, орох оронгүй болж хохирох тул шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Мөн “Л” ХХК-ийн 2020.01.17-ны өдрийн 48,837,436 төгрөгийн үнэлгээ, “Т з” ХХК-ийн 46,794,000 төгрөгийн үнэлгээг ч хүлээн зөвшөөрөх боломжгүй. Төв зам дагуух барилгажих талбайд байрладаг хашаанууд нь дор хаяж 40 м.кв талбайтай орон сууцаар арилжагддаг болсон нь нийтэд илэрхий зүйл билээ. Энэ нь анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлээгүй болох нь харагдана. Мөн шүүх Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд нийцсэн гэсэн байх бөгөөд үүнийг зөвшөөрөхгүй ба харин тус хуулийн 9.2.3-т заагдсаныг зөрчсөн гэж үзэж байна. Иймд миний хөрөнгө зах зээлийн бодит ханшнаас хэт доогуур үнэлэгдэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үнэлгээчин, шинжээчийг шүүх хуралд оролцуулж тайлбар, мэдүүлэг авах нэхэмжлэгчийн эрхийг хязгаарлаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн тул анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

            Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв дүгнэж, хэрэглэх ёстой хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Тодруулбал, хуульд заасан журмын дагуу хөндлөнгийн шинжээчээр томилогдсон “Б м ХХК нь төлбөрт хураагдсан ................. дүүрэг, 14-р хороо, Хайлааст 10-р гудамжны ............ тоотод байрлах 338 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар болон уг газар дээрх 68.6 м.кв талбайтай хувийн сууцыг үнэлэхдээ өртгийн болон зах зээлийн аргыг хослуулан хэрэглэж, тухайн үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг нийт 46,290,000,00 төгрөгөөр тогтоосныг Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.“Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэснийг, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т заасан хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлгүй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв юм.

            Иймээс “...анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн...” гэсэн утгатай хяналтын шатны журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

            Түүнчлэн, “...“Т з” ХХК-ийн үнэлгээчин нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 4.1.4-ийг зөрчсөн гэж үзээд тус хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т заасан эрхээ хэрэгжүүлж шүүх хуралдааны явцад үнэлгээчинг оролцуулж, асуулт асууж, тайлбар авахыг хүсэхэд шүүх эрх хязгаарласан, гэсэн атлаа анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх анхаараагүй, дүгнэлт хийгээгүй...” гэх гомдлын тухайд, давж заалдах шатны шүүхээс “...шүүхэд гэрчээр оруулах хүсэлт гаргасныг шүүх хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй...” гэж дүгнэжээ.

            Тодруулбал, анхан шатны шүүх “...нэхэмжлэгчийн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэхтэй холбоотой гэрч асуулгах хүсэлтээ урьд нь гаргах боломжтой байсан ба шүүх хуралдааны үед гаргасан нь ямар хүндэтгэн үзэх шалтгаантай болох нь тогтоогдоогүй...” гэж дүгнэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2-т заасан эрхийнхээ хүрээнд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.

            Иймд, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангалгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 182/ШШ2020/02252 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2342 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгч нарын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                       ШҮҮГЧИД                                                       Г.БАНЗРАГЧ

                                                                                               Х.СОНИНБАЯР

                                                                                                Б.УНДРАХ

                                                                                                Д.ЦОЛМОН