Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 0049

 

 

 

 

 

 

 

 

 

Р.Гад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч Д.Азжаргал, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Шүүгдэгч                                                       Р.Г

Нарийн бичгийн дарга                             Ц.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Р.Гын давж заалдах гомдлоор Р.Гад холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   А овгийн Р-н Г,

   Р.Г нь 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр согтуурсан үедээ          аймгийн        сумын      багийн        тоотод шалтгаангүйгээр Д.О-н нүүр, хэвлий тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: Р.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

 

Шүүгдэгч А овгийн Р-н Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Гыг 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Гад оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж хорих ял оногдуулахыг анхааруулж,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Энэ эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Д.О нь шүд хийлгэх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 402 дугаартай захирамжаар:

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/163 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Улсын яллагч Н.Д” гэснийг “Улсын яллагч Ж.Б” гэж залруулж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Р.Г давж заалдах гомдолдоо: ... Би ам бүл 5. Дулааны улиралд ажил хийж гэр бүлээ тэжээдэг. Намар нэг хүү маань оюутан болох учир мөнгөн төлбөрийг хамгийн багаар төлж дуусгамаар байна. Иймээс Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 163 дугаар тогтоолыг өөрчилж өгнө үү ... гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Р.Г тайлбартаа: ... Би Улаанбаатар хотод барилгын компанид ажилладаг. Мөнгөн торгуулиар торгох ялаар сольж өгнө үү ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Р.Гын давж заалдах гомдлыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

             Шүүгдэгч Р.Г нь 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр согтуурсан үедээ        аймгийн      сумын       багийн         тоотод шалтгаангүйгээр хохирогч Д.О-н нүүр, хэвлийн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь

 

             хохирогч Д.О-н ... Г газраас босож ширээн дээр байсан архийг халаасандаа хийгээд гэнэт цээж рүү гараараа түлхэж намайг орон дээр унагаад дээр гарч мордож суугаад гараараа миний цээж рүү хэд хэдэн удаа цохисон, дараа нь шүд рүү цохисон. Г-д шүд рүүгээ цохиулсны дараа тас гээд явчихсан, үүний дараа миний толгой манарсан ... Би Г-г огт цохиж зодоогүй. Харин Г миний шүд рүү нэг удаа, цээж рүү болон нүүр рүү нэг удаа буюу нийт 3-4 удаа намайг цохисон. Миний 3 шүд Г-д цохиулсны улмаас унасан ... гэсэн мэдүүлэг,

 

             гэрч Х.З-н ... О Г-г манайхаас зайл гээд орон дээрээ суучихаад орилж хашгираад байсан. Энэ үед Галбадрах О-н шүд рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би Г-г яаж байгаа юм бэ гээд авч гадагш гаргасан ... гэсэн мэдүүлэг,

 

             Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 264 дугаартай ... О-н биед 11, 21, 22-р шүд унасан, хэвлий, зүүн тохойд 3 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гурван шүд нь унасан нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарагдана ... гэсэн дүгнэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 

             Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээр хэрэг хянан хэлэлцэх явцад хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

             Анхан шатны шүүх шүүгдэгч Р.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн ба шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

             Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэснийг хөнгөрүүлэн өөрчилж, торгох ял болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

             Иймд шүүгдэгч Р.Гын ... мөнгөн төлбөрийг хамгийн багаар төлж дуусгамаар байна ... гэсэн агуулгатай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Харин анхан шатны шүүхийн шүүгч 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 402 дугаар захирамжаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Улсын яллагч Н.Д” гэснийг “Улсын яллагч Ж.Б” гэж залруулсан атлаа шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт “Улсын яллагч Н.Д” гэснийг  залруулалгүй орхигдуулсан байх тул зөвтгөн өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 163 дугаар шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт “Улсын яллагч Н.Д” гэснийг “Улсын яллагч Ж.Б” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Р.Гын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

                        ШҮҮГЧИД                                                                 Д.АЗЖАРГАЛ

 

                                                                                    С.ЦЭЦЭГМАА