Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/163

 

 

 

 

 

 

 

 

 

   2023          05           08                                 2023/ШЦТ/163

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

Нарийн бичгийн дарга Б.Сувд-Эрдэнэ

Улсын яллагч Н.Дүүрэнжаргал

Хохирогч Д.О

Шүүгдэгч Р Г нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Г холбогдох эрүүгийн 2325000000187 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Р.Г

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

Шүүгдэгч Р Г нь 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн *** тоотод шалтгаангүйгээр Д.О-н  нүүр, хэвлий тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Р Г мэдүүлэхдээ “мэдүүлэг өгөхгүй. О-н  биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн шүдийг эмчлүүлж өгнө. Нэхэмжилж байгаа зардал өндөр тул төлөх болможгүй байна. Би өөрөө эмнэлэгээр явж үзсэн” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Д.О мэдүүлэхдээ “Г-д  зодуулсны улмаас гурван шүд унасан. Шүдээ хийлгэх зардлаа нэхэмжилж байна” гэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

1. Хохирогч Д.О-н  “2023 оны 03 дугаар сарын 12-ны өглөө 09 цагийн үед гэртээ охины хамт амарч байтал гаднаас Г  0.75л хэмжээтэй 1 шил архитай орж ирсэн. Ингээд бид хоёр тэр архийг нь хувааж уугаад Г  манайхаас 12 цагийн үед гарч явсан. Өдөр нь 16-17 цагийн хооронд гэртээ орох гээд явж байтал манай гудамжны үзүүр дээр Г  машинтайгаа надтай дахиж таарсан. Энэ үед машиныг нь Г ын эхнэр Золоо барьж явсан. Дараа нь бид гурав гудамжны үзүүрт байрлах “Дэлгэрмөрөн” хүнсний дэлгүүр рүү орж 0.5л хэмжээтэй 1 шил архи худалдаж аваад манайх руу очсон. Тэр архинаас нь Г  бид хоёр хувааж уусан ба Г ын эхнэр архи уугаагүй гэрт орж ирчхээд буцаад гадагшаа гарч машиндаа суусан. Г тай архи ууж байтал Г  над руу чи ийм найзгүй шүү дээ, чам дээр хэн ирдэг юм бэ гэх мэтээр уурлаад байхаар нь би Г-д  хандан чи наад үлдсэн архиа аваад яв, би ажилтай байна, хүүхдийнхээ хувцсыг угаана гэж хэлтэл Г  газраас босож ширээн дээр байсан архийг халаасандаа хийгээд гэнэт цээж рүү гараараа түлхэж намайг орон дээр унагаад дээр гарч мордож суугаад гараараа миний цээж рүү хэд хэдэн удаа цохисон, дараа нь шүд рүү цохисон. Г-д  шүд рүүгээ цохиулсны дараа тас гээд явчихсан, үүний дараа миний толгой манарсан. Манарч байтал манай охин уйлж гаднаас Г ын эхнэр Золоо орж ирээд Г-г  чирээд гадагш авч явсан. Г-г  гарч явахаар нь орон дээрээс босоод шүлсээ хаях гэтэл амнаас 1 хугарсан шүд гарч ирсэн. Мөн 2 шүд санжигнаад бараг л уначихсан байсан. Зүгээр архи ууж байгаад гэнэт над руу агсраад басамжилж, доромжилсон аястай яриад байсан. Яагаад намайг зодсон гэдгийг мэдэхгүй байна. Намайг Г-д  зодуулж байхад түүний эхнэр Золоо гадаа машиндаа сууж байсан харин миний охин Баясгалан дэргэд харж байсан. Одоогоос 5-6 жилийн өмнө найзаараа дамжуулж танилцаж байсан. Би Г-г  огт цохиж зодоогүй харин Г  миний шүд рүү нэг удаа, цээж рүү болон нүүр рүү 1 удаа буюу нийт 3-4 удаа намайг цохисон. Миний 3 шүд Г-д  цохиулсны улмаас унасан. Бусдаар биеийн байдал дажгүй байна. Г-с  3 ширхэг хиймэл шүд өөртөө хийлгүүлж авмаар байна. Уурхайчин багт байрлах нэг шүдний эмнэлэгт шүд хийлгүүлэхээр явж очоод үзүүлтэл суулгадаг 3 ширхэг шүд 2,700,000 төгрөг болно гэж хэлсэн, надад түүнтэй холбоотой гаргаж өгөх баримт, бичиг байхгүй байна. Би Г-с  5,000,000 төгрөг нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 9, 11 дэх тал/

2. Гэрч Х.З-н “О  Г-г  манайхаас зайл гээд орон дээрээ суучхаад орилж хашиграад байсан. Энэ үед Г  Октябрын шүд рүү нэг удаа цохисон. Тэгэхээр нь би Г-г  яаж байгаа юм бэ гээд авч гадагш гарсан” гэх мэдүүлэг. /хавтаст хэргийн 13-15 дахь тал/

3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 264 дугаартай “Д.О-н  биед 11, 21, 22-р шүд унасан, хэвлий, зүүн тохойд 3 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гурван шүд унасан нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт 10% байна” гэх дүгнэлт. /хавтаст хэргийн 22-23 дахь тал/

4. Сэжигтэн Р.Г-н  “О-н  гэрт ороод О той архи хувааж уугаад суутал манай эхнэр гараад явчихсан. Энэ үед юунаас гэдгийг нь мэдэхгүй байна, О  бид хоёр хоорондоо маргалдаж ноцолдсон. Ноцолдож байхдаа би орон дээр О-н  дээрээс давхралдаж унахдаа нүүрний хэсэгт нь толгойгоороо мөргөсөн. Толгойгоороо яг хаана нь мөргөсөн гэдгээ санахгүй байна. Давхралдаж унаад дээрээс нь босохдоо Октябрийг цохиогүй. Дараа нь гаднаас эхнэр орж ирээд та нар архи ууж чадахгүй юм бол ингэж найзалж нөхөрлөж яадаг юм бэ гээд намайг дагуулж О-н  гэрээс гарч явсан. Би гарахдаа ширээн дээр байсан уугаагүй үлдсэн тал шил архиа авч гарсан. Гэрт О  бид хоёроос гадна охин нь хамт байсан. О  намайг цохиж зодоогүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Тэр үед болсон зарим зүйлсийг санахгүй байна. Би нэлээн согтолтой байсан. Тухайн үед О  орон дээр дээшээ хараад харин би доошоо харсан байрлалтай дээрээс нь давхралдаж унасан. Энэ үед би толгойгоороо О-н  нүүрийг мөргөжунасан тэр үед шүднүүд хугарах гэмтэл нь үүссэн байх гэж бодож байна. Харин зүүн тохой, хэвлийнд үүссэн зулгаралтууд нь намайг дээрээс дарж унах үед юманд цохигдсоноос болж үүссэн байх гэж бодож байна. Би О-н  шүдийг эмнэлгээр явж янзалж өгөх болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Н.Дүүрэнжаргал дүгнэлтдээ “Шүүгдэгч Р Г нь 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр согтуурсан үедээ Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн *** тоотод шалтгаангүйгээр Д.О-н  нүүр, хэвлий тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь гурван шид унасан хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотох баримтуудаар тогтоогдож байна. Имйд шүүгдэгчийг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Хохирогч нь шүд хийлгэх эмчилгээний зардлын материалаа ирүүлээгүй байх тул хэлэлцэлгүй орхиж, иргнэий журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэв.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

 

1.Хэргийн үйл баримт, шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэл, хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.О-н  “цээж рүү гараараа түлхэж намайг орон дээр унагаад дээр гарч мордож суугаад гараараа миний цээж рүү хэд хэдэн удаа цохисон, дараа нь шүд рүү цохьсон” гэх мэдүүлэг, гэрч Х.З-н “Г  Октябрын шүд рүү нэг удаа цохисон” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 264 дугаартай дүгнэлт, сэжигтэн Р.Г-н  “Ноцолдож байхдаа би орон дээр О-н  дээрээс давхралдаж унахдаа нүүрний хэсэгт нь толгойгоороо мөргөсөн. Толгойгоороо яг хаана нь мөргөсөн гэдгээ санахгүй байна. Тэр үед болсон зарим зүйлсийг санахгүй байна. Би нэлээн согтолтой байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Р Г нь 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант багийн *** тоотод согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Д.О-н  нүүр, хэвлий тус газар гараараа цохиж 11, 21, 22-р шүдийг унагаж хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.

            Шүүгдэгч Р.Г-н  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

            Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Г-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч Д.О-н  эрүүл мэндэд нь 11, 21, 22-р шүд унасан хөнгөн хохирол учирсан байна. Хохирогч нь 3 шүд хийлгэх зардлаа нэхэмжлэнэ гэж байгаа боловч холбогдох зардлын баримтаа ирүүлэгүй байх тул хэлэлцлэгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.

 

            2. Эрүүгийн хариуцлага, хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдлын талаар:

            Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Р Г нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулав.

 

            Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овгийн Р Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г-г 480 /дөрвөн зуун ная/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагийн хугацаагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 8 цагийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.

 

4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Энэ эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй бөгөөд хохирогч Д.О нь шүд хийлгэх эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурьдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Ц.АЛТАНГАДАС