Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/00181

 

 

 

 

 

 

 

 

 

 

П.Н, Д.У нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/03227 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч П.Н, Д.У нарын хариуцагч К.Б-д холбогдуулан гаргасан нийт 9 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: 2018 оны 06 сард нэхэмжлэгч П.Н- миний бие Төв аймгийн Дэлгэрхаан сумын 2-р баг Шийр хайрхан гэх газарт нутаглаж байх үед хариуцагч К.Б- нь манай адуунаас 4 ширхэг соёолон адууг нийт 6 000 000 төгрөгөөр авсан бөгөөд махыг нь зараад мөнгийг нь дараа өгье гэсэн.

Мөн 2017 оны 12 сард Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутагт манай гэрт 300 орчим ямаа, үүнээс 170 ишиг, 130 ширхэг том ямаа тууж авчирсан бөгөөд үүнээсээ 130 ямааг миний эхнэрээр гэдсийг нь цэвэрлүүлж, надаар бой хийлгэсэн юм. 2-3 хоногийн турш уг ажлыг хийлгэж автомашин дээр ачуулсан. Нэг ямааг бойлсон ажлын хөлсийг 10 000 төгрөгөөр тооцож нийт 1 300 000 төгрөг нэхэмжилнэ.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 сарын 25-ны өдрийн 146/ШШ2019/00321 дугаар шийдвэрээр нэхэмжлэл гаргасан П.Н-д мал хариулсан ажлын 1 жилийн хугацааны хөлс 2 400 000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн бөгөөд энэ 2017 оны 12 сарын 20-ны өдрөөс 2018 оны 12 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын хөлс байсан бөгөөд одоо 2018 оны 12 сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын хөлс 2 200 000 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд хариуцагчаас нийт 9 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: К.Б- миний бие П.Н-д өргүй миний 174 ямаа, 8 хонийг аваад өгөөгүйн улмаас өчнөөн өр ширэнд орж ээж, хүүгийнхээ байр савыг хүртэл алдах дээрээ тулаад байна. Адууг би авсан, мөнгийг нь өгье гэтэл мөнгө авахгүй ээ, ямааг чинь авна гэсэн. Тэгээд миний 174 ямааг өгөөгүй. Би өөрөө бойчинтой очисон, гэрч байгаа. Гэдэс, цувдайг нь тэр чигт нь хаясан. Цалин, ямаа хариулгын мөнгө гээд байгаа тэр мөнгийг нь өгсөн. Яагаад гэхээр оронд нь 2002 оны супер портер авч өгсөн учир миний бие П.Н-д өргүй. Авлага маш их байгаа.

Иймд П.Н-н нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч К.Б-гаас 4 400 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Н, Д.У нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 100 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 193 000 төгрөгийн 192 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 450 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагч К.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 85 350 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч П.Н, Д.У нарт олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч П.Н- болон хариуцагч К.Б- нарын аав ээж нь гэр бүл болон хамтран амьдардаг бөгөөд хоёр талаас нийлсэн нэг айлын хүүхдүүдийн хувьд К.Б- нь хөдөө малчин П.Н-д худалдаж авсан ямаагаа түр үлдээж маллуулахаар гуйж П.Н- зөвшөөрсөн байдаг. Түүнээс К.Б- болон П.Н- нар нь анхнаасаа ямааг маллуулах талаар хөлсөөр ажиллах болон өөр бусад хариу төлбөртэй гэрээг амаар болон бичгээр огт байгуулаагүй, талуудын хооронд гэрээний харилцаа үүсээгүй байхад ийнхүү ямаа хариулсан ажлын хөлс гэх 2 200 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Шүүх дээрх шийдвэрийнхээ үндэслэлийг өмнө нь зохигчдын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэж байсан Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэрийг жишиг болгон шийдвэрлэснийг үндэслэлгүй бөгөөд тухайн хэрэгт авагдсан ямар баримтыг үндэслэн тухайн үед ямаа хариулсан хөлсийг олгохоор шийдвэрлэсэн нь тодорхойгүй бидний энэ хэрэг маргаанд хамааралгүй юм.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлагаа өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд ийнхүү шаардлагаа нотолж шүүхэд гаргаж өгсөн баримтыг үндэслэж шүүх хэрэг маргааныг шийдвэрлэх байтал нэхэмжлэгчийн ямаа хариулсан ажлын хөлс шаардаж буй шаардлагаа ямар ч баримтаар нотлоогүй, зөвхөн өмнө нь Өвөрхангай аймгийн шүүх ажлын хөлс гаргаж шийдвэрлэж байсан тул шаардлагыг хангаж өгнө үү гэх нэхэмжлэгчийн тайлбарыг үндэслэн шийдвэрлэх боломжгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж ямаа хариулах хөлсөөр ажиллах гэрээний төлбөрт 2 200 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч П.Н, Д.У нар хариуцагч К.Б-д холбогдуулан 4 ширхэг адууны үнэ 6 000 000 төгрөг, 130 ямаа бойлсны ажлын хөлс 1 300 000 төгрөг, 2018 оны 12 сарын 20-ны өдрөөс 2020 оны 07 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны ямаа малласны ажлын хөлс 3 800 000 төгрөг, нийт 11 000 000 төгрөгийг гаргуулахаар анх шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямаа хариулсны ажлын хөлс гаргуулах шаардлагаа багасгаж 2018 оны 12 сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын хөлс 2 200 000 төгрөг гаргуулахыг хүссэн.

 

Хариуцагч К.Б- нь дээрх шаардлагаас 4 ширхэг адууны үнэд 2 200 000 төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэг. 4 ширхэг адууны үнэ 6 000 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд.

 

Хариуцагч К.Б- нь 2018 оны 06 сард П.Н, Д.У нараас 4 ширхэг адууг үнийг нь дараа өгөх нөхцөлтэйгөөр худалдан авсан үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин нэхэмжлэгч нар 1 адууг 1 500 000 төгрөгөөр худалдсан гэж, хариуцагч 1 адууг 550 000 төгрөгт тооцон авсан гэж харилцан адилгүй тайлбарлан маргасан.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа хэмээн зөв дүгнэж, хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд нийт 2 200 000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

 

Тодруулбал, хариуцагч талаас шүүхэд гаргаж өгсөн Вендо ХХК-ийн үнэлгээгээр 4 адууг нийт 1 600 000 төгрөгөөр, харин нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн Тэнцвэр эстимэйт ХХК-ийн үнэлгээгээр 4 адууг нийт 4 000 000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна. /2018 оны 06 сарын байдлаар/ Эдгээр үнэлгээ нь өөр хоорондоо илт зөрүүтэй байхаас гадна Тэнцвэр эстимэйт ХХК чухам ямар арга, аргачлалаар тухайн үнэлгээг гаргасан болох нь тодорхойгүй байх тул Монгол Улсын Үндэсний статистикийн хорооноос гаргасан үнийн мэдээллийг үндэслэн 2 200 000 төгрөгийн хэмжээнд шаардлагыг анхан шатны шүүх хангасныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хоёр. 130 ямаа бойлсны ажлын хөлс 1 300 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд.

 

Хэрэгт авагдсан Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 146/ШШ2019/00321 дугаар шийдвэрээс үзэхэд П.Н- өмнө нь К.Б-д холбогдуулан 130 ямаа нядалж, гэдэс цэвэрлэсний ажлын хөлс 1 300 000 төгрөг гаргуулах сөрөг шаардлага гаргаж байсан, шүүх уг сөрөг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байна.

 

Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг анхаараагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ёстой байтал тус шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүх талуудын хооронд үүссэн нэг маргааныг нэг удаа шийдвэрлэх бөгөөд аливаа этгээд нэг асуудлаар дахин шүүхэд хандан дахин шийдвэрлүүлэх боломжгүй юм.

 

Гурав. Ямаа хариулсны ажлын хөлс 2 200 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд.

 

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримт, зохигчдын тайлбарт үндэслэн хариуцагч К.Б-гийн өмчлөлийн 170 орчим ямааг нэхэмжлэгч П.Н, Д.У нар 2017 оны 12 сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд маллаж байсан үйл баримтыг зөв тогтоож, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн хэмээн зөв дүгнэж, улмаар хариуцагчаас ажлын хөлс 2 200 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Өөрөөр хэлбэл, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 146/ШШ2019/00321 дугаар шийдвэрээр 170 орчим ямаа малласны 1 сарын ажлын хөлсийг 200 000 төгрөгөөр тооцож, 2017 оны 12 сарын 20-ны өдрөөс 2018 оны 12 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны ажлын хөлсөнд нийт 2 400 000 төгрөгийг К.Б-гаас гаргуулан П.Н-д олгож шийдвэрлэсэн нь хуулийн хүчин төгөлдөр байна.

 

Нэхэмжлэгч нар дээрх шүүхийн шийдвэрээр шийдвэрлэснээс хойших хугацааны буюу 2018 оны 12 сарын 20-ны өдрөөс 2019 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд хамаарах ажлын хөлсийг шаардаж байх тул өмнө шийдвэрлэгдсэн маргаан гэж үзэхгүй бөгөөд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт дурдагдсан 1 сарын ажлын хөлсийг үндэслэж нийт 2 200 000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй байх зохицуулалтад нийцжээ.

 

Хариуцагч К.Б- нь тухайн үед Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 146/ШШ2019/00321 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтад үндэслэн хуулийн дагуу байгуулагдсан гэрээний маргааныг шийдвэрлэсэн байх бөгөөд өөр шүүхийн шийдвэрийг үндэслэл болгоогүй байна. Иймд Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэрийг жишиг болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт холбогдох өөрчлөлтийг оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 22-ны өдрийн 184/ШШ2020/03227 дугаар шийдвэрийг тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...5,100,000 төгрөгийг... гэснийг ... 3 800 000... төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 1 дэх заалтын дараа 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.6-д зааснаар хариуцагч К.Б-гаас 130 ямаа бойлсны ажлын хөлс 1 300 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж,

Тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 193 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, илүү төлсөн 21 250 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, мөн хариуцагч К.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 85 350 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Н, Д.У нарт тус тус олгосугай гэж өөрчилж,

Тогтоох хэсгийн 3 дахь заалтын 3. гэснийг 4. гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 50 150 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.НЯМБАЗАР