Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 184/шш2020/03227

 

 

 

 

 

 

 

 

 

   2020            10             22

                                184/ШШ2020/03227

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: - хаягт оршин суух, Э- овогт П-ын Н- /РД:-/,

 

Нэхэмжлэгч: - хаягт оршин суух, Х- овогт Д-гийн У- /РД:-/ нарын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, - тоот хаягт оршин суух, А- овогт К-гийн Б- /РД:-/-д холбогдох,

 

11,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ч-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б-, гэрч Д.Б- шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Түвшинбаяр нар оролцов.          

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 12 сарын дундуур хариуцагч К.Б- нь нэхэмжлэгч П.Н-, Д.У- нарын гэрт ирсэн. Ингээд ирэхдээ ойр орчмын айлуудаас нь ямаа худалдан авч 300 тооны ямаа авсан байснаас 170 ишиг, 130 нас бие гүйцсэн ямаа авсан. 170 ишгийг худалдан борлуулахад үнэ хүрэхгүй гэж ярилцаад 130 ямааг нь бойлж П.Н-гээр мал нядлах ажлыг нь хийлгэн, эхнэр Д.У-аар гэдэс цэвэрлэх ажлыг нь хийлгэсэн. Мал бойлох, гэдэс цэвэрлэх ажлыг нь 2-3 хоногийн дотор хийж дуусган, тээврийн хэрэгсэл дээр нь ачиж явуулсан байдаг. П.Н-, Д.У- нарын ажлын хөлсийг К.Б- Улаанбаатар хотод очоод махаа зарж борлуулсны дараа мөнгөтэй болохоороо өгий гэж хэлээд явсан. Гэсэн хэдий ч ямар ч ажлын хөлс өгөөгүй. Бой хийсэн ажлын хөлс 1 ямааг 5000 төгрөгөөр, гэдэс цэвэрлэсэн ажлын хөлсийг мөн 5000 төгрөгөөр тус тус тооцоолж, 130 ямааг бойлж, гэдэс цэвэрлэсний хөлс 1,300,000 төгрөг шаардана. 2018 оны 6 сарын  эхээр К.Б- Өвөрхангай аймгийн  Ш- гэх газар П.Н-нд мөн ирсэн. Үлдээсэн 170 ямаагаа авч явж борлуулахаар ирсэн боловч, үлдсэн ямаа нар нь өвөлжилт хүндэрсэн, онд муу орсны улмаас туранхай байсан. Тэгсэн хамт ирсэн н.Шинэбаяр гэх жолооч нь “...туранхай ямаа эмээлт зах дээр очоод зарагдахгүй, бензин тосны гарз болно, харин чи энэ  П.Н-гээс 4ш бүдүүн адуу аваад зарвал илүү мөнгө олно...” гэж хэлсний дагуу хариуцагч К.Б- П.Н-гээс 4ш  соёолон насны адуу худалдан авсан. 1 адууг 1,500,000 төгрөгөөр үнэлж  адууны үнэд 6,000,000 төгрөг шаардана. П.Н-, Д.У- нар нь хариуцагч К.Б-гийн үлдсэн 174 тооны ямааг 2017 оны 12 сараас 2019 оны 11 сарын 15-ны өдөр хүртэл малласан. Өвөрхангай аймгийн шүүхийн 2019 оны 11 сарын 15-ны өдрийн шийдвэрээр мал малласан ажлын хөлсийг 2017 оны 12 сарын 20-ноос 1 жилийн хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр тооцож 2,400,000 төгрөгийг К.Б-гаас гаргуулж П.Н-д олгосон. Тэгэхээр 2018 оны 12 сарын 20-ноос 2019 оны 11 сарын 15-ныг хүртэл дахиад нэг жил шахам хугацааны ажлын хөлсийг бид хариуцагчаас гаргуулна. Бид нэхэмжлэл гаргахдаа ямаа хариулсан ажлын хөлсийг 3,800,000 төгрөгөөр тооцсон байсныг 1,600,000 төгрөгөөр багасгаж ажлын хөлсөнд 2,200,000 төгрөг шаардана. Ингээд анх 11,100,000 төгрөг шаардаж байсныг 1,600,000 төгрөгөөр багасгаж, ямаа бойлсон, гэдэс цэвэрлэсэн ажлын хөлс 1,300,000 төгрөг, 4 тооны соёолон насны бүдүүн адууны үнэ 6,000,000 төгрөг, 11 сарын ямаа малласан ажлын хөлс 2,200,000 төгрөг гээд нийт 9,500,000 төгрөг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2017 оны 12 сард том бага нийлсэн 300 тооны ямааг К.Б- нь П.Н-нд аваачсан. Тухайн үед 130 ямааг бойлж Улаанбаатар хот руу худалдахаар авч явсан. Гэхдээ К.Б- өөрөө 2 хүн дагуулж очин ямаагаа бойлсон байдаг. Монгол хүмүүс бие биедээ тусалдаг сэтгэлээр П.Н- мал бойлоход тусалсан байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ П.Н- мал бойлсон гэж үзэж байгаа бол П.Н-д портер машин авахад К.Б-гийн зүгээс туслалцаа үзүүлж байсан тул ажлын хөлс төлөхгүй гэж үзэж байна. 2018 оны 06 сард К.Б- нь П.Н-нд очсон байдаг. Үлдсэн ямаагаа авах гэж очиход 170 ямаанаас 60 тооны ямаа үлдсэн байдаг. Тухайн авч явах ямаа нь туранхай байсан учир П.Н-гээс 4ш адуу авч явсан. Хариуцагч нь 4 тооны адуу худалдан авсан дээр маргаан байхгүй, харин соёолон насны адуу худалдан аваагүй бөгөөд шүдлэн насны 4ш адууг нэг бүрийн үнийг 550,000 төгрөгөөр тооцож 2,200,000 төгрөгөөр адуу худалдан авсан. Нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа адууны үнэ 6,000,000 төгрөг гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй, харин 2,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. 2019 онд талууд нөгөө үлдсэн ямаагаа авна авахгүй, өгнө өгөхгүй, зуднаар үрэгдсэн гэдэг асуудлаар маргаад Өвөрхангай аймгийн шүүхээр орж шийдвэрлүүлсэн. К.Б-гийн зүгээс П.Н-д холбогдуулаад 174 тооны ямааны үнэ 10,440,000 төгрөг гаргуулъя гээд шүүх энэ талаар шийдсэн байдаг. Шүүх адуутай холбоотой маргааныг шийдээгүй. Шүдлэн насны адуу байсан гэдгийг юугаар нотолж байгаа вэ гэхээр Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэр хавтас хэрэгт авагдсан. Нэхэмжлэгч К.Б-гийн өмгөөлөгч н.Д- гэх хүн тухайн үед шүүх хуралд оролцсон байдаг. н.Д- хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөнгийн үнэлгээний “В-” ХХК-иар 4ш адууны үнийг тогтоолгох хүсэлт гаргаж байсан ба адууг 2018 оны 6 сарын байдлаар 450,000 төгрөг гэж үнэлсэн байсан. Мөн тухайн үед К.Б-тай хамт очиж адуу авч байсан гэрч Д.Б- шүдлэн насны адуу авсан талаар мэдүүлсэн. Мал хариулгын хөлс 3,800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. К.Б- болон П.Н- нарын аав ээжүүд нь хамтран амьдардаг төрөл садны холбоотой хүмүүс байсан учир хөдөө малтай, малчин айл  гэдэг утгаар нь П.Н-нд малаа хадгалуулсан. Мал хариулахтай холбоотой ажил гүйцэтгэх гэрээ хийгээгүй гэж үзэж, мал хариулгын хөлс төлөх үүрэг үүсээгүй гэж үзэж байна. Мал хариулгын 3,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч тал Өвөрхангай аймгийн шүүх шийдвэрлэхдээ мал хариулж, хадгалж байсан юм  байна. Тийм учир 1 жилийн 2,400,000 төгрөг олгуулахаар шийдсэн учир дахиад Сонгинохайрхан дүүргийн шүүх тухайн Өвөрхангай аймгийн шүүхийн шийдвэрийн үндэслэлээр хэргийг шийдвэрлэж өгөөч гэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Харин шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн шүүхийн шийдвэр гаргах болохоос биш өөр газрын шүүхийн шийдвэрийг үндэслэн, удирдлага болгож шийдвэрлэх ямар ч хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 3,800,000  төгрөг гаруулах талаарх нотлох баримт хэрэгт гаргаж өгөөгүй байна. Ингээд нэхэмжлэлийн шаардлагаас 4 адууны үнэ 2,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө. Бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                  

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Н-, Д.У- нар нь хариуцагч К.Б-д холбогдуулан 11,100,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 1,600,000 төгрөгөөр багасгаж 9,500,000 төгрөг шаардав.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

П.Н-, Д.У- нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...130 тооны ямаа бойлж, гэдэс дотрыг цэвэрлэсэн ажлын хөлс 1,300,000 төгрөг, 4 тооны соёолон насны адуу худалдсан үнэ 6,000,000 төгрөг, К.Б-гийн өмчлөлийн ямааг 2018 оны 12 сарын 20-ноос 2019 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд хариулсан ажлын хөлс 2,200,000 төгрөг гаргуулна” хэмээн тодорхойлов.

 

Хариуцагч “...4 тооны шүдлэн насны адуу худалдан авсан үнэд 2,200,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрнө. Адууны үнээс 3,800,000 төгрөг, мал бойлсон ажлын хөлс 1,300,000 төгрөг, мал хариулсан ажлын хөлс 2,200,000 төгрөг зэргийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргав.

 

2018 оны 06 сард хариуцагч К.Б- нь П.Н-, Д.У- нарын нутаглаж байсан Төв аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар баг, “Ш-” гэх газарт ирэн 4 тооны адуу худалдан авсан үйл баримтын талаар талууд маргаагүй. Харин тухайн худалдан авсан адуу нь шүдлэн насны, нэг бүрийн үнэ нь 550,000 төгрөг байхаар тохиролцсон гэж хариуцагч, нэхэмжлэгч 1,500,000 төгрөгийн үнэ бүхий соёолон насны адуу худалдсан хэмээн талууд маргав.

 

Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1-т “хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон бол хэлцлийг хийсэн гэж үзнэ” гэж заасан ба талууд бичгээр гэрээ байгуулаагүй хэдий боловч худалдагч П.Н-, Д.У- нар нь өөрийн өмчлөлийн 4 тооны адууг худалдах, худалдан авагч К.Б- нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлөхөөр гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцсон тул талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээ хүчин төгөлдөр байна.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь худалдсан адууны үнийг нэхэмжлэлдээ 1,500,00 төгрөг гэж, “Т-” ХХК-ийн 2020 оны 10 сарын 10-ны өдрийн 20/07 дугаар тодорхойлолтоор 1,000,000 төгрөг гэж тайлбарладаг. Харин хариуцагчаас өөрсдийн татгалзлын үндэслэлийг нотлохоор хөрөнгийн үнэлгээний  “В-” ХХК-ийн 2019 оны 1 сарын 25-ны өдрийн ӨХ19-3 дугаар үнэлгээний тайлангаар 2018 оны 06 сарын байдлаар шүдлэн насны адуу нэг бүрийн үнэ 400,000 төгрөг, Үндэсний статистикийн хорооны 2020 оны 09 сарын 30-ны өдрийн 06/674 дугаар албан бичгээр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд 2018 оны 06 сард шүдлэн насны үрээ 550,000 төгрөгийн үнэтэй байсан гэж тайлбарладаг. Мөн шүүх хуралдаанд хууль сануулан мэдүүлэг авсан гэрч Д.Б- “...шүдлэн насны 4 ширхэг адуу авсан” талаар мэдүүлэв.

 

Талуудын дээрх тайлбар, баримтаас үзэхэд нэхэмжлэгч худалдан борлуулсан адууны насыг баримтаар нотлоогүйн зэрэгцээ, үнэ нь харьцангуй зөрүүтэй байх бөгөөд энэхүү тохиолдолд хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээнд, мөн Үндэсний статистикийн хорооноос ирүүлсэн үнийн мэдээлэл нь улсын хэмжээнд гаргасан нэгдсэн мэдээ тайлан байх тул энэхүү нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргийг үндэслэн шүдлэн насны, 4 тооны адуу худалдсан гэж үзэн, нэг бүрийн үнийг 550,000 төгрөгөөр тооцож худалдах худалдан авах гэрээний үүрэгт 2,200,000 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч адууг Төв аймгийн Дэлгэрхаан сумын 2 дугаар баг, “Ш-” гэх газар худалдсан талаар тайлбарладаг бөгөөд уг нутаг дэвсгэр нь Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумтай хил залгаа, нэхэмжлэгч нар Баян-Өндөр сумын харьяат бөгөөд адууны үнийг Баян-Өндөр сумын зах зээлийн ханшаар тооцох талаар талууд хэн аль нь маргаагүй, зөвшөөрдөг тул Үндэсний статистикийн хорооны 2020 оны 09 сарын 30-ны өдрийн 06/674 дугаар албан бичгийн хавсралтад заасан Баян-Өндөр сумын үнийн мэдээллийг үндэслэл болгон адууны үнийг 550,000 төгрөгөөр тооцсон болно.

 

Нэхэмжлэлийн дараагийн шаардлага болох 130 ямаа бойлсон болон гэдэс цэвэрлэсэн ажлын хөлс 1,300,000 төгрөгийн шаардлага нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдсонгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хэргийн оролцогч өөрөө хэрэгжүүлэх ба 1,300,000 төгрөгийн шаардлагаа нотлох чиг үүрэг нэхэмжлэгчид байсан гэж үзнэ. Тиймээс энэхүү шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Нэхэмжлэгч нар хариуцагч К.Б-гийн өмчлөлийн 174 ямааг 2017 оны 12 сарын 20-ноос 2019 оны 11 сарын 15-ны өдөр хүртэл 2 жил гаруйн хугацаанд маллаж байсан үйл баримтын тухайд талууд маргаагүй бөгөөд эхний жилийн буюу 2017.12.20-2018.12.20-ны хоорондох хугацааны ажлын хөлсийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 146/ШШ2019/00321 дугаар шийдвэрээр 2,400,000 төгрөг К.Б-гаас гаргуулан П.Н-д олгож шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.

 

Дээрх үйл баримтаас үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулагдсан гэж үзэх боломжтой байна.

 

Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 360 дугаар зүйлийн 360.1-д “гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө” гэж заасан ба хариуцагч нь өөрийн өмчлөлийн малыг 2 жилийн хугацаанд нэхэмжлэгч нараар маллуулсан үйл баримтыг зөвшөөрдөг бөгөөд 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 146/ШШ2019/00321 дугаар шүүхийн шийдвэрээр К.Б- 174 тооны ямаагаа нэхээгүй, харин ямааны үнэд 10,380,000 төгрөг гаргуулсан байдаг. Тэгэхээр шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хариуцагчийн өмчлөлийн малыг нэхэмжлэгч нар маллаж байсан болох нь тогтоогдов.

 

Нэхэмжлэгч нар өмнө тогтоогдсон үйл баримтыг буюу 2019 оны 11 сарын 15-ны өдрийн 146/ШШ2019/00321 дугаар шүүхийн шийдвэрийг үндэслэн ажлын хөлсийг нэг сарын 200,000 төгрөгөөр тооцон 2018.12.20-2019.11.15-ны өдрийг хүртэл хугацааны 11 сарын ажлын хөлсийг 2,200,000 төгрөг хэмээн шаардсаныг буруутгах үндэслэлгүйн зэрэгцээ 2018 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240,000 төгрөг, Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 08 сарын 19-ний өдрийн 05 тоот тогтоолоор 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 320,000 төгрөг байхаар тогтоосон байна. Малчин хүний хөдөлмөр нь цаг нараар хэмжигдэх боломжгүй, жилийн 4 улиралд хүнд хүчир бөгөөд 2018, 2019 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ зэргийг харгалзан үзэж хариуцагчаас 2018.12.20-2019.11.15-ны өдрийг хүртэл 11 сарын хугацаанд түүний ямааг малласан ажлын хөлсөнд 2,200,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч К.Б-гаас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт  2,200,000 төгрөг, хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 2,200,000 төгрөг, нийт 4,400,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,100,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу зохигчдод хуваарилан хариуцуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 359 дүгээр зүйлийн 359.1-д заасныг баримтлан хариуцагч К.Б-гаас 4,400,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Н-, Д.У- нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,100,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 193,000 төгрөгийн 192,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 450 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн данснаас, хариуцагч  К.Б-гаас улсын тэмдэгтийн хураамжид 85,350 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч П.Н-, Д.У- нарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.УРАНЗУЛ