| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 188/2019/0282/Э |
| Дугаар | 379 |
| Огноо | 2019-09-09 |
| Зүйл хэсэг | 10.1.2, |
| Улсын яллагч | Ц.Бурмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 379
О.Г-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 36 дугаар магадлалтай, О.Г-ад холбогдох 1834000000248 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1956 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн, 63 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, төмөр замын засварчин мэргэжилтэй, туслах малчин ажилтай байсан, ам бүл 1, Дархан-Уул аймаг, Дархан сум, 8 дугаар баг, Манхан толгой, 3 дугаар гудамжны 7 тоотод оршин суух хаягтай боловч, Төв аймаг, Заамар сум, Хайлааст 3 дугаар багийн нутагт оршин сууж байсан,
Хязгаарын ба Дотоодын цэргийн төв шүүхийн 1978 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 244 дүгээр тогтоолоор Эрүүгийн хуулийн 197 дугаар зүйлийн в-д зааснаар 1 жил 6 сар хорих ял,
Төмөр замын шүүхийн 1984 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 110 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 169 дүгээр зүйлийн в-д зааснаар 5 жил хорих ял,
Төв аймгийн шүүхийн 1996 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 09 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 14, 39 дүгээр зүйлүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн 2б-д зааснаар 6 жил хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Б овогт О-н Г-.
О.Г- нь согтуугаар 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн *** гэх газарт нутаглах Д-н гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас Д.А-н хэвлийн баруун хэсэг, баруун ташаа, баруун гуяны дунд хэсэг зэрэг газарт хутгалж, олон тооны шарх үүсгэн, онц харгис хэрцгий аргаар алсан, мөн тухайн үед Д-н гэрт гаднаас орж ирсэн А.Э-н цээжний баруун хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч О.Г-ыг хүнийг онц харгис хэрцгийгээр алсан, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч О.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 18 жил хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2.2, 2.4-т заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн биечлэн эдлэх ялыг 18 жил 3 сарын хугацаагаар тогтоож, оногдуулсан ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч О.Г-аас оршуулгын зардал 5,913,630 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэсэн байна.
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтыг хүчингүй болгож, 9 дэх заалтын “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О- нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай” гэснийг “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.О- нь оршуулгын зардал, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Г-ын “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О.Г- гаргасан гомдолдоо “...Миний бие О.Г- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 18 жил 3 сар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгүүлсэн. Хохирогч А-н амь насыг хохироосонд маш их харамсаж байна. Давж заалдах шатны шүүхээс 5,913,630 төгрөгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Мөн миний болчимгүй үйлдлийн улмаас нэг айлийн амьдралыг ийм байдалд хүргэсэндээ маш их харамсаж байна. Би 2007 оноос хойш хөдөө хүний мал хариулж амьдардаг байсан. Намайг Заамар суманд айлд малчин хийх хугацаанд итгэлтэй сайн малчин гэж малчид ярьдаг байсан. Би 63 настай, баруун гар мухар, хоёр хөл мухар хөгжлийн бэрхшээлтэй, бие муу, даралт тогтворгүй байнга ихсэж байдаг. Иймд миний амьдрал болон биеийн байдлыг харгалзан анхан шатны шүүхээс оноосон 18 жил 3 сар хорих ялыг багасгаж өгнө гэж хүсэж байна” гэжээ.
Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч О.Г- нь 2 хүнийг хутгалсан. Тухайн үед байсан гэрчүүд болон хохирогч А.Энхтөгс түүний үйлдлийг таслан зогсоож гарт байсан хутгыг нь булааж аван морины цулбуураар хүлсэн байдаг.
Шүүх О.Г-ад холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч О.Г-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
О.Г- нь согтуурсан үедээ 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг “Ар наймган” гэх газарт нутаглах Д-н гэрт хувийн таарамжгүй харьцааны улмаас Д.Ариундавааг онц харгис хэрцгий аргаар алсан, мөн тухайн үед Дэнзэгийн гэрт гаднаас орж ирсэн А.Э-н эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Хэрэгт авагдан, шүүхээр хэлэлцсэн нотлох баримтуудаар шүүгдэгч О.Г-ын үйлдсэн хэргийн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.
Харин шүүхээс шүүгдэгч О.Г-ад холбогдох хэргийг хянан хэлэлцээд түүнд 18 жил 3 сар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохироогүйн дээр шүүх ял шийтгэл оногдуулах нийтлэг зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгыг бүрэн хангаж чадаагүй байна гэж дүгнэлээ.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас үзэхэд гэмт хэрэг гарах нөхцөлийг хохирогч бүрдүүлж, бусадтай хэрүүл маргаан өдүүлж, насаар ахмад хүнийг дээрэлхэж, түүний эрх чөлөөнд халдаж, харилцан зодолдох эхлэлийг тавьсан үйлдлүүд гаргасан байх бөгөөд хохирогчийн дээрх хууль бус үйлдлээс шалтгаалан харилцан зодолдох явцад шүүгдэгч өөрт байсан хутгыг зэвсэг болгон хэрэглэж хохирогчийн хэвлий, баруун ташаа, баруун гуянд 3 удаа хутгалж түүний амь насыг хохироосон байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээг тодорхойлохдоо дээр дурдсан үйл баримтын хүрээнд гэмт хэрэг гарах болсон шалтгаан, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэхээс гадна тэрээр 63 настай, мөн баруун гарын сарвуу, хоёр хөлний өлмий хэсгийг хөлдөөж тайруулсан, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг хувийн байдлыг ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх нь зүйтэй.
Түүнчлэн шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрч мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул О.Г-ад холбогдох уг хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.
Харин амь хохирогчийн оршуулгын зардлыг шүүгдэгч О.Г-аас гаргуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Иймд шийтгэх тогтоол, магадлалд шүүгдэгч О.Г-ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгон түүнд оногдуулсан 3 сар хорих ялаас чөлөөлсөн нэмэлт заалт оруулж, мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 18 жил хорих ялыг 15 жил болгон хөнгөрүүлж, давж заалдах шатны шүүхээс иргэний нэхэмжлэлтэй холбоотой заалтыг хүчингүй болгосон өөрчлөлтийг хүчингүй болгож, шүүгдэгчийн гаргасан “...ял шийтгэлийг хөнгөрүүлэх” агуулга бүхий гомдлыг хангаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.2, 1.4-д заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 41 дүгээр шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 36 дугаар магадлалд “...шүүгдэгч О.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнд уг хэрэгт оногдуулсан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
2. Шүүгдэгч О.Г-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 15 /арван таван/ жил хорих ял шийтгэсүгэй.
3. “Шийтгэх тогтоолын 8 дахь заалтыг хүчингүй болгосон магадлалын холбогдох заалтыг хүчингүй болгосугай” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Г-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН