Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2017/0708

 

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар0221/МА2017/0708

Улаанбаатар хот

“Б Э И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/556 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Б гаргасан давж заалдах гомдлоор “Б Э И” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Б Э И” ХХК-ийн захирал Т.Б 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

“Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А/174 дүгээр тушаалын “Б Э И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Б Э И” ХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах, мөн сайдын 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн А/179 дүгээр тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/556 дугаар шийдвэрээр:

“Газрын тухай 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэгч “Б Э И” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн А/174 дүгээр тушаалын “Б Э И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг сэргээхийг хариуцагчид даалгаж, мөн сайдын 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн А/179 дүгээр тушаалын “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Гуравдагч этгээд “Г” ХХК-ийн захирал П.Б дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” гээд хуулийн 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж хуульчилсан.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.10-д “…зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г. м/ байхыг ойлгоно” гэж тайлбарласан.

Өөрөөр хэлбэл заавал 2 жил болсон байх, өнгөрсөн байх гэж ойлгож хүлээх бус газраа 2 жилийн хугацааны дотор ашиглаагүй бол төрийн эрх бүхий байгууллага нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй билээ. Нэхэмжлэгч “Б Э И” ХХК нь гэрээ байгуулснаас хойш 1,6 жилийн хугацаанд газрыг ашиглаагүй байгаа нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөлийг бүрэн хангаж байхад шүүх буруу дүгнэсэн байна.

2.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно” хуулийн 40.1.5-д “Эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж хуульчилсан.

Нэхэмжлэгч “Б Э И” ХХК нь газрын төлбөрийг 2013, 2014, 2015 онд буюу хугацаанд нь бүрэн зохих ёсоор төлөөгүй хууль бус үйлдлийг гаргасан ба төрийн эрх бүхий байгууллага нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрхтэй ба Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5 дахь хэсэгт заасан нөхцөлийг бүрэн хангаж байхад шүүх буруу дүгнэсэн.

3.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж хуульчилсан.

Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Газрын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.11-д “Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан “мэдэгдэнэ” гэдэг нь Засаг даргын захирамж эсхүл түүний утгыг бүрэн илэрхийлсэн мэдээллийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу барьцаалсан этгээдэд биечлэн гардуулах, түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх утас, факс, е-майл, цахилгаан зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж, түүнийгээ баталгаажуулсныг хэлнэ” гэж тайлбарласан байна.

Үүний дагуу 2016 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 29 дугаартай Үндэсний шуудан сонинд зар гарсан бөгөөд энэ нотлох баримтыг хэрэгт хавсаргасан.

Гэвч шүүх энэ нотлох баримтыг зохих ёсоор үнэлээгүй, түүний талаар дүгнэлт хийгээгүй байна.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч гуравдагч этгээд оролцогчийн хуулиар олгосон эрх, ашгийг хамгаалах, нотлох баримтыг бүх талаас нь үнэлэх, мэтгэлцэх зарчмыг хангаагүй, буруу дүгнэлт хийсэн, хууль зөрчсөн шийдвэр болох Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/556 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй хэргийг шийдвэрлэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангагдаагүй байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаав.

Маргаан бүхий тушаалаар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жил буюу түүнээс дээш хугацаанд газраа ашиглаагүй, газрын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй гэсэн үндэслэлээр Богдхан уулын дархан цаазат газрын Арцатын аманд нэхэмжлэгчид аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаатай ашиглуулахаар олгосон 3.0 га газрын гэрээг дуусгавар болсонд тооцож, газар ашиглуулах гурвалсан гэрээг цуцалсан, харин газрын төлбөрийн хэмжээг жил бүр үндэслэлгүйгээр нэмэгдүүлсэн гэж нэхэмжлэгчээс маргаж байхад энэ талаарх нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байна.

Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Г, Богдхан уулын ДЦГХЗ-ны дарга Д.Ш, “Б Э И” ХХК-ийн захирал Т.Б нарын хороонд байгуулагдсан 2014 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 2014/75 дугаар гурвалсан гэрээний 2.4.б-д заасан нэг жилийн төлбөр болох 11.880.000 төгрөгийг чухам ямар үндэслэлээр нэмэгдүүлсэн болох, энэ талаар нэхэмжлэлд 2015 онд 25.740.000 төгрөг, 2016 онд 39.600.000 төгрөг болгон нэмэгдүүлсэн гэх боловч хавтаст хэргийн 215 дахь талд авагдсан Хан-Уул дүүргийн газрын албаны 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 13/948 дугаар албан бичигт тусгагдсанаар 2015 онд 25.056.000 төгрөг, 2016 онд 16.762.000 төгрөг тус тус төлөхөөр байх бөгөөд ямартай ч газрын төлбөр нэмэгдэх болсон шалтгаан, үндэслэл болон энэ талаар нэхэмжлэгчид тухай бүр мэдэгдэж байсан эсэхийг тодруулан шалгах ажиллагаа явуулаагүй байна.

Түүнчлэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн “Б Э И” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн болон компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийн тухай мэдээлэлд тус компанийг төлөөлж нэхэмжлэл гаргасан Т.Б хасагдсан байх тул одоогийн төлөөлөх эрх бүхий этгээдээс энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж буйг тодруулсны үндсэн дээр нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.

Мөн нэхэмжлэгчийн газар ашиглах эрх хүчинтэй байх хугацаанд буюу Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Ш Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газарт хүргүүлсэн 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 398 дугаар албан бичигт гуравдагч этгээд “Г” ХХК-ийн Арцатын амны хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар ашиглахыг хүссэн газар нь бусад газар ашиглагч нарын газартай давхцалгүй гэж тодорхойлох болсон нь ямар учиртай болохыг нягтлаагүй, гэтэл Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2017 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 1/904 дүгээр албан бичиг, хавсаргасан баримтаар нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий 3 га газар нь гуравдагч этгээдэд ашиглуулахаар олгосон 4 га газартай 2.27 га-гаар давхцалтай болохыг тогтоожээ.

Үүнээс гадна “Г” ХХК-ийн тухайд ашиглахыг хүссэн 4 га газрын эргэлтийн цэгийг газарт бэхэлсэн нэгж талбарын зургийг газар ашиглуулах шийдвэр гаргадаг өдөр буюу 2016 оны 6 дугаар сарын 3-нд “B” ХХК-иар хийлгүүлсэн нь хавтаст хэргийн 136, 170 дахь талд тус тус авагдсан, уг газрыг ашиглах хүсэлтийг ч мөн өдөр Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад гаргасан байгааг /ХХ-ийн 169 дэх тал/ тодруулах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх актын үндэслэлд дүгнэлт өгөхийн тулд шаардлагатай бол маргаан бүхий газарт үзлэг хийх нь ч зүйтэй.

Газрын давхцал 2.27 га байхад шүүхээс нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд “Г” ХХК-д 4 га газар ашиглуулахаар шийдвэрлэсэн сайдын тушаалын холбогдох хэсгийг “...орц, гарцыг хааж болзошгүй...” гэсэн үндэслэлээр бүхэлд нь хүчингүй болгохдоо энэ талаарх баримтыг цуглуулах ажиллагаа огт хийгдээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/556 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдүүдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН