Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00090

 

 

 

 

 

 

 

 

 

“ХББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа даргалж, шүүгч Б.Нармандах, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/02571 дугаар шийдвэртэй,

 

“ХББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ц.Т, Б.Ог нарт холбогдох,

зээлийн гэрээний үүрэгт 653 207 616 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг

зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанцэцэг, М.Мөнхцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.Т нь 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдөр өөрийн эзэмшлийн, ГД-000527228, Г-2204003258 дугаартай, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 208 тоотод байрлах 683 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ГД-000527219, Г-2204013981 дугаартай, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 207б тоотод байрлах 492 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ГД-000688488, Ү-2204081608 дугаартай, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, 50а тоот хаягт байрлах 3,450 м.кв үйлчилгээ, орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, 58-71 УБЗ Тоёота приус 20 маркийн автомашин, Б.Огийн өмчлөлийн, ГД-000701459, Ү-2203014206 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу гудамж 46/3 дугаар байр, 12А тоотод байрлах 70.32 м.кв 3 өрөө орон сууц, ГД-000701770, Ү-2203029903 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу гудамж 46/3 дугаар байр 12б тоотод байрлах, 40.68 м.кв 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгөнүүдийг барьцаалж 600 000 000 төгрөгийн зээлийг 4 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлсэн.

Зээлийн гэрээнд Ц.Тулгын ажлыг тодорхойлох үүднээс Хатан цамхаг ХХК-ийн захирал гэж бичсэн.

Хариуцагч нар нь зээл авсан эхний сараас график төлөлт доголдож улмаар 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 23 000 000 төгрөгийг төлөөд түүнээс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй. Хариуцагч нарыг зээлээ эргэн төлөхийг удаа дараа сануулсан бөгөөд Ц.Т 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр өөрийн цахим хаягаар өргөдөл өгч, зээлийн хугацааг 30 хоног сунгасан.

Иймд хариуцагч Ц.Т, Б.Ог нар нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхгүй байх тул үндсэн зээл 598 189 044 төгрөг, үндсэн хүү 53 297 295 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 721 276 төгрөг буюу нийт 653 207 616 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц.Тд холбогдох шаардлагыг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээг “Хатан цамхаг” ХХК, түүнийг төлөөлж Ц.Т, хамтран зээлдэгч Б.Ог нартай байгуулсан. Энэ гэрээнд Ц.Т иргэний хувиар оролцоогүй тул нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш. Хэдийгээр зээлийг өөрийн дансаар шилжүүлэн авсан нь үнэн боловч зээлийн гэрээний тал биш учир Ц.Тд холбогдох шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

Мөн нэхэмжлэгч компани нь банк санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Х.Хандсүрэн болох нь тогтоогдохгүй байна. Иймд энэ нэхэмжлэлийг эрх бүхий этгээдээс олгосон итгэмжлэлд үндэслэн гаргасан гэж үзэх боломжгүй, гэрээг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж үзэх үндэслэлгүй.

Түүнчлэн барьцаа үл хөдлөх эд хөрөнгөнүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт авагдаагүй.

Хариуцагч Б.Огийн хувьд нэхэмжлэлийн шаардлагад буюу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд маргахгүй. Харин Ц.Тулгын өмчлөлийн 3,450 м.кв талбай бүхий барьцаа үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй байна. Барьцааны гэрээнд заасан бусад хөрөнгөнүүд нь нэхэмжлэгчийн шаардлагыг бүрэн хангахад хүрэлцээтэй тул 3,450 м.кв талбайтай хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан Б.Огээс 653 207 616.44 төгрөгийг гаргуулж “ХББСБ” ХХК-д олгож,

Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8, 169 дүгээр зүйлийн 169.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг тус тус баримтлан Б.Ог нь дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг түүний өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Г-2204003258 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 208 тоотод байрлах 683 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Г-2204013981 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 207б тоотод байрлах 492 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014206 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу гудамж, 46/3 дугаар байр, 12а тоотод байрлах 70.32 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029903 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу гудамж, 46/3 дугаар байр, 12б тоотод байрлах 40.68 м.кв талбайтай 2 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг худалдан борлуулах замаар хангах, эдгээр хөрөнгийн үнээс “ХББСБ” ХХК-ийн үүрэг бүрэн хангагдаагүй тохиолдолд Ц.Тулгын өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204081608 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, 50а тоот хаягт байрлах 3,450 м.кв талбайтай үйлчилгээ, орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул фидуцийн зүйлээс үүргийг хангуулах тухай “ХББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Тоёота Приус маркийн улсын 58-71 УБЗ дугаартай автомашиныг өмчлөх эрх /шууд бус эзэмшил/-ийг Б.Огт буцаан шилжүүлэхийг ХББСБ ХХК-д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч “ХББСБ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 494 188.09 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Огээс 3,441,538.09 төгрөгийг, хариуцагч Ц.Тас 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “ХББСБ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Тус шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дугаар зүйлд заасан зарим хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Тогтоох хэсгийн 2-т заагдсан ...“Б.Ог нь үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг түүний өмчлөлийн улсын бүртгэлийн Г-2204003258 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 4 дүгээр гудамж, 208 тоотод байрлах 683 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, улсын бүртгэлийн Г-2204013981 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 4 дүгээр гудамж, 2076 тоотод байрлах 492 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар...” зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан байдаг.

Дээр дурдсан хоёр газар нь Б.Огийн өмчлөлийн эд хөрөнгө биш буюу Ц.Т болох барьцаалуулагчийн эд хөрөнгө гэдэг нь нэхэмжлэл болон 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн барьцааны гэрээ, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэргээр нотлогдож байгаа.

Мөн тогтоох хэсгийн 3-т “Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул фидуцийн зүйлээс үүргийг гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,...” шийдвэрлэсэн байдаг. Үүрэг гүйцэтгүүлэгч уг эрхээ эдлээгүй бол нэхэмжлэх эрхгүй гэсэн заалт хуульд байдаггүй.

Гэтэл тус шийдвэрт автомашиныг хариуцагчийн шууд эзэмшлээс буюу бодитоор хангуулан авч үүргийг хангуулах эрхтэй атлаа фидуцийн зүйлээс үүргийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан тул шүүх фидуцийн гэрээний дагуу шаардах эрхээсээ нэхэмжлэгчийг татгалзсан гэж үзнэ  гэсэн байна.

Нэхэмжлэгчийн зүгээс автомашиныг бодитоор гаргуулан аваагүй тул шүүхэд түүгээр үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан байтал шүүхэд нэхэмжлэл гаргасан нь нэхэмжлэлээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна.

Иймд тус шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хүчингүй болгож, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч байгууллага нь үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгч байгууллагыг банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй болохоо нотолсон гэж дүгнэснийг зөвшөөрөхгүй.

Үндсэн төлбөрөөс 62 981 724 төгрөгийг төлөхгүй хэмээн маргаж байгаа. Нэхэмжлэгч байгууллага нь 600 000 000 төгрөгийг зээлдэгч нарт биш, Ц.Тулгын данс руу шилжүүлсэн ба Ц.Т нь 600 000 000 төгрөгөөс 62 981 724 төгрөгийг данс ашигласны шимтгэл мөн татварт төлөн орлогын тооцоо хэмээн хүлээлгэн өгөхөөс татгалзаж авч үлдсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 530 207 616 төгрөгөөр тогтоож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч “ХББСБ” ХХК нь хариуцагч Ц.Т, Б.Ог нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 653 207 616 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч Б.Ог нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд маргаагүй, хариуцагч Ц.Т нь зээлдэгч биш гэх үндэслэлээр эс зөвшөөрч, барьцаа хөрөнгөнөөс Ц.Тулгын өмчлөлийн 3,450 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс бусад үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад маргаагүй байна.

 

“ХББСБ” ХХК  болон Ц.Т, Б.Ог нар 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр барьцааны гэрээ байгуулсан ба гэрээний 1.2-ийн 1-т Ц.Т нь ГД-000527228, Г-2204003258 дугаартай, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 208 тоотод байрлах 683 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ГД-000527219, Г-2204013981 дугаартай, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 207б тоотод байрлах 492 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ГД-000688488, Ү-2204081608 дугаартай, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, 50а тоот хаягт байрлах 3,450 м.кв үйлчилгээ, орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, 58-71 УБЗ Тоёота приус 20 маркийн автомашин,

Б.Ог нь ГД-000701459, Ү-2203014206 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу гудамж 46/3 дугаар байр, 12А тоотод байрлах 70.32 м.кв 3 өрөө орон сууц, ГД-000701770, Ү-2203029903 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу гудамж 46/3 дугаар байр 12б тоотод байрлах, 40.68 м.кв 2 өрөө орон сууц гэх үл хөдлөх эд хөрөнгөтэй гэж тодорхойлсон агуулгаар тусгажээ.

 

Дээрх барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг баримтаар шүүхэд гаргаж өгсөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт зааснаар эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагыг хангаагүй байна.

 

Анхан шатны шүүх дээрх барьцааны зүйл болох газар өмчлөх 2 эрхийг Б.Огийнх гэж тодорхойлж шийдвэрийн 2 дахь заалтаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэхдээ нотлох баримтын шаардлага хангаагүй баримтыг үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байна.

 

Түүнчлэн талуудын хооронд фидуцийн гэрээ байгуулагдсан боловч гэрээ хэрэгжиж гэрээний зүйл болох автомашины өмчлөх эрх шилжигдсэн талаарх баримтгүй байхад анхан шатны шүүх өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх үр дагаврыг шилжүүлсэн нь тодорхойгүй болжээ. Иймд 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасан үндэслэл тогтоогдсон байх тул мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т зааснаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/02571 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 773 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.БАЙГАЛМАА

 

                                                 ШҮҮГЧИД                                     Б.НАРМАНДАХ

 

                                                                                             Э.ЗОЛЗАЯА