Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 19 өдөр

Дугаар 181/ШШ2020/02571

 

 

 

 

  

 

 

 

    2020        10         19                                      181/ШШ2020/02571           

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: тоотод байрлах, Х ХХК нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т,

Хариуцагч: О нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 653,207,616.44 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтанцэцэг, М.Мөнхцэцэг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Батбаяр, нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч нараас 653,207,616.44 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа.

Цэрэндоржийн Тулга нь 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр өөрийн бизнесийг өргөжүүлэх зорилгоор өөрийн эзэмшлийн ГД-000527228, Г-2204003258 дугаартай, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 208 тоотод байрлах 683 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ГД-000527219, Г-2204013981 дугаартай, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 207б тоотод байрлах 492 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ГД-000688488, Ү-2204081608 дугаартай, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, 50а тоот хаягт байрлах 3,450 м.кв үйлчилгээ, орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, 58-71 УБЗ “Тоёота приус 20” маркийн автомашин, Бямбаагийн Оюунчимэгийн нэр дээрх ГД-000701459, Ү-2203014206 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу гудамж 46/3 дугаар байр, 12А тоотод байрлах 70.32 м.кв 3 өрөө орон сууц, ГД-000701770, Ү-2203029903 дугаартай, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу гудамж 46/3 дугаар байр 12б тоотод байрлах, 40.68 м.кв 2 өрөө орон сууц бүхий үл хөдлөх хөрөнгөнүүдийг барьцаалан манай компаниас 4 сарын хугацаатай сарын 3,5 хувийн хүүтэй 600,000,000 төгрөгийн зээлийг авсан. Ийнхүү авахдаа 4 сарын хугацаатай багтаан эхний сар хүүгийн төлбөр 32,200,000 төгрөг, 2 дахь сард хүүгийн төлбөр 21,000,000 төгрөг, 3 дахь сард 21,700,000 төгрөг, 4 дэх сард 610,500,000 төгрөг тус тус төлөхөөр талууд харилцан тохиролцсон.

Зээлийн гэрээнд Т ажлыг тодорхойлох үүднээс “Хатан цамхаг” ХХК-ийн захирал гэж бичсэнээс биш гэрээг хувь хүн болон О нартай байгуулсан. Зээлийг Т дансаар олгосон. Иймд хариуцагчаар хоёр иргэнийг тодорхойлсон. 

Хариуцагч нар нь зээл авсан эхний сараас график төлөлт доголдож улмаар 2020 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 23,000,000 төгрөгийг төлөөд даруй 61 хоног зээл төлөлт хийх сануулга өгөх, хаягаар албадан мэдэгдэл явуулснаар 2020 оны 7 дугаар сарын 10-ны өдөр өөрийн цахим хаягаар гар өргөдөл өгч зээлийн хугацааг 30 хоног сунгасан боловч даруй төлбөр хийхгүй 31 хоног утсаа ч авахгүй хариу тайлбар хийхгүй байгаад манай байгууллагыг хохироосоор байна.

Иймд хариуцагч Т, О нар нь зээлийн гэрээний үүргээ сайн дураар биелүүлэхгүй байх тул үндсэн зээл 598,189,044.02 төгрөг, үндсэн хүү 53,297,295.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,721,276.58 төгрөг буюу нийт 653,207,616.44 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хэрэв төлбөрийг төлөөгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

 Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Тд холбогдох шаардлагыг зөвшөөрөхгүй. Зээлийн гэрээг “Хатан цамхаг” ХХК, түүнийг төлөөлж Т, хамтран зээлдэгч О нартай байгуулсан. Энэ гэрээнд Т иргэний хувиар оролцоогүй тул нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш. Хэдийгээр зээлийг өөрийн дансаар шилжүүлэн авсан нь үнэн боловч зээлийн гэрээний тал биш учир Тд холбогдох шаардлагыг зөвшөөрөхгүй байна.

Мөн нэхэмжлэгч компани нь банк санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй эсэх нь тодорхойгүй, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Х.Хандсүрэн болох нь тогтоогдохгүй байна. Иймд энэ нэхэмжлэлийг эрх бүхий этгээдээс олгосон итгэмжлэлд үндэслэн гаргасан гэж үзэх боломжгүй, гэрээг банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн барьцаа үл хөдлөх эд хөрөнгөнүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт авагдаагүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д заасан үндэслэлээр нотлох баримт авсны дараа маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Хариуцагч Оийн хувьд нэхэмжлэлийн шаардлагад буюу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд маргахгүй байгаа. Харин Т өмчлөлийн 3,450 м.кв талбай бүхий барьцаа үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй байгаа. Барьцааны гэрээнд заасан бусад хөрөнгөнүүд нь нэхэмжлэгчийн шаардлагыг бүрэн хангахад хүрэлцээтэй тул 3,450 м.кв талбайтай хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрөхгүй гэв.

 

Шүүх талуудын тайлбар болон нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х ХХК нь хариуцагч Т, О нараас зээлийн гэрээний үүрэгт 653,207,616.44 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөнүүдийг худалдан борлуулах замаар хангуулах шаардлагыг гаргажээ.

 

Хариуцагч Т нь зээлийг өөрийн дансаар шилжүүлэн авсан боловч зээлдэгч биш үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн бол хариуцагч О нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд маргаагүй, барьцаа хөрөнгөнөөс Т өмчлөлийн 3,450 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөс бусад хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагад маргаагүй байна.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.

 

Х ХХК нь “Хатан цамхаг” ХХК болон О нартай 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр 0001713 тоот зээлийн гэрээг бичгээр байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Х ХХК нь 600,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг зээлийн үндсэн хүүгийн 20 хувиар тооцохоор тохирч шилжүүлэх, зээлдэгч “Хатан цамхаг” ХХК, О нар нь 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр 32,200,000 төгрөг, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр 21,000,000 төгрөг, 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 21,700,000 төгрөг, 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр 610,500,000 төгрөг тус тус төлөхөөр харилцан тохиролцсон байна.

 

Мөн энэ өдөр Х ХХК болон Т, О нар барьцааны гэрээг байгуулж, Оийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Г-2204003258 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 208 тоотод байрлах 683 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Г-2204013981 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 207б тоотод байрлах 492 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014206 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу гудамж, 46/3 дугаар байр, 12а тоотод байрлах 70.32 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029903 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу гудамж, 46/3 дугаар байр, 12б тоотод байрлах 40.68 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, Т өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204081608 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, 50а тоот хаягт байрлах 3,450 м.кв талбайтай үйлчилгээ, орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцаанд бариулжээ.

 

Үүнээс гадна Х ХХК болон О нар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/-г байгуулж, Оийн өмчлөлийн “Тоёота Приус” маркийн улсын 58-71 УБЗ дугаартай автомашины шууд бус эзэмшлийг Х ХХК-д шилжүүлж, шууд эзэмшил От хэвээр үлдсэн байна.

 

Х ХХК нь Санхүүгийн зохицуулах хорооноос 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 53 дугаар тогтоолоор олгосон тусгай зөвшөөрлийн 1/608 дугаартай гэрчилгээгээр зээлийн үйл ажиллагаа явуулах эрхийг олж авсан, уг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Х.Хандсүрэн бүртгэлтэй байгаа болох нь тус тус Улсын бүртгэлийн нээлттэй мэдээллийн сан /opendata.burtgel.gov.mn/lesinfo/6127053/ болоод Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудас дахь нээлттэй бүртгэл /www.frc.mn/o/7011/-ийн мэдээллээр тогтоогдож байна.

 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, үйлчилгээний цахим систем болон Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудас дахь дээрх мэдээлэл нь нийтэд илэрхий үйл баримт тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар түүнийг дахин нотлохгүй.

 

Зээлийн гэрээнд зээлдэгч “Хатан цамхаг” ХХК, түүнийг төлөөлж Т гарын үсэг зурж, тус компанийн тамга дарагдсан байх тул шүүх Х ХХК болон “Хатан цамхаг” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, уг гэрээнд О хамтран зээлдэгчээр оролцсон гэж үзлээ.

 

Дээрх зээлийн, барьцааны, фидуцийн гэрээний талууд гэрээг бичгээр үйлдэж, гарын үсэг зурсан, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул шүүх эдгээр гэрээг Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1, 235 дугаар зүйлийн 235.5, 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасан хэлбэрийн болон хуулийн шаардлага хангасан, хүчин төгөлдөр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь зээлийн гэрээний хугацаа дууссан байхад гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үндэслэлээр үндсэн зээлд 598,189,044.02 төгрөг, зээлийн хүүд 53,297,295.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,721,276.58 төгрөг буюу нийт 653,207,616.44 төгрөгийг хариуцагч Т, О нараас гаргуулахаар шаардсан ба нэхэмжлэлийг эрх бүхий этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлөгч гаргасан тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.

 

Хариуцагч Т нь зээлдэгч биш үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн бол хариуцагч О нь зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд маргаагүй, нэхэмжлэлийн энэ шаардлагыг эсэргүүцээгүй болно.

 

Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Х ХХК болон Т нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгч нь түүнээс зээлийн гэрээний үүрэг шаардах эрхгүй.

 

Харин зээлийг Т дансаар шилжүүлэн өгсөн нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул мөн хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар зээлийн гэрээний үүргийг “Хатан цамхаг” ХХК-тай хамтран хүлээсэн Оээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй гэж дүгнэв.

 

Зээлдэгч нь авсан зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3-т зааснаар хүлээдэг.

 

Манай тохиолдолд зээлийн гэрээний хугацаа 2020 оны 7 дугаар сарын 05-ны өдөр дууссан, гэрээний хугацаанд хариуцагчаас 74,000,000 төгрөг төлсөн нь үүргээ хугацаанд нь зохих ёсоор биелүүлээгүй буюу үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгч нь 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хуулийн дээрх зохицуулалтын дагуу шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгчийг шүүхэд 2020 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэл гаргах үед хариуцагч нь өмнөх өдрийн байдлаар гэрээ болон хуулийн дагуу нийт 653,207,616.44 төгрөг /727,207,616.44-74,000,000/-ийг төлөх үүрэг үүссэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, нэхэмжлэгчийн үндэслэл бүхий тооцоололд хариуцагч О маргаагүй тул шүүх зээлийн гэрээний үүрэгт 653,207,616.44 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Оээс мөн төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгож шийдвэрлэлээ.

 

Шүүх талуудын маргаагүй үйл баримтыг нотлохгүй тул энэ шийдвэрт зээлийн тооцооллыг нарийвчлан тусгах шаардлагагүй гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.

 

Зохигчид үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлж, хувийн өмчийн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрхийг гэрчилсэн 1629487, 1629471, 1929843 тоот барьцаалбар үйлдсэн болох нь хэргийн баримтуудаар тогтоогдсон, барьцааны гэрээ хүчин төгөлдөр, барьцааны зүйл бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох тул нэхэмжлэгч Х ХХК-д гэрээнд заасан Т, О нарын өмчлөлийн эд хөрөнгөнүүдэд барьцааны эрх үүссэн гэж үзнэ.

 

Иймд хүчин төгөлдөр барьцааны гэрээгээр хүлээсэн үүргээ барьцаалагч Х ХХК, барьцаалуулагч Т, О нар биелүүлэх үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах хугацаа болсон, эсхүл үүрэг гүйцэтгэгч үүргийг гүйцэтгэх эрхтэй болсон үеэс буюу хуульд заасан бусад тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах үүрэгтэй”, 174 дүгээр зүйлийн 174.1-д “Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй”, 175 дугаар зүйлийн 175.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана” гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгчийн хувьд барьцааны гэрээнд заасан бүхий л хөрөнгөнүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан бол хариуцагч нар Т өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204081608 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, 50а тоот хаягт байрлах 3,450 м.кв талбайтай үйлчилгээ, орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгөөс бусад хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрсөн тайлбар гаргахдаа барьцаа хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээнүүд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан байдлаар хэрэгт авагдаагүй болохыг тодруулсан.

 

Хэргийн 17-21 дүгээр талд авагдсан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээнүүд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй нь үнэн, энэ талаарх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар үндэслэлтэй боловч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг үүсгэдэг улсын бүртгэлийн газар тэдгээр гэрчилгээнд заасан үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг барьцаалсан гэрээг бүртгэсэн энэ тохиолдолд шүүх нотлох баримтын шаардлага хангуулах ажиллагааг хийх нь ач холбогдолгүй гэж үзнэ.

 

Харин Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй боловч энэ нь тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй.”, мөн зүйлийн 157.8-д “Барьцаагаар хангагдах шаардлагыг үүрэг гүйцэтгэгч болон гуравдагч этгээд /барьцаалуулагч/-ийн хөрөнгөөр нэгэн зэрэг хангахаар бол уул шаардлагыг үүрэг гүйцэтгэгчийн хөрөнгөөр эхэлж хангуулах шаардлагыг барьцаалуулагч үүрэг гүйцэтгүүлэгчид тавих эрхтэй” гэж тус тус заасан тул шүүх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт үндэслэн О нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд тэргүүн ээлжид түүний өмчлөлийн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах ажиллагааг явуулж, хүрэлцэхгүй тохиолдолд Т өмчлөлийн хөрөнгөөс хангагдаагүй үлдсэн үүргийг хангуулахаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иймд Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8, 169 дүгээр зүйлийн 169.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг үндэслэн хариуцагч О нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг Оийн өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Г-2204003258 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 208 тоотод байрлах 683 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Г-2204013981 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 207б тоотод байрлах 492 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014206 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу гудамж, 46/3 дугаар байр, 12а тоотод байрлах 70.32 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029903 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу гудамж, 46/3 дугаар байр, 12б тоотод байрлах 40.68 м.кв талбайтай 2 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг худалдан борлуулах замаар, эдгээр хөрөнгийн үнээс Х ХХК-ийн үүрэг бүрэн хангагдаагүй тохиолдолд Т өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204081608 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, 50а тоот хаягт байрлах 3,450 м.кв талбайтай үйлчилгээ, орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар гэсэн дарааллаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Фидуцийн гэрээний тухайд дүгнэхэд үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг нэхэмжлэгч гаргахдаа фидуцийн гэрээний зүйлийг барьцаа хөрөнгөнүүдийн хамтаар нэхэмжлэлдээ барьцааны зүйл гэж тусгасан байна.

 

Фидуци нь мөнгөн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой, энэ зорилгоор хөдлөх хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлж, хэрэв үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийн харилцаа болохыг Иргэний хуульд тодорхойлсон бөгөөд үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаандаа биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч өмчлөлдөө шилжүүлсэн эд хөрөнгийг бодитойгоор гаргуулан авснаар фидуци дуусгавар болохыг Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заажээ.

 

Нэхэмжлэгч Х ХХК нь Иргэний хуулийн 235 дугаар зүйлд заасан үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг эдэлж, шууд бус эзэмшилдээ авсан “Тоёота Приус” маркийн улсын 58-71 УБЗ дугаартай автомашиныг хариуцагчийн шууд эзэмшлээс буюу бодитоор гаргуулан авч үүргийг хангуулах эрхтэй атлаа фидуцийн зүйлээс үүргийг хангуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан тул шүүх фидуцийн гэрээний дагуу шаардах эрхээсээ нэхэмжлэгчийг татгалзсан гэж үзнэ.

 

фидуцийн гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг өөр аргаар хангах боломжтой байдгаараа барьцааны гэрээнээс ялгаатай тул фидуцийн зүйлийг бодитоор гаргуулан авахыг хүсээгүй нэхэмжлэгчийн шаардлагыг шүүх фидуцийн гэрээний эрхээс татгалзсан гэж үзэж, фидуцийн зүйлээс үүргийг хангуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.

 

Иймд Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул фидуцийн зүйлээс үүргийг хангуулах тухай нэхэмжлэгч Х ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, “Тоёота Приус” маркийн улсын 58-71 УБЗ дугаартай автомашиныг өмчлөх эрх /шууд бус эзэмшил/-ийг хариуцагч От буцаан шилжүүлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан Оээс 653,207,616.44 төгрөгийг гаргуулж Х ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.8, 169 дүгээр зүйлийн 169.1, 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг тус тус баримтлан О нь дээрх төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг түүний өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Г-2204003258 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 208 тоотод байрлах 683 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Г-2204013981 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Дүүрэг 4 дүгээр гудамж, 207б тоотод байрлах 492 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203014206 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу гудамж, 46/3 дугаар байр, 12а тоотод байрлах 70.32 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-2203029903 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу гудамж, 46/3 дугаар байр, 12б тоотод байрлах 40.68 м.кв талбайтай 2 өрөө орон сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг худалдан борлуулах замаар хангах, эдгээр хөрөнгийн үнээс Х ХХК-ийн үүрэг бүрэн хангагдаагүй тохиолдолд Т өмчлөлд эрхийн улсын бүртгэлийн Ү-2204081608 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол /13321/, Дандарбаатарын гудамж, 50а тоот хаягт байрлах 3,450 м.кв талбайтай үйлчилгээ, орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

3. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул фидуцийн зүйлээс үүргийг хангуулах тухай Х ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, “Тоёота Приус” маркийн улсын 58-71 УБЗ дугаартай автомашиныг өмчлөх эрх /шууд бус эзэмшил/-ийг От буцаан шилжүүлэхийг Х ХХК-д даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Х ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,494,188.09 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Оээс 3,441,538.09 төгрөгийг, хариуцагч Тас 35,100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х ХХК-д олгосугай.   

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш зохигчид 14 хоногийн дотор ирж гардан авах үүрэгтэй бөгөөд, хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацааны дотор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, ийнхүү гардан аваагүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                          Ө.УЯНГА