Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2021/00180

 

 

 

 

 

 

 

 

 

ХХБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/02722 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ХХБ ХХК-ийн хариуцагч М К ХХК, З Б С нарт холбогдуулан гаргасан М К ХХК-аас нийт 976 649 386,95 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, хариуцагч З Б С-аас М К ХХК-ийн гүйцэтгээгүй үлдсэн үүргийн 32.14 хувийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч М К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямтулга, хариуцагч З Б Сгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав, хариуцагч М К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золтуяа, өмгөөлөгч Н.Мөнгөнтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: М К ХХК-тай 2015 оны 09 сарын 02-ны өдөр ЗГ-СС15003-Н дугаар зээлийн гэрээг, №ЗБ-СС15003-1, 2 дугаар үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, №ЗБГ-СС15003-1, 2, 3 дугаар баталгааны гэрээ, БДГ-СС15003-1 дугаар батлан даалтын гэрээ, мөн 2016 оны 12 сарын 15-ны өдөр ЗБ-СС15003-2-1 дугаар үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээ, ЗБ-СС16012-1 дугаар үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2018 оны 05 сарын 25-ны өдөр ЗБ-СС16012-1-1 дугаар үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны нэмэлт гэрээнүүдийг тус тус байгуулан 1 556 000 000 төгрөгийг Хөгжлийн банкны зээлийн хувьд жилийн 9 хувийн хүүтэй, 42 сарын хугацаатай, ХХБ ХХК-ийн эх үүсвэртэй зээл төлөгдсөн тохиолдолд жилийн 20.4 хувийн хүүтэйгээр, 2 сарын хугацаатай, хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлсэн.

Зээлдэгч М К ХХК нь ЗГ-СС15003-Н дугаар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож С.Батсүх, Б.Болортуяа, Х.Мөнгөнтулга, М.Анар, М.Хан-Очир нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206015498 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Стадион Оргил /17011/, М.Гандийн гудамжны 19 дүгээр байрны 12 тоот хаягт байршилтай 103.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, М К ХХК-ийн эзэмших эрхийн 000323916 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 1680400129-18640311629616 дугаартай, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороонд байрлах 393.0 м.кв худалдаа, үйлчилгээний зориулалттай газар, мөн иргэн Б.Болортуяагийн эзэмших эрхийн 000736233 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 1680400479-18640311638617 дугаартай, Баянгол дүүрэг, 856 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай газар, М К ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205064529 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол /16066/, Энэбишийн өргөн чөлөө гудамж, 9/1А тоот хаягт байршилтай 216 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хамт тус тус холбогдох хууль тогтоомжид заасны дагуу барьцаалж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулсан болно.

Зээлдэгч нь ЗГ-СС15003-Н дугаар зээлийн гэрээний хавсралтаар харилцан тохиролцож баталсан зээлийн эргэн төлөх хуваарийг 2018 оны 07 сарын 06-ны өдрөөс зөрчиж эхэлсэн бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж буй талаар сануулж зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх бодит боломжийг олгон, хугацаа өгсөн боловч тохиролцсон хугацааны дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулаагүйгээс гэрээний хугацаа дууссан байна. 2020 оны 01 сарын 30-ны өдрийн байдлаар зээлдэгч үндсэн зээлийн үлдэгдэл 726 000 000 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 188 791 155.66 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 28 680 857.57 төгрөг, шүүхэд нэхэмжилсэнтэй холбогдон гарсан зардал 67 000 төгрөг, нийт 943 539 013.24 төгрөгийг зээлдэгч М К ХХК-аас гаргуулж ХХБ ХХК-д олгож өгнө үү.

Хариуцагч нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох С.Батсүх, Б.Болортуяа, Х.Мөнгөнтулга, М.Анар, М.Хан-Очир нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206015498 дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Стадион Оргил /17011/, М.Гандийн гудамжны 19 дүгээр байрны 12 тоот хаягт байршилтай 103.68 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууц, М К ХХК-ийн эзэмших эрхийн 000323916 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 1680400129-18640311629616 дугаартай, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороонд байрлах 393 м.кв худалдаа, үйлчилгээний зориулалттай газар, мөн иргэн Б.Болортуяагийн эзэмших эрхийн 000736233 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 1680400479-18640311638617 дугаартай, Баянгол дүүрэг, дүгээр хороонд байрлах 856 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай газар, М К ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2205064529 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол /16066/, Энэбишийн өргөн чөлөө гудамж, 9/1А тоот хаягт байршилтай 216 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж зээл, зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүг албадан төлүүлэх талаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4 945 845 төгрөгийг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу шийдэж өгнө үү.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасны дагуу 2020 оны 04 сарын 07-ны өдрөөр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг нэмэгдүүлж зээлийн үндсэн хүү 27 591 978.09 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5 518 395.62 төгрөг, нийт 33 110 373.71 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 976 649 386.95 төгрөг нэхэмжилж байна. З Б Сгаас зээлийн үндсэн төлбөрийн 32.13 хувь болох 233 263 800 төгрөг шаардсан шаардлагаа өөрчилж зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь М К ХХК-аас гаргуулж, гүйцэтгээгүй үлдсэн үүргийн 32.13 хувиар З Б Сд төлөхийг даалгах гэж өөрчилж байна гэжээ.

 

Хариуцагч М К ХХК-ийн тал хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрч байна. Дээр дурдсан зээлийн гэрээг 2015 оны 09 сарын 02-ны өдөр байгуулахдаа гэрээний хугацааг 42 сар буюу 3,5 жил байхаар талууд харилцан тохиролцсон. Гэрээний хугацаа 2019 оны 03 сарын 02-ны өдөр дууссан болно. Тус компани нь эдийн засгийн хямралаар үүссэн санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалан зээлийн төлөлтөд хүндрэл учирсан бөгөөд энэ талаар нэхэмжлэгч талтай уулзалт хийж мэдэгдсэн.

ХХБ ХХК-аас 2019 оны 01 сарын 24-ний өдөр 5/461 тоот албан бичгээр үүргээ гүйцэтгэхийг шаардсан бөгөөд хугацаанд нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд гэрээг хугацаанаас нь өмнө цуцална гэж мэдэгдсэн. Албан тоотод заасан хугацаанд зээлийн гэрээний төлбөрийг төлж чадаагүй учир гэрээг цуцлах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч байгааг 2019 оны 03 сарын 11-ний өдрийн 16 тоот албан бичгээр мэдэгдсэн. М К ХХК-ийн зүгээс гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгааг хүлээн зөвшөөрсөн бөгөөд нөгөө талаар зээлийн гэрээний хугацаа дууссан байх тул нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 726 000 000 төгрөг, хүү 49 368 000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 3 314 895 төгрөгийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй. Бидний зүгээс энэхүү тооцооллыг 2019 оны 03 сарын 02-ны өдрийн байдлаар буюу гэрээг цуцалсан, гэрээний хугацаа дууссан өдрөөр тооцсон. Нэгэнт гэрээг цуцалсан, гэрээний хугацаа дууссан тохиолдолд хүү тооцох хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байгаа бөгөөд гэрээгээр харилцан тохиролцсоны дагуу хүүг жилийн 9 хувиар тооцсон болно. Нэхэмжлэлийн шаардлагаас зардал гэх 67 000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч нь хуулиар олгогдсон шүүхэд хандах эрхээ хэрэгжүүлэхдээ нотлох баримтаа өөрөө бүрдүүлж, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтыг эх хувиар нь өгөх боломжтой, холбогдох бүхий л баримтууд ХХБ ХХК-д эх хувиараа хадгалагдаж байгааг энд дурдах нь зүйтэй. Манай компанийн зүгээс дээрх хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэлийн дүнгийн талаарх тооцооллыг хавсралтаар хүргүүлж байгаа болно.

Мөн барьцаа хөрөнгөөс хангуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хувьд, 2015 оны 09 сарын 02-ны өдөр ЗБ-СС15003-1 дугаар барьцааны гэрээ байгуулж 3 өрөө орон сууц, мөн ЗБ-СС15003-2 дугаар барьцааны гэрээ байгуулж, 923.14 м.кв үйлчилгээний зориулалттай талбай болон 1 249 м.кв газрыг тус тус барьцаалсан. 2016 оны 12 сарын 15-ны өдөр 923.14 м.кв үйлчилгээний талбайгаас 574 м.кв талбайг газрын хамт Б.Болортуяад банкны зөвшөөрөлтэйгөөр худалдан борлуулж, улмаар 1 249 м.кв газраас 856 м.кв газрыг 2018 оны 01 сарын 29-ний өдөр гэрээ байгуулж, Б.Болортуяад шилжүүлсэн. ХХБ ХХК-аас 2016 оны 12 сарын 21-ний өдөр дээрх гэрээтэй холбоотой шийдвэр гарган 574 м.кв үйлчилгээний талбайг барьцаанаас чөлөөлж, Б.Болортуяагийн нэр дээр шилжүүлэхийг зөвшөөрч, албан тоотоо бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн. 2016 оны 12 сарын 15-ны өдөр ЗБ-СС16012-1 дугаар барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр 349.14 м.кв үйлчилгээний талбай, 1 249 м.кв газрыг барьцаалсан. Мөн Нийслэлийн газрын албанд 1 249 м.кв газрыг 393 м.кв болон 856 м.кв болгон 2 хэсэгт хуваан салгаж өгөх тухай хүсэлтээ хүргүүлсэн байдаг. Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээнд харилцан тохиролцсоны дагуу өөрчлөлт орсоор байсан бөгөөд 2018 оны 06 сарын 06-ны өдөр 133.14 м.кв үйлчилгээний талбайг 393 м.кв газраас үйлчилгээний талбайд ногдох хэмжээний хамтад нь Б.Ойдовдоржид худалдсан болно. Энэхүү гэрээтэй холбоотой зөвшөөрлөө ХХБ ХХК мөн өгсөн болно.

Үүнтэй холбоотойгоор дараах эд хөрөнгүүдийг үүргийн гүйцэтгэлийн барьцаанд тавьсан байгаа болно. 2015 оны 09 сарын 02-ны өдөр ЗБ-СС15003-1 дугаар барьцааны гэрээ байгуулж 3 өрөө орон сууц, Ү-2205064529 дугаартай Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 4 дүгээр хороолол Энэбишийн өргөн чөлөө гудамж 9/1 А тоот 216 м.кв үйлчилгээний зориулалттай талбай. Дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгөөс өөр эд хөрөнгийг өнөөдрийн байдлаар барьцаалаагүй бөгөөд газар эзэмших эрхүүд нь барьцаанаас чөлөөлөгдөж өөр этгээдийн нэр дээр шилжсэн тул үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй болно.

Иймд нэхэмжлэлийн дүнгийн М К ХХК-ийн хүлээн зөвшөөрч буй хэмжээ болох 778 682 895 төгрөгийг хэмжээнд шийдвэрлэж үлдэх 164 856 118.24 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаас 672 126 725 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх 304 522 755 төгрөгийг зөвшөөрөхгүй. ХХБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваариар үндсэн зээлээсээ сар бүр хэсэгчлэн төлөх буюу үндсэн зээлээсээ хасах байдлаар тохиролцсон. Харин зээлийн хүүг сар, жил алинаар нь бодох талаар талууд тохироогүй. Нэхэмжлэгчийн зүгээс зээл болон түүний хүү тооцоолол бүхий хүснэгтийг хэрэгт хавсаргасан. Үүнээс харахад зээлийн хүүг сард 2,3,4 хувь гэх мэт байдаг. Зээлийн хүүг тооцсон тооцоолол маш тодорхойгүй байна. Хариуцагчийн зүгээс 1 158 355 336 төгрөгийг бэлэн мөнгөөр болон барьцааны эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогыг ХХБ ХХК-д төлсөн. Иймд зээлийн хүүг хэрхэн тооцох талаар талууд тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт зааснаар эхний ээлжид үндсэн мөнгийг, дараа нь хүүг төлүүлнэ гэж заасан тул үндсэн зээлийн үлдэгдэл 3 97 644 660 төгрөг, зээлийн гэрээн дээр талууд зээлийн хүүг 9 хувийн хүүтэй төлнө гэж тогтоосон. Монгол банкнаас гаргасан зээлийн хүүг бодох аргачлалаар сар бүр тогтмол төлбөр хийх нөхцөлөөр зээлийн гэрээг бодохдоо зээлийн үлдэгдэл хэсэгт хүү тооцно гэж хэлсэн. 2016 онд гэхэд 512 580 840 төгрөгийг төлсөн тул уг мөнгийг хасаж 1 043 499 169 төгрөгөөс хүү тооцох байдлаар, 2017 онд 178 000 000 төгрөг төлсөн. 2018 онд 467 000 000 төгрөгийг төлсөн.

Иймд төлсөн төлбөрөө хасаж үлдэх төлбөрт жилийн 9 хувийн хүү тооцох байдлаар тооцоход 274 482 061 төгрөг, үндсэн мөнгөтэй хамт нэмж хариу тайлбар гаргасан байгаа. Зээлийн гэрээний үндсэн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байсан. ХХБ ХХК нь 4 үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд дараах 3 үл хөдлөх эд хөрөнгөөс эхний хоёр хөрөнгийг шүүхийн бус журмаар худалдан борлуулсан орлогоор зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсан, үлдэх эд хөрөнгийг шүүхийн журмаар худалдан борлуулахаар өөр зээлийн хэрэгт шийдвэр гаргуулсан атлаа уул хөрөнгүүдээр дахин үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй юм.

Үүнд, М К ХХК-ийн эзэмшлийн БГД, 14 дүгээр хороо, 393 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай газар, Б.Болортуяагийн эзэмшлийн БГД, 14 дүгээр хороо, 856 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай газар, М К ХХК-ийн өмчлөлд Ү-2205064529 дугаарт бүртгэгдсэн БГД, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Энэбишийн өргөн чөлөө /16066/, 9/1А тоот хаягт байрлах 216 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө байгаа. Дээрх 2 газраар үүргийн гүйцэтгэлийг хангуулсан тухайд, М К ХХК нь ХХБ ХХК-аас 2014 оны 05 сарын 09-ний өдрийн ЗГ-СС14005-1 дугаар зээлийн гэрээгээр 2 700 000 ам.долларын зээл, 2014 оны 10 сарын 02-ны өдрийн ЗГ-СС14012 дугаар зээлийн гэрээгээр 3 836 400 000 төгрөгийн зээл, 2015 оны 09 сарын 02-ны өдрийн ЗГ-СС1500Э дугаар зээлийн гэрээгээр 1 556 000 000 төгрөгийн зээл авсан.

Улмаар дээрх 3 зээлийн гэрээний 2,3 дугаар хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2014 оны 10 сарын 02-ны өдрийн хариуцагч З Б С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав -СС14011 тоот, 2015 оны 09 сарын 02-ны өдрийн хариуцагч З Б С-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Даваажав:-СС15003-2 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээгээр дараах үл хөдлөх эд хөрөнгүүдийг ХХБ ХХК-д давхар барьцаалсан байсан болно. Үүнд, Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол 16066 Л.Энэбишийн өргөн чөлөө 9/1 хаягт оршин байрлалтай 923.14 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, дээрх үл хөдлөх эд хөрөнгө байршиж буй 1 249 м.кв газар, үүний дагуу барьцаа хөрөнгө болох дээрх 923 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг 574 м.кв, 216 м.кв, 133.14 м.кв гэж 3 хувааж, 1 249 газрыг 855 м.кв, 394 м.кв гэж барьцаанаас чөлөөлөлгүйгээр 2 хувааж тус бүрд нь улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авсан бөгөөд 133,14 м.кв, 216 м.кв үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа 394 м.кв газрыг дээрх 2 үл хөдлөх эд хөрөнгийн сууриар хувааж кадастрын зураг хийлгэсэн болно. Ингээд, 574 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг тус хөрөнгө оршин байгаа 855 м.кв газрын хамт М К ХХК нь иргэн Б.Болортуяад 1 200 000 000 төгрөгөөр худалдах, 133,14 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг тус хөрөнгө байрлаж байгаа газрын хамт 1 800 000 000 төгрөгөөр иргэн Б.Ойдовдоржид худалдахаар тохиролцсон болно. Худалдан авагч Б.Болортуяа, Б.Ойдовдорж нар нь ХХБ ХХК-аас үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зориулалтаар 1 000 000 000 төгрөг, 1 620 000 000 төгрөгийг тус тус зээлж, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлөхөөр тохиролцсон болно. Б.Болортуяа нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авах зориулалтаар 1 000 000 000 төгрөгийг ХХБ ХХК-аас 2016 оны 12 сарын 22-ны өдрийн зээлийн гэрээгээр зээлж авсан бөгөөд уг зээлийн гэрээний 3.2-д үл хөдлөх эд хөрөнгө худалдан авч байгаа тохиолдолд банк зээлийг худалдагч талын дансанд шилжүүлнэ гэж заасны дагуу ХХБ ХХК нь М К ХХК-ийн хувьцаа эзэмшигч С.Батсүхийн ХХБ ХХК дах 452536760 дугаар төгрөгийн данс руу 2016 оны 12 сарын 26-ны өдөр ...Болортуяа Батсүх-д зээл олгов... гэх гүйлгээний утгаар 1 000 000 000 төгрөг шилжүүлсэн. Уг мөнгө ХХБ ХХК дахь С.Батсүхийн 45253670 тоот данс руу шилжин орсны дараа ХХБ ХХК нь 427 946 498 төгрөгийг М К ХХК-ийн 2015 оны 09 сарын 02-ны өдрийн 1 556 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт буюу 473014983 тоот зээлийн данс руу татан авсан. Мөн 265 911 530 төгрөгийг 2014 оны 10 сарын 02-ны өдрийн 3 836 400 000 төгрөгийн зээлийн төлбөрт буюу 473011734 тоот зээлийн данс руу татан авсан. 102 591 114 төгрөгийг 2014 оны 05 сарын 09-ний өдрийн 2 700 000 ам.долларын зээлийн төлбөрт буюу 4730102312 тоот зээлийн данс руу татан авсан. Б.Болортуяа нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зориулалтаар ХХБ ХХК-аас авсан 1 000 000 000 төгрөгийн зээлээ Хаан банк ХХК руу шилжүүлж, ХХБ ХХК-аас авсан зээлээ бүрэн төлж дуусгасан бөгөөд банк нь 856 м.кв газар, уг газар дээрх 574 м.кв үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлсөн. ХХБ ХХК-ийн зээл хаалгасны дараа Б.Болортуяа нь дээрх 574 м.кв үл хөдлөх эд хөрөнгө болон 856 м.кв газрыг Хаан банк ХХК-тай байгуулсан зээл болон барьцааны гэрээний дагуу Хаан банк ХХК-ийн зээлийн барьцаанд бариулсан байдаг. Б.Ойдовдорж нь үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зорилгоор ХХБ ХХК-аас 2018 оны 06 сарын 05-ны өдрийн зээлийн гэрээгээр 1 620 000 000 төгрөгийг зээлэн авсан. Зээлийн гэрээний 3.2-д зээлийг ...үл хөллөх эд хөрөнгө худалдаж байгаа талын банк дах 47302038 тоот дансанд шилжүүлнэ гэж заасны дагуу ХХБ ХХК нь Б.Ойдовдоржийн зээл 1 620 000 000 төгрөгийг М К ХХК-ийн ХХБ ХХК дах 473020538 тоот данс руу 2018 оны 06 сарын 07-ны өдөр шилжүүлсэн. Улмаар нэхэмжлэгч банк нь 1 620 000 000 төгрөгийг М К ХХК-ийн данс руу шилжүүлмэгцээ 383 748 213 төгрөгийг 2014 оны 10 сарын 02-ны өдрийн 3 836 400 000 төгрөгийн зээлийн төлбөрт буюу 473011734 тоот зээлийн данс руу татан авсан. 467 397 605 төгрөгийг М К ХХК-ийн 2015 оны 09 сарын 02-ны өдрийн 1 556 000 000 төгрөгийн зээлийн төлбөрт буюу 473014983 тоот зээлийн данс руу татан авсан. 795 528 601 төгрөгийг 2014 оны 05 сарын 09-ны өдрийн 2 700 000 ам.долларын зээлийн төлбөрт буюу 4730102312 тоот зээлийн данс руу татан авсан. Б.Ойдовдорж нь 2019 оны 03 сарын 21-ний өдөр нэхэмжлэгчээс авсан 1 620 000 000 төгрөгийн дээрх зээлээ бүрэн төлж дуусгасан байдаг.

Дүгнэхэд, анх М К ХХК нь Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол 16066/ Л.Энэбишийн өргөн чөлөө 9/1 тоот хаягт байршилтай 923.14 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, уг үл хөдлөх эд хөрөнгө байршиж байсан 1 249 м.кв газар, газар эзэмших эрхийг нэхэмжлэгч банкны зээлийн барьцаанд барьцаалуулсан байсан байна. Дээрх үл хөдлөх эд хөрөнгө, газрыг хамтад нь иргэн Б.Болортуяа, Б.Ойдовдорж нарт худалдан борлуулж, олсон орлогоор зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 923 м.кв 2 үл хөдлөх эд хөрөнгийг 574 м.кв, 216 м.кв, 133.14 м.кв гэж 3 хувааж, 1 249 м.кв газрыг 855 м.кв, 394 м.кв гэж 2 хувааж тус бүрд нь улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авсан байна. Одоогоор 923 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, 1 249 м.кв газрын 574 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, 855 м.кв газрын хууль ёсны өмчлөгч, эзэмшигч нь Б.Болортуяа, /Хаан банк ХХК-ийн барьцаанд/ 133.14 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, уг хөрөнгө оршин байгаа 188 м.кв газрын өмчлөгч, эзэмшигч нь Б.Ойдовдорж, үлдэх 216 м.кв үл хөдлөх, уг хөрөнгө оршин байгаа суурийн газрын өмчлөгч, эзэмшигч нь М К ХХК байна.

ХХБ ХХК, М К ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 10 сарын 02-ны өдрийн 3 836 400 000 төгрөгийн зээлийн гэрээ, 2015 оны 09 сарын 02-ны өдрийн 1 556 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалсан дээр дурдсан 923.14 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, уг үл хөдлөх эд хөрөнгө байршиж байсан 1 249 м.кв газар эзэмших эрхийг иргэн Б.Болортуяа, Б.Ойдовдорж нарт 2 хуваан худалдан борлуулснаас олсон орлого 2 620 000 000 төгрөгөөр дээрх 2 зээл болон 2014 оны 05 сарын 09-ны өдрийн 2 700 000 ам.долларын зээлийн үндсэн зээл, хүүгийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг тус тус хангуулсан болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл 2 620 000 000 төгрөг нь дан ганц үл хөдлөх эд хөрөнгийн үнэ биш бөгөөд уг үнэд газрын үнэ мөн багтсан байгаа нь худалдах худалдах авах гэрээнээс тодорхой харагдана. Дээрх 923 м.кв үл хөдлөх эд хөрөнгө, 1 249 м.кв газар эзэмших эрхийг хамтад нь барьцаалагч нэхэмжлэгч банк нь 1 579 400 000 төгрөгөөр үнэлж, барьцаагаар хангагдах шаардлагын хэмжээг 1 579 400 000 төгрөг гэж үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой барьцааны гэрээнд тус тус тусгасан байдаг нь хэрэгт авагдсан гэрээгээр нотлогдоно.

Нэгэнт нэхэмжлэгч банк нь дээрх газар, үл хөдлөх эд хөрөнгийг бусдад худалдан борлуулж олсон 2 262 000 000 төгрөгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулсан буюу барьцааны гэрээнд заасан барьцаагаар хангагдах шаардлага 1 579 400 000 төгрөгөөс илүү хэмжээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт барьцаалуулагч энэ хуулийн 45.1-д заасны дагуу худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, эсхүл тухайн барьцааны зүйлийг шүүхийн журмаар болон шүүхээс гадуур дуудлага худалдаагаар худалдсан, энэ хуулийн 50 дугаар зүйлд заасан бүртгэл хийснээр барьцааны гэрээ, барьцааны зүйлийн тухайд барьцаалагчийн эдлэх бүх эрх, барьцааны гэрээ байгуулснаас хойш барьцааны зүйлийн тухайд үүсэж бүртгүүлсэн гуравдагч этгээдийн бүх эрх дуусгавар болно гэж заажээ. Өөрөөр хэлбэл, барьцаалуулагч М К ХХК нь иргэн Б.Ойдовдорж, Б.Болортуяа нартай барьцааны зүйлийг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээнээс олсон орлогыг үүрэг гүйцэтгүүлэгч-барьцаалагч нэхэмжлэгч банканд зээлийн төлбөртөө тооцон шилжүүлсэн байх тул дээрх 2 худалдан авагчид худалдсан үл хөдлөх эд хөрөнгө, газрын тухайд барьцаалагчийн эдлэх бүх эрх дуусгавар болсон үр дагавар үүссэн байна. М К ХХК нь Ү-2205064529 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүрэг, 14 дүгээр хороо, 4 дүгээр хороолол, Энэбишийн өргөн чөлөө /16066/, 9/1А тоот хаягт байрлах 216 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг ХХБ ХХК-д давхар барьцаалсан байсан: 2014 оны 10 сарын 02-ны өдрийн 3 836 400 000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаа болгож 2014 оны 10 сарын 02-ны өдрийн ЗБ-СС14011 тоот барьцааны гэрээ, 2015 оны 09 сарын 02-ны өдрийн 1 556 000 000 төгрөгийн зээлийн гэрээний барьцаа болгож мөн өдрийн ЗБ-СС15003-2 тоот гэрээ, улмаар хэрэгт авагдсан шийдвэр, магадлалаас үзэхэд нэхэмжлэгч нь дээрх 216 м.кв үл хөдлөх эд хөрөнгөөр 2014 оны 10 сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаж, шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2 дахь хэсэгт энэ хуулийн 33.1-д заасан тохиолдолд барьцаалагчийн шаардлагыг улсын бүртгэлд бүртгэсэн дарааллаар хангана гэж заасны дагуу нэгэнт барьцаалагч ХХБ ХХК нь барьцааны эрхээ хэрэгжүүлж уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан байх тул дахин уг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхгүй байна.

Иймд худалдан авагч Б.Болортуяагийн худалдаж авсан 856 м.кв газар, Б.Ойдовдоржийн худалдан авсан 133 м.кв газрын суурь газар, М К ХХК-ийн 216 м.кв үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж буй нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч З Б С-ийн тал хариу тайлбартаа: Нэхэмжлэгч тал З Б Сгаас нийт 233 000 000 төгрөг гаргуулах шаардлагаасаа татгалзаж байгаа юм байна. 2015 оны 09 сарын 02-ны өдөр ХХБ ХХК, З Б С, М К ХХК гэсэн 3 талуудын хооронд зээлийн гэрээ, батлан даалтын гэрээ байгуулсан. Зээлдэгч гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд үндсэн зээлийн 32.13 хувийг З Б Сгаар зээлийг төлүүлнэ гэж гэрээнд заасан. З Б С нь уг гэрээгээр ямар үүрэг гүйцэтгэх, ямар эрхтэй, ямар нөхцөлд үүрэг гүйцэтгэх талаар тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.3, 2.4, 2.5, 2.7 дахь хэсэгт тодорхой заасан. Эдгээр зүйл, заалтуудад З Б Сгаас зээлийг төлүүлэх нэхэмжлэх гаргахаас өмнө зээлийг төлүүлэх талаар бүхий л арга хэмжээг авна, зээл чанаргүй болсон буюу зээлийн гэрээний хугацаа хэтэрсэн, зээлийг төлүүлэх талаар хангалттай арга хэмжээ авсан байх ёстой, эрсдэлийн сан байгуулсан байх ёстой, зээлийн гэрээний хугацаа дууссан эсхүл гэрээний хугацаа дуусахаас өмнө зээлийн гэрээг цуцалж, шаардах эрхээ хэрэгжүүлсэн байх ёстой, зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулсан байх ёстой, бусад үүрэг гүйцэтгэгч болон батлан даагч, батлагаа гаргагч нараар үүргийг гүйцэтгүүлсэн зэрэг зүйлийг хийсэн байх ёстой гэж заасан. Эдгээр арга хэмжээг авсны дараа энэ талаар баримтаа хавсаргаад манайд нэхэмжлэх ирүүлнэ гэсэн агуулгатай гэрээ байгуулсан. Үүнээс харахад З Б Сг хамтран хариуцагчаар татах шаардлага бий болоогүй нөхцөл бүрдээгүй байна. Харин барьцаа хөрөнгийн асуудал шүүхээр шийдвэрлэгдэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсны дараа зээлийн төлбөрийг төлж чадахгүй бол ХХБ ХХК-аас манай байгууллага руу албан бичиг явуулах ёстой. Мөн зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.2.4-т Батлан даагчийн зөвшөөрөлгүйгээр зээлдэгчийн барьцаа хөрөнгийг чөлөөлөхгүй гэж заасан. Мөн гэрээний 2 дугаар зүйлийн 2.7.2 дахь хэсэгт Зээлдүүлэгч буюу банк 3 дугаар зүйлийн 3.2.4 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд батлан даалтын үүргээ биелүүлэхээс татгалзана гэж заасан. ХХБ ХХК нь дээрх үүргээ биелүүлээгүй байна. Хариуцагч ''М К'' ХХК-ийн өмгөөлөгчийн тайлбарлаж хэлсэнчлэн, зээлд барьцаалсан байсан эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулсан байна. 2 700 000 000 төгрөгийн үнэ бүхий зээлийн гэрээнээс 467 000 000 төгрөгийг хассан гэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М К ХХК-аас 976 649 386.95 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Болормаагийн эзэмших эрхтэй Баянгол дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбарын 1680400479 18640311638617 дугаар бүхий 856 м.кв, М К ХХК-ийн эзэмших эрхтэй Баянгол дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай, нэгж талбарын 1680400129 18640311629616 дугаар бүхий 393 м.кв талбайтай худалдаа, үйлчилгээний зориулалттай газар эзэмших эрхээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч М К ХХК шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг 1 дүгээр хороо Стадион оргил, М.Гандийн гудамж 19 дүгээр байр 12 тоотод байршилтай 106.68 м.кв талбай бүхий эрхийн улсын бүртгэлийн Ү-2206015498 дугаарт бүртгэлтэй 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Баянгол дүүрэг 14 дүгээр хороо 4 дүгээр хороолол 9/1А тоотод байршилтай үйлчилгээний зориулалттай эрхийн улсын бүртгэлийн Ү-2205064529 дугаарт бүртгэлтэй 216 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М К ХХК-ийн гүйцэтгээгүй үлдсэн үүргийн 32.14 хувийг хариуцагч З Б Сд төлөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 269 346.87 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч М К ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 5 111 397 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ХХБ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч М К ХХК-ийн тал давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэртэй зээлийг зээлдэгчид жилийн 9 хувиар дамжуулан зээлдүүлсэн бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банкны зээл төлөгдсөн өдрөөс хойш жилийн 20.4 хувиар хүү тооцно хэмээн зээлийн үлдэгдлээс жилийн 20.4 хувиар хүү тооцон 976 649 386 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болсон зээлийн гэрээ нь ... хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна хэмээн дүгнэж, төслийн зээлийн хүү, банкны зээлийн хүү, төслийн зээлийн хүү ба банкны зээлийн хүүгийн зөрүү гэх нэршил гаргаж, эдгээрийг бүгдийг буюу зээлийн хүүг жилийн 20.4 хувиар тооцож, 976 649 386 төгрөг гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд, зээлийн гэрээний 3.2-д зээлийн үндсэн хүү (жилийн 9 хувь), хэтэрсэн хугацааны хүү (жилийн 20.4 хувь), 3.3-д нэмэгдүүлсэн хүү (төлөгдөөгүй зээлд ногдох хүүгийн 20 хувь) байна гэж тус тус заасан бөгөөд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 61 дүгээр зүйлийн 61.1-д тус тус заасны дагуу зээлийн гэрээний 3.2.2 хэтэрсэн хугацааны хүү жилийн 20.4 хувь гэх заалтыг дараах үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт зааснаар зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө, тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж тус тус заасан байтал нэмэгдүүлсэн хүүгээс гадна хэтэрсэн хугацааны хүү хэмээн үндсэн хүүгээс хэд дахин өндөр хүү тооцохоор гэрээнд заасан нь хуульд нийцэхгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь өөрийн банкны эх үүсвэрээр Монгол Улсын Хөгжлийн банк руу зээлийг төлсөн буюу урьд өмнө гаргасан зээл дотоодын эх үүсвэрт шилжсэн учраас 20.4 хувиар хүү тооцох үндэслэлтэй гэх тайлбар гаргадаг. Гэвч нэхэмжлэгчээс нотлох баримтаар өгсөн 1 дэх хавтаст хэргийн 161-162 дугаар талд байх М К ХХК-ийн 400011460 тоот дансны хуулганаас үзэхэд нэхэмжлэгч нь Хөгжлийн банкнаас 1 556 000 000 төгрөгийг жилийн 6 хувийн хүүтэй авч М К ХХК-д 9 хувийн хүүтэйгээр зээлдүүлсэн, нэхэмжлэгч нь Хөгжлийн банк руу зээл 1 556 000 000 төгрөгийг 223 126 666 төгрөгийн хүүгийн хамт нийт 1 779 126 666 төгрөгийг төлж 2019 оны 03 сарын 05-ны өдөр зээлийг хаасан байна.

ХХБ ХХК-аас Хөгжлийн банк руу шилжүүлсэн 1 779 126 666 төгрөгийн 1 158 355 336 төгрөгийг М К ХХК-аас ХХБ ХХК руу төлсөн байтал 1,5 тэрбум төгрөгийн зээл банкны дотоод эх үүсвэрээр төлөгдсөн гэх тайлбар гаргаж буй нь үндэслэлгүйн зэрэгцээ хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон ч нэхэмжлэгчид хүү төлөх үүргийг хүлээж байгаа тул банк хохирсон гэх тайлбар үндэслэлгүй байхад анхан шатны шүүх хэт нэг талыг барьж нэхэмжлэгчийн тайлбараар хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

ХХБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа 1 дэх хавтасны 188 дахь талд байх зээл, зээлийн хүүгийн тооцоолол гэх хүснэгтийн Тооцох хоног гэх баганын 0 хоног гэх мөр бүрийн арын баганад хүү тооцож тавьсныгаа 9 хувь ба 20.4 хувийн хүүгийн зөрүү гэж тайлбарласан. Үүний дагуу зээл, зээлийн хүүгийн тооцоолол гэх хүснэгтээс үзэхэд банк 2017 оны 08 сарын 18-ны өдрөөс эхлэн жилийн 20.4 хувиар хүү тооцсон байдаг.

Хариуцагч М К ХХК нь 2015 оны 12 сарын 15-ны өдрөөс 2018 оны 06 сарын 07-ны өдрийг хүртэл нийт 1 158 355 336 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн. Банк 830 000 000 төгрөгийг нь үндсэн зээлд тооцож үндсэн зээлийн үлдэгдэл 726 000 000 төгрөг гэж нэхэмжилж байгаа. Хэрэв төлөлтүүдийг жил жилээр нь /нийт 830 000 000 төгрөг/ хасаж, зээл олгосон 2015 оны 11 сарын 06-ны өдрөөс хойш нэхэмжлэлийн хамрах хугацаа 2020 оны 04 сарын 07-ны өдрийг хүртэл 4 жил 153 хоногт зээлийн үлдэгдлээс 9 хувиар хүү тооцоход нийт 376 140 799 төгрөгийн хүү бодогдож байна. Гэтэл ХХБ ХХК нь дээрх хугацаанд 9 хувь, 20.4 хувиар 540 774 132 төгрөгийн үндсэн хүү тооцож үүнээс 324 390 998.51 төгрөг төлөгдсөн гэж 216 383 133.75 төгрөгийг үндсэн хүүд нэхэмжилсэн билээ. 9 ба 20.4 хувийн хүүгийн зөрүү 164 633 333 төгрөг болж байна. Мөн нэхэмжлэгч нэмэгдүүлсэн хүүг 38 163 591 төгрөг гэж тооцоолон гаргаж үүнээс 3 964 338 төгрөг төлөгдсөн учир 34 199 253 төгрөгийг нэхэмжилж байгаа. Гэвч үндсэн хүүг 20.4 хувиар тооцсонтой холбогдуулан нэмэгдүүлсэн хүүгийн хувь ч мөн илүү өндөр гарч байгаа болно.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас төлсөн нийт төлбөр 1 158 355 336 төгрөгийн 328 355 336 төгрөгийг үндсэн болон нэмэгдүүлсэн хүүд тооцон суутгасан байдаг. Дээрх 376 140 799 төгрөгийн үндсэн хүүгээс зээлдэгчийн хүүд төлсөн 328 355 336 төгрөгийг хасвал 47 785 463 төгрөгийн үндсэн хүү төлөх тооцоо гарч байна. Үндсэн хүү 47 785 463 төгрөгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцвол 9 557 092 төгрөг болох юм. Нэгтгэвэл, үндсэн зээл 726 000 000 төгрөг, хүү 47 785 463 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9 557 092 төгрөг, нийт 783 342 556 төгрөг болохоор байна.

Зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хуваариар зээлдэгчийн сард төлөх хүүгийн хэмжээг тодорхойлоогүй. Банкнаас гаргаж өгсөн зээл, зээлийн хүүгийн тооцоолол гэх хүснэгтээс үзэхэд банкнаас хүү тооцсон давтамж нь зээлийн хүүг 1,3,6,7,9,18,14,31,97 хоногоор буюу өөр өөр давтамжаар бодож нэхэмжлэл үүсгэсэн байдаг. Ийнхүү зээлдэгчийн сард төлөх хүүгийн хэмжээ тодорхой бус, хүү төлөх үүрэг үүсэх давтамж нь тодорхойгүй байх тул үүргийг хэсэгчлэн төлөх, хэсэгчлэн төлөх үүргийн хугацааг хэтрүүлэх гэх ойлголт байхгүй. Гэтэл банк зээлдэгчээс төлсөн төлбөрийг нэг талын санаачилгаар нэн тэргүүнд хүүгийн төлбөрт суутгах буюу тусгай программаар хуваарилан авсан нь хуульд нийцэхгүй байна.

Иймд Иргэний хуулийн 212 дугаар зүйлийн 212.1, 216 дугаар зүйлийн 216.4 дүгээр зүйлд заасны дагуу зээлдэгчээс төлсөн нийт 1 158 355 336 төгрөгийг үндсэн зээлээс хасуулах буюу уг төлбөрөөс хүүд суутган авсан 328 355 336 төгрөгийг үндсэн зээл 726 000 000 төгрөгөөс хасуулах татгалзал үндэслэлтэй байсан тул үндсэн зээлд 397 644 664 төгрөгийг төлнө. Нөгөө талаас хүүгийн хэмжээг сараар бус жилээр тохиролцсон учраас хүү тооцогдох тухайн жилд төлөгдсөн зээл /төлбөр/-ийг хасаж, зээлийн үлдэгдлээс хүү тооцох нь Монгол банкны гаргасан зээлийн хүү бодох аргачлал, нэхэмжлэгч талын зээлийн үлдэгдлээс хүүг тооцдог гэх шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай нийцнэ гэж үзэж байна. Нийт төлөлтийг үндсэн зээлээс хасаж жилийн 9 хувиар хүү тооцвол дараах байдалтай байна. Үндсэн хүү 274 482 061 төгрөгөөс 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцвол 54 896 412 төгрөг болох юм. Нэгтгэвэл, үндсэн зээл 397 644 664 төгрөг, хүү 274 482 061 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 54 896 412 төгрөг, нийт 727 023137 төгрөгийг төлөхөөр байна.

Хариуцагчийн байр суурь нь зээлийн үндсэн хүүг жилийн 9 хувиар тооцуулах, банкнаас хүү тооцсон давтамж буюу хүүгийн авлага үүсгэсэн байдал нь өөр байгаагийн зэрэгцээ зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарьт зээлдэгчийн сар бүр төлөх хүүгийн хэмжээг тодорхой заагаагүй тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхээр зээлдүүлэгч рүү шилжүүлсэн 1 158 355 336 төгрөгийг бүхэлд нь үндсэн зээлийн дүнгээс хасуулах буюу гомдлын 2.6 хэсэгт дурдсан байдлаар, хэрэв шүүх бүрэлдэхүүн гомдлын уг үндэслэлийг хүлээн авах боломжгүй гэж үзвэл нэхэмжлэгч банкны тооцоогоор буюу үндсэн зээл 1 556 000 000 төгрөгөөс 830 000 000 төгрөг төлөгдсөн байдлаар, жилийн үндсэн хүүг жил бүрийн зээлийн үлдэгдэл дүнгээс 9 хувиар тооцуулах буюу гомдлын 2.а хэсэгт дурдсан байдлаар тус тус төлбөл зохих тооцоог гаргаж нэхэмжлэгчид төлөх төлбөрийг багасгуулахаар гомдол гаргаж байгаа болно.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагаас 249 626 249 төгрөгийг хэрэгсэхгүй болгох буюу хариуцагч М К ХХК-аас 727 023 137 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох тухай өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч ХХБ ХХК нь хариуцагч М К ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 976 582 386,95 төгрөг, нотариатын зардалд 67 000 төгрөг, нийт 976 649 386,95 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг, хариуцагч З Б С-д холбогдуулан М К ХХК-ийн гүйцэтгээгүй үлдсэн үүргийн 32.14 хувийг гаргуулах шаардлагыг тус тус гаргажээ. /1хх1-3, 167-168, 248/

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд ХХБ ХХК болон М К ХХК нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа, ХХБ ХХК болон М К ХХК, иргэн С.Батсүх, Б.Болортуяа, Х.Мөнгөнтулга, М.Анар, М.Хан-Очир нарын хооронд Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа, мөн ХХБ ХХК болон З Б С, М К ХХК нарын хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан Батлан даалтын гэрээний харилцаа үүссэн талаар, тэдгээр гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн /хх 41-52, 53-56, 58-61, 63-66, 86-89, 90-93, 94/ боловч зээлдэгч, зээлдүүлэгч нарын харилцан тохиролцсон тохиролцоог буруу тайлбарлаж, холбогдох хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

 

ХХБ ХХК болон М К ХХК-ийн хооронд 2015 оны 09 сарын 02-ны өдөр байгуулагдсан ЗГ-СС15003 тоот Зээлийн гэрээ-ний 3.2.1, 3.2.2-т зээлийн хүүгийн хэмжээ жилийн 9 хувь, эсхүл 20.4 хувь байхаар зохицуулсан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй байна. Тодруулбал, зээлийн гэрээний хариу төлбөр болох зээлийн хүүгийн хэмжээ нь зээлдэгчид буюу үүрэг гүйцэтгэгчид ойлгомжтой, тодорхой байдлаар тусгагдсан байхад хуулийн эдгээр заалт чиглэсэн юм. Өөрөөр хэлбэл, зээлдэгчийг төөрөгдүүлэхүйц, хоёр өөр хувь хэмжээтэй байх учиргүй. /хх 42/

 

Мөн дээр дурдсан гэрээний хавсралт буюу зээл, хүүгийн эргэн төлөх хуваариас үзэхэд зээлдүүлэгч ХХБ ХХК нь зээлдэгч М К ХХК-ийг эхний 4 сард үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлж, үндсэн зээл болох 1 556 000 000 төгрөгийг хэрхэн төлж барагдуулах хуваарийг харилцан тохиролцсон болох нь тогтоогдож байна. /хх 51-52/ Өөрөөр хэлбэл, зээлдэгчийн зүгээс ямар хугацаанд ямар хэмжээний хүү төлөх үүрэг хүлээснийг зээл, хүүгийн эргэн төлөх хуваариар тодорхойлох боломжгүй байна. Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар гэрээний стандарт нөхцөл ойлгомжгүй бол уг нөхцлийг хүлээн авсан талд ашигтайгаар тайлбарлана.

 

Иймд зээлийн хүүг жилийн 20.4 хувиар тооцсоныг хүлээн зөвшөөрөхгүй, зээлдэгчийн сард төлөх хүүгийн хэмжээ тодорхой бус, хүү төлөх үүрэг үүсэх давтамж нь тодорхойгүй байх тул... банк зээлдэгчээс төлсөн төлбөрийг нэг талын санаачилгаар нэн тэргүүнд хүүгийн төлбөрт суутгах... хуваарилан авсан нь хуульд нийцэхгүй гэсэн хариуцагч талын татгалзал, давж заалдах гомдол үндэслэлтэй. Нэхэмжлэгч талаас гаргасан зээл, хүүгийн эргэн төлөлтийн тооцооллыг анхан шатны шүүх хуульд нийцүүлэн шалгаж, тогтоохгүй шийдвэрийн үндэслэлд хамааруулан хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. /хх 129, 171/

 

Зээлдүүлэгч ХХБ ХХК нь зээлдэгч М К ХХК-д 2015 оны 11 сарын 06-ны өдөр 1 556 000 000 төгрөгийг шилжүүлэн өгч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байх ба зээлдэгч нь 2015 оны 12 сарын 06-ны өдрөөс 2018 оны 07 сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 1 158 355 337 төгрөгийн эргэн төлөлтийг хийсэн байна. /хх 129-арын нүүр, хөлийн дүн/

 

Давж заалдах шатны шүүхийн зүгээс зээлийн гэрээний хүү жилийн 9 хувь байх талуудын тохиролцоонд үндэслэн төлбөл зохих хүүгийн хэмжээг тодорхойлж, нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн зээл, зээлийн хүүгийн тооцоололд заагдсан баримтаас хариуцагчаас төлсөн эргэн төлөлтийн дүнг /хариуцагч тал маргаагүй/ тодорхойлох боломжтой байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийн зохицуулалтыг хэрэглэн хариуцагч тал зээлийн мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан өдрөөс нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн өдөр хүртэлх хугацаанд зээлдэгч М К ХХК-ийн хүлээх үүргийг тооцоолоход үндсэн зээлийн үлдэгдэл 397 644 664 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 274 382 652.13 төгрөг, нийт 672 027 316.13 төгрөг гарч байна.

 

Тодруулбал, зээлдэгч нь 1 556 000 000 төгрөгийн үндсэн зээлд 2015 оны 11 сарын 06-ны өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл 21 395 000 төгрөгийн хүү төлөх үүрэг, 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 93 914 925.21 төгрөгийн хүү төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд энэ хугацаанд төлөгдсөн нийт 512 500 831 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрөөс хасч, 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны үндсэн зээлийн үлдэгдэл 1 043 499 169 төгрөг, түүний хүү 93 914 925.21 төгрөг төлөхөөр байна. Үүнээс уг хугацаанд төлөгдсөн 178 456 899 төгрөгийг хасвал үндсэн зээлийн үлдэгдэл 865 042 270 төгрөг, түүний хүү 77 853 804.30 төгрөг болж байна. Үүнээс зээлдэгчийн 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд төлсөн 467 397 606 төгрөгийг хасвал үндсэн зээлийн үлдэгдэл 397 644 664 төгрөг, түүнд тооцогдох хүү 35 788 019.76 төгрөг байна. Зээлдэгчийн хувьд үүнээс хойш хугацаанд төлөлт хийгээгүй тул 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хүү 35 788 019.76 төгрөг, 2020 оны 01 сарын 01-ний өдрөөс 2020 оны 04 сарын 06-ны өдөр хүртэлх хугацааны хүү 9 642 883.10 төгрөг төлөх үүргийг хүлээх ба дээрх төлөгдөөгүй хүүгийн төлбөрүүдийг нэгтгэвэл зээлдэгч нь нийт 274 382 652.13 төгрөгийн хүү төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Хэдийгээр талууд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн 20 хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд заах эрхтэй боловч Зээлийн гэрээ-ний 3.3-т зээл, хүүгийн төлбөр эргэн төлөх хуваарийн дагуу төлөгдөөгүй зээлд ногдох хүүгээс тооцох-оор заасан боловч өөр өөр байдлаар тодорхойлсноос гадна зээлийн хүүгийн эргэн төлөлтийн хуваарьт үндсэн зээлийн болон хүүгийн хэмжээг зааглан заагаагүй уг хуваариас зөрчигдсөн гэх үндсэн зээлийг тооцож нэмэгдүүлсэн хүүг тогтоох боломжгүй юм.

 

Иймд шүүхийн зүгээс хуульд нийцүүлэн зээлийн үлдэгдлийг тооцоход хариуцагчийн зүгээс хүлээн зөвшөөрсөн дүнгээс бага байх тул давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч М К ХХК-ийн хүлээн зөвшөөрсөн дүн болох 727 023 137 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлээр тогтоосон мэтгэлцэх зарчимд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Нотариатын зардал 67 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд хэргийн 130 дугаар талд авагдсан нэхэмжлэх нь 2019 оны 05 сарын 08-ны өдрийн огноотой байхад нэхэмжлэгч талын нэхэмжлэл, түүнд хавсаргасан баримтууд нь 2019 оны 05 сарын 08-ны өдөр, 2019 оны 10 сарын 29-ний өдөр, 2020 оны 01 сарын 15-ны өдөр нотариатчаар гэрчлүүлсэн өөр өөр огноотой байх тул дээрх баримтыг үндэслэн уг шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Анхан шатны шүүхээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч гомдол гаргаагүй, мөн хариуцагч З Б С-аас М К ХХК-ийн гүйцэтгээгүй үлдсэн үүргийн 32.14 хувийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон асуудлаар нэхэмжлэгч тал эс зөвшөөрч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/02722 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М К ХХК-аас нийт 727 023 137 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Худалдаа, хөгжлийн банк ХХК-д олгож, үлдэх 249 626 249.95 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5 269 347 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 157 950 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж, мөн хариуцагч М К ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 3 793 066 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХХБ ХХК-д тус тус буцаан олгосугай гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 406 081 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.НЯМБАЗАР