Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2021/00148

 

 

 

 

 

 

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр  даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаөөөөө дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02302 дугаар шийдвэртэй,

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ө трейд” ХХК, “Ө инвест” ХХК, “Лл” ХХК-д тус тус холбогдох

хувьцаа худалдан авах санал гаргах эрхгүй болохыг тогтоолгох, Өөөөө-ӨргөөХК-ийн хувьцааг худалдан авах тухай 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 32/А-11 дүгээр саналыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хувьцаа олж авсан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн арилжааны хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн хувьцаа саналын эрхгүй болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамжаргал, хариуцагч “Ө инвестХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Эрдэнэ, хариуцагч “Ө трейдХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Солонго, хариуцагч “ЛлХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Сувд-Эрдэнэ, хариуцагч нарын өмгөөлөгч Ч.Баяртуул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК “Өөөөө-Өргөө” ХК-ийн хувьцааны хяналтын багц буюу нийт хувьцааны 40 хувийг дангаараа эзэмшдэг.

"Өөөөө-Өргөө" ХК-ийн хяналтын багцаас дээш хэмжээний хувьцаа буюу нийт хувьцааны 39.87 хувьтай тэнцэх хувьцааг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хоорондоо нэгдмэл сонирхолтой компаниуд болох “Ө трейд” ХХК, “Лл” ХХК-иуд Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомжийг зөрчиж, бусад хувьцаа эзэмшигчдийн хувьцаа худалдан авах ажиллагаанд оролцуулалгүй олж авсан байдаг.

Уг хувьцаа олж авсан ажиллагаатай холбогдуулан шүүхэд хандаж, Улсын Дээд шүүх 2019 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 637 дугаар тогтоолоор уг компаниуд “Өөөөө-Өргөө” ХК-ийн хувьцааг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хууль зөрчиж худалдан авсан, худалдан авсан хувьцаа тус бүр саналын эрхгүй болохыг тус тус тогтоож шийдвэрлэсэн, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Энэхүү шүүхийн тогтоолын дагуу Санхүүгийн зохицуулах хороо Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д заасны дагуу өөрийн цахим сайтаар 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нийтэд мэдээлж саналын эрхгүй болохыг зарласан. Өөрөөр хэлбэл хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр “Өөөөө- Өргөө” ХК-ийн нийт хувьцааны 39.87 хувь буюу 69.424 ширхэг хувьцаа Ө трейд ХХК болон Лл ХХК-иудын хууль бус эзэмшилд нь тогтоогдсон.

Гэтэл дээрх хоёр компанийн эзэн, хувь эзэмшигч иргэн Ц.Баөөөөөсайхан 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр “Ө инвест” ХХК-ийг үүсгэн байгуулж, улмаар “”Өөөөө-Өргөө ХК-ийн нийт хувьцааг худалдан авах саналыг “Ө инвест” ХХК-ийн нэрээр гаргасан. “Ө инвест” ХХК болон “Ө трейд” ХХК, “Лл” ХХК-иуд Компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 99.1.2, 6 дугаар зүйлийн 6.14-т зааснаар тус тус нэгдмэл сонирхолтой этгээд болох нь тогтоогдож байгаа.

Энэхүү хувьцаа худалдан авах санал гаргасан гэх мэдэгдэл нь Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасантай нийцээгүй.

Иймд тэдгээр компаниудтай нэгдмэл сонирхолтой аль нэг этгээд Өөөөө-Өргөө ХК-ийн хувьцааны хяналтын багц болон түүнээс дээш хэмжээний хувьцааг худалдан авахаар санал гаргах хуулийн боломж байхгүй. Хуульд заасан хувьцаа эзэмшдэггүй этгээд гэдэгт үгийн шууд утгаараа тухайн хувьцаат компанийн хувьцаа огт эзэмшилдээ авч байгаагүй гэж харагдах боловч нөгөө талаараа өөрийн хамаарал бүхий холбогдох этгээдээр, аль эсвэл нэгдмэл сонирхолтой этгээдээр дамжуулан хувьцааны эрх эдэлдэггүй байхыг буюу нэгдмэл сонирхолгүй байхыг шаарддаг онцлогтой.

Дээрх хуулийн зохицуулалт эрх мэдлийг хамаарал бүхий нэгдмэл сонирхолтой этгээдүүдэд нэг дор төвлөрөхөөс сэргийлж хуулийн хязгаарлалт тогтоох замаар жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг эдлүүлэх хууль зүйн баталгаа болдог онцлогтой. Энэ зохицуулалтаар хуулийн этгээдүүдэд тооны шаардлага тавигддаггүй харин гагцхүү хоорондоо нэгдмэл сонирхолтой бол хуулиар тусгайлсан шаардлага буюу санал гаргах үүргийг хуулиар хүлээдэг. Хуулийн дээрх зохицуулалтад заасан анх удаа гэсэн шаардлага хариуцагч нарын хувьд хангагдахгүй байна.

Гэтэл хариуцагч санал гаргах эрхгүй атлаа энэ төрлийн саналыг гаргаж байгаа нь нэхэмжлэгч компани буюу хууль ёсны хувьцаа эзэмшигч манай компанийн, хувьцааг худалдан авах санал гаргах талаар Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасан хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байна. Иймд хариуцагч “Ө инвест” ХХК-г хуулиар санал гаргах эрх үүсээгүй болохыг тогтоолгох зайлшгүй шаардлагатай.

“Ө трейд” ХХК, “Лл” ХХК-иудын хууль бус эзэмшилд байгаа саналын эрхгүй хувьцааг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Монголын Хөрөнгийн Бирж ТӨХК-ийн оролцоотойгоор хууль бусаар дүр үзүүлэн хийсэн хэлцлүүдээр “Ө инвест” ХХК-ийн нэр дээр бүртгүүлж, түүний эзэмшил рүү шилжүүлсэн.

Шүүхээс хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцсоноор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хэлцлүүд буцах буюу Ө трейд ХХК, Лл" ХХК-ийн хууль бус эзэмшилд эргэн очно.

“Ө трейд” ХХК болон “Лл” ХХК-иуд өмнөх шүүхийн шийдвэрийг биелүүлж, өөрсдийн хууль бус эзэмшилд буй хувьцааг худалдах, аль эсвэл анх худалдан авсан буюу 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн саналыг дахин шинээр гаргах ёстой.

Компани саналын эрхгүй хувьцааг буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлэхдээ компаниас саналын эрхгүй хувьцааны тоотой тэнцүү хэмжээгээр хувьцаа нэмж гаргах замаар хувьцааны саналын эрхийг сэргээх боломжтой юм. Нэмж гаргаж буй хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах тухай Компанийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан эрх ноцтой зөрчигдсөн байна.

Иймд “Ө инвест” ХХК хувьцаа худалдан авах талаар санал гаргах эрхгүй болохыг тогтоож, “Өөөөө-Өргөө” ХК-ийн нийт хувьцааг худалдан авах тухай 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 32/А-11 дүгээр саналыг хүчин төгөлдөр бусд тооцож, хувьцаа олж авсан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн арилжааны хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцож, хэлцлээр шилжүүлсэн хувьцаа саналын эрхгүй болохыг тус тус тогтоож өгнө үү.

Хувьцаа эзэмшигч нь хуульд зааснаар компанийн дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлэх үүрэгтэй. Өөөөө-Өргөө ХК-иас баталсан тус компанийн дүрмийн 5.2.2-т ...дийлэнх олонхоор хувьцаа эзэмшигчид эзэмшүүлэхгүй байхаар шийдвэрлэх эрхтэй гэж заасан. Ө трейд ХХК, Лл ХХК-иуд хэдийгээр саналын эрхгүй ч хувьцаа эзэмшигчийн хувьд дээрх компанийн дүрмээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, өөрийн эзэмшиж буй хувьцааг худалдах талаараа тэргүүн ээлжид бусад хувьцаа эзэмшигч нарт мэдэгдэх үүргээ хэрэгжүүлээгүй.

2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хувьцааны арилжаагаар тус компанийн нийт хувьцааны 40 хувьтай тэнцэх хэмжээний хувьцааг хариуцагч гурван хуулийн этгээдүүд хоорондоо хийсэн тул арилжааны хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, мөн өдрийн арилжаагаар худалдан авсан хувьцаа саналын эрхгүй болохыг тогтоолгохоор шаардсан. Энэ өдрийн арилжаанд оролцсон хариуцагч нараас бусад хувьцаа эзэмшигч нарын хувьд шаардлага гаргаагүй гэжээ.

 

Хариуцагч “Ө инвест” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Ө трейд” ХХК, “Лл” ХХК-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн шийдвэрт “Өөөөө-Өргөө” ХК-ийн хувьцааг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр худалдан авсан хувьцааг саналын эрхгүй болохыг тогтоосон болохоос биш дээрх хувьцааг захиран зарцуулах эрхтэй холбоотой шийдвэр огт гаргаагүй юм. Компанийн тухай хуульд заасны дагуу тусдаа үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээд болох Ө инвест ХХК-д дээрх маргааныг хамааруулан нээлттэй компанийн хувьцааг худалдан авах санал гаргасан явдал шүүхийн шийдвэрт нийцэхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

“Өөөөө-Өргөө” ХК Компанийн тухай хуульд заасан нээлттэй хувьцаат компани юм. Хувьцаат компанийн энгийн хувьцааны хяналтын багцыг Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасны дагуу “Өөөөө-Өргөө” ХК-ийн хувьцааг эзэмшдэггүй этгээд болох “Ө инвест” ХХК-иас тус компанийн хувьцааг дангаар бүхэлд нь худалдан авах санал гаргасан. Холбогдох этгээдтэй хамтран хувьцаа авах саналыг гаргаагүй гэдгийг дурдмаар байна. Мөн хувьцааг бүхэлд нь худалдан авах саналыг компанийн нийт хувьцаа эзэмшигч нарт хандан гаргасан, нээлттэй худалдан авах тендерийн санал юм.

Гэтэл нэхэмжлэгч ийм санал гаргах хуулийн боломжгүй мэтээр тайлбарлаж байна. Хувьцаат компанийн хувьцааг худалдан авахтай холбоотой холбогдох хууль тогтоомжид компанийн хувьцаа эзэмшдэг этгээдийн нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн хяналтын багц болон нийт хувьцааг бүхэлд нь худалдан авах санал гаргах эрхгүй, худалдан авах боломжгүй гэсэн зохицуулалт огт байхгүй.

Мөн хувьцаа худалдан авах санал гаргаснаар нэхэмжлэгчийн хуулиар хамгаалагдсан ямар эрх хөндөгдсөн нь тодорхойгүй, тэдний эрх ашгийг хөндсөн зүйл байхгүй болно. Дээрх хувьцаа худалдан авах саналын дагуу Өөөөө-Өргөө ХК-ийн хувьцаа эзэмшигч нар өөрийн өмчлөлийн хувьцаа буюу хөрөнгөө захиран зарцуулах эрх нь хувьцаа эзэмшигчийн хуулиар олгогдсон эрхийн асуудал юм. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж зохицуулсан.

“Ө инвест” ХХК-аас анх 2019 оны 09 дүгээр сард “Өөөөө-Өргөө” ХХК-ийн хувьцааг 100 хувь худалдан авах шийдвэр гаргасан. Үүний дагуу Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.9-д зааснаар сүүлийн 6 сарын дунджийг авсан. Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль, Санхүүгийн зохицуулах хорооноос батлагдсан Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах, санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журамд заасны дагуу хувьцааг 100 хувь худалдан авах тухай санал гаргаж байгаагаа 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр “Өөөөө өргөө” ХК-д мэдэгдсэн. Хөрөнгийн биржид мэдэгдэж нийтэд мэдээлүүлсэн.

Мөн төлбөрийн баталгаа гаргана гэж заасны дагуу Худалдаа хөгжлийн банкны төлбөрийн мэдэгдлийг хүргүүлсэн. Нийтэд нээлттэйгээр 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр, мөн оны 10 дугаар сарын 11-ний өдөр тус тус өдөр тутмын сонин, радио, телевиз болон Монголын Хөрөнгийн бирж ТӨХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-д нэг зэрэг мэдээлсэн. Саналаа брокерийн компаниудад хүргүүлнэ гэсний дагуу хүргүүлсэн. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 76.713 ширхэг хувьцаа буюу 44.05 хувийн хувьцааг 18 иргэн, хуулийн этгээдээс зарах захиалга өгснөөр худалдан авч, мөнгийг шилжүүлсэн. Улмаар давуу эрхийн хувьцаа эзэмшигч болсон тул Компанийн тухай хуульд заасны дагуу холбогдох газруудад мэдэгдэж, тайлангаа Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн. Хороо хянаж үзээд хуульд нийцсэн гэж үзээд нийтэд өөрийн цахим хуудсаар мэдээлсэн болно. Арилжаа сайн дурын үндсэн дээр хийгдсэн.

Манай компани хувьцаа худалдан авах санал гаргаснаар нэхэмжлэгч байгууллагын ямар эрх ашиг хөндөгдөж буй нь тодорхойгүй, арилжааг хүчин төгөлдөр бусд тооцуулснаар эрх ашиг хэрхэн сэргэх нь тодорхой бус байна. “Өөөөө-Өргөө” ХК-ийн хувьд хязгаарлагдмал хариуцлагатай компани бус хувьцаат компани тул Компанийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т дүрэмд өөрөөр заагаагүй бол тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй гэх заалт хамааралгүй. Мөн Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, үнэт цаасны арилжаа эрхэлдэг брокер диллерийн компани гээд олон этгээдүүд оролцож хянаж, зөвшөөрөл өгдөг. Иймд хариуцагч нарын брокер диллерийн компанитай хийсэн хувьцаа худалдан авах, худалдах захиалгын гэрээг хүчингүйд тооцуулах эсхүл арилжааг хувьцаа эзэмшигч нартай цааш хийсэн “Би Ди Сек ҮЦК” ХХК-ийн хийсэн хэлцлийг хүчингүйд тооцуулахаар шаардсан алин болох нь тодорхойгүй. Тухайн өдрийн арилжаагаар хувьцаагаа арилжсан бусад 16 хувьцаа эзэмшигчид нэхэмжлэгч шаардлага гаргаагүй, ажиллагаанд оролцуулаагүй болно.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Ө трейд” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Улсын дээд шүүхийн тогтоолоор “Ө трейд” ХХК-ийн худалдан авсан хувьцааг саналын эрхгүй болохыг тогтоосон боловч өмчлөгчийн буюу Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, Компанийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-дэх заалтад заасан хуулийн зохицуулалтад бүрэн нийцсэн шийдвэр болсон.

Өөрөөр хэлбэл энэ тогтоолд “Ө трейд” ХХК-ийн өмч болох “Өөөөө өргөө” ХК-ийн 34,712 ширхэг энгийн хувьцаануудыг бүхэлд нь болон зарим хэсгийг захиран зарцуулах, эсхүл эдгээр хувьцааг аливаа хувь хүн, хуулийн этгээд худалдан борлуулах эрхгүй гэж заагаагүй. “Ө инвест” ХХК-аас “Өөөөө-Өргөө” ХК-ийн нийт энгийн хувьцааг 100 хувь худалдан авах саналыг нийтэд нээлттэй гаргасан. Манай зүгээс нээлттэй саналын дагуу өөрийн эзэмшиж буй “Өөөөө-Өргөө” ХК-ийн 35.047 ширхэг энгийн хувьцаагаа худалдах тухайгаа брокер диллерийн “Би Ди Сек ҮЦК” ХХК-д 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан. Энэ харилцаа зохицуулалттай зах зээлд хамаардаг тул хууль, журмын дагуу Санхүүгийн зохицуулах хороо, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламж төв ХХК-д мэдэгдсэн. Мөн өдөр үнэт цаасны компаниар дамжуулан бусад 17 иргэн, хуулийн этгээдийн нэгэн адил өөрийн өмчлөлийн хувьцааг худалдсан.

Нэхэмжлэгч байгууллага хариуцагч “Ө трейд” ХХК-ийг өөрийн өмчлөлийн саналын эрхгүй хувьцаагаа худалдан борлуулах боломжгүй мэтээр маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд өмчлөх эрхэд хууль бусаар халдсан үйлдэл юм. “Ө трейд” ХХК өөрийн өмчлөлийн хөрөнгөө худалдан борлуулснаар нэхэмжлэгч “Б” ХХК-ийн ямар эрх ашиг зөрчигдөж байгаа, мөн ямар зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр байгаа нь тодорхойгүй. Арилжаанд оролцох, хувьцаа авах боломж нь нээлттэй байсан.

Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар нээлттэй хувьцаат компанийн хувьцааг бүхэлд нь худалдан авах саналыг гаргахад иргэн, хуулийн этгээд үнэт цаасны зах зээлийг сонирхогч бүх этгээдэд нээлттэй байдаг. Хууль, журамд компанийн хувьцаа эзэмшдэг этгээдийн нэгдмэл сонирхолтой этгээд, компанийн хувьцаа эзэмшдэггүй этгээд өөрийн өмчлөлийн хувьцаагаа худалдан борлуулах эрхгүй, мөн саналын эрхгүй хувьцааг худалдан борлуулж болохгүй, түүнийг хориглосон, хязгаарласан зохицуулалт огт байхгүй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Лл” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ө инвест” ХХК бие даасан хуулийн этгээд бөгөөд “Өөөөө-Өргөө” ХК-ийн нийт энгийн хувьцааг 100 хувь худалдан авах саналыг нийтэд нээлттэй гаргасан. Энэхүү саналын дагуу “Лл” ХХК өөрийн өмч болох “Өөөөө-Өргөө” ХК-ийн 34,712 ширхэг хувьцааг хууль, журмын дагуу худалдан борлуулсан. Энэхүү арилжааг брокер диллерийн “Би Ди Сек ҮЦК” ХК гүйцэтгэсэн. Саналын дагуу манай компаниас гадна нийт 17 хувьцаа эзэмшигчид хувьцаагаа худалдсан болно.

Манай байгууллага хувьцаагаа худалдах саналыг гаргаагүй, харин “Ө инвест” ХХК уг саналыг гаргасныг хүлээн авч, хувьцаагаа худалдсан болно.

“Лл” ХХК өөрийн эзэмшлийн “Өөөөө-Өргөө” ХК-ийн хувьцаагаа худалдсанаар “Б” ХХК-ийн хуулиар хамгаалагдсан эрх хөндөгдсөн байхыг шаардана. Нэхэмжлэгч зөрчигдсөн эрхээ тайлбарлахдаа хувьцаа худалдан авах ажиллагаанд шударгаар өрсөлдөх, өөрийн эзэмшлийн хувьцааны хувь хэмжээг нэмэгдүүлэх, хяналтын багцын хувьцаа худалдан авах тухай саналын мэдэгдэлтэй танилцах зэрэг эрхүүд зөрчигдсөн гэж тайлбарлаж байна. Компанийн тухай хууль, Үнэт цаасны зах зээлийн тухай хууль болон Хувьцаат компанийн хувьцааг худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах ажиллагааны журмаар нээлттэй компанийн хувьцааг бүхэлд нь худалдан авах саналыг гаргахад Монгол улсын иргэн, хуулийн этгээд үнэт цаасны зах зээлийг сонирхогч бүх этгээдэд нээлттэй байдаг. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасныг баримтлан “Ө инвест” ХХК, “Лл” ХХК, “Ө трейд” ХХК-д тус тус холбогдуулан гаргасан хувьцаа худалдан авах санал гаргах эрхгүй болохыг тогтоолгох, “Өөөөө-Өргөө” ХК-ийн нийт хувьцааг худалдан авах тухай 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 32/А-11 дүгээр саналыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хувьцаа олж авсан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн арилжааны хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн хувьцаа саналын эрхгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч “Б” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23 318 763 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийг буруу тайлбарлахын зэрэгцээ хуулийн зохицуулалтыг хэлбэрийн төдий хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль хэрэглээний илэрхий алдаатай гэж үзнэ.

Учир нь талуудын хооронд үүссэн маргааны хариуцагч компаниуд хоорондоо нэгдмэл сонирхол бүхий харилцан хамааралтай нэг хүний компаниуд гэдэг нь баримтаар нотлогдсон. Хариуцагч хоёр компани нь урьд хууль зөрчиж хувьцаа олж авсан болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогддог.

“Ө трейд” ХХК болон “Лл” ХХК-иудын хууль бус эзэмшилд буй хувьцааг өөрийн нэгдмэл сонирхолтой компани руу ямар нэг хэлбэрээр шилжүүлэх эрх зүйн боломж байхгүй буюу энэхүү эрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр хязгаарлагдсан юм.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг дутуу үнэлсэн. Улсын дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 637 дугаартай тогтоол нотлох баримтаар авагдсан бөгөөд энэхүү шийдвэрийн дагуу хариуцагч “Лл” ХХК болон “Ө трейд” ХХК-иудын хууль бус эзэмшилд “Өөөөө-Өргөө” ХК-ийн хувьцаа байгаа. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасны дагуу нэгэнт тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин нотлохгүй гэх зарчмыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоолыг биелүүлээгүй хариуцагч нарын үйлдэлд шүүх ямар ч хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байна.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК нь хариуцагч “Ө инвест” ХХК, “Ө трейд” ХХК, “Лл” ХХК-д тус тус холбогдуулан “Өөөөө-Өргөө” ХК-ийн хувьцааг худалдан авах санал гаргах эрхгүй болохыг тогтоолгох, тус компанийн нийт хувьцааг худалдан авах тухай 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 32/А-11 дүгээр саналыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хувьцаа олж авсан 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн арилжааны хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусд тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн хувьцааны саналын эрхгүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч байгууллагууд эс зөвшөөрч маргажээ.

 

1. Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөс гаргасан Үнэт цаас эзэмшигчдийн судалгаанаас дүгнэвэл 2019 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн бүртгэлийн байдлаар “Өөөөө Өргөө” ХК нь 174 136 ширхэг хувьцааг гаргасан, нийт зарласан хувьцааны тоо 174 136 ширхэг байх бөгөөд үүнээс нэхэмжлэгч “Б” ХХК нь 69 654 ширхэг, хариуцагч “Ө трейд” ХХК нь 35 047 ширхэг,  “Лл” ХХК нь 34 712 ширхэг хувьцааг тус тус эзэмшиж байжээ. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 183/ШШ2018/02468 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 39 дүгээр магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 001/ХТ2019/00637 тоот тогтоолоор “Ө трейд” ХХК болон “Лл” ХХК нь 2017 ны 12 дугаар сарын 28-ны өдөр “Өөөөө Өргөө” ХК-ийн хувьцааг худалдан авахдаа хууль зөрчсөн болох, улмаар худалдан авсан тус бүрийн 34 712 ширхэг буюу 19.93 хувийн хувьцаа саналын эрхгүй болохыг тогтоосон байна. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй юм. Иймд  Үнэт цаасны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт зааснаар компанийн хувьцаа худалдан авах ажиллагааны журмыг зөрчиж худалдаж авсан хувьцааг саналын эрхгүй болгох үр дагавар үүсэхээс хувьцааны эзэмшлийг хууль бус гэж дүгнэхгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй юм. /1 хх 18-26 дах тал, 3 хх 18-58 дах тал/

 

2.“Ө инвест” ХХК-ийг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлснээр Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн чадвартай болсон. Уг компани нь нэг гишүүнтэй, 100 ширхэг хувьцаатай, нэгж хувьцааны үнэ нь 10 000 төгрөг, нийт үнэ 1 000 000 төгрөг, гишүүн Ц.Баөөөөөсайхан тус компанийн хувьцааг бүхэлд нь буюу 100 хувь эзэмшдэг болох нь компанийн гэрчилгээ, компанийн дүрмээр тогтоогдож байна. / 1хх 32, 62 дах тал, 3 хх 1-7 дах тал/

 

“Ө трейд” ХХК-ийн энгийн хувьцааны 60 хувийг иргэн Ц.Баөөөөөсайхан, “Лл” ХХК-ийн энгийн хувьцааг 100 хувь “Ө трейд” ХХК, “Ө инвест” ХХК-ийн энгийн хувьцааг 100 хувь иргэн Ц.Баөөөөөсайхан эзэмшдэг болохыг Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн лавлагаа, уг компаниудын дүрмийг үндэслэн анхан шатны шүүх зөв тогтоосон байна. Түүнчлэн Компанийн тухай хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1.2, 6 дугаар зүйлийн 6.14, 6.3 дахь хэсэгт зааснаар “Ө трейд” ХХК-ийн охин компани “Лл” ХХК болон “Ө трейд” ХХК, “Ө инвест” ХХК-ийн хувьцааг бүхэлд нь иргэн Ц.Баөөөөөсайхан эзэмшдэг тул эдгээр 3 компанийг нэгдмэл сонирхол бүхий хуулийн этгээдүүд гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцжээ. Харин Компанийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн зохицуулалт болох хараат компанийн тодорхойлолт уг маргаанд хамааралгүй байхад анхан шатны шүүх дүгнэсэн нь буруу болохыг дурдав.

 

“Өөөөө -Өргөө” ХК-ийн энгийн хувьцааны 40 хувийг нэхэмжлэгч “Б” ХХК эзэмшдэг ба тус компаниуд нэгдмэл сонирхол бүхий хуулийн этгээдүүд гэдэгт талууд маргаагүй, энэ үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолгүй юм.

 

3.“Ө инвест” ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Өөөөө-Өргөө” ХК-ийн 174 136 ширхэг энгийн хувьцааг 100 хувь, нэг бүрийн үнийг 60 200 төгрөгөөр тооцон сайн дурын үндсэн дээр худалдан авахаар шийдвэрлэсэн, улмаар 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх 13 удаагийн үнэт цаасны биржийн арилжаагаар 76 713 ширхэг энгийн хувьцааг худалдан авахдаа хуулиар тогтоосон журам зөрчөөгүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй байна.

 

“Ө инвест” ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Өөөөө-Өргөө” ХК-ийн 174 136 ширхэг энгийн хувьцааг бүхэлд нь худалдан авахаар шийдвэрлэж, саналыг дангаараа гаргасан нь Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт, хувьцаа эзэмшигч этгээдийн хувьд Үнэт цаасны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.-т заасантай тус тус нийцсэн, Санхүүгийн зохицуулах хорооны 2010 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Хувьцаат компанийн хувьцааг заавал болон сайн дурын үндсэн дээр худалдан авах санал гаргах ажиллагааны журам” /цаашид журам гэх/-д заасныг зөрчөөгүй байна.

 

“Ө инвест” ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн хурлаараа “Өөөөө-Өргөө” ХК-ийн нийт 174 136 ширхэг энгийн хувьцааг 100 хувь худалдан авахаар шийдвэрлэхдээ 1 ширхэг хувьцааны үнийг 60 200 төгрөгөөр тооцохоор тогтоосон нь журмын 2.3.9-д заасан “нэгж хувьцааг худалдан авах санал болгох үнэ тухайн хувьцааны сүүлийн зургаан сарын жигнэсэн дунджаас доошгүй байна” гэснийг зөрчөөгүй. Өөрөөр хэлбэл, “Өөөөө-Өргөө” ХК-ийн үнэт цаас 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс өмнөх сүүлийн 6 сарын жигнэсэн дундаж ханш 56 758 төгрөг байгаа нь “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 03/640 тоот албан бичгээр гаргасан тодорхойлолтоор тогтоогдож байна. /3хх129/

 

 Үнэт цаасны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсэгт зааснаар “Ө инвест” ХХК нь “Өөөөө-Өргөө” ХК-ийн хувьцааг худалдан авах саналаа Санхүүгийн зохицуулах хороонд 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 32/А-09 тоот албан бичгээр, олон нийтэд Өдрийн сонины 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 197 /6298/, мөн сонины  2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 209 /6310/ дугаар, Өнөөдөр сонины 2019 оны 9 дүгээр сарын 26,” 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн дугааруудад тус тус нийтлүүлж, “Монголын хөрөнгийн бирж” ХК-д  2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 32/А-05, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 32/А-08 тоот албан бичгээр мэдэгджээ.

 

“Монголын хөрөнгийн бирж” ХК нь сонинд холбогдох зарыг байршуулсан, “Монгол Ньюс” ХХК, “Эм Жи Эл радио ньюс” ХХК, Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз зэрэг байгууллагуудаар дамжуулан мэдээлсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон. Дээрх хуулийн 22.6, 22.7-д заасан нийтэд хүргэх мэдээлэлд тусгагдсан байвал зохих мэдээллийг тусгаж, санал гаргах хүчинтэй байх хугацааг зөрчөөгүйгээс гадна, мөн зүйлийн 22.8 дахь хэсэгт зааснаар “Өөөөө-Өргөө” ХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд саналыг хүргүүлсэн байна. / 1хх 134-135, 2хх 207, 219-220, 3хх 95-101/

 

Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3 дахь хэсэгт заасан зохицуулалт нь мөн зүйлийн 56.2 дах хэсэгт заасан зохицуулалтыг өөрчлөх тохиолдол юм. Энэ хүрээнд “Өөөөө-Өргөө” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал нь хяналтын багцыг худалдан авах асуудлаар саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын олонхоор шийдвэр гаргаагүйг  “Өөөөө-Өргөө”ХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлын 2012 оны 02 тоот тогтоолоор батлагдсан Компанийн дүрмийн 5.2.5, 5.2.4, 5.2.5-д заасныг зөв дүгнэж, хуульд заасан хязгаарлалт энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар хянагдаж буй маргаанд үйлчлэхгүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, “Өөөөө-Өргөө” ХК-ийн дүрмийн 5.2.5-д “хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож байгаа хувьцаа эзэмшигчдийн дийлэнх олонхоор хувьцааг тэргүүн ээлжид худалдан авах эрхийг эдлүүлэхгүй байхаар шийдвэрлэж болно”, 5.2.4-т “Компанийн энгийн хувьцаа эзэмшигч нь компаниас нэмж гаргаж байгаа энгийн хувьцааг өөрийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн тодорхой нөхцөлөөр тэргүүн ээлжид худалдан авах эрхтэй бөгөөд эрхээ бусад этгээдэд бүхэлд нь буюу хэсэгчлэн шилжүүлж болно”,  5.2.5-д “хувьцаа худалдан авах эрх эдлүүлэхгүй байх хязгаарлалт компаниас нэмж гаргасан хувьцаанд хамаарна” гэснийг харьцуулж дээрх дүгнэлтэд хүрсэн байна.  /2хх 103-152/

 

Түүнчлэн тэргүүн ээлжид хувьцаа худалдан авах эрх нь хязгаарлагдмал хариуцлагатай компани болон хувьцаат компанийн хувьд нэмж гаргасан хувьцаанд хамаарна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Компанийн тухай хуулийн 5.3, 25.6, 34.2, 38.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Хариуцагч “Ө инвест” ХХК нь “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх 13 удаагийн арилжаагаар 18 иргэн, хуулийн этгээдээс “Өөөөө-Өргөө” ХК-ийн 76 713 ширхэг хувьцааг худалдан авчээ.

 

Компанийн хувьцааг бүхэлд нь буюу түүний хяналтын багцыг худалдан авах санал гаргах, саналыг Санхүүгийн зохицуулах хороо болон олон нийтэд мэдээлэх, санал гаргагч нь компанийн хувьцааг худалдан авах саналыг хувьцаа эзэмшигчдэд нийтэд мэдээлэх замаар гаргах зэрэг зохицуулалт нь компанийн хувьцаа эзэмшигч нарыг хамгаалах  зорилготой. Ийнхүү компанийн хяналтын багц худалдан авахаар санал гаргасан тохиолдолд хувьцаа эзэмшигч нар нь компанийн хяналт төвлөрөх замаар өөрийн эдийн засгийн ашиг сонирхол хөндөгдөх нөхцөл үүсч байгаа бол авч болох арга хэмжээг Компанийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “Компанийн хувьцааны хяналтын багцыг дангаараа буюу түүнтэй нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран худалдан авсан этгээд нь уг хяналтын багцыг худалдан авсан өдрөөс хойш ажлын 60 хоногийн дотор бусад хувьцаа эзэмшигчийн эзэмшиж байгаа хувьцааг  уг хувьцааны сүүлийн зургаан сарын зах зээлийн үнийн жигнэсэн дунджаас доошгүй үнээр худалдан авахаар санал болгох үүрэгтэй” гэж зохицуулсан байна.

 

Иймд хувьцаа эзэмшигч нарыг хамгаалах зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгчийн тайлбарлаж буйгаар Компанийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Үнэт цаасны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасныг хувьцаат компанийн хяналтын багц болон түүнээс дээш хэмжээний хувьцааг анх удаа худалдан авах хүсэл зориг бүхий нэг болон нэгдмэл сонирхолтой этгээдүүдэд хамаарна гэж, хувьцаа эзэмшдэггүй этгээд гэдэгт өөрийн хамаарал бүхий холбогдох этгээдээр, аль эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдээр дамжуулан хувьцааны эрх эдэлдэггүй байхыг буюу нэгдмэл сонирхолгүй байхыг шаарддаг онцлогтой гэж дүгнэхгүй юм.

 

Мөн “Худалдаа хөгжлийн банк” ХХК нь “Ө инвест” ХХК болон “Би Ди Сек ҮЦК” ХК-ийн хооронд 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр “Харилцагчийн арилжааны данс нээх гэрээ” нэртэй гэрээ байгуулан “Өөөөө-Өргөө” ХК-ийн хувьцаа худалдан авах санал гаргах, хувьцааг худалдан авах талаар мэдэгдсэний үндсэн дээр тус банк Санхүүгийн зохицуулах хороонд 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр 10 700 000 000 төгрөгөөс, 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 6 000 000 000 төгрөгөөс хэтрэхгүй хэмжээний мөнгөн төлбөрийг үл маргах журмаар баталгаа хүлээн авагчид төлөхөө илэрхийлэн 494DBG/19/6182 тоот баталгааг гаргажээ. /2хх 209, 3хх 114/

 

Түүнчлэн хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэвэл  нэхэмжлэгчийн тайлбарлаж буйгаар “Ө инвест” ХХК-ийг нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн хамтаар  саналын эрхгүй, хууль бус эзэмшилд байсан хувьцааг “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн оролцоотойгоор хууль бусаар дүр үзүүлэн хийсэн хэлцлээр шилжүүлж авсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Мөн дээр дурдсан биржийн 13 удаагийн хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэлд хамаарах, оролцогч талууд тухайн хэлцлийг хийснээр хуулийн дагуу эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй байх буюу хууль зүйн үр дагавар гаргахыг хүсээгүй нөхцөл байдал тогтоогдоогүй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хуульд заасан үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаөөөөө дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 181/ШШ2020/02302 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23 318 763 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                С.ЭНХТӨР

 

                                       ШҮҮГЧИД                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                                      Э.ЗОЛЗАЯА