Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2017/0676

 

2017 оны 09 сарын 20 өдөр

Дугаар0221/МА2017/0676

Улаанбаатар хот

“Б о к” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0562 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э гаргасан давж заалдах гомдлоор “Б о к” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Б о к” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л Х 2017 оны 5 дугаар сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 388 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын ашиглалтын ХV-011679 тоот тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг даалгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0562 дугаар шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.20, 32 дугаар зүйлийн 32.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б о к” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 388 дугаар шийдвэрийн “Б о к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, ашигт малтмалын хайгуулын XV-011679 дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1.Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт ашигт малтмалын хайгуулын XV-011679 дугаар тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс өмнө урьдчилан тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй тул нэхэмжлэгч тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байдлаа хадгалах хүсэл зориг байгаа эсэх нөхцөл шалтгааныг тодруулах үүднээс Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 6/2560 дугаар албан бичгээр цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг хүргүүлсэн.

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлсөн тухай баримт болон хүндэтгэн үзэх болон бусад шалтгаан байсан эсэхээ нотолсон баримтыг ирүүлээгүй.

Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 388 дугаар шийдвэрээр цуцалсан бөгөөд цуцалсан тухай мэдэгдлийг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 6/3367 дугаар албан бичгээр мөн тус компанид мэдэгдэл хүргүүлсэн.

Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 9 дүгээр тогтоолд “...Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж заасан ба “Б о к” ХХК-д дээрх мэдэгдлүүдийг хүргүүлсэн нь баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажиж байна.

Компанийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Компанийн оршин байгаа газар, шуудангийн хаягийг түүний ерөнхий захиргаа байршин байгаа газраар тодорхойлно”, 10.5-д “Компанийн хаягийн өөрчлөлтийг Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасны дагуу бүртгэх байгууллагад бүртгүүлнэ” мөн Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж тус тус зааснаа үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч нь компанийн албан ёсны хаягийн өөрчлөлтөө хуульд заасан зохих журмын дагуу төрийн захиргааны байгууллагад бүртгүүлээгүйгээс гарах аливаа үр дагаврыг зөвхөн өөрөө хариуцах үүрэгтэй.

2. “Б о к” ХХК нь дээрх шийдвэртэй холбогдуулж Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд тухайн актад гомдол гаргах хугацаа хэтэрсэн байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй байсан.

3. “Ш ш п” ХХК нь 2015 онд “Б о к” ХХК, “Г м” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг өөрийн компанийн илүү төлөлтөөс тооцуулах хүсэлт гаргасан нь тухайн жил буюу 2015 оны тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг хамааруулж байсан бөгөөд хэрвээ илүү төлөлтийг 2016 онд шилжүүлэн тооцсон бол үнийн дүн хүрэхгүй байгаа нь хуулийн шаардлагад бүрэн нийцэхгүй байсан нь нотлогдож байгаа бөгөөд гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан нотлох баримтаас энэ нь тодорхой харагдаж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0562 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр шийдлийн хувьд үндэслэлтэй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, харин нэхэмжлэлийн шаардлагын болон хууль хэрэглээний талаар зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн 534 дүгээр шийдвэрээр “Б о к” ХХК-ийн эзэмшлийн Ховд аймгийн Алтай сумын Хөх булаг нэртэй газарт орших 1010.15 гектар талбай бүхий XV-011679 тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс тооцож 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасныг нь анх олгосон 2006 оноос тооцоход тухайн тусгай зөвшөөрлийн 3 дахь сунгалт буюу 10-12 дахь жилд хамаарч байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасан бөгөөд дээрх тусгай зөвшөөрлийн 11 дэх жилийн төлбөрийг нэхэмжлэгч 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй, мөн 10 дахь жилийн төлбөрийг ч 2015 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн дотор төлөх үүрэгтэй.

Гэтэл нэхэмжлэгчийн 10 дахь жилийн төлбөр төлөх үүргийг “Ш ш п” ХХК-иас гаргасан 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Т15/08 дугаар албан бичгийг үндэслэн тус компанийн хариуцагчийн Төрийн сан банканд төлсөн илүү төлөлтөөс шилжүүлэн тооцуулах тухай хүсэлтийг үндэслэн төлсөнд тооцсон болох нь тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтад хийсэн 018-FE дэс дугаар дахь тэмдэглэгээгээр нотлогдох бөгөөд уг албан бичигт зөвхөн 2015 оны төдийгүй 2016 оны ээлжит жилийн төлбөрийг мөн адил суутган төлөхийг хүссэн байна.

Үндсэндээ “Ш ш п” ХХК-ийн XV-009067 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийн илүү төлөлтөөс “Г” ХХК-ийн XV-014030 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 2015 оны буюу 8 дахь жилийн, нэхэмжлэгч “Б о к” ХХК-ийн XV-011679 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 10 дахь жилийн төлбөрийг тус тус шилжүүлэн суутгаад цаана нь 7.206.285,28 төгрөгийн илүү төлөлт үлдсэн болохыг хариуцагч үгүйсгээгүй болно.

Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн 10-12 дахь жилд төлөх төлбөрийн хэмжээ адил тул 10 дахь жилд 1010,15 гектар талбайд нэхэмжлэгчийн төлөх төлбөрийг 7.323.587,5 төгрөгөөр тооцон “Ш ш п” ХХК-ийн илүү төлөлтөөс суутган тооцсоноос үзэхэд 11 дэх жилд мөн адил энэ дүнгээр төлбөр төлөх ёстой.

Нэгэнт дээрх дүнгээр “Ш ш п” ХХК-ийн илүү төлөлт байгаа, иймд тус компаниас нэхэмжлэгчийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлийн 2015, 2016 оны төлбөрийг үүнээс суутган тооцох хүсэлтийг гаргасан байдал, уг хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн 2015 оны төлбөрийг суутган тооцсон хариуцагчийн үйлдэл, түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийн дээр дурдсан 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсгийн зохицуулалтаас үзэхэд “Ш ш п” ХХК-ийн гаргасан хүсэлтийг үндэслэн 2015, 2016 оны төлбөрийг тухай үед нь нэг дор суутган тооцох ч боломж хариуцагчийн хувьд байжээ.

Харин “Б о к” ХХК-ийн эзэмшлийн XV-011679 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн 11 дэх жилийн төлбөр нь “Ш ш п” ХХК-ийн илүү төлөлтийн үлдэгдлээс суутган тооцоход хараахан хүрэлцэхгүй буюу 117,305.5 төгрөгийн дутуу төлөлт үүсэхээр байгааг нэхэмжлэгчийг үүргээ биелүүлээгүй гэж буруутгах, хариуцагчийн гаргасан шийдвэрийг зөвтгөх үндэслэл болохгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.  

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөх бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана” гэж заасан, гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 6/2560 дугаар мэдэгдэл болон “Б о к” ХХК-н ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний 388 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчид шуудангаар илгээсэн ч “Заасан хаягт ийм компани байхгүй” гэх шалтгаанаар тус тус буцаагдсан байх тул эдгээр мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлсэнд тооцохгүй. 

Харин компанийн хаягын өөрчлөлтөө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгчийн буруу боловч энэ нь мэдэгдлийг дээрх байдлаар хүргүүлсэн хариуцагчийг зөвтгөх үндэслэл болохгүй. Энэ тохиолдолд мэдэгдэл хүргэгдсэн эсэхээс илүүтэй нэхэмжлэгчийг буруутгаж буй тусгай зөвшөөрлийн төлбөр төлөгдсөн бодит нөхцөл байдлыг харгалзах нь зүйтэй.  

Анхан шатны шүүхийн шийдвэрээр Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 388 дугаар шийдвэрийн “Б о к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосноор хайгуулын тусгай зөвшөөрлөө цаашид эзэмших нэхэмжлэгчийн эрх сэргээгдэх үр дагаварт хүргэх тул “...ашигт малтмалын хайгуулын XV-011679 дугаар тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” гэсэн нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага болохгүй, өөрөөр хэлбэл энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.8-д заасан төлбөрийг хуульд заасан хугацаанд бүрэн төлөөгүйгээс тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг хүчингүй болгосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тусгай зөвшөөрлийн хугацааг үргэлжлүүлэн тооцно гэсэн зохицуулалтын хүрээнд хангагдах учиртай.

Хууль хэрэглээний хувьд ч энэхүү маргаанд төдийлөн хамааралгүй хуулийн заалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ. 

Харин давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянах явцад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргасан байгааг тэмдэглэх шаардлагатай байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь энэ хуулийн 56.4-т заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд шүүх тухайн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62.1.3-т заасны дагуу түдгэлзүүлэхгүй” гэж заасан байхад шүүгчийн 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШЗ2017/4187 дугаар захирамжаар 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 388 дугаар шийдвэрийг маргааныг эцэслэн шийдвэрлэх хүртэл хугацаагаар түдгэлзүүлсэн нь буруу болжээ.

Түүнээс гадна 388 дугаар шийдвэрээр зөвхөн нэхэмжлэгчийн бус өөр бусад нэр бүхий компаниудын тусгай зөвшөөрлийг цуцалсан байхад цаг хугацааны хувьд маргаан бүхий акт хэрэгт авагдаагүй байх үед дээрх захирамжийг гаргаснаар нэхэмжлэгчид хамааралгүй хэсгийг бүхэлд нь түдгэлзүүлсэн байна. 

Хэдийгээр энэхүү зөрчил нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3 дахь хэсэгт заасны дагуу илт үндэслэлгүй захирамжаа эргэн харахыг анхаарвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2017/0562 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 56 дугаар зүйлийн 56.8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б о к” ХХК-ийн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 388 дугаар шийдвэрийн “Б о к” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                                    С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                                    Э.ЛХАГВАСҮРЭН