Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2021/00199

 

 

 

 

 

 

 

 

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/03331 дугаар шийдвэртэй, “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Арт холбогдуулан гаргасан хохиролд 95 302 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ганзул, түүний өмгөөлөгч А.Энхгэрэл, хариуцагч Ар, түүний өмгөөлөгч Л.Сарангуа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид тамхи импортлох болон худалдан борлуулах эрхтэй, тусгай зөвшөөрөлтэй. Манай байгууллага тамхи борлуулдаг цэгүүдэд түгээлтийн үйл ажиллагаа явуулдаг.

Ар нь “Б” ХХК-д 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан ба тэрээр тамхийг эцсийн борлуулах цэгүүдэд түгээж, орлогыг төвлөрүүлэх ажлыг хийж гүйцэтгэдэг байсан. 2013 оноос 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд Ар нь компанийн эд хөрөнгө борлуулалтын орлого болох 91 402 700 төгрөгийг хувьдаа завшиж компанид хохирол учруулсан ба хохирлыг төлөх хугацаа боломж олгосоор байтал зугтаж, компанийн зүгээс цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулсан.

Арын компанийн 91 402 700 төгрөгийг хувьдаа завшиж хохирол учруулсан үйлдэлд 2014 оны 09 сард эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, прокурорын газраас хэргийг шүүхэд шилжүүлэх шатанд “...өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулна...” гэснээр Өршөөлийн хуульд зааснаар өршөөлд хамрагдан эрүүгийн хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Ар нь компанид учруулсан хохирол 91 402 700 төгрөгөөс өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байгаа. Түүний өр төлбөрийн талаар “Мэдээлэл аудит” ХХК-ийн дүгнэлт болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт гарсан ба уг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон 91 420 700 төгрөг болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардал буюу өмгөөлөгчид төлсөн 2 000 000 төгрөг, “Мэдээлэл аудит” ХХК-д төлсөн 1 500 000 төгрөг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд төлсөн 400 000 төгрөг, нийт 95 302 700 төгрөгийг Араас гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ар би 2008 оноос 2014 оны 05 сарын хооронд “Б” ХХК-д борлуулагчаар ажиллах хугацаанд 91 402 700 төгрөгийн өр төлөлтийн дутагдал гаргасан гэдэг боловч энэ асуудал цагдаагийн байгууллага шалгаад өршөөлийн хуулиар хэрэгсэхгүй болгосон. Надаас нэхэмжилж буй хохирлын хэмжээ хэт өндөр байгаа учир дахин нягталж төлбөрийг үнэн зөвөөр тогтоолгох хүсэлтэй байна.

Миний бие төлбөрийн чадваргүй эхнэр 2-10 насны 4 хүүхдийн хамт хадмындаа, өрхийн орлогогүй амьдарч байгаа. 4 жилийн өмнө биеийн ихэнх хэсгээр галд түлэгдсэнээс биеийн эрүүл мэнд муу болсон.

Хэрэгт цугларсан баримтын дагуу тооцоолоход би илүү төлөлттэй буюу “Б” ХХК надад 32 100 819 төгрөг өгөх ёстой. 2012 оны 7 дугаар сард би түлэгдсэн. 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл би тус компанид ажилласан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Араас 87 232 855 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 8 069 845 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Араас 3 000 000 төгрөг гаргуулан шинжээч “Шонхор үнэлгээ аудит” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 692 350 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Араас 594 114 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Б” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй, хэрэгт авагдсан баримт, талуудын гаргасан тайлбар, мэтгэлцээнд шүүх үнэн зөв дүгнэлт өгч чадаагүй.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, хариуцагчийн эрхийг дордуулж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтууд, гарын үсгийн шинжилгээ, хүсэлт, гомдол тайлбар зэргээр нотлогдоно.

Хариуцагч талаас олон хүсэлт гомдол гаргаж ирсэн бөгөөд 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн шүүгчийн захирамжийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзэж, гарын үсгийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан. “Шонхор үнэлгээ аудит” ХХК-ийн дүгнэлтийг Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн мэргэжлийн зөвлөлийн тогтоолоор үнэлгээний тайлан биш болохыг тогтоосон.

Хариуцагч нь Санхүүгийн баримтад шинжилгээ хийлгэхийг хүссэн, шүүх гаргасан захирамжийнхаа биелэлтийг хангах хууль ёсны арга хэмжээ авч өгөөгүй. Нэхэмжлэгч компани хариуцагчаас 95 гаруй сая төгрөг нэхэмжлэхдээ “Мэдээлэл аудит” ХХК-ийн дүгнэлтийг үндэслэл болгосон, гэвч анхан шатны баримтаар 91 сая төгрөг нэхэмжилж буйгаа нотолж чадаагүй.

Нэхэмжлэгч 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2019\071 тоот “янжуур тамхи импортлох” гэсэн “Номун табак” ХХК-ийн баримтыг өгсөн ба нэхэмжлэгч байгууллагад тусгай зөвшөөрөл байхгүй, түүнчлэн тусгай зөвшөөрлийг өөр компани дамжуулан хэрэглэдэггүй. Хэрэгт Артай 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа борлуулагчаар авч ажилласан гэжээ. Нэхэмжлэгч “Б” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд “гадаад худалдаа” эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг тусгасан байдаг. Нэхэмжлэгч байгууллага нь тамхи импортолдог “Номун табак” ХХК-тай гэрээ байгуулсан боловч уг гэрээнд тамхи гэж байхгүй, тамхи нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн биш юм.

 “Мэдээлэл аудит” ХХК-ийн дүгнэлтэд Арын гарын үсэг мөн биш эсэх талаар шинжээчийн дүгнэлт гараагүй, нэхэмжлэгч компанийн өгсөн санхүүгийн товчоо баримтыг үндэслэсэн. Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр 2012 оны 60 гаруй сая төгрөгийн авлагын үлдэгдлийн талаар тайлбарлаж чадахгүй байсан.

Хариуцагч Арын гарын үсэг мөн гэж зөвшөөрч хүлээн авсан тамхины ба буцаан төлсөн орлого, мөн зөрүүг харвал нийт 2 231 244, 340 төгрөгийн тамхи хүлээн авч, 2 263 372, 159 төгрөгийн тооцоог буцаан төлж, 32 127 819 төгрөгийн илүү төлөлт харагдана. Иймд нэхэмжлэгч дээрх шалтгаанаар нэхэмжлэх эрхгүй, гаргасан тооцоо баримт нь хариуцагч төлбөр төлөхийг нотлохгүй байна.

Арыг өвчтэй үед нь гарын үсэггүй, гарын үсгийг дуурайлгасан их хэмжээний баримт гаргаж шинжээчийн гэх дүгнэлт гаргуулан бусдыг хүнд гэмт хэрэгт холбогдуулан шалгуулж байсан гэж үзэх хангалттай баримт байгаа ба иргэний шүүх үнэнийг тогтоох шинжээч томилсон захирамжаа биелүүлэх арга хэмжээ авахгүйгээр хэргийн баримтыг эргэлзээгүй, үнэн зөв, ач холбогдолтой талаас үнэлэлгүй, хууль бус үйл ажиллагаа явуулдаг байгууллагын үйлдлийг өөгшүүлж, иргэн хүнийг хохироосон шийдвэр гаргаж байгааг зөвшөөрөхгүй.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсэг үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч “Б” ХХК, хариуцагч Арт холбогдуулан хохиролд 95 302 700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Хариуцагч Ар нь нэхэмжлэгч “Б” ХХК-ийг тамхи худалдан борлуулах тусгай зөвшөөрөлгүй байсан гэх үндэслэл зааж гомдол гаргасан ба уг гомдол үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгч байгууллага болон хариуцагч нарын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн талаарх маргаан биш юм. Ар нь 2013 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2014 оны 05 дугаар сарын 28-ны хооронд “Б” ХХК-д хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байх хугацаандаа 22 харилцагчид өгсөн барааны борлуулалтын орлого 91 402 700 төгрөгийг компанид тушаагаагүй хувьдаа завшиж гэх “Б” ХХК-ийн гомдлоор Хан-Уул дүүргийн прокурорын газар эрүүгийн 2014260004278 дугаар хэрэг үүсгэн шалгаж, 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 781 тоот тогтоолоор уг эрүүгийн хэргийг Өршөөлийн үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг үндэслэж хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Арыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн тайлбар, 2014 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн сэжигтнээр байцаасан тэмдэглэл, 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн яллагдагчаар байцаасан тэмдэглэл зэрэг баримтуудад заажээ. /1хх10, 13-15, 20-22/

 

Харин Ар нь гэм хор учруулсны улмаас учирсан хохирлын хэмжээнд маргах эрхтэй ба хариуцагч татгалзлын үндэслэлээ нотлох үүднээс 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх хүлээн авч 101/ШТ2017/00363 дугаар тогтоолоор “Шонхор үнэлгээ аудит” ХХК-ийн шинжээчээр томилсон байх бөгөөд уг компанийн үнэлгээчин Б.Эрдэнэ-Очир 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “Арын 2015 оны 05 дугаар сарын байдлаар “Б” ХХК-д төлөх тамхины үлдэгдэл тооцоо нь 87 232 855 төгрөг” гэж тодорхойлжээ. /1хх131-133, 149-174/

 Ар нь дээрх шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтэд гомдол гаргасан байх бөгөөд тус институтийн Мэргэжлийн зөвлөл 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 03/18 тоот тогтоолоор “үнэлгээчин Б.Эрдэнэ-Очирын гүйцэтгэсэн шинжээчийн дүгнэлт нь баримтын тулган баталгаажуулалт, аудитын чиглэлийн ажил бөгөөд бүтэц, агуулгын хувьд Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйл, Үнэлгээний Олон Улсын стандарт 103 тайлагнал стандартын 30 дугаар зүйлд заасан үнэлгээний тайлан биш болохыг тогтоосон байна. Түүнчлэн “Шонхор үнэлгээ аудит” ХХК-ийн дүгнэлтэд шинжилгээ хийсэн баримтууд нь анхан шатны баримтын шаардлагыг хангаж байгаа боловч зарим баримтууд засвартай байгаа тул завсар хийгдсэн баримтыг үндэслэн тооцоонд оруулсан болно” гэжээ. /2хх13-14/

 

Дээрх баримтуудаас дүгнэвэл “Шонхор үнэлгээ аудит” ХХК-ийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар эргэлзээтэй байна.

 

Анхан шатны шүүх шүүгчийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 101/ШТ2020/07408 дугаар захирамжаар Арын “Б” ХХК-д учруулсан гэм хорын хохирлын хэмжээ буюу санхүүгийн баримтад дүгнэлт гаргуулахаар шинжээчээр “Улаанбаатар аудит корпораци” ХХК-ийг, Арын гарын үсэг мөн эсэхийг тодруулахаар шинжээчээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг томилжээ. “Улаанбаатар аудит корпораци” ХХК нь “Грант торнтон аудит” ХХК гэж нэрээ сольсон, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг авсан болох нь тус байгууллагаас 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд ирүүлсэн193 тоот албан бичгээр тогтоогдож байна. /2хх145-148, 3хх26-27/

 

Хариуцагчийн өмгөөлөгч 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанд “Улаанбаатар аудит корпораци” ХХК нь “Грант торнтон аудит” ХХК гэж нэрээ сольсон, 101/ШТ2020/07408 дугаар захирамжаар шинжээч томилсон, уг захирамжийн биелэлтийг хангуулах, хуульд заасан журмын дагуу шинжээч томилуулах хүсэлт гаргасныг анхан шатны шүүх шүүгчийн 101/ШТ2020/16652 дугаар захирамжаар хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52, 53 дугаар зүйлд заасныг үндэслэж шинжээч томилж тодорхой ажил хийж гүйцэтгүүлсэнтэй холбоотой зардлыг шүүхийн зайлшгүй зардал гэж үзэхгүй бөгөөд хүсэлт гаргасан тал буюу хариуцагч өөрөө хариуцан төлөх үүрэгтэй гэж дүгнэсэн нь буруу болжээ. /3хх28-30/

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасан нотлох баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх ажиллагааг дутуу хийсэн, давж заалдах шатны шүүх уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7-д зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2020/03331 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 594 114 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                  Ч.ЦЭНД

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА