Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2022/01009

 

НРМ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай 

 

Монгол Улсын дээд шүүхийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар, 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/00603 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2022/00766 дугаар магадлалтай,  

НРМ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Н.Наранбаатарт холбогдох 

95,302,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Сэргэлэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Цэндсүрэн, хариуцагч Н.Наранбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Л.Сарангуа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Нэхэмжлэгч НРМ ХХК нь хариуцагч Н.Наранбаатарт холбогдуулан бараа, бүтээгдэхүүн борлуулсны орлого 91,402,700 төгрөгийг завшсан, нэхэмжлэгч байгууллагаас Мэдээлэл аудит ХХК-д төлсөн 1,500,000 төгрөг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд төлсөн 400,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн 2,000,000 төгрөг нийт 95,302,700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ. 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.02.11-ний өдрийн 101/ШШ2022/00603 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Н.Наранбаатарт холбогдох гэм хор учруулсны хохиролд нийт 95,302,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч НРМ ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 692,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч НРМ ХХК-иас шүүхийн зардалд нийт 6,820,000 төгрөг гаргуулж, шинжээч Голден пэйж аудит ХХК-д 4,320,000 төгрөг олгож, үлдэх 2,500,000 төгрөгийг улсын орлого болгохоор шийдвэрлэжээ

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.04.22-ны өдрийн 210/МА2022/00766 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/00603 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг ...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Наранбаатараас 73,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч НРМ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 22,302,700 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж, 2 дахь заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлсөн 692,350 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч НРМ ХХК-иас 4,320,000 төгрөг гаргуулан шинжээч Голден пэйж аудит ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч төлсөн 636,464 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагч Н.Наранбаатар, өмгөөлөгч Л.Сарангуа нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4.1 Анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж, шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй магадлалд гомдолтой байна.

4.1.1 Энэ хэргийн хариуцагч Н.Наранбаатар Эрүүгийн хуулийн 150.3-т заасан хүнд гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байтал 2015.08.11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хууль гарсан. Энэ хуульд зааснаар хохирлын хувьд маргах эрхтэй, тийм учраас иргэний журмаар НРМ ХХК нь нэхэмжлэл гаргасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаад 3-4 удаа шинжээч томилогдсон. Хамгийн сүүлд нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Голдэн Пэйж аудит ХХК шинжээчээр томилогдсон. Нэхэмжлэгч компани анхан шатны баримтуудаа өөрсдөө аваачиж өгсөн, санхүүгийн тайландаа 14,5 сая төгрөгийн өр авлагатай гэж тайлагначхаад иргэн Н.Наранбаатараас 60 сая төгрөгийн авлагатай гэж нэхэмжилсэн байна гэдгийг шинжээч шүүх хуралдаан дээр тайлбарласан ба нэхэмжлэгч үүнийгээ нотолж чаддаггүй. Эрүүгийн хэрэгт холбогдож буй этгээд хэргээ хүлээж болно. Гэвч хуульд зааснаар цагдаа, прокурор түүнийг нь нотлох үүрэг хүлээдэг, нэг төгрөг нэхэмжилсэн ч тэр нь баримтаар тогтоогдох ёстой.

4.1.2 Нэхэмжлэгч Н.Наранбаатар нь хэргээ хүлээж гэм буруугаа зөвшөөрсөн л гэж тайлбарлаад байдаг. Гэтэл иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нөхцөл байдал өөрчлөгдсөн.Тухайлбал Н.Наранбаатар 2 тэрбум 700 гаруй сая төгрөгийн тамхи борлуулснаас гарын үсгэнд хийсэн шинжээчийн дүгнэлтээр 730 гаруй сая төгрөгийн баримтанд буй гарын үсэг түүнийх биш болж таарсан. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байх явцад гаргасан Мэдээлэл аудит ХХК-ийн дүгнэлт үндэслэлтэй л гэж нэхэмжлэгч үзэж байна. Гэвч үүнээс хойш иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорт гаргаж өгсөн анхан шатны гэх баримтуудтай танилцахад Н.Наранбаатарын гарын үсэггүй, гарын үсэг нь тодорхой бус, гарын үсэг нь биш гэх маш олон баримт хавсаргагдсан байсан. Энэ талаар Голдэн Пэйж аудит ХХК зөв, шударга дүгнэлт гаргасан. Мэдээлэл аудитын дүгнэлтийн тухайд учир дутагдалтай, зөв гэж үзэхгүй гэж дүгнэсэн. Мэдээлэл аудит ХХК дүгнэлтдээ өөрөө санхүүгийн тайлан балансын үнэн зөв гарч байсан эсэхэд дүгнэлт өгөх боломжгүй гэсэн байсан. Шонхор аудит ХХК-ийн дүгнэлтийн талаар хөрөнгийн үнэлгээний институтэд хандсан. Дээр нь давж заалдах шатны шүүх энэ компанийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзсэн. Эдгээр шинжээчийн дүгнэлтүүд гарын үсгийн шинжилгээнээс өмнө хийгдсэн дүгнэлтүүд.

4.1.3 Нэхэмжлэгчийн хэрэгт хавсаргаж өгсөн нотлох баримт болох Н.Наранбаатарын гэх гарын үсэгтэй хөдөлмөрийн гэрээнд зурагдсан гарын үсэг түүнийх биш. Нэхэмжлэгч байгууллага хуулийн байгууллагад хуурамч баримт гаргаж өгч бусдыг хэлмэгдүүлж байна. Голдэн пэйж аудит ХХК дүгнэлтдээ гарын үсгийн шинжилгээтэй холбоотой 411 сая гаруй төгрөгийн баримт байгаа болон 243,010,223 төгрөгийн баримт шинжилгээнд тэнцээгүй гэсэн дүгнэлтийг хийсэн. Анхан шатны шүүх иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэрэгт авагдсан баримтууд, оролцогчдын мэтгэлцээний үндсэн дээр гэрч, шинжээч нарыг оролцуулж шударга, үнэн, хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гаргасан. Давж заалдах шатны шүүх 2018.03.27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагч 73,000,000 төгрөгийн төлбөртэй болохоо хүлээн зөвшөөрч байсан байна гэжээ. Энэ шүүх хуралдаанаар хүсэлт шийдвэрлэж, Шонхор аудит ХХК-ийн дүгнэлтэд 9 баримт засвартай тул тооцоог багасган 50 гаруй сая төгрөг хасагдаж 87,232,855 төгрөг төлөх үндэстэй гэснийг бид зөвшөөрөөгүй ба дээрх засвартай 9 баримтыг гаргаж өгөхийг хүссэн ч шүүх хүлээж аваагүй, гарын үсгийн хувьд тохирохгүй их хэмжээтэй баримтууд хэрэгт хавсаргагдсан байсан тул шинжээч томилж өгөхийг хүссэн. Энэ талаар шүүх шийдвэрлэсэн. 2014.06.23-ны өдөр 73,547,300 төгрөгийг хариуцна гэсэн баримт байгаа боловч үүнээс хойш Шонхор аудит ХХК цалингаас суутгал хийгдэж байсан талаар дүгнэлтдээ дурдсан байсан, мөн 2018.03.27-ны шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Энэ 73 сая төгрөг гэсэн тайлбарыг би бичүүлж авсан. Тэгээд мөнгийг энэ хүмүүсээс авах ёстой гэж хэлсэн 6 хүн дээр нь яваад очиход би огт аваагүй гээд Лхагваа гэж хүн нь бүүр 7 сая төгрөг авлагатай гэсэн байдаг талаар тайлбар хэлсэн байна. Үүнээс хойш 3 шинжээчийн дүгнэлт байгаагаас гарын үсгийн шинжээчийн дүгнэлт, Голдэн Пэйж аудит ХХК-ийн дүгнэлтийг шүүх юу гэж дүгнэх вэ.

4.1.4 Давж заалдах шатны шүүх: Голдэн Пэйж аудит ХХК-ийн талаар дүгнэлтийн 13-д ... 92,220,040 төгрөгийн үлдэгдэлтэй, Н.Наранбаатар дутагдуулсан гэж тайлагнасан гэж ... тус тус дүгнэсэн гэх нь шүүх санаатайгаар санхүүгийн тайланд тусгасан дүгнэлтийг тасалж авч үндэслэл болгож байна. Санхүүгийн тайланд тайлагнах, баримтаар нотлогдох 2 өөр гэдгийг шинжээч дүгнэсэн байгааг хайхрахгүй байна.

4.2 Голден Пэйж аудит ХХК дүгнэлтдээ:

4.2.1 2012.01.01-ний өдрийн нягтлан бодогчийн тайлагнасан санхүүгийн тайлангаар борлуулагч Н.Наранбаатар нь өр авлагын үлдэгдэлгүй гэсэн тайлан гаргасан. Жилийн эцэст 2012.12.31-ний өдрийн гүйлгээ балансын дүнгээр 60,615,580 төгрөг гэж тайлагнасан байна. Жилийн эцсийн тайланг гаргахдаа борлуулагч Н.Наранбаатартай тооцоо нийлж, тооцоо бодсон тооцооны үр дүнг тулгасан акт баримт ирүүлээгүй. Тооцоо бодоогүй. Тооллого хийж тулган баталгаажуулж албажуулаагүй байгаа учир дутагдлыг үнэлэх боломжгүй. 2012.12.31-ний өдрийн гүйлгээ балансын дүнгээр 60,615,580 төгрөг гэж тайлагнасан байгаа дүн нь Шинжээчийн тооцоогоор хүчин төгөлдөр баримтаар нотлогдохгүй, үндэслэсэн баримт нь хангалттай зохистой хуульд заасан шалгуур хангаагүй. (Дүгнэлтийн хариулт 2)

4.2.2 2013 оны жилийн эцсийн дүгнэлт ... дүгнэлт хийх боломжгүй, үнэлээгүй. (дүгнэлтийн хариулт 6)

4.2.3 НРМ ХХК-ийн санхүүгийн зүгээс борлуулагч Н.Наранбаатарын тамхины үлдэгдлийг 2014.06 сарын байдлаар тооллого хийж, тооцоог нийлж, тооцоог бодож үр дүнг тулган баталгаажуулан акт үйлдээгүй, албажуулсан баримт ирүүлээгүй (тооллогын бүртгэл) тул үлдэгдэлтэй байсан гэж үнэлэх боломжгүй. Мөн шинээр нөхцөл байдал илэрсэн. Гарын үсэг шүүхийн шинжилгээнд тэнцээгүй. (дүгнэлтийн хариулт 11) Энэ дүгнэлтийг орхигдуулан байж, мөн гарын үсгийн шинжээчийн 2020.06.19-ний өдрийн 2356 тоот дүгнэлтийг дурдаад өнгөрсөн зэрэг нь шүүх хуулийг зөрүүтэй, буруу тайлбарлан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож буй нь шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхийн үндэслэл болгосон 14 дэх заалтад ..яллагдагч гэм буруугаа хүлээж, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь ..., Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байгаа байдал нь хохирлыг төлөх үндэслэл болж байна гэжээ. Тэгвэл иргэний журмаар хэрэг үүсгэн шалгаж, дахин шинжээч томилж, хохирол дээр маргах эрх үүснэ гэх нь шаардлагатай юу. НРМ ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч нь өөрийн төрсөн дүү Наранбаатарын өр төлбөрийн баримтыг хэрэгт хавсарган өгч 700 гаруй сая төгрөгийн гарын үсгийн эргэлзээтэй баримт бүхий төлбөрийг Н.Наранбаатар хариуцах нь шударга уу. Давж заалдах шатны шүүх эрүүгийн хэрэг үүсгэхээс ч өмнөх баримт болон эрүүгийн хэрэгт авагдсан баримтад дүгнэлт хийж шийдвэр гаргасан.

4.3 Иймд анхан шатны шүүх 7-8 цаг хуралдаж, хэргийг тал бүрээс нь мэтгэлцүүлж, НРМ ХХК хариуцагчаас хэдэн төгрөг дутагдуулсан гэж үзэж нэхэмжилснээ нотлохгүй байна гээд хэрэгт авагдсан баримтууд гэрч шинжээчийн мэдүүлэг, шинжээч нарын дүгнэлтийг үндэслэж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэр гаргасан бол давж заалдах шатны шүүх үндэслэлгүй нотолгоо зааж, эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө компанийн ажилтанд бичиж өгсөн 73 сая төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэгт авагдсан баримтыг л нотолгоо гэж үзсэн нь анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэж шударга бус шийдвэр гаргасан гэж үзэн гомдол гаргаж байгааг хүлээн авч хяналтын шүүх хуралдаанаар хэлэлцүүлж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэжээ.

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагч Н.Наранбаатар, түүний өмгөөлөгч Л.Сарангуа нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв. 

6. Нэхэмжлэгч НРМ ХХК нь хариуцагч Н.Наранбаатарт холбогдуулан тус компанид борлуулагчаар ажиллаж байх 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд бараа, бүтээгдэхүүн борлуулсны орлого 91, 402,700 төгрөг, хэргийг шалгах явцад шинжээчийн төлбөрт Мэдээлэл аудит ХХК-нд төлсөн 1,500,000 төгрөг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд төлсөн 400,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авахад төлсөн 2,000,000 төгрөг нийт 95,302,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч ... хөдөлмөрийн гэрээтэй ажиллах хугацаандаа байгууллагын бараа бүтээгдэхүүнийг дутагдуулж, их хэмжээний хохирол учруулсан, ... эрүүгийн журмаар шалгуулж байх үед өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулна гэснээр өршөөлд хамрагдан эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон ... гэж тайлбарлажээ.  

7. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч ...хохирлын хэмжээ хэт өндөр байна, дахин нягталж, үнэн зөвөөр тогтоолгомоор байна. ...санхүүгийн баримтаар нотлоогүй бол тааж төлж болохгүй, ... эрүүгийн хэрэгт хэргээ хүлээж болно. Гэхдээ хохирлын дүнг тогтоох ёстой. Шинжээчийн дүгнэлтүүд хүчингүй, баримтууд гарын үсэгтэй, үсэггүй, ...хуурамч баримтаар хариуцагчид холбогдуулж байна. Голден Пэйж Аудит ХХК-ийн дүгнэлтээр баримтаа үнэн зөв дүгнүүлсэн гэж үзэж байна. гэж маргажээ. 

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүх удаа дараа шинжээч томилж, ... нэхэмжлэгчийн гаргасан бүхий л баримтыг шинжлэн судалсан боловч НРМ ХХК нь нягтлан бодох бүртгэлийг журмын дагуу явуулдаггүй, анхан шатны баримтыг тогтмол зөв бүрдүүлдэггүй байсны улмаас учруулсан гэх хохирол нь нотлогдохгүй ... гэх үндэслэл дурджээ.  

9. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч Н.Наранбаатар нь хохирол учруулсан гэм буруутай, ... 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд 73,000,000 төгрөгийн төлбөртэй болохоо хүлээн зөвшөөрч байсан ... тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасны дагуу хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 73,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.  

10. Хариуцагч, түүний өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан гомдолдоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар бүрдүүлсэн баримт хариуцагчийн гэм бурууг нотлоогүй, хохирлын хэмжээг үндэслэл бүхий тогтоогоогүй гэжээ. 

11. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гэм буруугийн байдлыг тодорхойлохдоо Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан байдлыг иш үндэс болгосон талаараа магадлалд дурдсан нь учир дутагдалтай. Хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн гэм буруугийн асуудал гагцхүү эрүүгийн журмаар хэргийг шалгах явцад тогтоогдсон гэж үзэхээргүй байх ба эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхлэхээс өмнө нэхэмжлэгч ба хариуцагч нар хохирлын талаар марган, ярилцаж байх үед хариуцагч өөрийн гараар нэхэмжлэгчид бичиж өгсөн баримтуудаар гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрч, хохирлын хэмжээ, зарцуулалтын байдлаа тодорхойлж байсан нь тогтоогдож байна.

Тодруулбал, хавтаст хэргийн 10, 11 дүгээр талд авагдсан баримтуудыг хариуцагч нь нэхэмжлэгч талд өөрөө бичиж өгсөн талаараа шүүх хуралдаанд тайлбарлаж байх ба эдгээр баримтууд 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрөөр огноологдсон бол эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 781 дугаартай прокурорын тогтоолд Н.Наранбаатарт холбогдох эрүүгийн хэргийг 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр үүсгэсэн талаар дурджээ. Иймд хариуцагч Н.Наранбаатарын бичиж, хавтаст хэргийн 10, 11 дүгээр талд авагдсан 73,547,300 төгрөгийн хохирол учруулсан, уг мөнгийг хэрхэн захиран зарцуулсан талаарх нотлох баримтуудыг эрүүгийн хэргийг шалгах явцад бүрдүүлсэн баримт гэж үзэхгүй бөгөөд эдгээр баримтын хүрээнд хариуцагчийн гэм буруу, хохирол учруулсан нөхцөл байдал иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоогдсон гэж дүгнэх үндэстэй.  

12. Иргэний хэргийн шүүхээс хүсэлт хянан шийдвэрлэсэн 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд хариуцагч 73,000,000 төгрөгийн төлбөртэй болохоо хүлээн зөвшөөрсөн нь тусгагдсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу шүүх хуралдааны тэмдэглэл хэргийн нотлох баримтад тооцогдоно. Өөрөөр хэлбэл, тухайн шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлэсэн, эсхүл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүсэлт гаргаж, шүүх хуралдаан хойшлогдсон эсэх нь ач холбогдолгүй юм. Иймд хохирлыг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар гаргасан шүүх хуралдаанаар хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлэх боломжгүй гэх агуулга бүхий хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлгүй. Давж заалдах шатны шүүх энэ нөхцөл байдлын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хариуцагчийн гэм бурууг тогтоон хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь зүйтэй болжээ.  

13. Гэвч давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахдаа хариуцагч Н.Наранбаатар нэхэмжлэгч НРМ ХХК-д учруулсан хохирлоо барагдуулах зорилгоор 3,701,700 төгрөгийг цалингаасаа суутгуулсан үйл баримтыг анхаараагүй, хохирлын дүнгээс хасаж тооцоогүй нь буруу болжээ. Иймд хариуцагчаас нэхэмжлэгчид учруулсан хохирол 73,000,000 төгрөгөөс 3,701,700 төгрөгийг хасаж, энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.  

14. Хариуцагч Н.Наранбаатар нь шинжээч Голден пэйж аудит ХХК-ийн дүгнэлтийг татгалзлын үндэслэлийг нотлох баримт гэж үзэн маргаж байна. Гэвч шинжээчийн дүгнэлтээр үнэлсэн санхүүгийн баримтад хамаарахгүй боловч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шүүхэд цугларсан дээр дурдсан бусад нотлох баримтыг шүүх анхаарахгүй байх боломжгүй. Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дан ганц шинжээчийн дүгнэлтээс гадна хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн бусад баримтыг ч зохих ёсоор үнэлэх учиртай. Иймд хариуцагчийн гаргасан Голдэн пэйж аудит ХХК-ийн дүгнэлтэд дурдсан хариуцагчид ашигтай нөхцөл байдлын талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүй гэх гомдол үндэслэлгүй болжээ. 

15.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т заасны дагуу гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөх онцлогтой. Тодруулбал, гэм хорын харилцаанд гэм буруугүй болохоо нотлох үүргийг нотолгооны үүргийн хуваарилалтын дагуу хариуцагч хүлээнэ. Гэвч хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагч энэ үүргээ биелүүлсэн гэж дүгнэх боломжгүй байна.  

16. Шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчаас гаргуулах мөнгөн төлбөрийн хэмжээг өөрчилж байгаа тул шинжээчийн зардлыг дараах байдлаар хуваарилах нь зүйтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар шинжээчийн ажлын хөлс нь нөхөн төлөх шүүхийн зардалд хамаарах бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шүүхийн зардлыг тэр хэмжээгээр хариуцагч ба нэхэмжлэгчид хуваарилан хариуцуулна. Шинжээч Голден пэйж аудит ХХК-ийн ажлын хөлс болох 6,820,000 төгрөгөөс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар 2,500,000 төгрөгийг төлж /хх-ийн 234-р тал/ үлдэх дүнг хэргийн аль нэг талаас шинжээчид төлөөгүй байх тул дээр дурдсан хуулийн холбогдох заалтын дагуу нөхөн төлөгдөх шүүхийн зардал болох шинжээчийн хөлсийг нэхэмжлэгч ба хариуцагч нарт хуваарилан оногдуулна. Тодруулбал, шинжээч Голден пэйж аудит ХХК-ийн ажлын нийт хөлс 6,820,000 төгрөгөөс хариуцагчид ногдох хэсэг болох 4,958,140 төгрөгийн 3,153,140 төгрөгийг хариуцагчаас гаргуулан шинжээч Голден пэйж аудит ХХК-д, үлдэх 1,805,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт, нэхэмжлэгчид ногдох хэсэг болох 1,861,860 төгрөгөөс 1,166,860 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан шинжээч Голден пэйж аудит ХХК-д, 695,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт тус тус олгох нь зүйтэй байна.  

17. Эдгээр үндэслэлээр ... эрүүгийн журмаар тогтоосон гэх үйл баримтыг иргэний журмаар дахин тогтоох ёстой, ... эрүүгийн журмаар шалгагдаж байхдаа буруутай гэж хэлсэн ч иргэний журмаар хохирлын хэмжээндээ маргах эрхтэй ... 73,000,000 төгрөгийг зөвшөөрсөн гэх 2018.03.27-ний өдрийн хурал хүсэлт шийдсэн хурал байгаа, ... Голдэн пэйж аудитын дүгнэлтэд дурдагдсан хариуцагчид ашигтай нөхцөл байдлын талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүй, НРМ ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч өөрийн төрсөн дүү Д.Наранбаатарын өр төлбөрийн баримтыг хэрэгт хавсаргасныг хариуцагч Н.Наранбаатар хариуцах нь шударга бус гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй орхиж, ... 2014.06.23-ны өдөр 73 сая төгрөг хариуцах тухай баримт байгаа хэдий ч үүнээс хойш байдал өөрчлөгдсөн гэх үндэслэлээр хохирлын дүнгээс 3,701,700 төгрөгийг хасаж тооцон гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд холбогдох өөрчлөлтийг оруулж шийдвэрлэлээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1.   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 210/МА2022/00766 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2022/00603 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Н.Наранбаатараас 69,298,300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч НРМ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 26,004,400 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 692,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 504,441 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгон, шинжээчийн зардалд хариуцагчаас 4,958,140 төгрөгийг гаргуулан 3,153,140 төгрөгийг Голден пэйж аудит ХХК-д, 1,805,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт, нэхэмжлэгчээс 1,861,860 төгрөг гаргуулан 1,166,860 төгрөгийг Голден пэйж аудит ХХК-д, 695,000 төгрөгийг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт тус тус олгосугай гэж өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Н.Наранбаатар, түүний өмгөөлөгч Л.Сарангуа нарын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай. 

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасны дагуу хариуцагчаас 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 525,687 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ТАНХИМЫН ТЭРГҮҮН                         Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                                     Г.БАНЗРАГЧ

Н.БАЯРМАА

П.ЗОЛЗАЯА

Д.ЦОЛМОН