Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 132/2017/0137/Э

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Д.Одончимэг,

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

хохирогч Ч.Ц,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,

шүүгдэгч Б.Бнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л овогт Б.Б холбогдох 132/2017/0137/Э индекстэй, эрүүгийн 1715001580053 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1960 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Булган аймгийн Орхон сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Л овогт Б.Б

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Бнь 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутагт иргэн Ч.Ц эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бмэдүүлэхдээ: 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр манай нөхрийн ахынх нь хүүхдийн хурим болсон. Тэнд очоод цай уугаад сууж байхад Оюун ирээд архи уу гээд шахаад байхаар нь 4 хундага архи уусан. Оюун удалгүй Ц эгчийг дуудаж оруулж ирсэн. Ц эгч баруун талын орон дээр сууж байгаад надад нөхрийгөө сайн харж хандаарай, хоол цайг нь хийж өгөөрэй гэж хэлсэн. Энэ үгийг хавар бас хэлж байсан. Хуриман дээр дахиж хэлэхээр нь та яах гэж надад энэ үгийг хэлээд байгаа юм. Би энэ хүнийг 12 сараас хойш л асарч явна. Та нар надаас юу хүсээд багйаа юм 10 хүүхдийнхээ эцгийг үхүүлэхгүйн төлөө л явж байна. Дүүг чинь алчихна гээд байгаа бол та нар өөр дээрээ авахгүй юу гэсэн. Тэгэж хэлээд би уурлаад дараа нь юу гэж болсныг мэдэхгүй байгаа. Дараа нь охиноосоо сонсоход Ц эгчийг цохиж, ачийнх нь үснээс зулгаасан зүйл байхгүй та ерөөсөө тэгээгүй гэж хэлсэн. Хэд хоногийн дараа Ц эгчийн охин залгаад намайг элдвээр хэлээд манай ээжийн хавиргыг хугалсан байна гэсэн. Дараа нь бас ач нь залгаад эмээгийн хавиргыг нь хугалсан байна гэж хэлсэн. Би тэгээд сүү, жоохон юм аваад Ц эгч дээр очиход Ц эгч орон дээр хэвтэж байсан би орчихоод явсан. Хэд хоногийн дараа Алтантогтох гэдэг цагдаа намайг дуудсан. Тэгээд эд нар намайг гүжирдэж байна гэж бодсон. Уг нь ах, дүү хүмүүс юм чинь учраа олох байсан юм гэх мэдүүлэг, 

Хохирогч Ч.Цгийн өгсөн: Би 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ахын хүүхдийн найранд очсон. Орой нь манай бэр намайг ир гэж дуудаад гэрт оруулсан. Надад 2,3 хундага архи өгсөн. Б зүүн талын оронд сууж байгаад үүдэнд байсан хүмүүстэй юм яриад байсан. Тэгээд л гэнэт намайг дүүгээ харсангүй гэхээр нь 200000 төгрөгийн тэтгэвэртэй, би харж чадахгүй гэж хэлсэн. Тэгээд л манай эцэг, эх хоёрыг ядуу гэхээр нь миний ээж, аав 2 ядуу байгаагүй, Булган аймгийн Тэшиг суманд очвол хэн ч хэлээд өгөх байх гэж хэлтэл босч ирээд намайг түлхэж унагасан. Гэрийн үүдээр гарахдаа манай ачийн үсийг зулгаасан. Тэр шөнө миний хавирга өвдөж хоносон ба хөрш маань намайг дагуулж явж эмнэлэгт үзүүлсэн. Өдий болтол эд нартай хэрэлдэж үзэлгүй өөр өөрсдийнхөө амьдралаар л явж өдийг хүрсэн. Юунаас болоод ингэж байгааг мэдэхгүй, охин нь яагаад худлаа яриад байгааг ойлгохгүй байна гэх мэдүүлэг,

1715001580053 дугаартай эрүүгийн хэргээс хэрэг бүртгэлийн шатанд:

Гэрч П.Бямбацэрэнгийн өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр  манай эхнэрийн ахын хүүхэд хурим хийсэн бөгөөд тухайн өдөр би эхнэртэйгээ өглөө 10 цагийн үед очсон. Хурим найр болоод дуусах гэж байхад манай эхнэрийн дүү Баярсайхан эхнэр Бы хамт ирсэн. Би тухайн үед нэлээн согтсон байсан болохоор илүү гэрт нь ороод унтчихсан юм. Тэгээд орой 23 цагийн үед намайг сэрэхэд хүмүүсийн ихэнх нь явсан байсан. Манай эхнэр надад хэлэхдээ Б агсан тавиад намайг түлхэж унагаагаад манай охиныг үсдээд бөөн юм боллоо гэж байсан. Тэгээд бид хоёр төв рүү гэр рүүгээ харьсан. Гэртээ ирээд манай эхнэр хавирага өвдөөд байна гээд 2 хоногийн дараа надад харуулахад гадна талдаа хөхөрсөн байдалтай байсан. Эмнэлэгт үзүүлэхэд хавирга нь хугаралтай байна гэдэг онош хэлж эм бичиж өгсөн. Б намайг байхгүй байхад манайд нэг ирээд сүү өгөөд явлаа гэж байсан, мөн тогооны хөө бэртэлд сайн байдаг гэсэн хөө авчирч өгнө гэж хэлээд явсан байсан. Би Быг агсан тавиад манай эхнэрийг түлхээд орны хөл дээгүүр давуулаад унагаасан гэж сонссон хараагүй болохоор юу болсон гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Манай эхнэр урьд өмнө хавиргаа гэмтээж байгаагүй хуриман дээр очоод л гэмтээчихсэн гэх мэдүүлэг /хх-13 тал/,

Гэрч Л.Амаржаргалын өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр  манай эгчийн хүүхдийн хурим болсон бөгөөд тухайн өдөр оройхон хурим найр тараад бид нарыг унтах гэж байхад Батчлулуун гэдэг хүүхэн нөхөр, хүүхдийн хамт ирээд бэр нь гээд нэг хүүхэнтэй хамт тулгаж уугаад суугаад байсан. Тэгээд Ц, манай охин Дэлгэрмаа бид гурав зүүн орон дээр сууж байхад Б нэлээн согтсон Цэцэгээ гэдэг хүүхэн рүү манай нөхрийг харж үзсэнгүй гээд үг хаяхад Ц “би тэтгэвэрийн хүн яаж харж хандах ёстой юм бэ” гэж хэлэхэд Б Цэцэгээг бариад авахаар нь би голоор нь ороход намайг түлхээд би унах гэхэд манай охин Дэлгэрмаа намайг бариад авсан. Тэгээд Цг түлхээд орны хөл дээгүүр давуулаад унагаачихсан юм. Гаднаас нэг эрэгтэй хүүхэд салгаад гаргаж байх шиг байсан би сайн анзаараагүй. Ц хавирга хэсгээрээ модон орны хөл хэсгээр нэлээн эвгүй дараад уначихсан. Би Цг зүгээр үү гэсэн чинь царай нь сонин болоод зүгээр гээд байх шиг байсан. Маргааш нь билүү нөгөөдөр нь билүү хавирга нь гэмтсэн юм шиг байна гэж байсан гэх мэдүүлэг /хх-н 14 тал/,

Гэрч Т.Дэлгэрмаагийн өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр манай ээжийн дүүгийн хүүхдийн хурим болсон бөгөөд тухайн өдөр оройхон хурим найр тарах гэж байхад ах, эгч хоёр хүүхэдтэйгээ ирсэн бөгөөд эхнэр нь архи уугаад амархан согтож орилж хашгараад хүн хүн рүү агсан тавих шинжтэй байж байснаа манай ээж Амаржаргалыг заамдаад бариад авахаар нь би салгаад ээжийг аваад гарсан. Тэгээд Ц эгч зүүн орны доод захад нь сууж байхад нь түлхээд орны хөл дээгүүр давуулаад унагаачихсан. Охин нь дагуулаад аваад гарсан, гадаа гараад хашгираад байсан. Тэгээд бид нар хүмүүсийг явж дуусгаад орж унтсан. Ц гэдэг эгчийн царай нь сонин болоод босч ирээд гараад яваад өгсөн. Тухайн үед гэрт манай ээж, Ц эгч бид нар зүүн орон дээр сууж байсан, хүмүүс орж гараад байсан яг хэн хэн байсан гэдгийг нь санахгүй байна. Нэлээн согтсон хашгичаад байсан манай ээж болон Ц гэдэг эгч эрүүл байсан. Тухайн үед Ц эгчийн бие нь гэмтсэн талаар мэдэгдээгүй, хэд хоногийн дараа манай ээжтэй таараад миний хавирга гэмтсэн байна гэж хэлсэн байсан. Тэр үед агсан тавьсан эгч түлхэснээс болоод хавирга нь гэмтсэн байж магадгүй орны хөлөн дээгүүр даваад нэлээн эвгүй уначихсан. Манай ээжийн бие нь зүгээр, ээжийг яг унах гэж байхад нь би бариад авчихсан юм. Өөр хүн рүү дайраагүй, Ц эгч рүү л дүүгээ харсангүй гээд дайраад байх шиг байсан гэх мэдүүлэг /хх-15 тал/,

Гэрч Б.Мөнхзулын өгсөн өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр манай аавын том ахын хүүхдийн хурим болсон бөгөөд намайг туслаад өгөөч гэхээр нь би өмнө өдөр нь очоод тусалсан. Тухайн өдөр хурим найр сайхан болж орой 19 цаг болж байхад Б.Бнь нөхөр, хүүхдийн хамт ирсэн. Тэгэхэд хүмүүс ер нь тараад явцгааж байсан, би гал тогоогоор юм хийгээд гарч ороод явж байгаад нэг ороход Б эгч нэлээн согтуу Ц эгчийг түлхэж байсан. Тэгэхэд нь би Б эгчийн охинтой хамт салгаад аваад гарсан. Б эгч нэлээн согтсон гадна гараад орилоод суугаад байсан, юу гэж орилоод байгааг нь мэдэхгүй байна. Тэгээд би орхиод орж юмаа хийсэн. Гэрт Ц эгч, Амараа гэдэг эгч охинтойгоо, байсан өөр хүн байгаагүй, хүмүүс явцгаасан байсан. Б эгч яагаад Ц эгчийг түлхсэн гэдгийг нь мэдэхгүй байна. Ц эгч орны доод захад нь суусан байсан санагдаж байна ямар ч байсан Ц эгчийг түлхэж байгаа харагдсан би Б эгчийг аваад гарсан болохоор сайн хараагүй гэх мэдүүлэг /хх-16 тал/,

Гэрч Б.Отгонтогоогийн өгсөн: 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр орой аав ээж хоёртой хамт хуриман дээр 16 цагийн үед очиход хүмүүс явах гээд байж байсан. Тэгээд бид нар хуриманд ороод хэсэг хугацаа өнгөрсөний дараа хүмүүс явцгаасан. Гэрт миний таних Ц эгч бас нэг эгч охинтойгоо хамт бид хэд сууж байтал Ц эгчийн нөхөр нь намайг майхан оруулаад өг гээд нэлээн согтсон байхаар нь би гаргаж майханд оруулж өгөөд эргээд ороод иртэл манай ээж Б Ц эгчтэй маргалдаж байсан юунаас болж маргалдсаныг мэдэхгүй. Манай ээж Ц эгчид “танай дүүг би авч явж байна” гэж манай аавыг яриад байсан. Би ээжийг явъя гэсэн чинь гарахгүй байсан. Тэгээд хурим хийж байсан залуу ээжийг гаргах гэсэн чинь үүдэнд байсан нэг жаахан охины үснээс зулгаагаад гарахгүй байсан. Тэгэхэд Ц эгч миний охины үснээс зулгаалаа гээд ууралсан чинь ээж энэ охинд чинь гар хүрэхгүй гээд хэрэлдэж байгаад гарсан эргэж ороогүй бид нар явсан. Манай ээж Ц эгчийг түлхсэн асуудал байхгүй, зүүн орон дээр сууцан манай ээж дээр нь сууж байсан, бас нэг хоёр эмэгтэй сууж байсан. Намайг гаднаас орж ирэхэд Ц эгч, ээж хоёр маргалдсан байсан түлхсэн асуудлыг би сайн мэдэхгүй байна. Намайг орж ирэхээс өмнө түлхсэн байж магадгүй. Дээгий гэдэг эгч сайн мэдэж байгаа байхаа хажууд нь байсан. Миний хажууд түлхсэн асуудал байхгүй. Би яагаад агсан тавьсан гэдгийг нь сайн мэдэхгүй байна. Ц эгчийн хавирга гэмтсэн талаар мэдэх зүйл алга байна гэх мэдүүлэг /хх-18 тал/,

Гэрч Э.Одмаагийн өгсөн: 2017 оны 08 сарын 25-ны өдөр Ц гэдэг хүн  надад рентген харалт хийлгэсэн. Тухайн үед хавиргаа гэмтээсэн гээд үзүүлж байсан. Би рентген туяагаар харсан бөгөөд 8-р хавирга эгэмний шугамаар зөрөөгүй, шинэ хугарсан гэдэг шинжилгээ хийсэн. 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Ц гэдэг хүний цээжний зургийг уншихад баруун 9-р хавирга эгэмний дунд шугамаар хуучин хугаралтай бороо үүссэн гэдэг онош тавьсан. Урд нь 8 сарын 25-нд үзэхдээ тухайн хүний байрлалаас шалтгаалж хавирга алдаж тоолох тохоиолдол байдаг учраас 8-р хавирга гэж оношилсон байна. Рентген зургаар баруун арын 9-р хавирга хугарсан байсан, рентген зургаар ямар нэг алдаагүй гардаг учраас Ц гэдэг хүний 9-р хавирга хугарсан байна. Энэ нь шинэ хугарал байсан” гэх мэдүүлэг /хх-19 тал/,

Шүүгдэгч Б.Б яллагдагчаар өгсөн: Би Ц гэдэг хүний биед хөнгөн хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн үед би нөхөр Баярсайхан, охин Отгонтогоо нарын хамт найранд очсон нь үнэн. Тэгээд найран дээр архи уугаад сууж байхад Ц эгч намайг “дүүг маань сайн асарч байгаарай” гэж хэлсэн тэгэхээр нь би “танай дүүг өчнөөн асарч байгаа та энэ үгийг надад хоёр удаа хэллээ” гэж би Ц эгчид хэлсэн, тэгээд “та дүүгээ алчихна гэж бодоод байгаа бол авахгүй юу даа” гэж хэлсэн санагдаж байна. Би юу болсныг сайн санахгүй байна. Өглөө нь гэртээ сэрсэн. Ц эгчийн биед гэмтэл учруулсан асуудлаа санахгүй байна. Би хүлээн зөвшөөрөхгүй байна гэх мэдүүлэг /хх-25 тал/,

       Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ¹301 тоот:

1. Ч.Цгийн биед баруун хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрхи гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.

4. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогттох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх 21 тал/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, тэмдэглэл /хх 1-2 тал/, гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-4-5 тал/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хэрэгт тусгах тухай тогтоол /хх-6 тал/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-28-30 тал/, хохирогчийн биед үзлэг хийсэн тэмдэглэл , гэрэл зураг /хх-31-33 тал/ хэргийн материал танилцуулсан баримт /хх-34 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хавтаст хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Бнь 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутагт иргэн Ч.Цтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түлхэж унагаасны улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хууль зүйн факт, үйл баримт тогтоогдож байна.

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б“би хуриман дээр ирээд цай хоолгүй 4-5 хундага архи ууж согтоод хохирогч Ч.Цтэй маргаж байснаа санаж байна, үүнээс хойш юу болсныг мэдэхгүй байгаа ч энэ гэмтлийг учруулаагүй. Хохирогч өмнө нь хавиргаа гэмтээж байсан, ах дүү төрөл саднаараа намайг гүтгэж байна” гэж гэм буруугийн талаар маргаж байгаа боловч болсон үйл баримт, хэргийн сэдэлт шалтгаан, учирсан хор уршигийн талаар өгсөн хохирогч Ч.Ц, гэрч П.Бямбацэрэн, Л.Амаржаргал, Т.Дэлгэрмаа, Б.Мөнхзул, Б.Отгонтогоо, Х.Олзмөнх, Э.Одмаа нарын өгсөн мэдүүлэг, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн ¹301 тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Бнь согтуурсан үедээ “өвчтэй дүүгээ харж үзсэнгүй” гэх шалтгаанаар нөхрийнхөө эгч Ч.Ц рүү дайрч давшлан түүнийг түлхэж орны хөл дээгүүр давуулан унагааснаас эрүүл мэндэд нь баруун хавирганы хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хохирогч Ч.Цгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “нилээд согтуу манай нөхрийг харж үзсэнгүй гээд байхаар нь “би тэтгэвэрийн хүн яаж харж хандах ёстой юм бэ” гэж хэлэхэд манай аав, ээжийн нэрээр хэлээд гуйлгачин, түүлэгчин гэж загнаад намайг түлхээд би орны хөл дээгүүр даваад уначихсан юм” гэх мэдүүлэг, гэрч П.Бямбацэрэнгийн “...манай эхнэр надад хэлэхдээ “Б агсан тавиад намайг түлхэж унагаагаад манай охиныг үсдээд бөөн юм боллоо” гэж байсан ...манай эхнэр хавирага нь өвдөөд эмнэлэгт үзүүлэхэд хугаралтай байна гэдэг онош хэлж эм бичиж өгсөн” гэх, гэрч Л.Амаржаргалын “Ц, манай охин Дэлгэрмаа бид гурав орон дээр сууж байхад Б нэлээн согтсон Ц гэдэг хүүхэн рүү манай нөхрийг харж үзсэнгүй гээд үг хаяхад Ц “би тэтгэвэрийн хүн яаж харж хандах ёстой юм бэ” гэж хэлэхэд Б Цг бариад авахаар нь би голоор нь ороход намайг түлхээд би унах гэхэд манай охин Дэлгэрмаа намайг бариад авсан. Тэгээд Цг түлхээд…хавирга хэсгээрээ модон орны хөл хэсгээр нэлээн эвгүй дараад уначихсан” гэх, гэрч Т.Дэлгэрмаагийн “хүн хүн рүү агсан тавих шинжтэй байж байснаа ...Ц эгчийг зүүн орны доод захад нь сууж байхад нь түлхээд орны хөл дээгүүр давуулаад унагаачихсан. Быг охин нь дагуулаад аваад гарсан, гадаа гараад хашгираад байсан. Тухайн үед Ц эгчийн бие нь гэмтсэн талаар мэдэгдээгүй хэд хоногийн дараа манай ээжтэй таараад миний хавирга гэмтсэн байна гэж хэлсэн байсан. Ц эгч рүү л дүүгээ харсангүй гээд дайраад байсан” гэх, гэрч Б.Мөнхзулын “Б эгч нэлээн согтуу Ц эгчийг түлхэж байсан. Тэгэхэд нь би Б эгчийн охинтой хамт салгаад аваад гарсан. Б эгч нэлээн согтсон гадна гараад орилоод суугаад байсан” гэх, гэрч Б.Отгонтогоогийн “2017 оны 8 дугаар сарын 20-ны орой аав, ээж хоёртой хамт хуриман дээр 16 цагийн үед очиход гэрт миний таних Ц эгч, бас нэг эгч охинтойгоо хамт бид хэд сууж байтал ...манай ээж Б Ц эгчтэй маргалдаж байсан юунаас болж маргалдсаныг мэдэхгүй. Манай ээж Ц эгчид танай дүүг би авч явж байна гэж манай аавыг яриад байсан. Би ээжийг явъя гэсэн чинь гарахгүй байсан. Тэгээд хурим хийж байсан залуу ээжийг гаргах гэсэн чинь үүдэнд байсан нэг жаахан охины үснээс зулгаагаад гарахгүй байсан. ...Намайг гаднаас орж ирэхэд Ц эгч ээж хоёр маргалдсан байсан түлхсэн асуудлыг би сайн мэдэхгүй байна. Намайг орж ирэхээс өмнө түлхсэн байж магадгүй. Дээгий гэдэг эгч сайн мэдэж байгаа байхаа хажууд нь байсан” гэх, шүүгдэгч Б.Бы гэрчээр өгсөн “...бид хоёр хоорондоо жаахан маргалдсан. Тэгээд би тасарсан байна лээ ямарч байсан бид хоёр хоорондоо маргалдаж байснаа санаж байгаа юм.  Би өглөө гэртээ сэрсэн юу болсон гэдгийг санахгүй байна. Хуримнаас хойш 10 гаран хоногийн дараа Ц эгчийн охин нь над руу Замын-Үүдээс залгаад ээжийн хавирга хугарсан байна гээд загнаж байсан. Дараа нь бас нэг эрэгтэй хүүхэд нь над руу залгаад та эмээгийн хавиргыг хугалсан байна, эмээд сүү аваад очоорой гэж хэлсэн, би Ц эгч дээр сүү барьж очсон чинь намайг түлхэж унагаагаад хавирга хугалчихлаа гэж байсан гэх, гэрч Э.Одмаагийн “Рентген зургаар баруун арын 9-р хавирга хугарсан байсан, рентген зургаар ямар нэг алдаагүй гардаг учраас Ц гэдэг хүний 9-р хавирга хугарсан байна. Энэ нь шинэ хугарал байсан, нэг сарын дотор бороололт үүсэх боломжтой” гэх, гэрч Х.Олзмөнхийн “2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Ц гэдэг хүн үзүүлж байсан байна, би өөрийн үзсэн үзлэгээс “баруун 9 дүгээр хавирга бороолсон хугарал” гэж үзэхээр байна” гэх мэдүүлгүүд, шинжээчийн “Ч.Цгийн биед баруун хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо, уг  гэмтэл нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Хохирогч, гэрч нарын мэдүүлгийг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт шинжээчийн дүгнэлтийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шинжлэх ухааны үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

         Шүүгдэгч Б.Б гэм буруутай үйлдлийн улмаас учирсан эрүүл мэндийн хохиролд хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

Шүүгдэгч Б.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдаж, түүний 55-аас дээш настай, тэтгэвэрээс өөр орлогогүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан торгуулийн ял оногдуулж  хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Б.Бнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэгт хохирогчийн нэрийг “Ц”, “Ц” гэж өөр өөрөөр бичсэн байх ба шүүх хохирогчийн гарын үсгийг үндэслэн “Ц” гэж залруулж бичсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

 

1. Л овогт Б. Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Быг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Бы 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн торгуулийн ялыг сар бүр 50000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 9 /ес/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  Б.Бнь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг хорих ялын нэг хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Бнь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй, санал гомдол, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           С.ЦЭРЭНХАНД