Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 108

 

Б.Ба-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Гэрэлтуяа, шүүгдэгч Б.Ба-, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 44 дүгээр магадлалтай 1715001580053 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч И.Чимэдбадам, П.Ган-Очир нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1960 онд төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгүүлж байгаагүй Б.Ба- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Ба-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүгдэгч Б.Ба-ы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч И.Чимэдбадам, П.Ган-Очир нар хамтран гаргасан гомдолдоо “...2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 301 дүгээр шинжээчийн дүгнэлтээр Ч.Цэ-гийн биед баруун хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо, энэ гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэсэн дүгнэлт гарчээ. Гэрч Э.Од- нь 2017 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Ч.Цэ-г рентгенээр харсан байдаг бөгөөд 8 дугаар хавирга эгэмний шугамаар зөрүүгүй шинэ хугарсан гэдэг шинжилгээ хийсэн. 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ч.Цэ- гэдэг хүний цээжний зургийг уншихад баруун 9 дүгээр хавирга эгэмний дунд шугамаар хуучин хугаралтай бороо үүссэн гэсэн онош тавьсан. Энэ мэдүүлгийг нотлох баримтын хэмжээнд үнэлж шалгахдаа таамгаар хууль зөрчиж шийдвэрлэсэн.

Мөн Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний тухайд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тусгасан. Гэтэл хуулийн үзэл баримтлалыг буруу ойлгож хэрэглэсэн.

Дээрх 2 үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар Б.Ба- нь гэм буруутай эсэх нь эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсний дагуу шийтгэх тогтоол, магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч И.Чимэдбадам хэлсэн саналдаа “Шууд нотлох баримт болох шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гарсан. Нотлох баримтын шаардлага хангаагүй. Давж заалдах шатны шүүхэд хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцаах, эсхүл мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан. Гэтэл шүүх хүсэлтийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн. Хэргийн нотлох баримт эргэлзээтэй байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Прокурор Г.Гэрэлтуяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хуулийн шаардлага хангаагүй байна. Шинжээчийн дүгнэлт нотлох баримтын шаардлага хангаагүй. Уг дүгнэлтэд баруун 8, 9 дүгээр хавирганы аль нь гэмтсэн болохыг тодорхой тогтоож өгөөгүй. Шинжээчийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага хангаагүй. Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно гэж заасан боловч шүүгдэгч нь өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад шүүгдэгчийн эрхийг ноцтойгоор зөрчиж байна. Иймд хэргийг анхан шатны шүүхийн дахин хэлэлцүүлэгч буцаах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Прокуророос яллагдагч Б.Ба- нь 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Булган аймгийн Орхон сумын нутагт иргэн Ч.Цэ-г түлхэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол /гэмтэл/ учруулсан үйлдэлд хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Б.Ба-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэжээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд тавигдах шаардлагуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааж хуульчилсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг шалгах үүргийг прокурорт, хянах үүргийг шүүгчид хүлээлгэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасан хэргүүдийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан шаардлагууд бүгд хангагдсан эсэхийг хянах бөгөөд энэ шаардлага хангагдаагүй, тогтоогдоогүй бол хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэхээр зохицуулсан байна.

Тодруулбал, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим нь гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх, түүнчлэн үйлдсэн хэрэг нь нотлогдсон байх шаардлагад нийцсэн байх учиртай.

Гэтэл шүүгдэгч Б.Ба- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд гэм буруугийн талаар маргаж байхад анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн байна.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 149 дүгээр шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 44 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

                                               ДАРГАЛАГЧ                                          Б.ЦОГТ

                                               ШҮҮГЧ                                                   Б.БАТЦЭРЭН

                                                                                                              Д.ГАНЗОРИГ

                                                                                                              Ч.ХОСБАЯР

                                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН