Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00226

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Э-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/03666 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Э-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Г-д холбогдох, 17 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Хариуцагч Г.Г- нь 2019 оны 10 сарын 09-ний өдөр Барилгын ажил эхлүүлэхэд 3 000 000 төгрөг шаардлагатай байна гэсний дагуу миний бие Х.Э- өөрийн Хаан банк дахь 5034425098 тоот данснаас 3 000 000 төгрөг, 2019 оны 11 сарын 21-ний өдөр 7 000 000 төгрөг, 2020 оны 04 сарын 23-ны өдөр 1 000 000 төгрөгийг хариуцагч Г.Г-ын Хаан банк дахь 5024388169 тоот данс руу бэлэн бусаар шилжүүлсэн. 2020 оны 04 сарын 30-ны өдөр Г.Г- нь Маргааш барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл гарчихна. Барилга эхлүүлэхэд шаардлагатай 3 500 000 төгрөг шилжүүлчих гэсний дагуу 3 500 000 төгрөгийг Г.Г-ын данс руу шилжүүлсэн. Мөн дараа Г.Г-ын хүсэлтээр 250 000 төгрөг, 1 000 000 төгрөг, 250 000 төгрөг, 1 000 000 төгрөг тус тус шилжүүлсэн байдаг.

Иймд хариуцагч Г.Г-д өгсөн нийт 17 000 000 төгрөгийг буцаан авахаар нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Э-ийг би танихгүй бөгөөд бид хоёрын хооронд ямар ч холбоо, гэрээ, хэлцэл хийгдсэн зүйл байхгүй. Миний дансаар орж ирсэн мөнгөний хувьд Ш.Дэлгэрбаяр, Батгүрэн ХХК-ийн хооронд хийгдсэн барилгын ажил гүйцэтгэх тухай 2 808 000 000 төгрөгийн гэрээний дагуу иргэн Ш.Дэлгэрбаяраас орж ирсэн мөнгө юм.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Г-аас 17 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 242 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж гомдолдоо: Батгүрэн ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Г- нь Ш.Дэлгэрбаяртай хамтран Ш.Дэлгэрбаярын өмчлөлийн газар дээр барилга барихаар амаар тохиролцсон бөгөөд харин Ш.Дэлгэрбаяр нь Батгүрэн ХХК-д төлбөр төлөх үүрэг огт хүлээгээгүй юм. Ш.Дэлгэрбаярын эхнэр Х.Э- нь Г.Г-тай барилга барих асуудлаар танилцсан бөгөөд хамтран ажиллах гэрээний дагуу Г.Г-д төлбөр төлөх үүрэг огт үүсээгүй байсан. Г.Г- болон Х.Э- нар танилууд болсон бөгөөд Г.Г- нь хэд хэдэн удаа мөнгө түр зээлээч гэж хүсэлт гаргаж байсан тул нэхэмжлэгч нь хариуцагчийн болон түүний нэрлэсэн данс руу мөнгө шилжүүлж нийт 17 000 000 төгрөгийг өгсөн байдаг. Хариуцагч ч уг мөнгийг хүлээн авсан болохоо зөвшөөрдөг.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах гомдол гаргасны дараа зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Х.Э- нь хариуцагч Г.Г-д холбогдуулан түүний хүсэлтийн дагуу шилжүүлсэн 17 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй хэмээн үзэж хариуцагч Г.Г-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Х.Э-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.

 

Дээрх шийдвэрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргасныг үндэслэн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан товлогдсоны дараа зохигчид маргаж буй зүйлийн талаар эвлэрэн хэлэлцэж, 2021 оны 01 сарын 22-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Уг гэрээгээр хариуцагч Г.Г- нь нэхэмжлэгч Х.Э-ийн нэхэмжилсэн 17 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2021 оны 05 сарын 01-ний өдөр 5 000 000 төгрөг, 2021 оны 06 сарын 01-ний өдөр 6 000 000 төгрөг, 2021 оны 07 сарын 01-ний өдөр 6 000 000 төгрөгийг тус тус бэлэн мөнгө, эсхүл хөдлөх эд хөрөнгөөр төлж барагдуулах, хариуцагч Г.Г- нь дээрх хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч Х.Э- нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргахаар тус тус харилцан тохиролцож, зохигчид гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

Зохигчид дээрх нөхцөлөөр эвлэрэн хэлэлцэж, Эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хууль болон бусад хууль тогтоомж зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул давж заалдах шатны шүүх хуралдаанаас талуудын эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хариуцагч Г.Г-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/03666 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Г.Г- нь нэхэмжлэгч Х.Э-ийн нэхэмжилсэн 17 000 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2021 оны 05 сарын 01-ний өдөр 5 000 000 төгрөг, 2021 оны 06 сарын 01-ний өдөр 6 000 000 төгрөг, 2021 оны 07 сарын 01-ний өдөр 6 000 000 төгрөгийг тус тус бэлэн мөнгө, эсхүл хөдлөх эд хөрөнгөөр төлж барагдуулах, хариуцагч Г.Г- нь дээрх хуваарийн дагуу төлбөрийг төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч Х.Э- нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргахаар тус тус харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хариуцагч Г.Г-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоогоос заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь энэхүү магадлалыг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэхүү магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.НЯМБАЗАР