Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00221

 

 

 

 

 

 

Л.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/02564 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Л.Б-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч И.Н-д холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 16 168 240 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Б, түүний өмгөөлөгч Ш.Базаррагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.А, И.Н нар 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр нь надтай уулзаж, И.Н нь Д.Ат орон сууцаа худалдаж байгаа урьдчилгаа 30 хувь буюу 35 000 000 төгрөг хэрэгтэй байна. 35 000 000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай өдрийн 1 хувийн хүүтэй зээлээч гэсэн тул И.Нтэй зээлийн гэрээ байгуулсан. 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр данс руу 4 980 000 төгрөг, мөн бэлнээр 20 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 4 000 000 төгрөг дансаар, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 3000 ам.доллар дансаар, 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 7 300 000 төгрөг дансаар, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 4 500 000 төгрөг дансаар, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 8 500 000 төгрөг дансаар шилжүүлж, нийт 6 удаагийн гүйлгээгээр 29 300 000 төгрөг, 3000 ам.долларыг И.Н-д зээлүүлсэн. Зээлийн гэрээний дагуу И.Н 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 10 000 000 төгрөгийг, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 12 730 000 төгрөг, нийт 22 730 000 төгрөг төлсөн. Зээлийн гэрээний дагуу 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлсэн 5 000 000 төгрөгийн 10 хоногийн хүү 500 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нийт 25 хоногийн алданги 687 500 төгрөг, хүү, алданги, нийт 1 187 500 төгрөг болно. Үндсэн зээлийн үлдэгдэл 6 570 000 төгрөг, хүү, алданги 1 187 500 төгрөг, нийт 7 757 500 төгрөг, 3000 амоллар буюу 8 410 740 төгрөг, бүгд 16 168 240 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч И.Н шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Иманмагзам шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Бгаас мөнгөн хөрөнгө зээлээгүй. Д.А, Л.Б нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Миний бие Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр гудамж, 106а байрны 66 тоот хаягт байрлах өөрийн өмчлөлийн 58,68 м.кв талбай бүхий орон сууцыг Н.Алтанчимэгт 108 558 000 төгрөгөөр худалдаж, 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр худалдах, худалдах авах гэрээ байгуулсан. Тухайн үед Д.А орон сууцны урьдчилгаа 30 хувь болох 32 567 400 төгрөгийг бэлнээр төлөх, үлдэгдэл төлбөрийг банкны зээлд хамрагдаж төлөхөөр тохиролцсон. Д.А нь орон сууцны үнийн урьдчилгаа төлбөрийг бүрдүүлэхтэй холбоотойгоор Л.Бгаас мөнгө зээлэхээр болсон. Д.А Бүгд Найрамдах Солонгос улсад байгаа. Л.Б болон Д.А нарт итгэж зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Л.Б нь мөнгөө зээлэхдээ Д.Атэй гэрээ байгуулахгүй, гадаад улс руу явах магадтай гэж зээлийн гэрээнд миний биеийг гарын үсэг зуруулсан. Д.А нь танд ямар ч асуудал болохгүй гэж хэлсэн. Д.Атэй холбогдоход Л.Бгаас зээлсэн дээрх 35 000 000 төгрөгийг төлсөн гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан И.Н-д холбогдох 16 168 240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 238 792 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Л.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Д.А, И.Н нар 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 35 000 000 төгрөг хэрэгтэй байна гэж, И.Н нь зээлийн гэрээ байгуулан 35 000 000 төгрөгийг зээлсэн. Энэ зээлийн гэрээний үүргээс И.Н 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 10 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр 12 730 000 төгрөг, нийт 22 730 000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 16 168 240 төгрөгийг төлөөгүй. И.Н нь өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн 35 000 000 төгрөг зээлсэн. Зээлийн төлбөрөөс төлж барагдуулсан нь хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчийн тайлбараар тогтоогдсон. Мөн Д.А болон И.Н хоёр хоорондоо яаж тохиролцох нь зээл олгогчид хамаагүй. Хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргаагүй байхад шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасны дагуу дүр үзүүлсэн хэлцэл гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Мөн Т.Гантөгст шилжүүлсэн 7 300 000 төгрөгийг И.Нандин-Эрдэнийн хүсэлтээр шилжүүлсэн. Шүүх И.Н зээл аваагүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй, маргааны талаар буруу дүгнэлт хийсэн байх тул шүүхийн шийдвэрийн зарим дүгнэлтийг зөвтгөн, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч И.Н-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6 570 000 төгрөг, зээлийн хүү 500 000 төгрөг, алданги 687 500 төгрөг, нийт 7 757 500 төгрөг, 3 000 ам.доллар буюу 8 410 740 төгрөг, бүгд 16 168 240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Ат орон сууцаа худалдахад тэрээр урьчилгаа төлбөр болох 35 000 000 төгрөгийг Л.Бгаас зээлсэн, уг гэрээнд гарын зурсан боловч мөнгөн хөрөнгийг аваагүй тул зөвшөөрөхгүй гэж маргаснаас үзэхэд зээлийн гэрээний үүрэг болох мөнгөн хөрөнгийг буцаан төлөх эсэх нь маргааны зүйл болжээ.

 

Талуудын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч Л.Б нь зээлдэгч И.Н-д 35 000 000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл /10 хоног/ хугацаатай, өдрийн 1 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ. Иймд энэ гэрээг дүр үзүүлэн хийсэн гэрээ гэж үзэхгүй.

 

Гэрээний 2.5-т ...2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Д.Аийн эзэмшлийн дансанд шилжүүлэхээр тохиролцож зөвшөөрөв гэж заасан. Мөн уг гэрээний ар талд Хаан банк ХХК дахь И.Нандин-Эрдэнийн эзэмшлийн 5131016299 тоот дансанд 5 000 000 төгрөг шилжүүлэх, үлдэх 30 000 000 төгрөгийг Д.Аийн дансанд шилжүүлэхээр хоёр тал тохирсон гэж тодорхойлсныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар үгийн шууд утгаар тайлбарлавал зээлийн гэрээний зүйл болох 30 000 000 төгрөгийг Д.Ат шилжүүлэхийг зээлдэгч И.Н зөвшөөрсөн гэж дүгнэнэ. Иймд гэрээний үүргийг тодорхойлох боломжтой тул зээлийн гэрээг байгуулах хүсэл зориг байгаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хуульд зааснаар үүргийг хэрхэн гүйцэтгэх талаар талууд тохиролцсон буюу зээлдэгч И.Н нь зээлийн гэрээний зүйл болох мөнгөн хөрөнгийг Д.Аийн дансанд шилжүүлэх талаар зээлдүүлэгч Л.Бтай харилцан тохиролцож гэрээнд гарын үсэг зурсан байх тул Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ. Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэсэн нь буруу байгааг зөвтгөнө.

 

Зээлдүүлэгч Л.Б нь зээлдэгч И.Н-д 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 5 000 000 төгрөг, Хаан банк ХХК дахь Д.Аийн эзэмшлийн 5023037336 тоот дансанд 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 4 000 000 төгрөг, мөн оны 5 дугаар сарын 09-ний өдөр 8 500 000 төгрөг, Төрийн банк ХХК дахь Д.Аийн эзэмшлийн 597300543261 тоот дансанд 4 500 000 төгрөг, нийт 22 000 000 төгрөгийг шилжүүлсэн байх тул энэ хэмжээнд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт гэрээний үүрэг үүснэ гэж үзэх үндэслэлтэй.

 

Харин Төрийн банк ХХК дахь Д.Аийн эзэмшлийн 242006529509 тоот дансанд 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр шилжүүлсэн 3000 ам.доллар, мөн Т.Гантөгсийн дансанд 2016 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр 7 300 000 төгрөг шилжүүлснийг Л.Б болон И.Н нарын байгуулсан дээрх зээлийн гэрээний зүйл гэж үзэх боломжгүй. Учир нь талууд гэрээний зүйлийг төгрөгөөр тодорхойлж, мөнгөн хөрөнгийг Д.Аийн дансанд шилжүүлэхээр тодорхой тохиролцсон байна. /хх-4/ Хариуцагч Н.Нандин-Эрдэнэ нь Т.Гантөгсийн дансанд мөнгөн хөрөнгийн шилжүүлэн авах талаар хүсэл зоригоо илэрхийлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй учраас уг мөнгөн хөрөнгийг зээлийн үүрэгт тооцох боломжгүй юм.

 

Талдууд гэрээний 2.2-т ... 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэл /10 хоног/ хугацаатайгаар олгов гэж тохиролцсон. Гэвч зээлдүүлэгч нь гэрээгээр тохиролцсон хугацаанд гэрээнд заасан дүнгээр мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгөх үүргээ бүрэн биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл, 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 5 000 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 4 000 000 төгрөг, нийт 9 000 000 төгрөгийг гэрээний хугацаанд шилжүүлэн өгсөн тул уг дүнд тохирсон хүү шаардах эрхтэй. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч Л.Б нь гэрээний хугацаанд шилжүүлсэн 9 000 000 төгрөгт хүү тооцож зээлдэгч И.Нэс шаардах эрхтэй. Харин гэрээгээр тохирсон хугацаанаас хойш буюу 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 8 500 000 төгрөг, 4 500 000 төгрөг буюу нийт 13 000 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн тул хүү шаардах эрхгүй.

 

Хариуцагч И.Н нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар 2016 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр шилжүүлсэн 5 000 000 төгрөгийг 1 өдрийн 1 хувийн хүүгээр тооцоход 10 хоногийн хүү 500 000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 4 000 000 төгрөгийг 1 өдрийн 1 хувийн хүүгээр тооцоход 6 хоногийн хүү 240 000 төгрөг, зээлийн нийт хүү 740 000 төгрөг, үндсэн зээл 22 000 000 төгрөг, бүгд 22 740 000 төгрөгийг нэхэмжлэгч Л.Бд төлөх үүрэг хүлээсэн байх бөгөөд тэрээр нэхэмжлэгч Л.Бд 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 10 000 000 төгрөг, мөн оны 5 дугаар сарын 26-ны өдөр 12 730 000 төгрөг, нийт 22 730 000 төгрөг төлсөн болох Төрийн банк болон Хаан банк ХХК-ийн депозит дансны хуулгаар тогтоогдсон. /хх-11-12/

 

Зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг 1 өдрийн 1 хувийн хүүтэй зээлсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасан зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтой гэж үзэх тул зээлийн хүүд дутуу төлсөн 10 000 төгрөгт хамаарах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Дээрхээс дүгнэвэл нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч И.Н-д холбогдуулан зээлийн үлдэгдэл, хүү, алданги буюу зээлийн гэрээний үүрэгт 16 168 240 төгрөг гаргуулахаар шаардах эрхгүй тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Л.Б нь Д.Ат шилжүүлэн өгсөн 3000 ам.доллар, мөн Т.Гантөгсийн дансанд шилжүүлсэн 7 300 000 төгрөгийг тус мөнгөн хөрөнгийг шилжүүлсэн авсан этгээдээс буцаан шаардахад энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ШШ2020/02564 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар И.Н-д холбогдох 16 168 240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Б-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 238 800 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.БАЙГАЛМАА