Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2020/02564

 

   2020       09            24                                  183/ШШ2020/02564

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

        Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

         Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дугаар хороо, 00 дугаар байр, 000 тоотод оршин суух, Т овогт Л.Б /РД:СТ000000000/-ын нэхэмжлэлтэй,

         Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, хд 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, А. овогт И.Н /РД:ШБ00000000/-д холбогдох,

         Зээлийн гэрээний үүрэгт 16,168,240 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн Л.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.И, хариуцагчийн өмгөөлөгч П.Б нар оролцож, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.       

                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:  

           Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2016.04.14-ний өдөр Д.А, И.Н нар нь Л.Б надтай уулзаж, И.Н нь Д.А байраа зарж байгаа. Улаанбаатар хотын банкнаас орон сууцны зээл гаргуулахад байрны урьдчилгаа 30 хувь буюу 35,000,000 төгрөг хэрэгтэй байна. И.Н урьдчилгаа 30 хувь буюу 35,000,000 төгрөгийг 10 хоногийн хугацаатай өдрийн 1 хувийн хүүтэй зээлээч гэсэн. Зээлдэгч И.Н зээлсэн 35,000,000 төгрөгийг дараах байдлаар шилжүүлсэн.

          1.    2016.04.14-ний өдөр данс руу 4,980,000 төгрөг, мөн бэлнээр 20,000 төгрөг,

          2.    2016.04.18-ны өдөр 4,000,000 төгрөг дансаар,

          3.    2016.04.18-ны өдөр 3000 ам доллар дансаар,

          4.    2016.04.21-ний өдөр 7,300,000 төгрөг дансаар,

          5.    2016.05.09-ний өдөр 4,500,000 төгрөг дансаар,

           6.    2016.05.09-ний өдөр 8,500,000 төгрөг дансаар шилжүүлж, нийт зээлийн гэрээний дагуу 6 удаагийн үйлдлээр 29,300,000 төгрөг, 3000 ам долларыг И.Н зээлүүлсэн.

           Зээлийн гэрээний дагуу И.Н нь 2016.05.19-ний өдөр 10,000,000 төгрөгийг, 2016.05.26-ны өдөр 12,730,000 төгрөг нийт 22,730,000 төгрөгийг миний данс руу тус тус шилжүүлсэн.

            Зээлийн гэрээний дагуу 2016.04.14-ний өдөр шилжүүлсэн 5.000,000 төгрөгийн 10 хоногийн хүү 500,000  төгрөг, 2016.04.24-ний өдрөөс 2016.05.19-ний өдөр хүртэл нийт 25 хоногийн алданги 687,500 төгрөг, нийт хүү, алданги 1,187,500 төгрөг болно.

             Үлдэгдэл зээлийг гэрээнд заасан хугацаанд шилжүүлээгүй ба хүү алданги нэхэмжлээгүй болно. И.Н нь 22,730,000 төгрөгийг төлсөн ба зээлийн гэрээнийхээ үүргийн биелэлтийг одоог хүртэл бүрэн биелүүлэхгүй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 6,570,000 төгрөг, хүү, алданги 1,187,500 нийт 7,757,500 төгрөг, 3000 ам долларыг буюу 8,410,740 төгрөг, нийт 16,168,240 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэв.

              Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие Л.Б мөнгө зээлсэн асуудал байхгүй. Энэхүү зээлийн асуудал нь миний орон сууцыг худалдаж авсан Д.А нэхэмжлэгч

              Л.Б нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний асуудал. Миний бие өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэр гудамж, 106а байрны 66 тоот хаягт байрлах 58,68м.кв талбай бүхий орон сууцаа Н.А 108,558,000 төгрөгөөр худалдаж, 2016.03.23-ны өдөр худалдах, худалдах авах гэрээ байгуулсан. Тухайн үед Д.А орон сууцны үнийн 30%-ийн урьдчилгаа төлбөр болох 32,567,400 төгрөгийг надад шууд төлөх, үлдэгдэл төлбөрийг банкны зээлд хамрагдаж төлөхөөр тохиролцсон. Д.А нь орон сууцны үнийн урьдчилгаа төлбөрийг бүрдүүлж өгөхтэй холбоотойгоор Д.А мөнгө зээлэхээр нэхэмжлэгч Л.Б гарч ирсэн Н.А одоо БНСУ- д байгаа. Нэхэмжлэгч Л.Б би огт танихгүй. Би Л.Б, Д.А нарт итгэж, хууртагдан зээлийн гэрээнд гарын үсэг зурсан асуудал байгаа. Сүүлд Н.А энэ тухай сонсоход Л.Б нь мөнгөө зээлэхдээ Н.А гэрээ байгуулахгүй, гадаад улс руу явж магадгүй, баталгаатай нь гээд надтай зээлийн гэрээ байгуулж байж мөнгө зээлнэ гэдэг шаардлагыг Д.А тавьсан. Н.А нь надад хандаж та зээлийн гэрээн дээр зүгээр л гарын үсэг зурчих, танд ямар ч асуудал болохгүй гэж ятгасан. Л.Б зүгээс та энэ гэрээнд гарын үсэг зурахгүй бол би Д.А мөнгө зээлэхгүй гэж надад хэлсэн. Ингээд би зээлийн гэрээнд гарын үсэг зурсан.

             Миний хувьд орон сууцаа Д.А худалдаж байгаа хүн урьдчилгаа төлбөрөө авахын тулд Д.А нэрийн өмнөөс Л.Б өдрийн 1 хувийн хүүтэй 35,000,000 төгрөгийг зээлэх ямар ч шаардлага байхгүй. Нэхэмжлэгч анх шүүхэд хандаж 35,000,000 төгрөг нэхэмжилж байсан бол одоо 16,168,240 төгрөг нэхэмжилж байх ба түүний гаргаж буй нэхэмжлэлийн утга, ярьж буй зүйлүүд нь хоорондоо зөрчилдөж байна. Д.А холбогдоход Л.Б зээлсэн дээрх 35,000,000 төгрөгөө төлсөн гэж хэлсэн. Д.А хувьд энэхүү зээлийн асуудлаар надтай холбогдож ярьж байгаа. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй ... гэв.

             Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад          

                                                                                                                 ҮНДЭСЛЭХ нь:

             Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл нотлох баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

             Нэхэмжлэгч Л.Б 2016.04.14-ний өдөр гэсэн огноотой Зээлийн гэрээ гэх нэртэй гэрээ, мөн 2016.04.16-ны өдрийн 4,980,000 төгрөгийн Хаан банкны орлогын баримт, бэлнээр өгсөн 20,000 төгрөг, 2016.04.18-ны өдөр Д.А дансанд 4,000,000 төгрөг, 2014.04.18-ны өдөр Д.А дансанд 3,000 ам.доллар, 2016.04.21-ний өдөр Т.Г дансанд А төлбөр гэх гүйлгээний утгатай 7,300,000 төгрөг, 2016.05.09-ний өдөр Д.А дансанд 8,500,000 төгрөг, 2016.05.09-ний өдөр Д.А дансанд 4,500,000 төгрөг нийт 29,300,000 төгрөг, 3000 ам.доллар шилжүүлсэн. Хариуцагч зээлийн гэрээний үүрэгт 22,730,000 төгрөгийг төлсөн тул үлдэгдэл 6,570,000 төгрөг, мөн хүү, алданги 1,187,500 төгрөг, нийт 7,757,500 төгрөг 3000 ам.доллар /1 ам.доллар 2803.58/ буюу 8,410,740 төгрөг нийт 16,168,240 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт нэхэмжилж байна гэж тайлбарладаг.

               Хариуцагч И.Н Хан-Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэр гудамж, 106а байрны 66 тоот хаягт байрлах 58,68м.кв талбай бүхий орон сууцаа Н.А 108,558,000 төгрөгөөр худалдсан. Орон сууцыг банкны зээлээр авахад 30 хувийн урьдчилгаа төлбөр Н.А шаардлагатай болсон. Нэхэмжлэгч Л.Б нь хүүтэйгээр урьдчилгаа 30 хувь болох 35,000,000 төгрөгийг Н.А зээлсэн. Зээлийн гэрээ байгуулахад зээлдэгч Л.Б зээлийн гэрээнд И.Н намайг гарын үсэг зурвал зээлийг олгоно гэсэн тул зээлийн гэрээнд гарын үсэг зурсан, бидний хооронд бодитоор зээлийн харилцаа үүсээгүй, өөрийн орон сууцаа худалдан борлуулж байгаа миний хувьд өөртөө орох урьдчилгаа төлбөр 30 хувийг бусдаас хүүтэйгээр зээлж авч бүрдүүлэх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргадаг.

              Хэрэгт авагдсан баримтаар 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр И.Н өөрийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэр гудамж, 106а байрны 66 тоот хаягт байрлах 58,68 м.кв талбай бүхий орон сууцыг Д.А, Б.Б нарт 108,558,000 төгрөгөөр худалдсан болох нь тус шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 11727 дугаар захирамжийн дагуу Төрийн банк ХХК-иас ирүүлсэн зээлдэгчийн хувийн хэрэгт авагдсан 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Үл хөлдөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хуулбараар тогтоогдож байна. Мөн тус банкнаас ирүүлсэн Зээл судлах зөвшөөрлийн маягтад Д.А нь 1975 онд төрсөн. ... 2016.03.23-ны өдөр иргэн И.Н Хан-Уул дүүргийн 2-р хороо, Үйлдвэр гудамж, 106а байрны 66 тоот хаягт байрлах 58,68 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 108,558,000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулсан. Худалдан авах үнийн дүнгийн 17,5 хувь болох 19,000,000 төгрөгийг худалдагч талын дансанд шилжүүлсэн.12,5 хувь болох 13,658,000 төгрөгийг Төрийн банкны харилцах дансанд байршуулсан. Үлдэх 70 хувь болох 75,900,000 төгрөгийг 240 сарын хугацаатай жилийн 8 хувийн хүүтэй Ипотекийн зээлийн нөхцөлөөр төлөхөөр Төрийн банканд хүсэлт гаргасан... гэх баримтаас үзвэл Д.А нь орон сууцны урьдчилгаа төлбөр 30 хувийг бүрдүүлж, худалдагч И.Н орон сууцны төлбөр төлөх үндэслэл үүссэн байна гэж үзэхээр байна.

                Нэхэмжлэгч Л.Б зээлийн гэрээний үүрэг шаардсан шаардлагыг нотлохоор ирүүлсэн хавтаст хэргийн 10 дах хуудаст авагдсан орлогын мэдүүлгийн гүйлгээний утга нь байрны урьдчилгаа төлбөр гэх агуулгаар Д.А дансанд гүйгээ хийгдэж байгаа үйл баримтаар зээл өгсөн зорилго нь байрны урьдчилгаа төлбөрийг төлөх зорилготой, зээлийн гэрээний харилцаа Д.А, Л.Б нарын хооронд үүсэж байсан болох нь гүйлгээний утгаар тогтоогдож байна гэж шүүх үзлээ. Мөн нэхэмжлэгч хавтаст хэргийн 8 дах хуудаст авагдсан Т.Г гэх данс эзэмшигчийн дансанд А төлбөр гэх гүйлгээний агуулгаар 7,300,000 төгрөгийг Т.Гантөгсөд нэхэмжлэгч Л.Б шилжүүлсэн баримтыг үндэслэн И.Н зээлсэн гэрээний зүйл гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд уг баримтын гүйлгээний утгаар А төлөх төлбөрт шилжүүлж байсан болох нь тогтоогдож байна.

            Нөгөөтээгүүр Д.А орон сууц худалдан авч байгаа тул орон сууцны урьдчилгаа төлбөр төлөх үүрэг Д.А үүсэж байх ба Д.А урьдчилгаа төлбөрөө бүрдүүлэхээр нэхэмжлэгч Л.Б зээл авах харилцаа үүссэн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.

               Нэхэмжлэгч Л.Б орон сууц худалдан борлуулж байгаа Л.Н бэлэн мөнгөний орлого орж буй байдлыг дүгнэн, зээлийн гэрээний үүргийг хялбар гаргаж өгөх боломжтой гэж хөнгөмсгөөр найдан, зээлийн гэрээний хэлбэрийн шаардлагыг хангасан зээлийн гэрээг нэхэмжлэгч Л.Б 2016.04.14-ний өдөр хариуцагч Л.Н хийсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл болжээ.

               Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-д Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно гэж заасан бөгөөд зээлдүүлэгч Л.Б, И.Н зээлийн гэрээний харилцаанд ороогүй, уг зээлийн гэрээ байгуулах хүсэл зоригийг зээлдэгч И.Н илэрхийлээгүй байхад зээлдүүлэгч өөрийн ашиг сонирхлын үүднээс дүр үзүүлэн Зээлийн гэрээний хэлбэрийн шаардлага хангахаар гэрээ хийж байгаа хэлцэлд талууд хуулиар эрх, үүрэг хүлээх хүсэл зориг, эрмэлзэлгүй байдаг.     

          Өөрөөр хэлбэл хууль зүйн ямарваа үр дагавар гаргах эрмэлзэлгүй хийсэн хүчин төгөлдөр хэлцэл юм.

          Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд зохигч талуудын хооронд 2016.04.14-ний өдөр хийсэн зээлийн гэрээний дагуу зээлийн гэрээний зүйлийг бодитоор хариуцагч И.Н зээлж аваагүй, гэрээний зүйлийг иргэн Д.А захиран зарцуулсан байх тул талуудын хооронд хэлцлээр шилжүүлсэн зүйлээ харилцан буцаан шилжүүлэх гэрээний зүйл байхгүй байна.

            Иймд зээлийн гэрээний үүрэгт нийт 16,168,240 төгрөг хариуцагч И.Н шаардсан нэхэмжлэгч Л.Б нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ

              Нэхэмжлэгч зээлийн гэрээний зүйл болох нийт 29,300,000 төгрөг, 3000 ам.долларыг Д овогтой А нэхэмжлэхэд уг шийдвэр саад болохгүй болохыг дурдвал зохино.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

        1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг тус тус баримтлан И.Н холбогдох 16,168,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Л.Б нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 238,792 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ                       Ц.ОЮУНБИЛЭГ