Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Чулууны Тунгалаг |
Хэргийн индекс | 128/2018/0161/З |
Дугаар | 98 |
Огноо | 2019-04-08 |
Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 04 сарын 08 өдөр
Дугаар 98
Л.Б-ийн нэхэмжлэлтэй, Боловсрол,
соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүүгийн
хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч
М.М, дотоод аудитор Р.А
нарт холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Ч.Тунгалаг
Нарийн бичгийн дарга: Д.Долгордорж
Нэхэмжлэлийн шаардлага: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08-02/11, 08-02/12, 08-02/13 дугаар актуудыг илт хууль бус болохыг тогтоолгох
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0796 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0127 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э,
Хариуцагч М.М, түүний өмгөөлөгч С.Ө,
Хариуцагч Р.А нар
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.2.3, 40.3, 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1, 47.1.6, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсгийн 31.1.1, 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.2, 5.4, 5.7, 53 дугаар зүйлийн 53.1, 53.2, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08-02/11, 08-02/12, 08-02/13 дугаар актуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0127 дугаар магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 128/ШШ2018/0796 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.1.1, 47.1.6, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2, 53 дугаар зүйлийн 53.1, 53.2, 10 дугаар зүйлийн 10.12, 10.12.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Б-ийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагч М.М, дотоод аудитор Р.А нарт холбогдуулан гаргасан “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүүгийн хяналт, шалгалтын улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08-02/11, 08-02/12, 08-02/13 дугаар актуудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-т заасан “утга агуулгын илэрхий алдаатай” захиргааны акт болохыг дараах үндэслэлүүдээр нотолсон.
Үүнд: “... сайдын 2017 оны А/197 дугаар тушаалаар баталсан удирдамж, захиргааны актуудаас үзэхэд НТБҮТ-ийн 2015, 2016 оны эхний 6 дугаар сарын санхүүгийн үйл ажиллагааг шалгасан өмнөх шалгалтаар илэрсэн зөрчлийг дахин шалгаж тогтоохоор гүйцэтгэлийн шалгалт хийсэн нь 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Дотоод аудитын ажлын тайлангаас харагддаг. Энэ асуудлаар хариуцагч нар маргаагүй. Хариуцагч нараас гүйцэтгэлийн шалгалт гэж тайлбарлаж байгаа нь Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 53 дугаар зүйлд зааснаас үзвэл гүйцэтгэлийн шалгалт нь өмнөх шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар хяналт шалгалтын байгууллагаас өгсөн албан шаардлагын биелэлтийг хянах зорилгоор хийгддэг, заавал удирдамжийн дагуу явагддаг шалгалт биш байна. Гэтэл сайдын удирдамжид өмнөх шалгалтаар илрүүлсэн зөрчлийг дахин шалгаж тогтоох, гүйцэтгэлийн аудит хийх гэсэн нь Иргэний хэргийн анхан шатны шүүхээс үндэслэлгүй болох нь тогтоогдсоны дараа удирдамж гаргасан, өмнөх шалгалт нь хууль зүйн үндэслэлгүй талаар шүүх шийдвэрлэсэн зэрэг байдлаас болж улсын ахлах байцаагчийн шалгалтын төрөл, арга хэлбэр нь тодорхойгүй, хяналт шалгалтын хүрээ хязгаар тодорхойгүй, ямар хугацааны асуудал шалгахыг нарийвчлан тусгаагүй байна. Иймд Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлд заасан төлөвлөгөөт бус хяналт шалгалт, 53 дугаар зүйлд заасан гүйцэтгэлийн шалгалт алийг нь хийсэн, байгууллагын ямар хугацааны, ямар үйл ажиллагаанд шалгалт хийсэн нь тодорхойгүй, хяналт шалгалтын баримт бичигт тавигдах стандарт болох ямар албан тушаалтан, хуульд заасан ямар эрхийнхээ хүрээнд шалгалт хийсэн нь тодорхойгүй байх тул ... утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэх үндэслэлтэй.
4. ... дугаар актуудад “зөрчлийг дахин шалгаж тогтоох” үндэслэлээр гүйцэтгэлийн шалгалт хийсэн нь ... хуулиар тогтоосон шалгалтын зорилгод нийцээгүй.
Тухайлбал: Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т заасан “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах”, 5 дугаар зүйлийн 5.4-т заасан “хяналт шалгалтыг холбогдох асуудлын талаар урьдчилсан дүгнэлт гаргаж, түүнийгээ батлах замаар хийхийг хориглоно” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн. Улсын байцаагч 08-02/13 тоот актаар 2016 оны 9 дүгээр сараас хойш буюу удирдамжид заагаагүй хугацааны 37 гэрээгээр гүйцэтгэсэн ... зөрчлийг шалгаж тогтоосон нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-ийн "... удирдамжийн дагуу хийх”, 5.7-ийн “Хяналт шалгалтыг зөвхөн удирдамж, хяналтын хуудсанд заасан асуудлын хүрээнд хийж гүйцэтгэнэ” гэснийг зөрчжээ. Улсын ахлах байцаагч Захиргааны ерөнхий хуулийн 40.2, 40.2.3, 40.3 дугаар зүйлүүдийн заалтуудыг хэрэгжүүлээгүй, ойлгомжгүй, хууль ёсны бус удирдамжийг үндэслэн хяналт шалгалтын хамрах хугацааг хэтрүүлж шалгасан байна. Дээрх үндэслэлүүдээр 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08-02/11, 08-02/12, 08-02/13 дугаар актуудыг анхан шатны шүүхээс илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэсэн байдаг.
5. Давж заалдах шатны шүүх магадлалдаа дээрх үндэслэлүүдийг хуулийн хүрээнд нотлох баримтад тулгуурлаж хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж чадалгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Үүнд: “... тушаалын хавсралтаар батлагдсан удирдамжийн дагуу НТБҮТ-ийн 2015, 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд хэсэгчилсэн дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтыг 2017 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн ажлын 5 хоногт багтаан явуулж, гүйцэтгэлийн аудитын дүгнэлт гаргахаар байх тул үүнийг утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэх боломжгүй Өмнөх акт нь шалгалт хийх эрхгүй этгээд хийсэн гэж тайлбарласан байхад хариуцагчаас удирдамжийн дагуу хийсэн шалгалтыг утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэх үндэслэл болохгүй юм. Мөн Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 7.4, 10.12, 10.9, 10.12.2-т заасан заалтуудыг хэрэгжүүлж ажилласан болох нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэдэг нь тогтоогдохгүй байна. Удирдамжид заагдаагүй хугацааны зөрчлийг шалгаж тогтоосон нь тухайн актууд илт хууль бус болох шинжийг агуулж байгаа эсэхэд хамаарахгүй гэж тус тус дүгнэсэн байдаг. Давж заалдах шатны шүүхийн хийсэн дүгнэлтүүд нь анхан шатны шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгож хийсэн дүгнэлтүүдийг нэг бүрчлэн хууль зүйн үндэслэлтэй няцаахын оронд “Төрийн хяналт шалгалтын тухай” хуулийн холбогдох зүйл заалтуудыг, шийдвэрийг унагаах зорилгоор "... суурь мэдлэггүй хүнд ч хуульд нийцсэн байх боломжгүй, гэж үзэх үндэслэл болохгүй, тогтоогдохгүй байна,... эсэхэд хамаарахгүй юм" гэх мэтээр хэтэрхий өрөөсгөл, хийсвэр дүгнэлт хийсэн гэж үзэж байгаа болно.
6. Мөн түүнчлэн магадлалд “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан 7 шинжийг бүгдийг нь оруулж байж тухайн маргаан бүхий захиргааны акт илт хууль бус болох шинжийг агуулна” гэх дүгнэлт нь хуулийг буруу тайлбарласан алдаа гэж үзэж байна. Маргаан бүхий захиргааны актуудаар нэхэмжлэгчид “хууль бусаар олсон орлого” гэх нэр томьёо хэрэглэж ихээхэн хэмжээний мөнгөн төлбөр ногдуулсан асуудлын талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт өгсөнгүй. Хууль бус орлого болохыг улсын байцаагч нар ямар шалгуур, үндэслэлээр тогтоосон нь ойлгомжгүй, тэгээд ч тухайн шалгалтыг хийх үед ажил хариуцаж байсан захирал Л.Болортунгалагийг ажлаас нь халсан байсан тул энэ шалгалт зорилт, чиг үүргээ бүрэн биелүүлсэн гэж үзэхэд үнэхээр учир дутагдалтай байна.
7. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангахдаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.6-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1, 121.2-т заасанд нийцжээ.
9. 2016 оны 9 дүгээр сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газраас тус яамны харьяа Насан туршийн боловсролын үндэсний төвийн 2015 он, 2016 оны эхний 8 сарын санхүүгийн үйл ажиллагаанд дотоод аудит хийсэн, улмаар илрүүлсэн зөрчил, зөвлөмж, саналыг тусгасан “Дотоод аудитын ажлын тайлан”-г, мөн тус газрын даргын үүрэг гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 10/1647 дугаар “Дотоод аудитын дүгнэлт”-ийг тус тус гаргасан, үүний хэрэгжилт, зөрчлийг дахин шалган тогтоох гүйцэтгэлийн аудит хийх, дүгнэлт гаргах зорилготой ажлын хэсгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/197 дугаар тушаалаар байгуулж, ажиллах удирдамжийг нь баталсан үйл баримт тогтоогдсон, уг үйл баримтуудтай хэргийн оролцогчид маргаагүй байна.
10. Уг удирдамжийн дагуу шалгаж, ажлын хэсгээс 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зөвлөмж, дүгнэлт бүхий “Дотоод аудитын ажлын тайлан”-г гаргасан ба ажлын хэсэгт орсон санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагч М.М, дотоод аудитор Р.А нар нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т заасныг баримтлан 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08-02/11 дугаар актаар “гэрээт ажлын зардал гэж гарсан боловч гүйцэтгэлийн баримтгүй” гэх 9299.5 мянган төгрөгийг; 08-02/12 дугаар актаар “өөртөө 20-25 хувийн ур чадварын нэмэгдэл олгох тушаал гарган авсан” гэх 513,8 мянган төгрөгийг; 08-02/13 дугаар актаар “төслийн мөнгийг удирдлага, нягтлан бодогч, мэргэжилтнүүд хоорондоо гэрээ байгуулан ажлын хөлс гэж авсан” гэх 68486,5 мянган төгрөгийг тус тус захирал Л.Б, нягтлан бодогч О.Б нарт хариуцуулан төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэсэн, нэхэмжлэгч Л.Болортунгалаг нь “... Төрийн хяналт шалгалтын тухай хууль зөрчиж, гүйцэтгэлийн аудит хийх үндэслэлгүй байхад хийсэн” гэж маргаж, төлбөр тогтоосон дээрх 3 актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
11. Төсвийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “төсвийн ерөнхийлөн захирагч бүр хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, төсвийн хөрөнгө, өр, төлбөр, орлого, зарлага, хөтөлбөр, арга хэмжээ, хөрөнгө оруулалтад санхүүгийн хяналт, шалгалт хийх, үнэлэлт, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангахад чиглэсэн дотоод аудитын албыг байгуулж, дотоод аудитор ажиллуулах”-аар, 69.5-д “дотоод аудитын албаны дүрмийг Засгийн газар батлах”-аар тус тус заасан ба Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 483 дугаар тогтоолоор батлагдсан “Дотоод аудитын дүрэм”-ээр төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн төвлөрүүлэн захирагч, төсвийн шууд захирагч бүрийн дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалт явуулах журмыг зохицуулсан, уг дүрмийн 5.1-д “дотоод аудит, санхүүгийн хяналт шалгалтыг дараах хүрээнд хийнэ: ... 5.1.6. төсвийн ерөнхийлөн захирагч болон тухайн байгууллагын шийдвэрээр тусгайлан явуулах аудит” гэж заажээ.
12. Үүнээс үзвэл, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дотоод аудитын алба болох Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын ажлын хэсэг нь яамны сайдын шийдвэрийн дагуу өмнө хийгдсэн аудитын шалгалтын хэрэгжилт, үр дүнг тооцох, зөрчлийг дахин шалгаж тогтоох зорилготой “гүйцэтгэлийн аудит” хийх эрхтэй бөгөөд хэрэгжүүлэх чиг үүрэгт нь хамаарч байхад анхан шатны шүүх “... улсын ахлах байцаагчийн шалгалтын төрөл, арга хэлбэр нь тодорхойгүй, удирдамжид шалгалтын хүрээ хязгаар буюу ямар хугацааны үйл ажиллагааг нарийвчлан тусгаагүй, ... ямар албан тушаалтан, хуульд заасан ямар эрхийнхээ хүрээнд ямар хугацаанд шалгалт шалгалт хийсэн нь тодорхойгүй” гэсэн үндэслэлгүй дүгнэлтээр төлбөр тогтоосон актуудыг утга агуулгын илэрхий алдаатайд тооцсон нь буруу, зөрчлийг дахин шалгаж тогтоох нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4.1.2, 5.4-т нийцэхгүй талаар гомдол үндэслэлгүй.
13. Нөгөө талаар, нэхэмжлэгч нь “гүйцэтгэлийн аудит” явуулахаар шийдвэрлэсэн Сайдын 2017 оны А/197 дугаартай тушаалтай маргаагүй, энэ тохиолдлын хувьд уг тушаалыг хэрэгжүүлж, шалгалтын үр дүнд тогтоогдсон зөрчилд холбогдуулан үйлдсэн улсын ахлах байцаагчийн акт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-д “гүйцэтгэлийн шалгалтыг өмнөх шалгалтын явцад илэрсэн зөрчлийг арилгуулах талаар хяналт шалгалтын байгууллагаас өгсөн албан шаардлагын биелэлтийг хянах зорилгоор явуулна” гэснийг зөрчсөн гэх агуулга нь тухайн актыг хүчингүй болгох эсэхэд хамаарах үндэслэл болохоос илт хууль бус болох “утга агуулгын илэрхий алдаатай” гэх шинжид хамаарахгүй талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.
14. Түүнчлэн, Улсын ахлах байцаагчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 08-02/11, 08-02/12, 08-02/13 дугаар актуудыг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орсон Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дотоод аудитор бөгөөд санхүүгийн хяналт шалгалтын улсын ахлах байцаагчийн эрхтэй М.Мажигсүрэн үйлдсэн, дээрх дүрмийн 7.5-д “санхүүгийн хяналт шалгалтын улсын (ахлах) байцаагч нь шалгалтаар тогтоосон ажлын үр дүн, зөрчил, түүнийг арилгах талаар цаашид авах арга хэмжээг тодорхойлсон шалгалтын тэмдэглэл, санхүү, төсөв, нягтлан бодох бүртгэлийн холбогдолтой хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтны төлөх торгууль, төлбөрийг заасан нэг бүрчилсэн акт, албан шаардлага бичих”-ээр заасан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж үзэхгүй.
15. Улсын ахлах байцаагчийн 08-02/11, 08-02/12, 08-02/13 дугаар актуудад Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т “төсвийн болон хандив, тусламжийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах”, 7.1.6-д “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” /уг зүйл, заалтын оронд 08-02/13 дугаар актад 7.1.7-д “албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх” гэсэн заалтыг үндэслэсэн/, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6.2-т “төсвийн захирагч нь төсвийн асуудлаа өөрийн харьяалагдах дээд шатны төсвийн захирагчаар дамжуулан шийдвэрлүүлдэг байх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах, хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээлгэх, гэрээ байгуулах, эдгээрийг хэлэлцэх, бэлтгэх, оролцох зэрэг үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэснийг тус тус үндэслэснээс үзвэл илэрсэн зөрчлүүд нь захирал Л.Болортунгалагийн хууль зөрчсөн үйлдэлд шууд хамааралтай, энэ тохиолдолд үр дагаврыг буюу зөрчлийг арилгуулахгүй орхих, акт тогтоох ёсгүй байсан гэж үзэхгүй тул Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох,түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх”-ээр заасныг баримтлан төлбөр тогтоож Л.Болортунгалагт хариуцуулсныг буруутгаж Захиргааны ерөнхий хуулийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэдэгт хамааруулах үндэслэлгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт зөв байна.
16. Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... хууль бус орлого болохыг ямар шалгуур, үндэслэлээр тогтоосон нь ойлгомжгүй, давж заалдах шатны шүүх дүгнэлт өгөөгүй” гэх гомдол нь тухайн актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагад хамаарч хянагдах үндэслэл тул үүнийг хүлээн авах боломжгүй.
17. Мөн хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийх ажлын удирдамжийн “дөрөв”-т хамрах хүрээг 2015, 2016 оны санхүүгийн үйл ажиллагаанд гэж тодорхойлсон ба маргааны үйл баримтуудаас үзвэл төслийн ажил гүйцэтгэхээр Насан туршийн боловсрол төвийн ажилтнуудын хооронд байгуулсан 2016 оны 2 дугаар сараас 2016 оны 12 дугаар сарын хугацаанд хийгдсэн 37 гэрээ, үүнтэй холбоотой санхүүгийн баримт хянагдаж акт тогтоогдсон байхад анхан шатны шүүх нь удирдамжид заагаагүй хугацааг хамруулан шалгасан мэтээр нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан “... удирдамжид заагаагүй хугацааны 37 гэрээгээр гүйцэтгэсэн зөрчлийг шалгаж тогтоосон нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.2, 5.7-г зөрчсөн” гэх гомдлыг хангах үндэслэлгүй байна.
18. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, Насан туршийн боловсролын үндэсний төвд 2016 онд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын шалгалтын дүгнэлтийг үндэслэн Л.Б-ийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар захирлын үүрэгт ажлаас чөлөөлсөн, Л.Болортунгалаг нь “ажилд эгүүлэн тогтоолгох” болон “дотоод аудитын 2016 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд гаргасан боловч “дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсан, уг татгалзлыг шүүхийн шийдвэрээр баталжээ.
19. Мөн 2016 оны шалгалтын үр дүнд илрүүлсэн гэх санхүүгийн зөрчилд холбогдуулан тухайн үед нэхэмжлэгчид аливаа төлбөр хариуцуулаагүй, иймээс уг шалгалтаар болон нэмж илрүүлсэн санхүүгийн зөрчилд холбогдох төлбөрийг Л.Б-аар төлүүлэхээр тогтоосон Улсын байцаагчийн актууд нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх шинжийг агуулахгүй байна.
20. Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Э-ы хяналтын журмаар гаргасан “... давж заалдах шатны хийсэн дүгнэлтүүд нь анхан шатны шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгож хийсэн дүгнэлтүүдийг нэг бүрчлэн үндэслэлтэй няцаахын оронд Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг, шийдвэрийг унагаах зорилгоор хэтэрхий өрөөсгөл, хийсвэр дүгнэлт хийсэн, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийг буруу тайлбарласан, “хууль бусаар олсон орлого” гэх нэр томьёо хэрэглэж ихээхэн хэмжээний мөнгөн төлбөр ногдуулсан асуудлын талаар дүгнэлт өгөөгүй ... ” гэх гомдлыг хангах боломжгүй.
21. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 221/МА2019/0127 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ