Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 199

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

Улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

Хохирогч К.Бахыт,

Шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Ц.Бахархал /ҮД:0724/, П.Эрдэнэболор /ҮД:0240/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Эад холбогдох 1706026220382 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1996 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Орхон их сургуулийн Эдийн засгийн сургуулийн 3 дугаар курсийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хан-уул дүүргийн 5 дугаар хороо, Яармагийн 20 дугаар гудамжны 515 тоотод оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Г Э,

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:

Г.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамт ажиллаж байсан К.Бахытын итгэмжлэн хариуцуулсан “Хаан” банкны виза картнаас 740.000 төгрөгийг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Эын өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын эхээр анх намайг Зоригтбаатар ах барилгын ажил байна гэж дуудсан. Би найз Буяндэлгэртэй цуг Бахыт ах, Зоригтбаатар ах дээр очсон. Найзтайгаа нийт 12 хоног ажилласан. Ажлын дундаас Зоригтбаатар ахыг урьдчилгаа 1.200.000 төгрөг аваад алга болсон байна гэж Бахыт ах хэлсэн. Ажил зогсоод захилагч нь үлдсэн мөнгийг Бахыт ахын данс руу хийсэн. Бахыт ах тухайн үед цалин өгөх нь эргэлзээтэй байсан учраас би эргэлзсэнээсээ болоод өөрийнхөө цалинг тооцож данснаас нь 740.000 төгрөгийг авсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч К.Бахытын өгсөн: “...Энхбатын эхлээд өгсөн мэдүүлэг нь үнэн зөв байна. Намайг согтуу байсан гэж хэлж байгаа нь худлаа. Тухайн үед ажлынхаа Буяаа гэдэг хүнтэй маргалдаад хүчээр надад архи шахаад  байхаар нь би нэг, хоёр хундага уусан. Би Энхбатаас карт авахдаа эрүүл байсан. Энэ хүмүүс надаас цалин авна гэж яриад байх шиг байна. Би тэр мөнгийг өгөхгүй, Энхбатыг ажилд дагуулж ирж оруулж өгсөн Зоригтбаатар цалингийн өгөх ёстой байсан. Энхбатын аав нь миний хохирлыг барагдуулсан. Надад одоо хохирол гомдол байхгүй” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад хохирогч К.Бахытын өгсөн: “... Би бригадыг хариуцаж уг ажлыг нь явуулж байхад захирал нь одоо ажлаа болиул гээд хийсэн ажпын мөнгө болох 1.710.400 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр миний данс руу шилжүүлсэн юм. Тэгээд тэр өдөр нь би Буяагийн цалинд 300.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, мөн өдөр нь АТМ-ээс 300.000 төгрөг аваад Булгаа гэж залууд өгсөн. Тэр өдөр нь ажилчдын гэрийг буулгаад ачиж явах гэсэн чинь Буяа гэдэг залуу нь дутуу цалин авсан, үлдсэн мөнгөнийхөө оронд гэрийг чинь барьцаална гээд гэр ачуулахгүй байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгөөд цагдаа нар ирээд араас хүрээд ир гэж хэлээд Буяа бид хоёрын иргэний үнэмлэхийг аваад явчихсан. Тэгэхээр нь би араас нь цагдаа руу очихдоо манай ажиллаж байсан Энхбат гэж залууд гар утас виза картаа үлдээгээд тээврийн мөнгө 40.000 төгрөгийг эндээс аваад өгчихөөрэй гэж хэлсэн. Тэгээд орой нь Энхбат надтай уулзаад миний утас карт хоёрыг өгсөн, тэгэхээр нь өнөөдөр оройтчихлоо маргааш хүмүүсийнхээ цалин мөнгийг өгье гээд картаа аваад үлдсэн. Тэгээд маргааш нь картнаасаа мөнгө авах гэсэн чинь картанд ямар ч мөнгө байхгүй байсан... Энхбат нь гэрийн түрээс болох 100.000 төгрөг болон тээврийн хөлсний 65.000 төгрөг авах ёстой байсан өөр мөнгө авах ёсгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.14-15/,

Мөрдөн байцаалтад Г.Эын гэрчээр өгсөн: “... надад К.Бахыт ах Хаан банкны виза картаа, гар утастайгаа хамт өгөөд картнаас мөнгө аваад гэрийн түрээсийн мөнгө тээврийн зардалтай өгөөрэй гээд нууц дугаараа хэлж өгсөн. Тэгээд Яармаг руу гэрээ буулгахаар замд явж байхад араас утасдаад надад дансны дугаар өгөөд энэ данс руу 200.000 төгрөг шилжүүлчих гэж хэлсэн. Тэгээд Яармагийн 1 дүгээр буудлын АТМ-ээс гэрийн түрээсийн мөнгө, тээврийн зардлын мөнгө болох 165.000 төгрөг авахдаа надад өгсөн данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Яармагт очоод гэрээ буулгачихаад буцах замдаа дур мэдэж Бахытын данснаас 740.000 төгрөгийг аваад 300.000 төгрөгийг нь өөртөө аваад цуг ажиллаж байсан Буяндэлгэрт 300.000 төгрөгийг нь өгөөд 140.000 төгрөгийг нь бас Энхтайван гэж хүний данс руу шилжүүлсэн. Тэгээд Офицерийн буудлаас очиж Бахыт ахыг аваад орой гэрийнх нь буудал дээр буулгахдаа гар утас болон виза картыг нь өгөөд салаад явчихсан тэрнээс хойш холбоо бариагүй...” гэх мэдүүлэг /хх.16/,

Хохирогч К.Бахытын “ХААН” банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.6/,

Мөрдөн байцаалтад гэрч Д.Ганболдын өгсөн мэдүүлэг /хх.17/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх.19/,

Бусдад мөнгө шилжүүлсэн болон шүүгдэгчийн хувийн байдлын талаар шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө шинээр гаргаж өгсөн 5 хуудас баримт зэрэг болно.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

   Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Г.Э нь 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барилгын ажилд хамт ажиллаж байсан К.Бахытын итгэмжлэн хариуцуулсан Хаан банкны виза картнаас 740.000 төгрөгийг авч завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч К.Бахытын өгсөн: “... Тэгэхээр нь би араас нь цагдаа руу очихдоо манай ажиллаж байсан Энхбат гэж залууд гар утас виза картаа үлдээгээд тээврийн мөнгө 40.000 төгрөгийг эндээс аваад өгчихөөрэй гэж хэлсэн. Тэгээд орой нь Энхбат надтай уулзаад миний утас карт хоёрыг өгсөн, тэгэхээр нь өнөөдөр оройтчихлоо маргааш хүмүүсийнхээ цалин мөнгийг өгье гээд картаа аваад үлдсэн. Тэгээд маргааш нь картнаасаа мөнгө авах гэсэн чинь картанд ямар ч мөнгө байхгүй байсан... Энхбат нь гэрийн түрээс болох 100.000 төгрөг болон тээврийн хөлсний 65.000 төгрөг авах ёстой байсан өөр мөнгө авах ёсгүй байсан...” гэх мэдүүлэг /хх.14-15/,

Мөрдөн байцаалтад Г.Эын яллагдагчаар өгсөн: “Зоригтбаатар гэж манай цэргийн он жав намайг барилгын ажил хийх үү гэж дуудсан, тэгэхээр нь тэгье гээд би найз Буяндэлгэрийг дуудаад хамт Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, ногоон зооринд очсон. Тэгээд очиход Зоригтбаатар Бахыт ах хоёр бригад ахалж байсан. Тэгээд Буяндэлгэр бид хоёр эхний хэд хоног ажиллаад ажлыг нь жигдрүүлсэн, тэгээд нийт 12 хоног ажиллаад байж байхад захиалагч компани нь манай ажлыг зогсоогоод гүйцэтгэлийн мөнгийг Бахыт ах руу шилжүүлсэн. Тэгээд цалин дээрээс маргаан гараад өрлөгчин Буяа ах цалингаа гүйцээж авна гээд маргаан болсон. Тухайн үед манай найз Буяндэлгэр өөрийнхөө гэрийг ажил дуустал бригаддаа түрээсэлсэн байсан. Тэгсэн өрлөгчин Буяа ах манай гэрийг цалингийн барьцаанд авна гээд уурлаж байх үеэр нь би цагдаа дуудсан, тэгсэн цагдаа ирээд Бахыт ахыг маргаан хийсэн өрлөгчин Буяа ах хоёрыг авч явахаар болсон. Тэгсэн Бахыт ах “Хаан” банкны картаа гэрийн түрээсийн мөнгө болон, тээврийн зардал, надаас авсан 15.000 төгрөгөө аваарай гэж надад карт өгсөн. Тэгээд би гэрээ ачаад Яармаг руу буулгахаар явж байхдаа эхлээд тээврийн зардал гэрийн түрээсийн мөнгө 165.000 төгрөгийг картнаас нь уншуулаад авсан, тэгээд буцаж байх замдаа 700.000 төгрөгийг өөрсдийн цалинд тооцож авсан. Тэгээд Бахыт ахтай уулзаж карт утсыг нь орой өгсөн. Тэгээд тэрнээс хойш Бахыт ахтай холбоо бариагүй байсан... Уг мөнгөнөөс 300.000 төгрөгийг найз Буяндэлгэртээ өгсөн. 100.000 төгрөгийг хамт ажиллаж байсан нэрийг нь одоо сайн санахгүй байна хүн рүү өгсөн. Найз Буяндэлгэр Солонгос улс руу 3 жилийн гэрээгээр ажил хийхээр явчихсан одоо фейсбүүкээр холбогдож байгаа. Хамт ажиллаж байсан 100.000 төгрөг авсан хүний утасны дугаар гэрийн хаяг нэрийг нь ч мэдэхгүй байна. Нийт 865.000 төгрөг авсан. 165.000 төгрөг нь тээврийн зардалд 50.000 төгрөг, гэрийн түрээс 100.000 төгрөг, надаас зээлсэн 15.000 төгрөг. Цалинд бодож авсан 700.000 төгрөг. Тэр ахад шилжүүлсэн 100.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, тэгэхээр дансны хуулгаар гараад ирнэ. 300.000 төгрөгийг найз Буяндэлгэрт бэлнээр өгсөн. Бид нарт цалин өгөхгүй нэг бол дараагийн ажлаас цалин өгнө гэхээр нь өгөхгүй байх гэж бодоод авчихсан юм. Хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. Зоригтбаатар намайг ажил хийе гэж дуудсан, тухайн үед Бахыт бригадын дарга хийж байсан. Бахыт ах нэг өдрийн цалинг 35.000 төгрөгөөр тооцоод хоол үнэгүй байрлаж ажиллуулна гэсэн. 12 хоног ажилласан, нийт 420.000 төгрөг авах ёстой байсан, мөн манай найз Буяндэлгэр бас 420.000 төгрөг авах ёстой байсан. Мөн хамт ажилласан ах 5 хоног ажилласан 175.000 төгрөг авах ёстой байсан. Захиалагч компани нь өдөр болгон хөдөлмөр хамгаалал дээр гарын усэг зуруулж баисан. Цалингаа өгөөгүй асуудлаас болж манай нэг ажилтан маань Бахыт ахтай зодоон хиисэн тэгээд цагдаа дуудаад цагдаа ирэхээс өмнө Бахыт ахыгаа явуулсан, тэгээд цагдаа ирээд цагдаатай хамт явах болоод надад картаа өгөөд утсаа өгөөд кодоо хэлээд 165.000 төгрөг аваарай гэсэн” гэх мэдүүлэг /хх.32-33/,

Хохирогч К.Бахытын “ХААН” банкны дөпозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх.6/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Эын өгсөн: “...2017 оны 9 дүгээр сарын эхээр анх намайг Зоригтбаатар ах барилгын ажил байна гэж дуудсан. Би найз Буяндэлгэртэй цуг Бахыт ах, Зоригтбаатар ах дээр очсон. Найзтайгаа нийт 12 хоног ажилласан. Ажлын дундаас Зоригтбаатар ахыг урьдчилгаа 1.200.000 төгрөг аваад алга болсон байна гэж Бахыт ах хэлсэн. Ажил зогсоод захилагч нь үлдсэн мөнгийг Бахыт ахын данс руу хийсэн. Бахыт ах тухайн үед цалин өгөх нь эргэлзээтэй байсан учраас би эргэлзсэнээсээ болоод өөрийнхөө цалинг тооцож данснаас нь 740.000 төгрөгийг авсан” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч К.Бахытын өгсөн: “...Энхбатын эхлээд өгсөн мэдүүлэг нь үнэн зөв байна. Намайг согтуу байсан гэж хэлж байгаа нь худлаа. Тухайн үед ажлынхаа Буяаа гэдэг хүнтэй маргалдаад хүчээр надад архи шахаад  байхаар нь би нэг, хоёр хундага уусан. Би Энхбатаас карт авахдаа эрүүл байсан. Энэ хүмүүс надаас цалин авна гэж яриад байх шиг байна. Би тэр мөнгийг өгөхгүй, Энхбатыг ажилд дагуулж ирж оруулж өгсөн Зоригтбаатар цалингийн өгөх ёстой байсан. Энхбатын аав нь миний хохирлыг барагдуулсан. Надад одоо хохирол гомдол байхгүй” гэх мэдүүлэг зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдлоо.

             Харин шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “Г.Э нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдэг нь тогтоогдоогүй, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлэг нь харилцан зөрүүтэй, цалингаа авахын тулд хохирогч К.Бахытын данснаас мөнгө авсан нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй учир хэрийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгана уу” гэх тайлбар, дүгнэлт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар үгүйсгэгдэн няцаагдана.

            Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Эыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

            Иймд Г.Эыг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэргийн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцсон болно.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Г.Эын “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон эрүүгийн хариуцлагыг түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.

             Шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Г.Эын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдлууд, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэв.

             Г.Эад ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

            Шүүгдэгч Г.Эад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах эсэхийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэхийг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

            Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 740.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдвал зохино.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Х овогт Г Э “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эад хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, Г.Эад хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах эсэхийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэхийг түүнд мэдэгдсүгэй.

4. Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 740.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Эад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

         ШҮҮГЧ                                                  С.ӨСӨХБАЯР