Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 322

 

   Г.Э-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: 

прокурор Х.Ням-Эрдэнэ,

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Ц.Бахархал,

нарийн бичгийн дарга Б.Анхзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 199 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Э-н өмгөөлөгч Ц.Бахархалын гаргасан давж заалдах гомдлоор Г.Э-д холбогдох эрүүгийн 170602622 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овогт Г-н Э, 19... оны ... дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ...... сургуулийн ......... сургуулийн 3 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ........ дүүргийн .. дугаар хороо, ........... дугаар гудамж, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .................../;

Г.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамт ажиллаж байсан К.Б-н итгэмжлэн хариуцуулсан “Хаан” банкны виза картнаас 740.000 төгрөгийг авч завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Э-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Г.Э-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Э-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар Г.Э-д хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд гэмт хэрэг үйлдсэн, хүлээлгэсэн үүргийг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах эсэхийг прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэхийг түүнд мэдэгдэж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохиролд 740.000 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.Э-н өмгөөлөгч Ц.Бахархал давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх заалтад “Г.Э-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон”-д давж заалдах гомдол гаргаж байна. Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг нь шууд санаатай, шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэртэй байдаг. Гэтэл энэ хэрэгт Г.Э нь хөрөнгө завших гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй байсныг шүүх тогтоосонгүй. Үүнд:

Субьектив талын шинж буюу гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, сэдэл зорилгыг зөв тодорхойлоогүй бөгөөд энэ байдлыг зөв тогтоосноор хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлийг няцаана. Учир нь хохирогч К.Б нь барилгын бригад нэрээр Г.Э болон хэсэг залуусыг 12 хоног газар шорооны ажил хийлгэсэн боловч тухайн ажлын хөлс гэж өгсөн мөнгийг К.Б-н дансанд хийх үед К.Б өөртөө авахаар завдсанд зарим залуус нь ажлын хөлсөө нэхэн хэл ам хийж, зодоон үүсгэж байсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт К.Б-н өгсөн “...Би бригадыг хариуцаж ажиллаж байх үед захирал нь одоо наад ажлаа болиул гээд хийсэн ажлын хөлс болох 1.710.400 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр миний данс руу шилжүүлсэн” гэж хэлж байсан. Энэ мөнгө нь тэнд ажилласан хүмүүсийн цалин хөлс болохыг өөрөө хэлж байсан. Мөн “2017 оны 9 дүгээр сарын 24-нд ажлын хөлс өгсөн өдөр Буяагийн цалинд 300.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Гэтэл Буяа “дутуу цалин авлаа, үлдсэн мөнгөнийхөө оронд гэрийг чинь барьцаална” гэж хэрүүл, зодоон үүсгэсэн. Цагдаагийн газар очсоны дараа Г.Э руу яриад нэмж 200.000 төгрөгийг данснаасаа шилжүүлсэн” гэх. Мөн К.Б нь Г.Э-д “гэрийн түрээсийн мөнгө болон тээврийн зардал, өөрөөс нь зээлсэн 15.000 буюу нийт 165.000 төгрөгийг өөрийнхөө данснаас авахыг зөвшөөрсөн” гэдэг бөгөөд харин “цалин хөлсөө авахыг нь зөвшөөрөөгүй” гэдэг. “Г.Э болон түүний найз Буяндэлгэр болон бусад хүмүүс цалин гэж бодож олгоогүй болохоо өөрөө хэлсэн бөгөөд өгөх ч хүсэл сонирхолгүй, өгөхгүй гэж байсан нь” шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх.

Энэ бүхнээс харахад хэрэг гарах шалтгаан нөхцөл нь зөвхөн хохирогч К.Б-тай салшгүй холбоотой бөгөөд одоогийн байдлаар өөрийн хохирлоо барагдуулсан, гомдолгүй гэх атлаа бусдад өгөх цалинг олгохгүй гэж байгаа нь хууль зөрчсөн, бусдын хөдөлмөрийг мөлжсөн гэмт үйлдэл болно.

Шүүх, прокурор яагаад К.Б-г бусдын хөдөлмөрийг мөлжсөн буюу хөрөнгө завшсан гэж үзэхгүй байна вэ, энэ хүн яагаад Г.Э болон бусад хүмүүсийн хөлсийг өгөхгүй байна вэ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д “Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэлийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн хангах тухай, эсхүл хэлэлцэхгүй орхих үндэслэл нь юу байв.

Гэмт хэрэг гарах үндсэн нөхцөл нь цалин хөлсийг өгөхгүй байсантай холбоотой, гэмт хэргийн сэдэл, зорилго нь цалин хөлсөө тооцож авах. Үүнээс үзвэл ямар нэгэн гэмт хэргийн шинжгүй байна. Энэ нь Үндсэн хуульд заасан “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, цалин хөлс авах” үндсэн эрхээс улбаатай бөгөөд “бригад” гэсэн нэршилтэй хууль зөрчдөг хэсэг бүлэг этгээдүүдээс улбаатай байна.

Карт эзэмшигч К.Б болон Г.Э нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа буюу хөдөлмөрийн харилцаанд орсон асуудал байна. Г.Э-н цалин хөлсийг өгөөгүй бөгөөд өөртөө завшиж буй нь хуульч бидний нүдэн дээр гэмт хэрэг үйлдэж байна. Иймд Г.Э-н үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэргийн субьектив талын шинжийг дахин судлуулж, гэм буруутай эсэхийг тогтоолгох, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй учир хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Г.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Нэмж хэлэх тайлбар байхгүй...” гэв.

Прокурор Х.Ням-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч К.Б нь хамт ажилладаг Г.Э-д итгэж, өөрийн гар утас, виза картыг үлдээгээд явсан. К.Б нь гэрийн мөнгө шилжүүлээрэй гэж хэлснээс биш өөрийнхөө цалинг данснаас аваарай гэж хэлээгүй. Г.Э нь 12 өдөр ажилласан байсан бөгөөд цалинтай  холбоотой асуудлыг иргэний журмаар нэхэмжлэх ёстой байсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

     ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Г.Э-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Г.Э нь 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хамт ажиллаж байсан К.Б-н итгэмжлэн хариуцуулсан “Хаан” банкны виза картнаас 740.000 төгрөгийг авч завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч К.Б-н “...Би 2017 оны 9 дүгээр сард спорт цогцолборт өрлөгийн ажил хийсэн... Би бригадыг хариуцан ажиллаж байхад захирал нь “одоо ажлаа болиул” гэж хэлээд хийсэн ажлын төлбөр болох 1.710.400 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр миний 5180524645 тоот данс руу шилжүүлсэн. Тухайн өдөр би Буяагийн цалинд 300.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн, мөн АТМ-ээс 300.000 төгрөг аваад Булгаа гэдэг залууд өгсөн. Тэгээд тэр өдөр ажилчдын гэрийг буулгаад ачиж явах гэтэл Буяа гэх залуу дутуу цалин авсан, үлдсэн мөнгөнийхөө оронд гэрийг чинь барьцаална гээд гэр ачуулахгүй байсан. Тэгэхээр нь цагдаа дуудсан ба цагдаа нар ирээд “араас хүрээд ир” гэсэн. Би цагдаа руу очихдоо хамт ажиллаж байсан Г.Э гэж залууд гар утас болон виза картаа үлдээгээд тээврийн мөнгө 40.000 төгрөгийг эндээс аваад өгчихөөрэй гэж хэлсэн. Тэгээд орой нь Э надтай уулзаад миний гар утас, карт хоёрыг өгсөн. Би “өнөөдөр оройтчихлоо маргааш хүмүүсийнхээ цалинг өгье” гээд картаа аваад үлдсэн. Маргааш нь картнаасаа мөнгө авах гэтэл картанд ямар ч мөнгө байхгүй байсан... Би Г.Э-д гэрийн түрээс болон унааны зардал 165.000 төгрөг, Буяагийн данс руу 200.000 төгрөг шилжүүл гэж хэлсэн. Г.Э 740.000 төгрөгийг дураараа миний данснаас авсан...” /хх 14-15/,

Хохирогч К.Б-н Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх 6/, шүүгдэгч Г.Э-н Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга /хх 61/, Г.Э-н яллагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх 32/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Г.Э-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Прокуророос Г.Э-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, хэргийг шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Г.Э-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн нь тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байх ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.Э-н өмгөөлөгч Ц.Бахархалаас “...Г.Э-н үйлдэл нь хөрөнгө завших гэмт хэргийн субьектив талын шинжийг агуулаагүй, гэмт хэргийн шинжгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 Учир нь, хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд К.Б нь Г.Э-д гэрийн мөнгө болох 165.000 төгрөг авахыг зөвшөөрч виза картыг, нууц дугаарын хамт өгсөн, гэтэл Г.Э нь “12 хоног цалин өгөөгүй” гэсэн шалтгаанаар 740.000 төгрөгийг хохирогчийн данснаас авсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

   Шүүгдэгч Г.Э-н ямар зорилгоор виза картнаас мөнгө авах нь, мөн уг мөнгийг цааш хэрхэн зарцуулсан нь хэрэгт хамааралгүй бөгөөд хохирогч К.Б нь Г.Э-д итгэж, өөр зорилгоор карт болон дансны дугаараа үлдээсэн байхад уг данснаас мөнгө авч байгаа үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж үзэхээр байна.

  Иймд Г.Э-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бахархалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

    Харин анхан шатны шүүх Г.Э-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхдээ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад мэдэгдэх үүргийг аль байгууллагад хүлээлгэсэн нь ойлгомжгүй, “эрх бүхий байгууллагад” гэж биелэгдэх боломжгүй байдлаар бичсэн байх тул шийтгэх тогтоолд энэ талаар зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.