Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00225

 

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Ж-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/02399 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Х.Ж-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Д-д холбогдох, 2018 оны 07 сарын 23-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, уг гэрээний дагуу шилжүүлсэн 3 500 000 төгрөгийг буцаан гаргуулах, ТҮЦ-ний засварын зардал 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Ж-, түүний өмгөөлөгч Г.Минжмаа, хариуцагч Г.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Х.Ж- миний бие 2018 оны 07 сарын 23-ны өдрийн шуурхай зар сонин дээрээс Байрлал сайта түц зарна, ТҮЦ түрээслүүлнэ гэсэн зарын дагуу хариуцагч Г.Д-тэй холбогдоход ашиг сайн олдог, газрын асуудал байхгүй, ямар нэгэн асуудал гарвал би бүгдийг зохицуулна гэсэн. Ингээд 2018 оны 07 сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийн 3 500 000 төгрөгөөр худалдан авч, 500 000 төгрөгийн засвар хийсэн. Тэгсэн удалгүй ТҮЦ-ний засвар дуусаад ажиллуулах гэтэл 2018 оны 07 сарын 31-ний өдөр зөвшөөрөлгүй ТҮЦ, энэ газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй гээд газрын албанаас хураагаад аваад явсан. Хариуцагч Г.Д- нь ТҮЦ-ийг үйл ажиллагаа явуулах боломжгүй, хураагдах байсан нөхцөл байдлын талаар хууран мэхэлж хийсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, уг хэлцлээр шилжүүлсэн 4 000 000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Г.Д- миний бие 2018 оны 07 сарын 23-ны өдрийн шуурхай зар сонин дээр ТҮЦ зарна гэсэн зар тавьсан. Миний ТҮЦ Бөмгөгөр худалдааны төв рүү явдаг автобусны буудал дээр байрлагдсан байсан. Би хүнээс зарын дагуу энэ ТҮЦ-ийг 4 500 000 төгрөгөөр худалдан авч, 6 сарын турш үйл ажиллагаа явуулахад ашиг орлого сайтай байсан. Тухайн үед эхнэрийн бие өвдөж эмчилгээний зардлын мөнгө гарах болсон шалтгаанаар зар өгч Х.Ж- гэгч хүнд зарсан юм. Тухайн үед бид хоорондоо гэрээ хийж ТҮЦ-ээ зарж мөнгө өгч авалцсанаас хойш ямар нэгэн маргаан байхгүй гэж гэрээ хийж өгч, авалцсан. Иймд энэ хүнд зарсан наймаагаа буцааж, мөнгө буцааж өгөх ямар ч үндэслэлгүй гэж миний зүгээс үзэж байгаа болно гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Д-ээс 1 750 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ж-д олгож, гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулах болон 2 250 000 төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149 200 төгөргийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 42 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хариуцагчаас 1 750 000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Шүүх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагаас хальж, нэхэмжлэгчийн шаардаагүй зүйлийг өөрийн санаачилгаар шийдвэрлэн дүгнэлт гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2 дахь хэсэгт заасныг ноцтой зөрчжээ. Тухайлбал, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ТҮЦ-д ямарваа нэгэн газар эзэмших, ашиглах зөвшөөрөл олгогдоогүй зөөврийн байгууламж юм. Гэтэл эрхийн доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн мэтээр дүгнэсэн нь Газрын тухай хууль, хэрэгт авагдсан баримттай нийцэхгүй байна. Түүнчлэн биет байдлын доголдлыг арилгахад шаардлагатай хэмжээг хэрхэн тогтоосон нь ойлгомжгүй, ийм ажиллагаа хийгдээгүй атлаа хэлцлийн тал хувийг үндэслэлгүйгээр гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Х.Ж- нь хариуцагч Г.Д-д холбогдуулан, 2018 оны 07 сарын 23-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, уг гэрээний дагуу шилжүүлсэн 3 500 000 төгрөгийг буцаан гаргуулах, ТҮЦ-ний засварын зардал 500 000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2018 оны 07 сарын 23-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, худалдагч Г.Д- нь баруун 4 замын автобусны буудал дээр байрлах ТҮЦ-ний зориулалтаар ашиглаж буй 3 х 2.5 хэмжээтэй ТҮЦ-ийг дотор вакум хаалга, лангуу, тавиурын хамт худалдах, худалдан авагч Х.Ж- нь ТҮЦ-ний үнэд 3 500 000 төгрөгийг төлөх нөхцөлийг талууд тус тус харилцан тохиролцсон байна. /хх 10/

 

Анхан шатны шүүх талуудын дээрх тохиролцоог Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа хэмээн зөв тодорхойлсон боловч Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүргийг хүлээдэг.

 

Худалдан авагч Х.Ж-ын хүсэл, зориг нь ашигтай байршил бүхий, ТҮЦ-ийн зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг худалдан авч, улмаар түүнийг үргэлжлүүлэн ажиллуулах явдал байсан ба энэ нь гэрээний зүйлийн үнийг тодорхойлох хүчин зүйл болсон байна.

 

Худалдагч Г.Д- нь эрх бүхий байгууллага, албан тушаалтны зөвшөөрөлгүй буюу эрхийн зөрчилтэй эд хөрөнгийг худалдсан болох нь Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 04 сарын 24-ний өдрийн 15/611 тоот албан бичиг /хх 19/, нэхэмжлэгчийн ...зөвшөөрөлгүй ТҮЦ, энэ газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй гээд газрын албанаас хураагаад аваад явсан... гэх, хариуцагчийн ...Чингэлтэй дүүргийн худалдаа, үйлчилгээний хэлтэст өргөдөл, хүсэлтээ өгөх хэрэгтэй гэж хэлж байсан. ТҮЦ-ийг худалдах, худалдан авах гэрээ хийснээс хойш бүх асуудлыг та өөрөө биеэрээ хариуцна гэж хоёулаа гарын үсэг зурж баталгаажуулсан... /хх62-63/ гэх тайлбаруудаар тогтоогджээ.

Тодруулбал, Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 04 сарын 21-ний өдрийн 56 дугаар тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулах журам-ын 2.1.1-д түргэн үйлчилгээний цэгийн байгууламж нь тухайн дүүргээс зөвшөөрөгдсөн түр байршилд байрлана гэж, 4.3-т Дүүргээс зөвшөөрөгдөөгүй байршилд үйл ажиллагаа явуулах-ыг хориглоно гэж тус тус зохицуулсан байдаг.

 

Дээрх эрхийн зөрчил арилах эсэх нь зохигчдоос үл шалтгаалах буюу эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрээс хамаарах байтал анхан шатны шүүх доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр анхны үнийг бууруулахаар шаардах эрхтэй хэмээн дүгнэж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Худалдах, худалдан авах гэрээний зүйл нь анхнаасаа эрхийн зөрчилтэй, худалдан авагчийн хүсэл, зоригийн дагуу ашиглагдах боломжгүй эд хөрөнгө байх тул нэхэмжлэгч Х.Ж- нь 2018 оны 07 сарын 23-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-нээс Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар татгалзаж, ТҮЦ-ний үнэд төлсөн 3 500 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй юм.

 

Харин хэрэгт авагдсан зарлагын баримт /хх 6, 7, 12/-аар тухайн ТҮЦ-т засвар, үйлчилгээ хийсэн гэж үзэх боломжгүй учир засварын зардал гэх 500 000 төгрөгийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Мөн хэргийн баримт, зохигчдын тайлбараар хариуцагч Г.Д- нь нэхэмжлэгч Х.Ж-ыг хуурч, мэхэлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр талуудын хооронд байгуулагдсан Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй юм.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд хариуцагч Г.Д-ээс 1 750 000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Х.Ж- давж заалдах гомдол гаргаагүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, холбогдох хууль хэрэглээний өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Хэрэгт авагдсан Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 он/ы 04 сарын 24-ний өдрийн 15/611 тоот албан бичиг, түүнд хавсаргасан фото зураг /хх 19-20/-аас үзэхэд маргаан бүхий ТҮЦ-ийн зориулалттай эд хөрөнгө нь журмын хашаанд байгаа болох нь тогтоогдож байх тул хариуцагч Г.Д- нь холбогдох зардал, хураамжийг төлж буцаагдсан ТҮЦ-ийг авахад энэхүү магадлал саад болохгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 22-ны өдрийн 181/ШШ2020/02399 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Д-ээс 1 750 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ж-д олгож, үлдэх 2 250 000 төгрөгт холбогдох шаардлага болон 2018 оны 07 сарын 23-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч Г.Д-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 42 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Д.НЯМБАЗАР