Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2020/02399

 

 

 

 

 

 

 

                  2020        09           22  

                                      181/ШШ2020/02399

          

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

нэхэмжлэгч: тоотод оршин суух, Х.Ж /РД:................../-ын

хариуцагч: тоотод оршин суух, Г.Д /............/-д холбогдох,

гэрээ хүчин төгөлдөр бусад тооцуулах, 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Ж, хариуцагч Г.Д, хариуцагчийн өмгөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Хандсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Х.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн шуурхайн зар сонин дээрээс “байрлал сайтай түц зарна, түц түрээслүүлнэ” гэсэн 91918371 дугаарын утастай зараар холбогдож ярилцаад түцийг нь үзсэн. Баруун 4 замын автобусны буудлын хойшоо Бөмбөгөр худалдааны төврүү явдаг автобусны буудал дээр байрлаж байсан. Надад Д хэлэхдээ түцийг ашиг сайн олдог, газрын асуудал байхгүй, газрын ямар нэгэн асуудал гарвал би бүгдийг зохицуулна гэхээр нь 3.500.000 төгрөгөөр 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ хийн худалдан авч, 500 000 төгрөгөөр засвар хийсэн. Засвар дуусаад яг ажиллуулах гэтэл 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр зөвшөөрөлгүй түц, энэ газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй гээд газрын албанаас хураагаад аваад явсан.

Би энэ асуудлыг шийдвэрлүүлэх гэж шүүхэд 3 удаа нэхэмжлэл өгч 2 удаа эрэн сурвалжлуулж олсон. Энэ хүнийг эрэн сурвалжлуулах явцад хаягаа байнга буруу хэлж хүндрэл учруулж байсан. Би 2 жил 2 сарын хугацаанд маш их чирэгдэлтэй байсан. Би ТҮЦ худалдаж авсан мөнгө, засвар хийсэн мөнгөө олж авах гэж баримт цуглуулж өгсөн. 4,000,000 төгрөгөө гаргуулж авах нэхэмжлэл гаргасан гэв.

Г.Д түц ямарч асуудал байхгүй, ашиг сайн олдог, оюутан ирэхээр олон хүний хөлд байрладаг болохоор өдрийн 700.000-1.000.000 төгрөгийн ашиг олдог. Та 2  сар ажиллуулахад л бүх гаргасан зардлаа нөхнө, ямар нэг асуудал гарвал Д би бүгдийг зохицуулна гэж хэлээд байсан.

Түцийг ажиллуулах үйл ажиллагаа явуулах боломжгүй, хураагдах байсан нөхцөл байдлын талаар намайг хууран мэхэлж хийсэн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, талуудын уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлийг харилцан буцаалган хариуцагчаас 4.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Д шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцож, нэхэмжлэлийг үл зөвшөөрч гаргасан тайлбартаа:Миний бие 2018 оны 7 дугаар сарын 23-ны шуурхай зар сонин дээр түц зарна гэсэн зар тавьсан. Миний түц Бөмбөгөр худалдааны төврүү явдаг автобусны буудал дээр байрладаг байсан. Би энэ түцийг хүнээс зарын дагуу 4.500.000 төгрөгөөр худалдан аваад 6 сар ажиллуулахад ашиг орлого сайтай ажиллаж байсан. Тухайн үед эхнэрийн бие өвдөөд эмчилгээний зардлын мөнгөгүй улмаас Х.Жд зарсан. ТҮЦ-ийг үзэж үнэ тохироод бид хоорондоо гэрээ хийж 2 тал ямар нэгэн маргаан байхгүй гэж өгч авалцсан. Би Жд газрын албанд хурдан өргөдлөө гаргаж өгөөрэй, ТҮЦ эрхлэгчдийн асуудлыг нааштай хандаж байгаа гэдгийг хэлсэн. Тухайн үед манай эхнэр сэхээнд орсон байсан тул утсаа авах боломжгүй байсан. Гэтэл намайг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст уг асуудлаар шалгуулсан, шалгаад хэрэгсэхгүй болгосон. Жтай зөвшилцөөд Жыг чи залуу хүн юм чинь биччих гэхээр нь би бичээд Ж гарын үсэг зурсан. Тухайн үед наймаа хийгдээд дууссан асуудал. Мөнгө шилжиж гэрээ байгуулснаас хойш Ж гуай өөрөө хариуцах ёстой гэсэн байр суурьтай байна. Энэ хүнд зарсан наймаагаа буцаахгүй. Мөнгө буцаан өгөх ямар ч үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

                                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

  

   Нэхэмжлэгч Х.Ж нь Г.Дд холбогдуулан гэрээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, гэрээний үнэ 3 500 000 төгрөг, засварын зардалд 500 000 төгрөг,бүгд 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд шаардлагаа дэмжин оролцлоо.

Хариуцагч Г.Д нэхэмжлэлийг үл зөвшөөрч, шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцон,үзэж шалгаад худалдаж авсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргана.

Иргэн Г.Д нь Х.Жтай 2018 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Баруун 4 замын автобусны буудал дээр байрлах ТҮЦ-ий зориулалтаар ашиглаж буй 3х2,5 хэмжээтэй ТҮЦ-ийг дотор нь вакум хаалга, лангуу нэг ширхэг хойд тавиурын хамт 3 500 000 төгрөгөөр худалдах тухай хэлцэл хийсэн, Г.Д нь ТҮЦ-ийн цонхны доорхи цөмөрсөн хэсгийг өөрийн мөнгөөр янзалж өгөхөөр тохирсон болох нь/хэргийн 10/  талуудын хооронд хийгдсэн худалдах худалдан авах гэрээ, талуудын тайлбараар нотлогдоно.

Энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.”Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.”гэж заасан агуулга бүхий худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Худалдан авагч Х.Ж ТҮЦ-ээ хүлээн аваад засварлаж байхад нь 2018 оны 8 сард Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас баруун 4 зам “Элба”төвийн автобусны буудал дээр зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ-ийг албадан буулгаж журмын хашааруу зөөж авч явсан үйл баримт бий болсон.

Х.Ж тохирсон мөнгө болох 3 500 000 төгрөгийг Г.Дд өгсөн, ТҮЦ-ийг уг байрлалд нь хүлээн авсан үйл баримтад талууд маргаагүй.

Харин худалдагч Г.Д нь хэлцэл хийхдээ хууран мэхэлсэн эсэх, гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэстэй эсэх талаар талууд маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.

Х.Ж байрлал сайтай орлого олох боломжтой гэж хуурсан, үйл ажиллагаа явуулах боломжгүй хураагдах байсан ТҮЦ худалдсан тул хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардаж байгаа үндэслэлээ тайлбарлана.

Худалдах худалдан авах 2 талын гэрээ нь шаардах эрх ба гүйцэтгэх үүргийн үндэслэл болдог.

Нийтийн эзэмшлийн газар дээр худалдаа үйлчилгээ аж ахуйн үйл ажиллагаа эрхлэн явуулах болон өөрийн өмчлөлийн үйлчилгээ эрхлэх байрыг байрлуулахад тухайн газрыг эзэмших ашиглах эрх олгогдсон байх шаардлагатай.

Монгол Улсын Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3.”Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна.”, 32 дугаар зүйлийн 32.1.”Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана.”гэж зохицуулсан.

Энэ талаар холбогдох баримтыг нэхэмжлэгч тал болон маргаж байгаа хариуцагч тал шүүхэд ирүүлээгүй мэтгэлцээний үндэслэлээ нотлоогүй болно.

Талуудын хэлцлээр, баруун 4 замын автобусны буудал дээр байрлах ТҮЦ-ий зориулалтаар ашиглаж буй 3х2,5 хэмжээтэй ТҮЦ-ийг дотор нь вакум хаалга, лангуу нэг ширхэг хойд тавиурын хамт 3 500 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон, гэрээний зүйл нь ТҮЦ буюу худалдаа эрхлэх 3х2,5 хэмжээтэй байр байна.

Гэрээний гол нөхцөл нь худалдаа эрхлэх зориулалттай байрыг худалдагч Г.Д нь худалдан авагч Х.Жд шилжүүлэх, худалдан авагч Х.Ж тохирсон үнийг бүрэн төлж хүлээн авах байх ба үнэ төлөгдөж, ТҮЦ-ийг Г.Д хүлээлгэн өгсөн байна, харин ямар нэг тусгай зөвшөөрөл, эрхийн талаар гэрээний тохиролцоонд ороогүй байна.

Харин “..баруун 4 замын автобусны буудал дээр байрлах ТҮЦ-ий зориулалтаар ашиглаж буй.. ТҮЦ-ийг” худалдах гэрээний энэ нөхцөл биелэгдээгүй, учир нь Газрын албанаас зөвшөөрөлгүй байрласан гэсэн шалтаанаар ТҮЦ-ийг ачиж журмын хашааруу зөөсөн, үүний улмаас Х.Ж баруун 4 замын автобусны буудал дээр худалдаа эрхлэх боломжгүй болсон болох нь Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2020 оны 4 сарын 24-ий өдрийн 15/611 тоот албан бичиг, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдоно.

Хуулиар худалдан авагч нь үнийг нь төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээхийг хуульчилсан ба Х.Ж нь ”Худалдаж, худалдан авч байгаа ТҮЦ-ий байрлалыг тохиролцсон бол уг газар дээр худалдаа үйлчилгээ аж ахуйн үйл ажиллагаа эрхлэн явуулах болон өөрийн өмчлөлийн үйлчилгээ эрхлэх байрыг байрлуулах тухай эрх бүхий этгээдээс олгосон зөвшөөрөл, газрыг эзэмших ашиглах эрх олгогдсон эсэх, худалдан авагч үнэ шингэсэн энэ болзлын үндэслэлээ шалгах, эрхийн баталгааг үзэх, шилжүүлэхийг тохиролцон шалгаж хүлээж авах үүрэгтэй.

Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1.”эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан”, 255.1.2.”аж ахуйн үйл ажиллагаа эрхэлдэг худалдан авагч нь уг үйл ажиллагаатай холбоотой эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүргээ биелүүлээгүй”тохиолдолд худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдахыг зохицуулсан.

Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1.”Аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс болон эдийн бус баялаг болох оюуны үнэт зүйлс, эрхийг олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болно.”гэж зааснаар талуудын тохиролцоогоор үнэ шингэсэн, газраас салгаж зөөвөрлөх боломжтой, дурдсан газарт хамааралгүй, хөдлөх хөрөнгө болох ТҮЦ худалдсан, гэрээгээр тохиролцсон хөрөнгийг худалдан авагч үзэж үнийг төлж Иргэний хуулийн 248 дугаар зүйлд зааснаар хөрөнгийг хүлээн авсан байна.

Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.”Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу сонирхогч этгээдийн нэхэмжлэлээр хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болно.”гэж заасан ба хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.”Хэлцэл хийх зорилгоор бусдыг хууран мэхэлсэн бол мэхлэгдсэн этгээд уг хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй. Энэ тохиолдолд хууран мэхэлсэн этгээд ашиг хонжоо олох, эсхүл мэхлэгдсэн этгээдэд гэм хор учруулах зорилготой байсан эсэх нь хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцоход нөлөөлөхгүй.”, 59.2.Хэлцэл хийхэд саад болох нөхцөл байдлыг хэлцэл хийгч нэг тал нь нуун дарагдуулсныг нөгөө тал хожим мэдсэн бол хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахаар шаардах эрхтэй.”гэж зааснаар худалдагчийг буруутгах үндэсгүй тул гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хангах үндэсгүй.

Нэхэмжлэгч 2019 оны 2 сарын 15 -ны өдрийн тус шүүхийн шүүгчийн захирамж, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 04-ий өдрийн 17639, 2019 оны Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 511 дугаар шийдвэр, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 09-ий өдрийн шүүгчийн захирамж баримтуудаар 2019 оны 1 сарын 02-ны өдрөөс хариуцагчид холбогдуулан нэхэмжлэл шаардлага гаргаж, эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж байсан байх тул гомдлын шаардлага гаргах хугацаа хэтрээгүй гэж үзэх үндэстэй, гэхдээ шийдвэрлүүлсэн зүйлгүй, энэ нэхэмжлэлээр гомдлын шаардлага гаргаагүй болно.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2.”Худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй.”ба нэхэмжлэгч зар сонины мэдээллээр байрлал сайтай ТҮЦ зарах мэдээг сонгосон, хэлцэлд уг ТҮЦ-ийн байрлалыг дурдсан нь орлого олох боломжтой гэх байдал худалдах хөрөнгийн үнэнд шингэсэн гэж үзэх үндэстэй тул  тухайн байрлалд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, мөн гэрээнд зааснаар Г.Д нь ТҮЦ-ийн цонхны доорхи цөмөрсөн хэсгийг өөрийн мөнгөөр янзалж өгөхөөр тохирсон үүргээ биелүүлээгүй байна.

Нэхэмжлэгч зар сонины мэдээллээр байрлал сайтай ТҮЦ зарах мэдээг сонгосон, хэлцэлд уг ТҮЦ-ийн байрлалыг дурдсан нь орлого олох боломжтой гэх байдал худалдах хөрөнгийн үнэнд шингэсэн гэж үзэх үндэстэй тул  тухайн байрлалд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, мөн гэрээнд заасан Г.Д нь ТҮЦ-ийн цонхны доорхи цөмөрсөн хэсгийг өөрийн мөнгөөр янзалж өгөхөөр тохирсон үүргээ биелүүлээгүй байх тул доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээгээр Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.2.-т зааснаар гэрээний анхны үнийг бууруулахаар шаардах эрхтэй байна. 

Нэхэмжлэгч засварын зардал шаардан/хэргийн 6,7,12/материал худалдан авсан тухай 2018 оны 7 сарын 29, 2018 оны 7 сарын 30-ны өдрүүдийн зарлагын баримтууд ирүүлснээр 697500 төгрөг болж байх ба 2018 оны 8-р сараас хойш ТҮЦ-ийг газрын албанаас нүүлгэн журмын хашаанд байрлуулснаас нүүлгэлтийн болон бусад зардал хариуцахаар байх тул доголдлыг арилгахад шаардлагатай мөнгөний хэмжээг гэрээгээр тохирсон анхны үнэ 3 500 000 төгрөгийн тал хувь болох 1 750 000 төгрөгийг хариуцагчид хариуцуулан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж дүгнэлээ.

Иймд нэхэмжлэлээс гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах болон 2,250,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 1,750,000 төгрөгийг хариуцагчид хариуцуулан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийг талуудад хуульд зааснаар хариуцуулсан болно.

 

Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 115-р зүйлийн 115.2.2., 116, 118-д заасныг удирдлага болгон

                                                                                  ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 243 дугаар зүйлийн 243.1., 254 дүгээр зүйлийн 254.2.-т зааснаар хариуцагч Г.Дээс 1,750,000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Жд олгож, нэхэмжлэлээс үлдэх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах болон 2,250,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хариуцах улсын тэмдэгтийн хураамжид 42,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.УРАНЧИМЭГ