Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2021/00353

 

МАГАДЛАЛ

2021.01.22 Дугаар 00222

 

 

 

 

 

 

ХХ Б-ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02872 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч ХХ Б-ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Р.Б, Г.Ж нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэгт 405 697.67 ам.доллар буюу 1 097 936 052 төгрөг гаргуулах, барьцааны гэрээнд заасны орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалагчид шилжүүлж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал, Э.Цээпилмаа, хариуцагч Г.Жгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Азжаргал, хариуцагч Р.Бын өмгөөлөгч Ч.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Энхмэнд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Батжаргал, Э.Цээпилмаа нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ж, Р.Б нар нь Улаанбаатар хотын банктай 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр орон сууцны зээлийн гэрээг байгуулан Хан-Уул түүрэг, 4 дүгээр хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж Бритиш Таувер орон сууцны цогцолбор В блок 7 давхрын 701 тоот, 154 м.кв орон сууцыг худалдан авах зориулалтаар 308 000 ам.долларыг 60 сарын хугацаатай, жилийн 15,6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож мөн өдрийн зээлийн барьцааны гэрээний 2.1.1-д зааснаар Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж Бритиш Таувер орон сууцны цогцолбор В блок 7 давхрын 701 тоот, 154 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам гудамж, 26 тоот, 316,04 м.кв амрагчдын сууцыг тус тус барьцаалуулахаар тохирсон. Хариуцагч нар нь 2015 оны 01 дүгээр сараас зээлийн эргэн төлөлтийн хуваарийн зөрчил үүсгэж, 2017 оны 4 дүгээр сараас хойш зээл, зээлийн хүү төлөөгүй. Барьцааны гэрээний 3.2.9-д төслийн онцлогоос шалтгаалан барьцааны зүйлийн өмчлөх эрхийн гэрчилгээ бусад баримт бичгүүд нь дараа гарахаар бол тухайн гэрчилгээ, баримт бичгүүдийг батлагдсанаас хойш ажлын 3 хоногийн дотор барьцаалагчид шилжүүлж, эрх бүхий байгууллагад бүртгүүлэх үүргээ биелүүлээгүй. Иймд зээлийн гэрээний үүрэгт 405 697,67 ам.доллар буюу 1 097 936 052,79 төгрөг гаргуулах, зээлийн барьцааны гэрээний 3.2.9-д заасны дагуу Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж, Бритиш таувер орон сууцны цогцолбор, В блок, 701 тоот 154 м.кв орон сууцны зориулалттай Ү-2206048065 дугаартай үл хөдлөх хөрөнгийг барьцаалуулахыг хариуцагч нарт даалгах, зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох уг 701 тоот орон сууц, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам, 26 тоот, амрагчдын сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Ж шүүхэд гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Азжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Ж, Р.Б нар 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатарын хотын банктай зээлийн гэрээ байгуулсан. Уг зээлийн гэрээний эргэн төлөлтөд нийт 105 347 ам.доллар төлсөн. Банк нь гэрээгээр эрх, үүргийг хязгаарлаж байгаа нь гэрээний зорилгод хүрэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Зээлийн гэрээний 6.4-т "Зээлдэгч авсан зээлээ энэ гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөөгүй бол банк эхний ээлжинд хугацаа хэтэрсний нэмэгдүүлсэн хүү, хоёрдугаарт зээлийн хуримтлуулж тооцсон төлөгдөөгүй хүүгийн төлбөр, гуравдугаарт үндсэн зээлийн төлбөрийг төлүүлнэ гэж заасан нь зээлдэгчийн хүлээх хариуцлагыг тэргүүн ээлжинд төлүүлэхээр тогтоосон. Иргэний хуулийн 216 дугаар зүйлд зааснаар үүрэг гүйцэтгэгч нь илүү хүнд нөхцөлтэй үүргийг сонгож гүйцэтгэх, үндсэн үүргийн гүйцэтгэлийг хариуцлагын шинж чанартай хүү, нэмэгдүүлсэн хүүгээс түрүүлж барагдуулах эрх зүйн зохицуулалттай. Тус зүйлийн үндсэн агуулга, зарчмын хувьд өрийн хэмжээ багасвал төлөх үүргийн хэмжээ бас багасна гэх үүрэг гүйцэтгэгчийн эрх ашгийг хамгаалсан агуулгатай. Үндсэн төлбөрийг төлүүлснээр өрийн хэмжээ багасахгүй үүрэг гүйцэтгэгч буюу зээлдэгчид хохиролтой нөхцөл байдалд хүргэсэн. Зээлийн гэрээний 6.4 дэх заалт нь хүчин төгөлдөр бус гэж үзэж, зээлийн гэрээний эргэн төлөлтийг Иргэний хуульд нийцүүлэн тооцоолж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна. Барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл тул барьцааны гэрээтэй холбоотой шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Р.Бын өмгөөлөгч Ч.Отгонбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлийн гэрээнд нэхэмжлэгчээс гаргасан хоёр дансны хуулга байдаг ба хоёр дансны хуулга нь 260008348, 260008349 гэсэн өөр өөр дугаартай. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатай зээлдэгчид шилжүүлэх гэж заасан. Зээлдэгч шилжүүлж авсан мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан зориулалтын дагуу захиран зарцуулах эрх нь нээлттэй. Г.Ж зээлийн мөнгөн хөрөнгийг ашигласан түүнийг захиран зарцуулсан гэх үйл баримт тодорхойгүй байна. Дансанд орсон мөнгийг захиран зарцуулахын тулд зайлшгүй данс эзэмшигчийн зөвшөөрөл байх ёстой. Эко скүүл гарден ХХК-ийн зээлийн данснаас хасалт хийж, зөвхөн банк дотроо гүйлгээ хийсэн. Иймээс зээлийн гэрээний зүйлийг бодитоор Г.Жд өгөөгүй. Г.Ж орон сууцны өмчлөгч тул 308 000 ам.доллараас нийт төлсөн 105 347 төгрөгийг хасаж үлдэх төлбөрийг төлөхөд татгалзахгүй, зээлийн гэрээний тооцоололд маргаангүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Р.Б, Г.Ж нараас зээлийн гэрээний үүрэгт 1 097 936 052, 79 /нэг тэрбум ерэн долоон сая есэн зуун гучин зургаан мянга тавин хоёр төгрөг, далан есөн мөнгө төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож,

Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж, Бритиш таувер орон сууцны цогцолбор, В блок, 7 давхрын 701 тоот орон сууцыг барьцаалуулахыг хариуцагч Р.Б, Г.Ж нарт даалгаж,

Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Р.Б, Г.Ж нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Наадамчдын зам гудамж 52 дугаар байр 701 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206048065 дугаартай, 154 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо, Богины ам гудамж, 26 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206018325 дугаартай, 316,04 м.кв талбайтай амрагчдын сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг тус тус шүүхийн шийдвэрийн дагуу хуульд нийцүүлэн худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5 647 630 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5 647 630 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Г.Жгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Азжаргал, хариуцагч Р.Бын өмгөөлөгч Ч.Отгонбаатар нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх "...нэхэмжлэгч зээл олгох гэрээний үүргээ биелүүлсний үндсэн дээр хариуцагч Г.Ж орон сууц өмчлөх эрх олж авсан байх тул талуудын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байна гэж дүгнэсэн. Мөн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2600083149 тоот валютын зээлийн дансны хуулгаар зээлдэгч Г.Жд 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 308 000 ам.долларыг нэхэмжлэгч олгосон нь тогтоогдож байна..." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь зохигчийн хооронд 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ОСЗГ90201/150914 дугаартай орон сууцны зээлийн гэрээ гэх нэртэй гэрээ бичгээр байгуулсан. Гэрээний 4.2-т зааснаар 308 000 ам.долларыг зөвхөн орон сууц худалдан авах Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүүрэг хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж, Бритиш таувер орон сууцны цогцолбор В блок 7 давхрын 701 тоот орон сууц санхүүжүүлэхэд ашиглана гэж заасан. Нэхэмжлэгч байгууллагын төв салбарын захирал, харилцагч нарын менежер нарын гарын үсгээр баталгаажсан 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн орон сууцны зээлийн эргэн хяналтын тайлан, зээлийн хорооны хурлаас тавьсан нөхцөлүүдийн биелэлтийн 8.2-т "Эко скүүл гарден" ХХК-ийн зээлээс хасалт хийлгэх нөхцлийг биелсэн гэж тайлбар хэсэгт тэмдэглэсэн. "Эко скүүл гарден" ХХК Бритиш таувер орон сууцны цогцолборыг барихад "Улаанбаатар хотын банк" ХХК-аас зээл авсан бөгөөд "Эко скүүл гарден" ХХК-ийн барьсан барилгаас орон сууц худалдан авахад зориулж хөрөнгийг "Улаанбаатар хотын банк" ХХК-аас санхүүжүүлж, худалдан авагч нартай орон сууцны зээлийн гэрээ гэх нэртэй гэрээг байгуулсан. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид 308 000 ам.долларыг шилжүүлээгүй. Зээл гэх 308 000 ам.долларын хөрөнгө "Эко скүүл гарден" ХХК-ийн зээлээс хасалт хийсэн тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх боломжгүй. Хэдийгээр нэхэмжлэгчээс хариуцагчид 308 000 ам.долларыг түүний зээлийн 2600083149 тоот данснаас 2600083148 тоот данс руу орлого болгон хийсэн бичилттэй 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн мемориалын 201509185738029165-0 дугаартай баримт байх боловч уг баримтад харилцагч хэсэгт Г.Жгийн гарын үсэггүй. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т "Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно" гэж заасан тул арилжааны банкны шилжүүлгийн болон мемориалын баримтыг харилцагчийн гарын үсэггүй тохиолдолд хүчин төгөлдөр гэж дүгнэн, үнэлэх боломжгүй байна. Нэхэмжлэгч байгууллагын төв салбарын захирал, харилцагч нарын менежер нарын гарын үсгээр баталгаажсан 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн орон сууцны зээлийн эргэн хяналтын тайлан болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтаар хариуцагч нар орон сууц худалдан авахад банк тэдний өмнөөс төлбөрийг төлөх буюу санхүүжилтийг хийсэн. Хүчин төгөлдөр барьцааны гэрээ байгуулагдсан гэж буруу дүгнэсэн. Шүүх "...шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн талуудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан барьцааны гэрээг зохигч хуульд зааснаар улсын бүртгэлд 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр бүртгүүлсэн ба нэг үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ албажиж гараагүй нь гэрээ хүчин төгөлдөр бус болох үндэслэл болохгүй. Учир нь уг барьцааны гэрээний 3.2.9-д "Төслийн онцлогоос шалтгаалан барьцааны зүйлийн өмчлөх эрхийн гэрчилгээ бусад баримт бичгүүд нь дараа гарахаар бол тухайн гэрчилгээ, баримт бичгүүдийг батлагдсанаас хойш ажлын 3 хоног дотор барьцаалагчид шилжүүлж, эрх бүхий байгууллагад гэрээг бүртгүүлэх" үүргийг барьцаалуулагч буюу хариуцагч Г.Ж гэрээгээр хүлээсэн байна" гэж дүгнэсэн. Зохигчийн хооронд 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан орон сууцны зээлийн барьцааны гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл бөгөөд уг гэрээгээр шаардах эрх нэхэмжлэгчид үүсэх үндэслэлгүй. Талуудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр байгуулсан орон сууцны зээлийн барьцааны гэрээний 3.2.7-д "Барьцааны зүйлийг зориулалтын дагуу хэрэглээний хэвийн түвшинд ашиглах бөгөөд гэрээний хугацаанд барьцаалагчийн зөвшөөрөлгүйгээр барьцааны зүйлийг худалдах, бэлэглэх, барьцаалах, түрээслэх, хөлслөх, баталгаа, батлан даалт гаргах зэргээр гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байх" үүргийг барьцаалуулагчид хүлээлгэсэн. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт "Ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна" гэж заасан тул дээрх заалтын дагуу тус гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлтэй байсан. Өөрөөр хэлбэл, барьцаалуулагч /өмчлөгч/-ийн өөрийн өмчийг захиран зарцуулах эрхийг хязгаарласан тохиролцоотой хэлцэл хийвэл уг тохиролцоо хүчин төгөлдөр бус учраас үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд тэмдэглэл хийгдэх боломжгүй юм. Нөгөөтэйгүүр Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж, 52 дугаар байр, 701 тоот 154 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр Г.Ж, Б.Баргужин, Б.Бөртэ нар нь 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр эрхийн улсын бүртгэлийн Ү-2206048065 дугаарт бүртгэгдэж, 000507092 дугаарын гэрчилгээ олгогдсон. Хариуцагч нар тухайн эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэгдээгүй байхад хэлцэл хийсэн байх бөгөөд барьцааны гэрээний дагуу тус орон сууцыг барьцаалсныг улсын бүртгэлд бүртгүүлээгүйг Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөдөр бус гэж үзнэ. Орон сууц баригдаж дууссан, хаягжилт авсан байх тул ирээдүйд бий болох хөрөнгө гэж үзэхгүй тул Иргэний хуулийн 154 дүгээр зүйлд заасан хуулийн зохицуулалтаар орон сууц барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэн тохиолдолд барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангах шаардлага үүсэх тул тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх нь үүсээгүй байхад үүрэг хүлээлгэсэн гэрээний үүргийг шаардах эрхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч орон сууцыг барьцаалуулахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэснийг найруулгын хувьд зөвтгөн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь хариуцагч Р.Б, Г.Ж нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 266 442,39 ам.доллар, зээлийн хүүд 128 320,21 ам.доллар, нэмэгдүүлсэн хүүд 10 935,07 ам.доллар, нийт 405 697,67 ам.доллар буюу 1 097 936 052 төгрөг гаргуулах, орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг барьцаалуулахыг даалгаж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч зээлийн гэрээний зүйл болох 308 000 ам.долларыг зээлдэгчид шилжүүлэн өгөөгүй, Эко скүүл гарден ХХК-д зээлийн төлбөрөөс хасаж тооцсон, зээлийн болон барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

 

Улаанбаатар хотын банк ХХК-ийн үйл ажиллагааг зогсоож, түүний эрх, үүрэг, хариуцлагыг Худалдаа хөгжлийн банк ХХК-д шилжүүлэн нэгтгэснийг 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр улсын бүртгэлд бүртгэж, Улаанбаатар хотын банк ХХК-ийг улсын бүртгэлээс хассан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн албан бичгээр тогтоогдож байна.

 

Талуудын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Улаанбаатар хотын банк ХХК нь зээлдэгч Р.Б, Г.Ж нарт 308 000 ам.долларыг жилийн 15,6 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүү 20 хувь, 5 жилийн хугацаатай, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж, Бритиш Таувер орон сууцны цогцолбор В блок, 7 давхрын 701 тоот орон сууцыг худалдан авах зориулалтаар зээлэх, зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд сар бүрийн төлбөрийн хуваарийн дагуу зээлийн төлбөр болон даатгалын төлбөрийг төлөх үүрэг хүлээжээ.

 

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор талууд 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр орон сууцны зээлийн барьцааны гэрээг байгуулж, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Богины ам гудамжид 26 тоотод байрлах зээлдэгч Г.Жгийн өмчлөлийн 316,04 м.кв талбай бүхий амрагчдын сууц, мөн дүүргийн 4 дүгээр хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж Бритиш таувер орон сууцны цогцолбор В блок 7 давхрын 701 тоот, 154 м.кв талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй орон сууц, Улаанбаатар хотын банк ХХК дахь Г.Жгийн 2600083148 тоот долларын харилцах дансны бүх орлого болон бусад арилжааны банкууд дахь харилцах дансны бүх орлогыг барьцаалсан байна./1хав-10-12/

 

Банк зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллага эрхлэх эрх бүхий хуулийн этгээд мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээхээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зохицуулсан. Иймд анхан шатны шүүх Худалдаа хөгжлийн банк ХХК болон Р.Б, Г.Ж нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ гэж зөв дүгнэжээ.

 

Зээлийн гэрээний 4.2-т зааснаар зээлдэгч нь Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж, Бритиш таувер орон сууцны цогцолбор В блок, 7 давхрын 701 тоот орон сууцыг худалдан авах зориулалтаар 308 000 ам.доллар зээлэхээр зээлдүүлэгчтэй тохиролцсон байна.

 

Талууд мөнгөн хөрөнгийг зээлдэгчийн дансанд оруулсан өдрөөс эхэлж, зээлийн хугацааг тооцохоор зээлийн гэрээний 4.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдүүлэгч нь 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр 308 000 ам.долларыг Г.Жгийн 2600083149 тоот дансанд шилжүүлж, улмаар Эко скүүл гарден ХХК-д уг мөнгөн хөрөнгийг мөн өдрөө Г.Ж, Р.Б 701 тоот орон сууцны төлбөр, зээл болон бэлэн бусаар төлөв гэсэн утгатайгаар шилжүүлсэн нь тогтоогджээ. /1хав-82,234, 246/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн зааж буй 308 000 ам.долларыг зээлдэгчийн зөвшөөрөлгүй Эко скүүл гарден ХХК-ийн дансанд шилжүүлсэн гэх үндэслэлээр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох үндэслэлгүй. Учир нь зээлдэгчийн зөвшөөрөлгүй мөнгөн хөрөнгийг бусдад шилжүүлсэн буюу банк түүний харилцагчийн хооронд үүссэн уг асуудал нь талуудын зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргаанд хамааралгүй гэж үзэх тул энэ талаарх гомдлыг хангах үндэслэлгүй.

 

Зээлдэгч Р.Б, Г.Ж нар 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүрэгт нийт 105 347 ам.доллар төлсөн, үндсэн зээл 266 442,39 ам.доллар, зээлийн хүү 128 320, 21 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 10 935,07 ам.доллар, нийт 405 697,67 ам.доллар буюу 1 097 936 052 төгрөг төлөөгүй талаар талууд маргаагүй. /1хав-129/

 

Зээлийн гэрээний 7.2.4-т Зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг гэрээний хавсралт-1-д заасан хуваарьт хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөрийн хуваарь зөрчигдсөн өдрөөс эхлэн дутуу төлөгдсөн үндсэн зээлийн дүнгээс нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцож төлнө гэж талууд тохиролцсон ба уг тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчид нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн тул хариуцагч нар нэмэгдүүлсэн хүүг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч Г.Ж, Р.Б нар зээлийн гэрээний хуваарийн дагуу төлөх үндсэн зээл, зээлийн хүүгийн өр төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар орон сууцны зээлийн гэрээг цуцлах эрхтэй.

 

Тиймээс нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК нь зээлийн гэрээг цуцалж хариуцагч Г.Ж, Р.Б нараас үндсэн зээл 266 442,39 ам.доллар, зээлийн хүү 128 320, 21 ам.доллар, нэмэгдүүлсэн хүү 10 935,07 ам.доллар, нийт 405 697,67 ам.доллар буюу 1 097 936 052 төгрөгийг шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх хариуцагч Г.Ж, Р.Б нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 405 697,67 ам.дол буюу 1 097 936 052 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

 

Талууд барьцааны гэрээний 3.2.9-т Төслийн онцлогоос шалтгаалан барьцааны зүйлийн өмчлөх эрхийн гэрчилгээ бусад бичиг баримт, бичгүүд нь дараа гарахаар бол тухайн гэрчилгээ, баримт бичүүдийг батлагдсанаас хойш ажлын 3 хоногийн дотор барьцаалагчид шилжүүлж, эрх бүхий байгууллагад гэрээг бүртгүүлнэ гэж заасан.

 

Иргэний хуулийн 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нь ипотекоор хангагдах шаардлагын хэмжээ, түүний хүү, шаардлагыг биелүүлэх хугацаа зэргийг хамтран тодорхойлсон баримт бичиг үйлдэж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон үүрэг гүйцэтгүүлэгч хуульд заасан журмын дагуу ипотекийг бүртгүүлнэ гэж заажээ. Иймд талууд өмчлөх эрхийн гэрчилгээ бусад бичиг баримт, бичгүүд нь дараа гарахаар бүртгүүлэхээр тохиролцсон гэж үзнэ.

 

Худалдаа хөгжлийн банк ХХК болон Г.Ж, Р.Б нарын байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр байна.

 

Үүрэг гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргээ тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэх зарчимтай.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй талаар зөв дүгнэсэн атлаа Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж, Бритиш таувер орон сууцны цогцолбор В блок, 7 давхрын 701 тоот орон сууцыг барьцаалуулахыг хариуцагч нарт даалгаж шийдвэрлэсэн нь буруу байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, хариуцагч Г.Ж, Р.Б нар Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж, Бритиш таувер орон сууцны цогцолбор В блок, 7 давхрын 701 тоот орон сууцны өмчлөх эрхийг барьцаалагч Худалдаа хөгжлийн банк ХХК шилжүүлж, эрх бүхий байгууллага буюу улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 183/ШШ2020/02872 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

2 дахь заалтыг Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1, 166 дугаар зүйлийн 166.2 дахь хэсэгт заасныг баримтлан Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Арцатын ам, Наадамчдын гудамж, Бритиш таувер орон сууцны цогцолбор В блок, 7 давхрын 701 тоот орон сууцны өмчлөх эрхийг барьцаалагч Худалдаа хөгжлийн банк ХХК шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлэхийг Г.Ж, Р.Б нарт даалгасугай гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 5 647 630 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Н.БАТЗОРИГ

 

Д.БАЙГАЛМАА