Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2017/0777

 

2017 оны 11 сарын 07 өдөр

Дугаар0221/МА2017/0777

Улаанбаатар хот

Ш.Д нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Номуулин даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, хариуцагчийн өмгөөлөгч О.М нарыг оролцуулан Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 57 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Ш.Д, түүний өмгөөлөгч В.С нарын гаргасан давж заалдах гомдлоор Ш.Д нэхэмжлэлтэй, Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Ш.Д 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Завхан аймаг дахь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх, 2017 оны 2 дугаар сард ажилласан цалин гаргуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 57 дугаар шийдвэрээр:

“Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих байгууллагад шилжүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгч Ш.Д дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...1. Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн тухайд:

Болсон үйл баримтын хувьд миний бие яах аргагүй хэвтэж эмчлүүлэх шаардлагатай болсон бөгөөд үүнийг хариуцагч ч, мөн анхан шатны шүүх ч мэдсэн боловч өвчтэй байсан үйл баримтад үнэлэлт, дүгнэлт өгөхөөсөө илүү баримт бичигт ач холбогдол өгч шийдвэрлэсэнд гомдолтой байгаа. /Хот явж эмчлүүлэхээс өмнө сумын эмнэлэгт хэвтэж байсан түүх, эмчилгээ бүгд хавтаст хэрэгт авагдсан/ Надад сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халсан даргын 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн Б/23 дугаар тушаалд “...хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 8 хоногийн ажил тасалж...” гэж заасан байдаг бөгөөд шүүх намайг ажлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр халсан гэж ойлгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй. Биеийн эрүүл мэндийн байдлаас болж ажлаасаа цалингүй чөлөө авсан бөгөөд энэ нь “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан” гэдэгт орохгүй гэж бодож байна. Би чөлөө хүссэн өргөдлөө факсаар явуулахад “...надад цалингүй чөлөө олгоё” гэж хэлсэн, үүнийгээ ч хурал дээр хүлээн зөвшөөрсөн байдаг. Ингээд Улаанбаатар хотод 10 хоногийн чөлөөтэй онош тодруулахаар явахад 2 хоног нь амралтын өдөр таарч, ирж очих хугацаанд 4 хоног нь зарцуулагдаж, үлдсэн 4 хоногт багтаж үзүүлэх шаардлага гарч 1 дүгээр эмнэлэгт яаралтайгаар эмч гуйж үзүүлэн эмчилгээ заалган ирсэн.

Харин би 13-ын “Б” маягтаа бөглүүлснээс эмчийн чөлөөний хуудас аваагүй, авах гэсэн хэвтээгүй болохоор болохгүй, 13-ын “Б” маягт байхад болно гэсэн. Харин бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг мэдэхгүй. Тэгээд иртэл заавал чөлөөний хуудас байх ёстой гэж шаардсан учир сумын эмчээ гуйж чөлөөний хуудас авсан. Миний бие өөрийн өвчний шалтгаан бусад үйл баримтын талаар дэлгэрэнгүй тайлбарласан бөгөөд намайг үзсэн эмч нарыг асуулгах хүсэлт гаргаж шүүх хурлыг хойшлуулъя гэхэд анхан шатны шүүх хүлээж аваагүйд мөн гомдолтой байгаа бөгөөд миний алдаа бол холбогдох баримт бичгийг зохих журмын дагуу цуглуулж өгөөгүйд л оршдог үүнийгээ би бүрэн хүлээдэг.

2. Шүүх хуулийг буруу тайлбарласан тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйл бол төрийн жинхэнэ албан хаагчид хүлээлгэх сахилгын шийтгэлийг зохицуулсан зүйл юм. Энэ зүйлийн ерөнхий утгыг авч үзвэл, сахилгын шийтгэл хүлээлгэхдээ зөрчлийн шинж, хор хохирлын байдлыг харгалзсан утга агуулгатай гэж ойлгож байна. Тэгвэл биеийн эрүүл мэндийн байдлын улмаас удирдлагадаа хэлсний үндсэн дээр чөлөө авч, ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй болсныг дээр дурдсан тушаалд заасан “ноцтой зөрчил” гэдэгт оруулж тайлбарласныг мөн буруу гэж үзэхээс өөр аргагүй юм. Эрүүл мэндийн байдлаас ажил үүргээ гүйцэтгэж чадаагүйг минь үл харгалзан “ноцтой зөрчил” гэж тайлбарлаж байгаа шүүхийн шийдвэрийг хүнлэг бус шийдвэр гэж үзэж гомдолтой байна. Эдгээрийг үндэслэн Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 57 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

Дөрөв. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.С дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон үйл баримтыг хэт нэг талыг баримтлан дүгнэсэн. Хариуцагч нь Ш.Д цалингүй чөлөө өгч явуулчхаад эмнэлэгт үзүүлээд ирэхээр нь нотлох баримт шаардаж, ажлаас халсан нь хуульд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул шийдвэрт дараах үндэслэлээр өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангав. 

Ш.Д 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газарт хандаж гаргасан Улаанбаатар хотод яаралтай оношлогоо, шинжилгээ хийлгүүлэхээр 10 хоногийн цалинтай чөлөө хүссэн өргөдөлд тус газрын дарга М.Г “эмнэлгийн магадлагаагаар явж байгаа тул давхар цалинтай чөлөө олгохгүй гэсэн хариу өгье” гэсэн цохолтыг маргааш нь буюу 25-ны өдөр хийсэн байдал, мөн шүүхэд гаргасан бичгийн тайлбартаа “...эмнэлгийн магадалгаагаар явж байгаа учир давхар цалинтай чөлөө олгохгүй, эмчилгээ хийлгээд эмнэлгийн магадалгаа, листээ заавал авчраарай, түүнийг чинь үндэслээд цалин хөлсийг чинь бодож олгоно шүү” гэдгийг тухайн үед сануулаад явуулсан...” гэсэн зэргээс үзэхэд нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр албан үүргээ гүйцэтгээгүй, 8 хоног ажил тасалсан гэж дүгнэх боломжгүй.

Хэдийгээр хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “...цалинтай ч, цалингүй ч чөлөө олгоогүй” гэж тайлбарлах боловч тухайн үед эмнэлэгт үзүүлэхээр явахыг дээрх байдлаар зөвшөөрсөн байдал нь хариуцагчийн энэхүү тайлбарыг үгүйсгэсэн шинжтэй байгаагаас гадна энэ тохиолдолд нэхэмжлэгчээс Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын зөрчил гаргаагүй байхад уг хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.1-д зааснаар “төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” шийтгэл ногдуулсан нь хууль бус болно. 

Завхан аймгийн Шилүүстэй сумын сум дундын эмнэлгийн эрхлэгч Б.М 0501387 дугаар Эмнэлгийн хуудас буюу листыг Ш.Д гуйлтаар бичиж өгсөн болохоо гэрчийн мэдүүлгээр хүлээн зөвшөөрдөг ч, мөн уг мэдүүлгээр 1 дүгээр сард түүнийг тус эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байсныг төдийгүй Ш.Д доод хөндийн венийн өрөвсөл гэсэн оноштой. Хэрвээ доод хөндийн вен задарвал эрсдэлтэй байдаг. Манайх бүрэн эмчилгээ хийх боломжгүй зөвхөн шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Тийм учраас Улаанбаатар хот явж нарийн онош тодруул гээд 13А маягтыг бөглөж явуулсан, 2 дугаар сард Улаанбаатар хотод үзлэг шинжилгээнд хамрагдсан болохыг тус тус гэрчилсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт авагдсан өвчтөний түүх, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас 13А маягт, Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн Эмнэлзүйн Эмгэг судлалын нэгдсэн лабораторийн 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн шинжилгээний хариу, тус эмнэлгээс өвчтөн илгээх хуудас 13Б маягт зэргээр нотлогджээ.

Гэтэл анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудыг харьцуулан дүгнэлгүйгээр зөвхөн өөрийн шаардсан бичгийн хариу болох Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2017 оны 8 дугаар сарын 8, 23-ны өдрийн албан бичгүүдэд үндэслэж нэхэмжлэгчийг 2017 оны 1 дүгээр сарын 31-нээс 2 дугаар сарын 2-ны хооронд тус эмнэлэгт хэт авиан шинжилгээ өгч, оношлогоо эмчилгээ бичүүлсэн гэдэг нь тогтоогдохгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

Түүнчлэн 2017 оны 2 дугаар сарын 6-ны өдөр буюу даваа гарагт ажилдаа орсноос хойш маргаан бүхий акт гарсан 3 дугаар сарын 6-ны өдрийг хүртэл ажилласан, иймд 2 дугаар сарын цалинг нөхөн гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг анхан шатны шүүхээс хангах нь зүйтэй гэж дүгнэсэн атлаа энэ талаар шийдвэрийн тогтоох хэсэгт шийдвэрлэлгүйгээр орхигдуулсан алдаа гаргасан байна.

Нэхэмжлэгчээс эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох шаардлага бичгээр бус харин анхан шатны шүүх хуралд гаргасан болох нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх тул нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг бодитоор хангах зорилгоор энэхүү шаардлагыг хангасан өөрчлөлтийг мөн адил оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 57 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.1, 28 дугаар зүйлийн 28.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ш.Д нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/23 дугаар тушаалыг хүчингүй болгон, Ш.Д урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 3 дугаар сарын 6-ны өдрөөс мөн оны 9 дүгээр сарын 4-ний өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж, зохих бичилт хийлгүүлэх, мөн 2017 оны 2 дугаар сард ажилласан хугацааны цалинг нөхөн гаргуулахыг Завхан аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт тус тус даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ш.Д, түүний өмгөөлөгч В.С нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН

ШҮҮГЧ                                               С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                               Э.ЛХАГВАСҮРЭН