Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 113

 

Ж.Ц-гийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар

дүүргийн Засаг даргад холбогдох

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                    Г.Банзрагч

                                                   Д.Мөнхтуяа

                                                   П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                          Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга:          Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Ж.Ц-г ажлаас чөлөөлөх тухай Б/28 тоот тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эргүүлэн томилж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж, хохирол болох өмгөөллийн зардалд төлсөн 3 сая төгрөгийг гаргуулах

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0730 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2019/0056 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Ж.Ц, түүний өмгөөлөгч Ө.Э-О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0730 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 28 дугаар зүйлийн 28.4, 32 дугаар зүйлийн 32.1, 32.2, 32.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 112 дугаар зүйлийн 112.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 102 дугаар зүйлийн 102.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Ж.Ц-г ажлаас чөлөөлөх тухай дугаар Б/28 тоот захирамжийг хүчингүй болгож, Ж.Цэцгээг Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Ж.Цэцгээд 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр хүчинтэй болсон 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,248,693 (дөрвөн сая хоёр зуун дөчин найм мянга зургаан зуун ерэн гурав) төгрөгийг олгож, Ж.Ц-гийн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдэх “Ж.Ц миний биед учирсан хохирол болох өмгөөллийн зардал 3,000,000 төгрөгийг гаргуулан хохиролгүй болгуулах”-ыг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлоор хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0056 дугаар магадлалаар нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0730 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очирын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э-О хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “Илт хууль бус захиргааны актын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 32 дугаар зүйлийн 32.2, 32.4-д заасны дагуу тухайн хорооны Иргэдийн Нийтийн хуралд “санал” гаргаж улмаар “шийдвэрийг” Иргэдийн нийтийн хурал хэлэлцэн эцэслэн гаргахаар заасан. Гэтэл эрх бүхий албан тушаалтны “санал”-аар бус харин эцэслэн ажлаас чөлөөлөх "шийдвэр” гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т "тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт” гаргасан гэж заасан нөхцөлийг хангаж байна. Мөн Ж.Ц нь Засаг даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө өгөөгүй, Засаг даргаас огцруулах үндэслэл үүсээгүй байхад хуульд заагаагүй үндэслэлээр бие даан "чөлөөлөх” тушаал гаргаж төрийн албанд ажиллах эрх, улс төрийн албан хаагчийн хувьд “сонгогдон ажиллах" эрхэд халдсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д "иргэн, хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй" гэж заасан илт хууль бус захиргааны актын шинжийг хангана. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31.2-т заасан чөлөөлөх шийдвэр нь чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан доод шатны засаг даргын хүсэлтийг хүлээн авч ёсчлон үйлдэх бөгөөд хамтаар гаргах шийдвэрийг дангаар гаргаж байгаа нь хуулиар өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж буй үйлдэл, шийдвэр бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-т заасанд “илт хууль бус акт”-д хамаарна.

4. Учирсан хохирлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсний хувьд Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэвэл зохих Иргэний хуулийн холбогдох заалтыг хэрэглээгүй талаар Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д "Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй" гэж заасны дагуу Сүхбаатар дүүргийн Засаг даргын Б/28 тоот хууль бус тушаалын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн төдийгүй бодит хохирол учирсан тул хуульд заасан үндэслэлээр шаардах эрхээ хэрэгжүүлсэн. Хохирол гэдэг нь тодорхой этгээдийн эрх зөрчигдсөнөөс түүнд бий болсон сөрөг үр дагавар бөгөөд гол шинж нь тооцож хэмжиж болохуйц, эрх зүйн зөрчил, үр дагаврын шалтгаант холбоо байх, нөхөн төлөгдөх шинжтэй байдаг. Өмгөөллийн хөлс нь хариуцагчийн хууль зөрчсөн үйлдэлтэй шууд хамааралтай буюу тэрхүү үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгохын тулд гарсан зардал тул өөрт учирсан эд хөрөнгийн хохирлоо нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй юм. Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.7-д шууд болон шууд бус гэж ангилан ялгамжлаагүй зөвхөн хохирол гэж нэг мөр зохицуулсан байхад "шууд хохирол биш” байна гэж үзэж тус нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхээр байна. Шүүхийн шийдвэр, магадлалд тус хохиролтой холбогдох Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 228 дугаар зүйл, 229 дүгээр зүйлийг огт тайлбарлан хэрэглээгүй.

5. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 0730 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 0056 дугаар магадлалын нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлээгүй хэсэг болон хэрэгсэхгүй болгосон хэсэгт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндсэн шаардлагыг шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, уг шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлал Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т заасанд нийцэхгүй болсон, шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна.

7. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Б/28 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийг үндэслэн 9 дүгээр хорооны Засаг дарга Ж.Цэцгээг “өндөр насны тэтгэвэр тогтоолгосон” гэж мөн өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, нэхэмжлэгч Ж.Ц нь “... Засаг дарга доод шатны Засаг даргыг хэнээс ч хамааралгүйгээр чөлөөлөх, огцруулах эрх хэмжээ байхгүй, ... миний бие чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй байхад намайг чөлөөлөх шийдвэр гаргах боломжгүй” гэж маргаж, уг актыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсчээ.

8. Маргааны үйл баримтуудаас үзвэл Ж.Цэцгээ нь 1959 онд төрсөн, тэрээр өндөр насны тэтгэвэрт гарсан байх үедээ 9 дүгээр хорооны Засаг даргад нэрээ дэвшүүлэн өрсөлдөж, иргэдийн олонхийн саналыг авч тус хорооны Засаг даргаар томилогдон ажиллаж байсан, уг албан тушаалаас чөлөөлөгдөх талаар хүсэлт гаргаагүй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Б-гийн гарын үсэгтэй 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2018/09 дугаартай “Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэл”-ээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тул 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсныг, мэдэгдлийг уншиж сонсгосноос хойш 30 минутын дотор тайлбараа өгөхийг мэдэгдсэн ба уг мэдэгдлийг Ж.Цэцгээд 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр гардуулан өгсөн үйл баримт тогтоогдсон, эдгээр үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

9. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т “баг, хорооны Засаг даргыг энэ хуулийн 32.1, 32.2-т заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх буюу огцруулах”-аар заасан, 32 дугаар зүйлийн 32.1-д “аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга буюу Ерөнхий сайд түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө” гэснээс үзэхэд эрүүл мэндийн байдлын улмаас эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар хорооны Засаг дарга ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг өөрөө гаргасан нь түүнийг Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл болно.

10. Мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.2-т “баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах” гэж баг, хорооны Хурлын бүрэн эрхийг тодорхойлсон, 28 дугаар зүйлийн 28.5-д “баг, хорооны Засаг даргыг чөлөөлөх, огцруулах асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга шийдвэрлэх”-ээр заасан байх тул хорооны Засаг даргын “чөлөөлөгдөх” хүсэлтийг хүлээн авч хорооны иргэдийн Нийтийн Хурлаас дүүргийн Засаг даргад “санал” хэлбэрээр уламжилсныг үндэслэн дүүргийн Засаг дарга нь хорооны Засаг даргыг чөлөөлөх зохицуулалттай байна .

11. Энэ тохиолдлын хувьд нэхэмжлэгч Ж.Ц нь 9 дүгээр хорооны Засаг даргаас хуульд заасан үндэслэлээр “чөлөөлөгдье” гэж аливаа хүсэлт өгөөгүй байхад хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь өөрийн дураар нэхэмжлэгч Ж.Цэцгээг үүрэгт ажлаас чөлөөлсөн нь хууль бус боловч дүүргийн Засаг дарга нь харъяа хороодын Засаг даргыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу чөлөөлөх, огцруулах шийдвэр гаргах бүрэн эрхтэй субъект тул Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан ” гэх үндэслэлд хамаарахгүй, энэ талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

12. Иймд, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан “... дүүргийн Засаг дарга нь өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэх гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

13. Харин нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх гомдлыг хангах үндэстэй байна.

14. Дээр дурдсанаар нэхэмжлэгч Ж.Ц нь 9 дүгээр хорооны Засаг даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаагүй, түүнийг чөлөөлүүлэхээр тухайн хорооны иргэдийн Нийтийн Хурлаас санал ирүүлээгүй байхад “өндөр насны тэтгэвэрт гарсан” гэх үндэслэлээр түүнийг чөлөөлөх шийдвэрийг дүүргийн Засаг дарга “өөрөө мэдэж гаргасан” нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэлд хамаарна, илт хууль бус захиргааны акт болно.

15. Давж заалдах шатны шүүх  нэхэмжлэгчийн энэ үндэслэлийн талаар “... акт гаргах эрх зүйн харилцаа болон үндэслэлийг ... хуульд тусгайлан зааж журамласан тул нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл огт байгаагүй гэж үзэхгүй...” гэж дүгнэж, уг агуулгаар Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, иймээс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын энэ үндэслэлийг хүлээн авч, захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэгчийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэр, магадлалд оруулах нь зүйтэй.

16. Нэхэмжлэгч нь зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулахдаа өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцож, улмаар гэрээний дагуух хөлс гурван сая төгрөгийг өмгөөлөгчид төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

17. Нэхэмжлэгч нь өмгөөлөгчид төлсөн 3 сая төгрөгийг Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжилснийг уг зүйл, заалтад хамаарах “хохирол” биш талаар шүүхүүд зөв дүгнэсэн байна.

18. Өөрөөр хэлбэл, хэргийн оролцогч өмгөөлөгч авах нь түүний эрх бөгөөд өмгөөлөгчид хууль зүйн туслалцаа үзүүлсний /ажлын хөлс/ төлөө төлсөн хөлсийг захиргааны байгууллагын үйл ажиллагаанаас болж иргэн, хуулийн этгээдэд учирсан “хохирол”-д тооцох боломжтой буюу зайлшгүй гарах ёстой байсан зардал гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... шууд бус хохирол байна гэж хүлээн зөвшөөрсөн атлаа нэхэмжлэхгүй гэж дүгнэлт хийсэн нь хуульд заагаагүй хязгаарлалтыг бий болгосон” гэх гомдлыг хангах боломжгүй.

19. Иймд, дээрх үндэслэлээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очирын хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 128/ШШ2018/0730 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2019/0056 дугаар магадлалын “тогтоох” хэсгийн 1 дэх заалтыг “нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4, 28.5, 32 дугаар зүйлийн 32.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 100 дугаар зүйлийн 100.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг тус тус баримтлан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Б/28 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 4,248,693 /дөрвөн сая хоёр зуун дөчин найман мянга зургаан зуун ерэн гурав/ төгрөгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргуулан Ж.Ц-д олгуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, үлдэх буюу өмгөөллийн зардал болох 3 сая төгрөгийн хохирол гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилсүгэй.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлого хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                       Ч.ТУНГАЛАГ