Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 0054

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Эод холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Цэцэгмаа даргалж, шүүгч Д.Азжаргал, шүүгч С.Уранчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                          Г.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч                Р.Н

Нарийн бичгийн дарга                 Ц.Номин-Эрдэнэ нарыг оролцуулан хийж

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Н-н давж заалдах гомдлоор шүүгдэгч Г.Эод холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ч овогт Г-н Э,

Г.Э нь 2022 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд         аймаг       сум      баг “Х” гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд         аймаг          сум    баг     тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 73.3гр цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: Г.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Шүүгдэгч Ч овогт Г-н Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эыг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Эод урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, шинжилгээнд дээж авч, үлдсэн жин нь 72.9 гр болсон ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

 

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Н давж заалдах гомдолдоо:

 

... Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс Г.Эын үйлдэл, түүний нотлогдож тогтоогдсон байдал, гэм буруу болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд мөрдөн шалгах, яллах дүгнэлт үйлдэх, шүүхийн шатанд ямар нэгэн эрх болон хууль зөрчсөн талаар маргаан байхгүй.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн дараах нөхцөл байдлыг харгалзан үзэж Г.Эод хорих ялаас илүү хүмүүжлийн үр нөлөөтэй ял шийтгэл ногдуулах нь ялын зорилгод нийцнэ гэж үзэж энэ гомдлыг гаргаж байна.

Э нь боловсруулсан бэлтгэсэн мансууруулах бэлдмэл хэрэглээгүй, бусдад дамжуулаагүй, бусдыг уруу татаж ийм төрлийн бэлдмэл хэрэглэсэн зүйлгүй байгальд ургамал хэлбэрээр байдаг өвсийг зөвхөн өөрөө хэрэглэсэн. Ийнхүү хэрэглэсэн явдал нь гэр бүлийн уур амьсгал, таарамжгүй байдал, сэтгэл санааны тавгүй байдлаа даван туулах зорилготой байсан зэрэг шинжээрээ түүний үйлдэл хязгаарлагдмал орчинд нийгмийн хор аюулын /тухайн гэмт хэрэг нь түргэн тархах, хүний оюун ухааныг хордуулах зэрэг нийгмийн нийгмийн хор аюултай нь үнэн боловч/ хэмжээ нь зөвхөн өөрт нь болон эхнэрт нь хамаарсан.

Г.Э нь энэ гэмт хэрэгт холбогдсоноороо гэм буруу болон хор аюулыг ухамсарлан ойлгосон, гэм буруугаа хүлээсэн, буруу зуршлаа орхих /нэг сарын уламжлалт болон орчин үеийн эмчилгээ хийлгэсэн/-оор, цаашид тогтмол ажил хөдөлмөр эхлэхээр хичээж байгаа, зарим ажлын байрны талаар урьдчилан тохиролцсон чухам тийм ч учраас гэм буруугаа бүрэн хүлээсэн.

Г.Э нь герман хэлтэй, хэрэглээний англи хэлтэй, компьютерын программын мэдлэгтэй Е-спортоор сонирхон оролддог, түүний ар гэрт 2019 оны 08 дугаар сарын 31-нд төрсөн Ү, 2020 оны 08 дугаар сарын 31-нд төрсөн Т, 2022 оны 05 дугаар сарын 29-нд төрсөн Б нарын бага насны хүүхдүүд байгаа ба Г.Э хэдийгээр энэ хэрэгт холбогдсон ч өрхийн тэргүүний хувьд ар гэрээ авч явах, хүүхдүүдийнхээ сэтгэл санаа, эд материалын хэрэгцээг хангах, амар тайван орчинд байлгахад мэдээжийн чухал хүн байх нь ойлгомжтой юм.

Хэргийн дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Г.Эод улсын яллагчаас санал болгосон болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тодорхой хугацааны хорих ялын оногдуулж, улмаар Эрүүгийн хуулийн 6.7 заалтын 1 болон 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх журмыг хэрэглэн тэнсэж, улмаар мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.2-т заасан мансууруулах өвс хэрэглэдэг зан үйлээ засах /бүрэн ангижрах, орхих/, 2.3 дахь хэсэгт заасан тодорхой ажил хөдөлмөр эрхлэх үүрэг хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, урьдчилан сэргийлэх, тухайн этгээдийг нийгэмшүүлэх зорилгод илүү нийцнэ гэж үзэж байна.

Тэнсэн харгалзсан болон үүрэг хүлээлгэсэн шүүхийн шийдвэр хяналттай хэрэгжих ба тэнссэн хугацаанд зөрчил гаргасан, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол хуульд прокурорын дүгнэлтээр мэдээж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах учраас илүү үр нөлөөтэй гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн 2023 оны 06 сарын 16-ны 209 тоот шийтгэх тогтоолд Г.Эод ял оногдуулан тэнсэж, үүрэг хүлээлгэнэ үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Н тайлбартаа: ... Давж заалдах гомдлоо дэмжиж байна ... гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.А дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Эод холбогдох эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Н-н давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Г.Э нь 2022 оны 09 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд           аймгийн          сумын        баг “Х” гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 73.3гр цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай дээрх сэтгэцэд нөлөөт бодисыг        аймгийн          сумын        баг          тоот гэртээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн гэмт хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогджээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх зөрчил илрээгүй болно.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т зааснаар эмчийн заалтаар мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм хэрэглэх жор авсан өвчтөн уг эмийг хэрэглэж болох бөгөөд бусад тохиолдолд уг бодисыг хэрэглэхийг хориглодог.

 

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч Г.Эыг үргэлжилсэн үйлдлээр, хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгох ба Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд юм.

Анхан шатны шүүх дээр дурдсан зарчим болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон шүүгдэгч Г.Эын гэм буруу, хувийн байдал болон түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэснийг хөнгөрүүлэн өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэн эрх бөгөөд шүүгдэгч Г.Эод оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял нь түүний гэм буруу, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанарт тохирсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Н-н гаргасан “ ... Г.Эод ял оногдуулан тэнсэж, үүрэг хүлээлгэнэ үү ... ” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч Г.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад ... хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг ... гэж хоёр өөр бодисын нэршлийг хольж бичсэнээс гадна шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад ... Эрүүгийн ерөнхий ангийн ... гэж ... хуулийн ... гэдэг үгийг орхигдуулан техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул шийтгэх тогтоолын дээрх заалтуудад өөрчлөлт оруулж зөвтгөх боломжтой гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 16-ны  өдрийн 209 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... мансууруулах ... гэснийг хасаж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын ... Эрүүгийн ... гэсний дараа ... хуулийн ... гэж нэмж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Н-н давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             С.ЦЭЦЭГМАА

ШҮҮГЧИД                                                                 Д.АЗЖАРГАЛ

 

                                                                                    С.УРАНЧИМЭГ