Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/209

 

2023         6             16                                  2023/ШЦТ/209

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П      

улсын яллагч Г.А  

шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч Р.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Г.Э-д холбогдох эрүүгийн 2325001070215 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Шүүгдэгч Г.Э нь;

2022 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг “Хабитат” гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Хабитат **** тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 73.3гр цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Г.Э “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;                              

гэрч Б.Б-гийн “...Анх гэр бүл болохоос өмнө болзон уулзаж байхад Г.Э “мансууруулах өвс татаж хэрэглэдэг” гэдгээ хэлж, “мансууруулах өвс байгаа, татаж үзэх үү” гээд надад өгч мансууруулах өвсийг тамхи шиг татуулж үзүүлж байсан, тухайн цаг үеэс хойш Г.Э мансууруулах өвсийг тогтмол тамхи шиг татаж хэрэглэдэг болсон, зун, намрын улиралд өдөр бүр татаж байгаа харагддаг, харин хавар, өвлийн улиралд мансууруулах өвс нь олдохгүй байдаг юм шиг байсан, татах давтамж нь багасчихдаг. Хамт байхдаа нөхөр Г.Э-ыг мансууруулах өвс татаж хэрэглэж байгаа гэдгийг нь мэддэг байсан болохоор болиулах гэж олон удаа ярилцаж байсан ч болихгүй татаад байсан. Хаанаас, яаж олж ирдэг талаар нь мэдэхгүй, ...гадуур явж байгаад ургасан байдалтай байхаар нь зулгаагаад аваад ирсэн гэж хэлдэг байсан. ...2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр нөхөр Г.Э мансууруулах өвсөө татах гэж байхаар нь би “одоо боль” гэж хэлэхэд над руу уурлаж, надтай маргалдаж, гэрээс гарч өвсөө татсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15, 17-18 дахь тал/,

Г.Э-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би хамгийн сүүлд 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ганцаараа, гэрийн хашаандаа хэрэглэсэн. 2022 оны 9 дүгээр сарын сүүл, 10 дугаар сарын эхээр гэр рүүгээ харьж явах замдаа гэр хорооллын айлын хашааны гадна талаас жижиг торны тал хэсгээр түүж аваад хэрэглэсэн. ...Ерөнхийдөө 2011 оноос хойш хэрэглэж эхэлсэн, тогтмол хэрэглэхгүй, стресстсэн үедээ цаасанд ороож тамхи шиг татдаг. ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Би 2022 оны 9 байна уу, 10 дугаар сард ганцаараа явж байхдаа Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг урд Хабитатын нутаг дэвсгэрээс мансууруулах ургамлыг газар ургасан байхад нь түүж авч, өөрийн Эрдэнэ багийн **** тоот гэртээ хадгалж хааяа сэтгэл санаа тавгүй болсон үедээ эхнэр Б.Б-гээс нууж тамхи шиг ороон татаж хэрэглэдэг байсан. Эрдэнэт хотын төвөөс гэртээ харих замдаа ургасан байхыг нь хараад таньж түүсэн, зөвхөн өөрөө хэрэглэх гэж л түүж бэлтгэсэн, хэн нэгэнд өгсөн үйлдэл байхгүй.” гэсэн мэдүүлгүүд /хавтаст хэргийн 46, 70, 104-105 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээч О.Л-ийн 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 642 дугаартай;

“...1.Шинжилгээнд ирүүлсэн “Г.Э 2023.01.21” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн “Г.Э 2023.01.21” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол илрэв. 3.Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 35-36, 37 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээч О.Л-ийн 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 641 дугаартай;

“...1.Шинжилгээнд “Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Хабитат **** тоот ногоон өнгийн ургамал гэж хаягласан ургамал мэт зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол илрэв.

2.Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно.

3.4.Уг ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 78.8 грамм, цэвэр жин нь 73.3 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 72.9 грамм болов.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 41-42, 43 дахь тал/,

          Орхон аймгийн БОЭТ-ийн шинжээч, эмч Ж.Д, П.Б, С.Э нарын гаргасан 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн;

          “...1.Г.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ болон шинжилгээ хийлгэх үед Каннабиноидны хамаарлын байдалтай. 2.Г.Э нь дээрх сэтгэцийн байдалтай тул сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлж албадан эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байна. 3.Магадлуулагч Г.Э нь өөрийнхөө хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох чадвартай. 4.Г.Э нь өөрийн холбогдож байгаа хэргийн учир холбогдлыг үнэн зөвөөр тусган авах, хэрэг хариуцах чадвартай. 5.Г.Э нь болсон үйл явдлыг зөв тусган, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. 6.Магадлуулагч Г.Э-д мансуурлын шинж тэмдэг илэрч байна. 7.Г.Э нь каннабиноидны хамааралтай байна, хэзээнээс хамааралтай болсныг одоо тогтоох боломжгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 82 дахь тал/,

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Б-ийн “...мансуурсан байж болзошгүй хүмүүс байна.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Хабитат **** тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-6, 7-9 дэх тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Хабитат **** тоот Г.Э-ын  гэрээс хураан авсан 79.1гр ургамал мэт зүйл, цагаан өнгийн цаас зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 12 дахь тал/,

Г.Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дахь тал/,

Г.Э-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 71-72, 73-74 дэх тал/,

Г.Э-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 108 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2021/ШЦТ/82 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 110-113 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, гэрчээс,  мөн Г.Э-оос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Г.Э-ыг гэм буруутайд тооцох;

Шүүгдэгч Г.Э нь;

2022 оны 9 дүгээр сараас 10 дугаар сарын хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг “Хабитат” гэх газраас Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Хабитат **** тоот гэртээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан нийт 73.3гр цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

гэрч Б.Б-гийн “...Г.Э мансууруулах өвсийг тогтмол тамхи шиг татаж хэрэглэдэг болсон, зун, намрын улиралд өдөр бүр татаж байгаа харагддаг, харин хавар, өвлийн улиралд мансууруулах өвс нь олдохгүй байдаг юм шиг байсан, татах давтамж нь багасчихдаг. ...2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр нөхөр Г.Э мансууруулах өвсөө татах гэж байхаар нь би “одоо боль” гэж хэлэхэд над руу уурлаж, надтай маргалдаж, гэрээс гарч өвсөө татсан.” гэх,

Г.Э-ын өөрийнх нь өгсөн “...Би хамгийн сүүлд 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ганцаараа, гэрийн хашаандаа хэрэглэсэн. ...Ерөнхийдөө 2011 оноос хойш хэрэглэж эхэлсэн, тогтмол хэрэглэхгүй, стресстсэн үедээ цаасанд ороож тамхи шиг татдаг. ...Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг урд Хабитатын нутаг дэвсгэрээс мансууруулах ургамлыг газар ургасан байхад нь түүж авч, өөрийн Эрдэнэ багийн **** тоот гэртээ хадгалж хааяа сэтгэл санаа тавгүй болсон үедээ эхнэр Б.Б-гээс нууж тамхи шиг ороон татаж хэрэглэдэг байсан.” гэх мэдүүлгүүдээр, 

          мөн Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээч О.Л-ийн 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 641, 642 дугаартай дүгнэлтүүдээр,

          Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн хэсгийн байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Ч.Б-ийн “...мансуурсан байж болзошгүй хүмүүс байна.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл,

          Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Хабитат **** тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

          Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Хабитат **** тоот Г.Эын  гэрээс хураан авсан 79.1гр ургамал мэт зүйл, цагаан өнгийн цаас зэргийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол,

          Г.Э-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гэрч Б.Б шүүгдэгчийн эхнэр бөгөөд Мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч нь түүнд Монгол Улсын Үндсэн хуулийн 16.14 дэх хэсэгт заасан “өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг тайлбарласан, гэрч нь “...өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй.” гэснээр мэдүүлэг өгсөн байх тул хавтаст хэргийн 14-15, 17-18 дахь тал авагдсан мэдүүлгийг шүүх үнэлэв.  

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгохоор заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Монгол Улсад хуулиар хориглосон буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах зорилгын үүднээс эргэлтэд нь хуулиар хяналт тогтоож, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан тодорхой тохиолдолд эргэлтэд оруулахыг зөвшөөрсөн байх бөгөөд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар хадгалсан.” гэдгийг уг бодисыг санаатайгаар орон байр, тусгай зориулалтын байр, агуулах саванд агуулж хадгалах, өөрийн бие, тээврийн хэрэгсэл, цүнх, сав зэрэгт агуулж, хадгалахыг,

“хууль бусаар бэлтгэсэн.” гэдгийг зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамалыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авахыг тус тус  ойлгоно.

Шүүгдэгч Г.Э зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамалыг Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг урд Хабитатын нутаг дэвсгэрээс түүж, улмаар өөрийн гэртээ хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авснаар” хэргийн бүрдэл хангагдана.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г.Э-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүх шүүгдэгчийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

мөн үргэлжилсэн үйлдлээр уг бодисыг худалдаалах зорилгогүйгээр хадгалсан.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурьдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Г.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед,

улсын яллагч “...шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах.” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Н “...Ахуйн хүрээнд болсон хэрэг байна, тусгайлан бэлтгээгүй бөгөөд байгаль дээр байдаг ургамал юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав. 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис бөгөөд хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор уршиг ихтэй үр дагавараас урьдчилан сэргийлэх зорилгоор,

шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Э нь удаан хугацааны туршид “өвс” гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг байнга хэрэглэсэн, дахин хэрэглэх зуршилтай болсон, улмаар гэр бүлийнхээ хүнд хэрэглүүлсэн зэрэг байдлуудад дүгнэлт хийхэд түүнд Эрүүгийн хуульд заасан үүрэг хүлээлгэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, улмаар тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлдүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна. 

Бусад асуудал;

          Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж, 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, шинжилгээнээс үлдсэн цэвэр жин нь 72.9гр ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.              

Хяналтын прокурор нь яллах дүгнэлтийн биеийн байцаалт хэсэгт шүүгдэгч Г.Э-ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан байдлыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гурван цаг нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгэсэн.” гэж,

мөн Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээч О.Л-ийн 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 641 дугаартай дүгнэлтийн 3 дахь хэсэгт  “...Уг ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 78.8 грамм, цэвэр жин нь 73.3 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 72.9 грамм болов.” гэж дурьдсан байхад яллах дзгнэлтийн хавсралт хэсэгт үлдсэн жин нь 73.3грамм” гэж зөрүүтэй байдлаар бичиж техникийн шинжтэй алдаа гаргасныг тус тус дурьдах нь зүйтэй.  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч  Г.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, хориглосон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-ыг 1 /нэг/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хурааж, шинжилгээнд дээж авч, үлдсэн жин нь 72.9гр болсон ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЭНХТУНГАЛАГ