Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 0058

 

 

 

 

 

 

 

 

Х.Дид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                      Ж.Б

Нарийн бичгийн дарга                             М.Халиун нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 260 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Х.Дийн давж заалдах гомдлоор Х.Дид холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

   Б овогт Х-н Д,

   Шүүгдэгч Х.Д нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр          аймаг       сум       багт үйл ажиллагаа явуулдаг “Е” зочид буудлаар үйлчлүүлж байхдаа тус зочид буудлын ресейпшний амралтын өрөөнөөс хохирогч Д.Б-н “Redmi note-9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

Орхон аймгийн Прокурорын газраас: Х.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

            Шүүгдэгч Б овогт Х-н Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Х.Дийг шийтгэж,

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Дид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

   Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Доос 500.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Б-д олгож,

   Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Д давж заалдах гомдолдоо:

... Миний бие Х овогтой Д 2022 оны 11 дүгээр сард ээж болон Л.Н-г асран халамжлахаар        аймагт ирсэн. Л.Н нь 70 хувь халамжид байдаг. Зүрх болон тархины тал харвалтаас болж ой санамж муу болж даралт маш муу болж эмчийн хяналтад байдаг болсон.Иймд би ээжийгээ асран халамжлахыг хүсэж байна. Би уг үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Би уг үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Ээж Н нь надаас өөр асрах халамжлах хүнгүй тул миний ар гэрийн байдлыг харгалзан үзэж надад оноогдсон хорих ялыг хөнгөлөн өөр төрлийн ял оногдуулж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ж.Б дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Дийн давж заалдах гомдлыг үндэслэн Х.Дид холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

            Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдохгүй байна.

 

            Шүүгдэгч Х.Д нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр       аймгийн         сумын      багт үйл ажиллагаа явуулдаг “Е” зочид буудлаар үйлчлүүлж байхдаа тус зочид буудлын ресейпшний амралтын өрөөнөөс хохирогч Д.Б-н “Redmi note-9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 500.000 хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Х.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ оногдуулж буй ялын төрөл, хэмжээ нь үйлдсэн гэмт хэргийн шинж байдал, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ зэрэгт зүй зохистой харьцаагаар тохирсон байх ёстой.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Х.Дийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээ нь түүний гэм буруу, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээнд тохирсон байх тул шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иймд шүүгдэгчийн гаргасан ... хорих ялыг хөнгөрүүлж, өөр төрлийн ял оногдуулж өгнө үү ... гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 260 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Дийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              С.УРАНЧИМЭГ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  З.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                                                       С.ЦЭЦЭГМАА