Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/260

 

2023         7              04                                 2023/ШЦТ/260

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П  

улсын яллагч Ж.Б

хохирогч Д.Б,

шүүгдэгч Х.Д нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Х.Д-д холбогдох эрүүгийн 2325001340262 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Шүүгдэгч Х.Д нь;

архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багт үйл ажиллагаа явуулдаг “.......” зочид буудлаар үйлчлүүлж байхдаа тус зочид буудлын ресейпшний амралтын өрөөнөөс хохирогч Д.Б-гийн “Redmi note-9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Х.Д “...ганцаараа ундаанд гарчихаад буцаж ороод хоёр давхарт гарахад манай өрөөний хажуу талд ресейпшний өрөө онгорхой байхаар нь ороход орны өмнө утас унасан байсан, тэгээд кармалаад гарсан юм.” гэв.

хохирогч Д.Б-гийн “...ресейпшний өрөө энэ хүмүүсийн өрөөний хажуу талын өрөө биш, энэ хүн худлаа ярьж байна, ресейпшний өрөө шатны хажуу талд байдаг. Эдний өрөөний хүмүүс маргалдаад, зодолдоод байхаар нь би өрөөнөөсөө гарахдаа өрөөгөө онгорхой орхиод гарсан, тэгээд хоёр залууг хөөж нэгийг нь урдаа түрчихсэн, нэг нь миний ард явж байсан, энэ хүн миний ард явж байхдаа өрөөнөөс утсыг авсан байсан. Би өөрийнхөө утас руу залгаад “утсаа авъя” гэхэд надаас  0.75л архи, тамхи хоёр л нэхээд байсан. “Redmi note-9” загварын гар утасны үнэ 500.000 төгрөгөө гаргуулмаар байна.” гэв.

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Д.Б-гийн “...2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр “Эйнжоё” буудалд ээлжиндээ гарч байхад 13 цагийн үед таван залуу өрөөнд ороод 17 цагийн үед хоорондоо маргалдаад байхаар нь гарах шаардлага тавиад хоёр залууг нь хөөж, тэр хоёр залуугийн нэгийг нь урдаа түрчихсэн, нэг нь миний ард явж байсан юм. Тэгэхдээ шатны хажуу талд байдаг өрөөнд байсан “Redmi note-3 загварын гар утсыг ард талд явж байсан улаан өнгийн саравчтай малгайтай залуу аваад гараад явчихсан байсан, би тухайн үед мэдээгүй, гаргасныхаа дараа гар утсаа авах гээд өрөөрүүгээ ортол байхгүй байхаар нь хүний утас гуйгаад өөрийнхөө утас руу залгатал нэг эрэгтэй хүн аваад “би сая такси бариад Дэнж рүү явчихлаа, утсыг чинь буцаагаад өгвөл 0.75л архи авч өгөөрэй” гээд байхаар нь “тэгье” гэсэн,  “за” гэж хэлчихээд миний гар утсыг тэр чигт нь аваад явчихсан. Би гар утасны загварыг андуураад хэлчихсэн байна, үнэлгээний газар очиж үнэлгээ хийлгэх үед “таны гар утас энэ мөн үү” гэж харуулахад нь “биш” гээд тэгээд өөрийнхөө гар утасны загварыг мэдэж авсан, Redmi note-9 загварын гар утас байсан байна билээ.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн ТХҮ-**** дугаартай; “...Redmi note-9 загварын гар утасны одоогийн зах зээлийн үнэлгээ 500.000 төгрөг байх боломжтой.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 29-32 дахь тал/,

Х.Д-ийн яллагдагчаар өгсөн “...би буудлаас гарч ундаанд ганцаараа явсан, буцаад орохдоо өөрсдийн өрөөг андуураад хажуу талын өрөө рүү орчихсон бөгөөд орны урд газарт гурван камертай, мэдрэгчтэй, хар өнгийн гар утас байхаар нь авч халаасандаа хийсэн. ...эмэгтэй хүн яриад “миний утсыг яагаад аваад явчихваа, утсаа авъя” гэж хэлсэн, би түүнд “буцаагаад яваад очьё, надад шагнал болгож нэг шил архи авч өгнө биз дээ” гэхэд тэр эмэгтэй “тэгье” гэсэн, би Дэнжид очоод найзтайгаа нэг шил архи хувааж уусан бөгөөд ухаанаа алдаад, тасарчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43 дахь тал/,

хохирогч Д.Б-гийн “...2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр “Эйнжоё” буудалд ээлжийн ресейпшн хийж байх үед үл таних хүмүүс өрөөнд ороод буцаад хоёр хүн нь гарахдаа миний “Redmi note-3 загварын гар утсыг маань хулгайлсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5, 6, 7 дахь тал/,

Х.Д эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 62 дахь тал/,

иргэний үнэмлэхийн хуулбар /хавтаст хэргийн 53 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 64-66 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЦТ/363 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 67-69 дэх тал/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 476 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 72-76 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос болон Х.Д-оос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

          Шүүгдэгч Х.Д-ийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Х.Д нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багт үйл ажиллагаа явуулдаг “.......” зочид буудлаар үйлчлүүлж байхдаа тус зочид буудлын ресейпшний амралтын өрөөнөөс хохирогч Д.Б-гийн “Redmi note-9” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 500.000 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Д.Б-гийн “...“Redmi note-3 загварын гар утсыг ард талд явж байсан улаан өнгийн саравчтай малгайтай залуу аваад гараад явчихсан байсан, ... өөрийнхөө утас руу залгатал нэг эрэгтэй хүн аваад “би сая такси бариад Дэнж рүү явчихлаа, утсыг чинь буцаагаад өгвөл 0.75л архи авч өгөөрэй” гээд байхаар нь “тэгье” гэсэн,  “за” гэж хэлчихээд миний гар утсыг тэр чигт нь аваад явчихсан.” гэх,

Х.Д-ийн яллагдагчаар өгсөн “...өөрсдийн өрөөг андуураад хажуу талын өрөө рүү орчихсон бөгөөд орны урд газарт гурван камертай, мэдрэгчтэй, хар өнгийн гар утас байхаар нь авч халаасандаа хийсэн.” гэх мэдүүлгүүд,

хохирогч Д.Б-гийн “...2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр “Эйнжоё” буудалд ээлжийн ресейпшн хийж байх үед үл таних хүмүүс өрөөнд ороод буцаад хоёр хүн нь гарахдаа миний “Redmi note-3 загварын гар утсыг маань хулгайлсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу бүрмөсөн зарцуулсан үйлдэл байдаг бөгөөд бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулж халдаагүй, харин эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр нууц далд аргаар авсан байдаг онцлогтой.

Шүүгдэгч Х.Д нь хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн байх боловч тухайн обьект руу нэвтрэхийн тулд хэн нэгнээс тусгайлан зөвшөөрөл авах, эсхүл хууль бус арга хэрэглэх шаардлага үүсээгүй, нийтийн орчин гэж үзнэ.

Шүүгдэгч Х.Д-ийн бусдын өмчлөх эрхийн эсрэг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй,

Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. 

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд түүний гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Х.Д-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч Х.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Х.Д-ийг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Х.Дийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед;

улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 8 сар хорих ял оногдуулах.” гэсэн,

шүүгдэгч нь “...хөнгөн ял өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргасан болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзлээ.  

Шүүх шүүгдэгч Х.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн түүний архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлж байсан хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, мөн түүний 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй.  

          Шүүх шүүгдэгч Х.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.

          Бусад асуудал;

          Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан. 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б-д 500.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б-аас 500.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Б-д олгох үндэслэлтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 4 хоног цагдан хоригдсон, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,   

          шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.  

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Б овогт Х-ын Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хугацаагаар хорих ялаар шүүгдэгч Х.Д-ийг шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-ийн 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 4 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай. 

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Д-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Д-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Х.Д-оос 500.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Б-д олгосугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, болохыг тус тус дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХТУНГАЛАГ