Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 0059

 

 

 

 

 

 

 

Т.Нд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Уранчимэг даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч З.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

 

Прокурор                                                         Н.Д

Шүүгдэгч                                                          Т.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Б.Д/цахим/

Нарийн бичгийн дарга                                М.Халиун нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Ариунцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 281 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Т.Н болон түүний өмгөөлөгч Б.Д нарын давж заалдах гомдлоор шүүгдэгч Т.Нд холбогдох эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Т-н Н,

 

Шүүгдэгч Т.Н нь согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр        аймгийн   сумын    багийн        тоотод хохирогч Д.О-н баруун хөлийг хутгаар 2 удаа хатгаж эрүүл мэндэд баруун хөлийн гуянд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймгийн Прокурорын газраас: Т.Н-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

   Шүүгдэгч Б ургийн овогт Т-н Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н-г 300 /гурван зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсгүүдэд  зааснаар шүүгдэгч Т.Нд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт зургаагаас дээшгүй цагаар тогтоож, шүүгдэгч ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг мэдэгдэж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Нд оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тогтоохыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Т.Нд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1, 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримтын хариуцсан комисст даалгаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Т.Н болон түүний өмгөөлөгч Б.Д нар давж заалдах гомдолдоо:

... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д ... торгох ... нийтэд тустай ажил хийлгэх, ... зорчих эрхийг хязгаарлах ... гэсэн сонгох санкцтай бөгөөд миний үйлчлүүлэгч Т.Нн хувьд бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, байнгын асаргаа шаардлагатай эхтэйгээ хамт амьдардаг хувийн байдал байхад түүнд нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж байгаа нь хариуцлагын хувьд хүндрүүлсэн хэлбэр гэж үзнэ. Шүүгдэгч Т.Н-н хувийн байдал, хохирол төлбөр төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан үзэж ял хариуцлагыг хөнгөрүүлэн торгох ялыг сонгон хэрэглэх боломжтой байна. Хэргийг тал бүрээс нь нягталж, шүүгдэгч Т.Нд оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж торгох ялаар сольж өгнө үү ... гэжээ.

 

            Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Т.Н тайлбартаа: ... Бага насны хүүхэдтэй, ээж маань эмчилгээ хийлгэдэг. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Торгох шийтгэл оногдуулж өгнө үү ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн ял хариуцлагын талаар гомдол гаргасан. Гэм буруугийн талаар маргаагүй. Анхан шатны шүүх хурал дээр торгох ял оногдуулах санал гаргасан. Байнгын орлогогүй тул боломжгүй гэж дүгнэсэн. Тодорхой хэмжээний орлоготой. Торгох ялыг хэсэгчлэн төлөх боломжтой. 7 настай хүүхэдтэй эх нь хавдартай ... гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Н.Д дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н болон түүний өмгөөлөгч Б.Д нарын давж заалдах гомдлыг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

 

             Т.Н нь согтуурсан үедээ 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр         аймгийн         сумын        багийн       тоотод хохирогч Д.О-н баруун хөлийг хутгаар 2 удаа хатгаж баруун хөлийн гуянд шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

 

             Шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

 

             Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Т.Н-г согтуурсан үедээ Д.О-н эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 /зургаа/-аас дээшгүй цагаар тогтоож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.

 

             Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Н болон түүний өмгөөлөгч Б.Д нар ... 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж торгох ялаар сольж өгнө үү... гэсэн гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

 

             Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Н-н үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдлыг харгалзан түүнд 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан Шударга ёсны зарчим болон Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчимд нийцсэн байна.

 

             Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Т.Н нь эрхэлсэн тодорхой ажилгүй ба түүнд оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

             Тодруулбал: шүүгдэгч Т.Н нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт ... Улсын яллагчаас ажил хийхгүй байгаа юм уу? гэхэд тийм ... гэж, ... шүүгдэгчийн өмгөөлөгч ямар нэгэн орлого, орлогын эх үүсвэр байгаа юу? гэхэд найзуудтайгаа барилга дээр тогооч хийж байгаа ... гэж мэдүүлдэг боловч шүүгдэгчийг ажил эрхэлж байгаа гэж үзэх боломжгүй юм.

 

             Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Н болон түүний өмгөөлөгч Б.Д нарын ... 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өөрчилж торгох ялаар сольж өгнө үү... гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 281 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Т.Н болон түүний өмгөөлөгч Б.Д нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.УРАНЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                           С.ЦЭЦЭГМАА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      З.ХОСБАЯР