Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/09

 

 

       Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч О.Однямаа даргалж, Ерөнхий шүүгч Н.Батчимэг, шүүгч Н.Болормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,  

             прокурор Т.Нансалмаа,

             шүүгдэгч Н.Э,

             хохирогч С.Б

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дэлгэрмөрөн нарыг оролцуулан,

            Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.Б гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Н.Э холбогдох 2317000290038 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Однямаагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

         Монгол Улсын иргэн, 1974 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар баг, Б х гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй гэх С овогт Н Э /РД:-/,

         Яллагдагч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 25-ны шөнө Сүмбэр сумын 6 дугаар баг “Б х” гэх газар өөрийн гэрт иргэн С.Б хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар мөргөж эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, салстын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

      Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Н.Э үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

       Анхан шатны шүүх: Шүүгдэгч С овогт Н Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Н.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч Н.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч С.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Н.Э жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

         Хохирогч С.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 33 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Н.Э нь 2023 оны 03 дугаар сарын 25-ны шөнө согтуу байх үедээ миний нүүрэн тус газар мөргөж хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, салстын цус хуралт бүхий шүүх эмнэлэгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хөнгөн гэмтэл учруулсан. Н.Э шүүхээр шийтгүүлж уг хэрэгтээ 500 000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлсэн. Мөрдөн байцаалтын шатанд 93600 төгрөг өгсөн. Үүнээс өөр хохирол төлбөр барагдуулсан зүйл байхгүй. Миний хувьд цаашид хамрын хагалгаанд орох шаардлагатай байгаа бөгөөд эмчилгээний зардал Н.Э шаардсан боловч төлөхгүй байна. Гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэнд, гоо сайханд нөлөөлөх гэмтэл учруулчихаад ямар нэгэн байдлаар төлье гэсэн хүсэл эрмэлзэлгүй үл тоож харьцаж байгаад гомдолтой байна. Иймээс хамрын амьсгал сэргээх мэс засал, хамрын яс болон хамрын таславчийн мурий тэгшлэх мэс заслын заалттай учир Н.Э 4 000 000 төгрөг гаргуулж өгнө үү, мөн түүний ял шийтгэлийг хөнгөрүүлж 500 000 төгрөгийн ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байгаа учир хуулийн дагуу дахин хянаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.   

       Шүүгдэгч Н.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны хурал дээр С.Б холбоотой гарсан хэргийн бүх зардлыг даана гэж би хэлсэн байгаа. Мөрдөн байцаалтын явцад гарсан хохирлыг барагдуулсан. Эмнэлгийн зардлаа баримтаар авчирч өгвөл би төлнө, цаашид эмчилгээний зардлыг хариуцна гэж хэлсэн. Баримтаа анхан шатны шүүх хурал дээр гаргаж ирээгүй. Давж заалдах шатанд хандсан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. С.Б эмчилгээний талаар Говьсүмбэр аймгийн чих, хамар хоолойн эмчтэй ярьсан. Улсын эмнэлгээр эмчлүүлэх талаас нь ярьж хөөрсөн. Өөрт нь санал хэлсэн. Хүлээн зөвшөөрөөгүй. Давуу тал нь Аймгийн эмнэлэг хагалгаанд орсны дараа 1 сарын хугацаанд хяналтандаа байлгадаг юм байна лээ. Тэр талаар аймгийн эмнэлэгтэй ярьсан. Өөрөө хувийн "Интер Мед” эмнэлгээр явна гэж хэлсэн. Тэр эмнэлгийнхээ баримтыг аваад ир гэж хэлсэн. Баримтаа авчирч өгөөгүй гэв.

    Прокурор Т.Нансалмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: Э холбогдох хэрэг дээр хохирогч С.Б гомдол гаргасан байна. Анхан шатны шүүхээс баримтаа гарга гэсэн. Баримтаа гаргаж өгсөн боловч шүүх хохирол барагдуулаагүй. Хохирлын мөнгөө гаргаж авна гэсэн байдлаар гомдол гаргасан.  Анхан шатны шүүх бол нотлох баримт дээр тулгуурлаж шийдвэр гарсан. Мөрдөн байцаалтын шатанд гаргасан хэрэгт авагдсан баримт дээр 93 000 төгрөг гарсан байгаа. Энийг төлж барагдуулсан байгаа. Цаашид гарах хохирлыг иргэний журмаар материалаа бүрдүүлээд авах эрхийг нь нээлттэй үлдээсэн. Гэтэл өнөөдөр хохирогч хурал дээр хэдэн төгрөгний баримт, эмнэлэгт хэвтэх болон хагалгаанд орох зардлыг баримтаар гаргаж өгч чадахгүй байна. Шүүх цаашид гарах зардлаа баримтаар бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлээд шүүгдэгчээс гаргуулах эрхийг нь нээлттэй үлдээсэн байгаа. Сая шүүгдэгч  бас хэллээ. Нотлох баримтыг бүрдүүлээд ирвэл би төлнө. Төлөхөө ч анхан шатны шүүх дээр илэрхийлсэн. Одоо ч бас илэрхийлж байна гэж ойлгосон. Тийм учраас нэгэнт нотлох баримтаа гаргаж ирээгүй. Хэдэн төгрөгний баримт гаргаж байгаа нь тодорхойгүй байгаа учраас хохирогч С.Б гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбарыг гаргаж байна. Анхан шатны шүүх 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/33 дугаартай шийтгэх тогтоол гаргахдаа хууль ёсны үндэслэлтэй шийдвэрийг гаргасан байгаа. Хохирогчийн гаргаад байгаа энэ гомдол нь хохирол төлбөртэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй. Материалаа бүрдүүлээд иргэний журмаар шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байгаа. Нэгэнт шүүгдэгч Н.Э үйлдсэн гэмт хэрэг нь хохирол төлсөн байдал, нийгмийн аюулын шинж чанарыг харгалзаад шүүхээс гаргасан шийтгэх тогтоолоор 500 000 төгрөгөөр торгох ял шийтгэсэн нь хуульд нийцэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр гаргасан учраас шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна  гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

         Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар  давж заалдсан гомдлуудын агуулгаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

         Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

      Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

       Шүүгдэгч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 25-ны шөнө Сүмбэр сумын 6 дугаар баг “Б х” гэх газар өөрийн гэрт иргэн С.Б хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар мөргөж эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, салстын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь  шүүгдэгч Н.Э гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Б, гэрч, шинжээч нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, дүгнэлтүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.

     Шүүгдэгч Н.Э үйлдсэн хэргийг зүйлчилсэн хуулийн зүйлчлэл тохирсон, анхан шатны шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хохирол төлсөн болон төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан түүнд 500 / таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/  төгрөгөөр торгох ял оногдуулсан нь  хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэрэг нөхцөл байдалд тохирсон ба шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна гэж үзлээ.

          Хохирогч С.Б   “ ... хамрын амьсгал сэргээх мэс засал, хамрын яс болон хамрын таславчийн мурий тэгшлэх мэс заслын заалттай учир Н.Э 4 000 000 төгрөг гаргуулж өгнө үү, мөн түүний ял шийтгэлийг хөнгөрүүлж 500 000 төгрөгийн ял шийтгэл оногдуулсанд гомдолтой байна  гэж давж заалдсныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь хохирогч нь анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөөгүй учраас нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байна. Түүнчлэн шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь тохирсон байна.  

         Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч С.Б давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

         Монгол улсын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 2023/ШЦТ/33 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн  давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн,  хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         О.ОДНЯМАА

             ШҮҮГЧ                                               Н.БАТЧИМЭГ

             ШҮҮГЧ                                               Н.БАОЛОРМАА