Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/33

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,

нарийн бичгийн дарга Ж.Хонгорзул,

улсын яллагч Э.Нэргүй,

хохирогч С.Б,

шүүгдэгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч С овогт Н-н Э-д холбогдох эрүүгийн 2317000290038 дугаартай хэргийг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, 1974 оны 09 дүгээр сарын 16-нд Завхан аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бетон арматурчин мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Г аймгийн С сумын  дугаар баг, Б гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх С овогт Н-н Э /РД: /,                          

                                                                 Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 25-ны шөнө Сүмбэр сумын 6 дугаар баг “Банзарын хоолой” гэх газар өөрийн гэрт иргэн С.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар мөргөж эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, салстын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2317000290038 дугаартай хэргээс яллах болон өмгөөлөх талуудаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

  1. Шүүгдэгч Н.Э шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хохирогч С.Б манайд шөнийн 01 цагт ирсэн. С.Б нэг моторын асуудалтай, тэр асуудлыг ярьсан. Одоо хамаагүй гэж хэлээд тэрнээс болж маргаан үүсээд нүүр хэсэгт нэг удаа мөргөсөн. С.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа, миний буруу гэв.

  1. Хохирогч С.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

2023 оны 02 дугаар сарын 25-ны орой цагаан сараар шинийн 3, 4 байсан. Би айлд очсон эхний 3 хундага татсан, дараагийн айлд уугаагүй. Наашаа явж байгаад Б гэж хүн Т ахынхаар ороод гаръя гэсэн. Ороход цагаан сарын юм задалсан. 0.5 граммын архи уусан. Манайх 2020 онд Улаан худаг гэх газар ирж нутагласан. Тухайн газрын худагт шороо хийсэн гээд хардаад байдаг. Мотороос эхэлсэн. Худаг уснаас уулгахгүй гэсэн зүйл яригдсан. Хамрын хагалгааны зардлыг нэхэмжилнэ. Анх үзүүлээд хамрын хагалгаанд орох шаардлагатай хамрын яс хугаралттай гэсэн. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлт гарсан байсан. Энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа. Н.Э ахтай муудалцаад барьцалдаж авснаа санаж байна. Тэгээд юу болсныг санахгүй байна гэв.

3. Шүүгдэгч Н.Э мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ:

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг, Банзарын хоолой гэх газар 2023 оны 02 дугаар сарын 24-ний шөнө 01 цагийн үед би гэр бүлийнхээ хамт унтаж байхад Б эхнэртэйгээ болон Б 3 орж ирсэн. Тухайн өдөр сар шинийн баярын өдөр байсан учраас би босож тамхилаад хоол цай хийж өгөөд 0.5 литрийн савлагаатай архи задалж өгсөн. Б бид 2 задалсан архийг голдуу хувааж явсан. Тухайн үед Б манайд орж ирээд архинаас амссан байх. Тэгээд Б унтаад өгсөн. Архи дуусах үед Б худгийн моторын асуудал ярьсан. Тэр асуудал нь  2, 3 жилийн өмнө болсон асуудал юм. Тухайн үед худгийн моторын асуудал яриад байхаар нь би надад хамааралгүй асуудал байна. Би Б-ыг гэртээ харьж чадах уу гэж асуухад би чадна гэж хэлэхээр нь би гэрээсээ гаргаж өгөөд Б-ыг машинд нь суулгаж өгсөн. Би Б-ыг явахыг нь хүлээгээд хараад зогсож байтал Б нь машинаа асаагаад намайг машинаар дайрч мөргөх үйлдэл хийсэн. Би тухайн үед харж байсан болохоор хажуу тал руугаа нэг удаа алхах үед Б машинтайгаа миний хажуу талд зэрэгцэж орж ирсэн. Тэгээд Б миний дүү янз бүрийн асуудал байвал гэрт орж ярьж хөөрье гэж хэлээд гэр лүү авч орсон. Гэрт орж ирээд Б агсам тавиад хэл амаар доромжлоод, миний толгой руу цайны аяга авч шидсэн. Тухайн үед миний толгой шалбарч хэд хоног шарх үүссэн байдалтай явсан. Энэ байдлаас маргалдах, ноцолдож зодолдсон асуудал үүссэн. Би Б-тай хамт ирсэн Б-ийг дуудаж босгож ирээд дагуулж ирсэн хүнээ гэрт нь хүргэж өг гээд Б Б-ыг манай гэрээс чирээд аваад гарсан. Тэрнээс хойш надад ямар нэгэн мэдэх зүйл байхгүй байна. Би Б-ын эрүүл мэндэд санаатайгаар болон зориуд гэмтэл учруулсан зүйл байхгүй. Намайг машинаар дайрах үйлдэл хийх үед нь Б-ыг гэрт оруулж ярилцах гэтэл Б намайг цайны аягаар нэг удаа цохисон. Тэгээд үүнээс болж хэрүүл маргаан үүссэн.... гэх мэдүүлэг /хх-ийн 81-83 дугаар хуудас/,

4. Хохирогч С.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Манайх 2020 онд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багт нүүж ирээд албан ёсоор энэ нутагтаа шилжин ирж амьдрах болсон. Ер нь бол Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум 6 дугаар баг Банзарын хоолой гэх газар сүүлийн 3 жил отроор өвөлжиж байгаа юм. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр манай гэрээс баруун хойш 3, 4 км орчимд байрлах Б гэдэг айлд 19 цагийн орчим өөрийнхөө эзэмшлийн 24-34 ДУА улсын дугаартай шаргал өнгөтэй Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ ганцаараа очсон. Тухайн айлд орох үед Б эхнэр 2 хүүхдийн хамт байж байсан бөгөөд цагаан сарын идээ гээд 0.5 литрийн савлагаатай Хараа нэртэй нэг шил архи задлаад түүнээсээ надад хундагалж өгсөн. Би тухайн архинаас 3 хундага уусан. Б өөрөө 2,3 хундага архи уусан. Тэгтэл Б надаас ойрхон манай хамаатны айлд очоод золгочхоод ирье гэж гуйхаар нь би зөвшөөрөөд Б-ийг эхнэртэй нь хамт өөрийнхөө машинд суулгаад Бийн гэрээс зүүн тийшээ 10 орчим километр яваад Д гэх айлд очсон. Би тэр айлыг нэг их сайн танихгүй. Ямар ч гэсэн нутгийнхан Д л гэж дуудаад байдаг юм. Тухайн айл мөн л цагаан сарын идээ гээд архи дарс гаргаад бууз жигнэж өгсөн. Б тухайн айлын өгсөн архинаас уугаад байсан. Харин түүний эхнэр бид 2 архинаас ерөөсөө уугаагүй. Тэгээд тухайн айлаас шөнө 00 цагийн орчим буцаад гэр лүүгээ явж байтал Б Т ахынхаар ороод гаръя гэж хэлсэн. Тухайн Т гэх айл нь бидний явж байсан замаас урагшаа нэг их холгүй газар байсан болохоор нь би зөвшөөрөөд тухайн айлд шөнийн 01 цагийн орчим очсон. Тухайн айлд очиход Т гэх хүн эхнэртэйгээ хоёулаа унтаж байсан бөгөөд тухайн хүмүүс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу байсан. Тэгээд биднийг ирэхэд Тгийн эхнэр А бидэнд идээ амсуулсан. Нөхөр нь харин орон дотроосоо босохгүй хэвтээд байсан. Тэгээд Тгийн эхнэр 0.75 литрийн савлагаатай нэрийг нь мэдэхгүй нэг шил архи гаргаж ирсэн бөгөөд тухайн архинаас нь Б 2,3 уугаад согтоод унтаад өгсөн. Үлдсэн архийг нь Т, түүний эхнэр А, Бийн эхнэр бид 4 хувааж уусан. Тухайн архийг ууж байх үед Тгийн эхнэр А надад хандан дахиж энэ худгаас та нар шиг цагаачдын малыг услахгүй гэх утгатай зүйл яриад байсан. Би тэр үед нь чимээгүй байсан. Тэгтэл эхний архийг ууж дуусгасны дараа А дахин 0.75 литрийн савлагаатай нэрийг нь мэдэхгүй нэг шил архи гаргаж ирээд түүнээс Б-ээс бусад нь хувааж уусан. Тэр үед мөн А надад хандан танайх малаа манайх руу бэлчээдэг, малын бэлчээр худаг усаа харамлана гэх утгатай зүйл яриад суугаад байсан. Т гэх айл манайх 2 хоорондоо 1 км орчим зайтай нутагладаг бөгөөд дундаа нэг худагтай. Тухайн худаг нь улсын худаг байтал Т-гийнх эзэмшээд түлхүүрийг нь авчхаад байгаа юм. Тэгтэл Т орон дотроо хэвтчихсэн байсан мөртөө надад хандан худгаас малыг нь ус уулгахгүй, малаа битгий нааш нь явуулаад бай гэх утгатай зүйл хэлээд агсрах маягтай байсан. Би тэр үед нь энэ худаг чинь улсын худаг. Би энэ худгаас малаа услах эрхтэй. Энэ газар отрын бүсийн нутаг. Тийм болохоор би малаа бэлчээх эрхтэй гэх утгатай зүйл хэлсэн. Тэгээд Т орон дотроосоо босож ирээд миний өмсөж явсан дээлийн энгэрээс бариад авахаар нь би зөрүүлээд түүнийг бариад авсан. Тухайн үед би нэлээн согтсон байсан. Түүнээс хойш юу болсныг ч санахгүй байна. Нэг мэдсэн өглөө болчихсон байсан бөгөөд 2023 оны 02 дугаар сарын 25-ны өглөөний 8 цаг болж байсан. Би өөрийнхөө гэрт сэрсэн. Босоод иртэл миний зүүн талын нүд шанаа хэсгээр хавдчихсан толгой маш их өвдөж байсан. Манай гэрт манай аав С ээж А нар байсан. Би гэртээ хэдэн цагт яаж ирсэн эсэхээ санахгүй байна. Намайг өглөө сэрэхээс өмнө Т-гийн дүү гэх залуу Халзка манай гэрт ирээд намайг сураглаад айлд агсам тавьсан байна, идээ ундаа нураасан байна гэж сураглаад явсан байсан. Тэгээд би сэрээд гэртээ байж байтал өдрийн 12,13 цагийн орчимд Т манай гэрт ирээд надаас уучлалт гуйгаад ахыгаа уучлаарай гэж хэлчхээд яваад өгсөн. Түүнээс хойш миний бие зүгээр болчих байх гэж бодоод гэртээ 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл байсан боловч миний толгой маш их өвдөөд байхаар нь би Говьсүмбэр аймгийн цагдаагийн байгууллагад хэлж гомдол гаргасан. Энэ гэмтлийг Т, Б хоёр учруулсан гэж бодож байна. 2023 оны 2 дугаар сарын 25-ны өглөө намайг сэрсний дараа манай хамаатны ах Болд Т-гийнд очоод юу болсон талаар асуусан чинь Т намайг нэг удаа мөргөсөн. Б намайг гэрийн босгоор 2 удаа мөргүүлсэн гэж ярьж байсан. Түүнээс биш би өөрөө намайг хэн цохиж зодсон талаар ерөөсөө мэдэхгүй байна. Түүнээс өөр бэртэл гэмтэл учраагүй байсан. Би гомдолтой байна. Би эмчилгээний зардлыг нэхэмжилнэ... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

5. Гэрч А.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хөдөө гэртээ эхнэр хүүхэдтэйгээ хамт байж байтал орой 21 цаг өнгөрч байхад манай саахалт айлын Б гэдэг залуу өөрийнхөө саарал өнгөтэй Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа ирсэн. Тухайн үед Б манайд золгохоор ирэхээр нь би хоол цай хийж өгөөд цагаан сарын идээ гээд 0.5 литрийн савлагаатай архи задлаад түүнд өгсөн. Тухайн үед Б 2 хундага, би 2 хундага архи уусан. Тэгээд би Б-с чи завтай бол надтай хамт айл руу очоод өгөөч, чиний машинаар хамт яваад ирье гэж асуухад Б орой болсон болохоор би завтай байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би Б, эхнэр Б нарын хамт Сүмбэр сумын 6 дугаар баг Муу Хөөт гэх газар нутагладаг Д гэдэг айлд очиж Улаанбаатар хотоос ирсэн байсан таньдаг ах эгч нартайгаа золгосон. Тухайн айл бидэнд хоол цай хийж өгөөд, цагаан сарын идээ гэж 0.5 литрийн савлагаатай Хараа нэртэй нэг шил архи задлахаар нь түүнээс би 3,4 хундага уусан. Харин манай эхнэр, Б хоёр архинаас ерөөсөө уугаагүй. Тэгээд тухайн айлаас 00 цагийн орчим гараад гэр лүүгээ явж байх үед замдаа Б гэх айлаар орж би 2,3 хундага архи уучхаад гарсан. Харин Б архи уугаагүй. Тэгээд гэртээ харих замд манайхантай саахалт байдаг Э ахынх бидний явах замд байсан болохоор би Б-гоос Э ахынхаар буугаад явах уу гэхэд Б Э ахынхаар орж золгоогүй болохоор очъё гээд зөвшөөрөөд шөнө 01 цагийн орчимд Э ахын гэрт ирсэн. Биднийг очиход Э ах эхнэр А хоёр хоёулхнаа унтаж байсан. Би гэрт ороод эхнэрийгээ Э ахын галыг түлээд өгчих хүйтэнд даарч байгаа байлгүй гэж хэлэхэд манай эхнэр тэдний галыг түлж өгсөн. Тэгтэл А босож ирээд бидэнд хоол цай хийж өгсөн. Би тухайн үед нэлээд согтсон байсан болохоор унтчихсан байсан. Ямар ч гэсэн Э ахтай юм яриад сууж байснаа санаад байгаа юм. Тэгээд гал түлж байх хооронд унтчихсан байсан. Намайг унтаж байсан чинь Э ах намайг дуудахаар нь би сэрээд хартал л Э ах Б нар гэрийнхээ баруун талд зууралдчихсан сууж байсан бөгөөд Э ах “намайг Б аягаар цохичихлоо” гэж ярьж байсан. Тэгэхээр нь би босоод тэр 2-ын дундуур нь ороод би Б-г чи яагаад байгаа юм бэ, одоо харья гэж хэлсэн чинь Б босож ирээд хөлөөрөө өшиглөтөл түүний гутлын өсгий нь миний духыг хальт шүргээд өнгөрсөн.  Тэр үед Б нэлээн согтуу байсан. Харин миний архи гарсан эрүүл болсон байсан. Тэгэхээр нь би Б-г дээрээс нь дараад хэвтэж байхад түүний хамраас нь жаахан цус гарсан байсан харагдсан. Б муудалцах нь гайгүй болоод жаахан унтсан. Тэгээд 10-20 минут болж байтал Э Бээ чи наад авчирсан хүнээ хүргэж өг гээд загнаад байхаар нь би Б-г түшээд гэрээс нь гарах гээд явж байтал Б хөл алдаад газар очсон. Би ч мөн түүнтэй хамт давхралдаад ойчсон. Тэгээд би түүнийг босгож ирээд гэрээс авч гараад архи нь гарах байх гэж бодоод толгой руу нь ус хийгээд нүүрийг нь угаасан. Тэр үед Б-гийн архи нь гарахгүй байсан бөгөөд ийш тийшээ гуйвж дайваад унаад байсан. Би түүнийг түшиж өргөж явсаар байгаад машинд суулгаад өөрөө машиныг нь жолоодоод гэрт нь хүргэж өгсөн. Намайг Б-г машинд суулгах гээд байж байхад нь манай эхнэр Б, А нар манай гэрт очиж гал түлчихээд ирлээ гээд ирж байсан. Тэгээд би Б-г эхнэртэйгээ хамт гэрт нь үүр цайж байхад 5-6 цагийн орчим хүргэж өгсөн. Тэгээд буцаад Э ахынд хүрээд иртэл Э ах хоймрын идээ таваг нь нурсан, гэрийн баруун талын эд зүйлүүд бүгд нурчихсан байсан. Тэгээд тэндээ байж байтал өглөөний 8, 9 цагийн орчим Бгийн ах нар гэх 2 эрэгтэй хүн ирээд ойр зуур юм ярьж байгаад явсан. Би тухайн өдрийнхөө 12 цагийн орчимд гэртээ харьсан. Би Б-ыг ерөөсөө ч зодсон асуудал байхгүй. Намайг унтаж байх үед Э ах Б хоёр гэрийнхээ баруун талд бие биеийнхээ өмсөж байсан хувцаснаас зуурчихсан байж байсан. Тэгэхээр нь би дундуур нь орж салгасан... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуудас/,

6. Гэрч Л.А мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хөдөө гэртээ нөхөр Э-ийн хамт байсан. Тухайн өдөр цагаан сарын шинийн 4-ний өдөр байсан бол манайхаар хүмүүс айлчлан золголт хийж ирээд хүмүүсээ үдэж өгчхөөд нөхрийнхөө хамт гэртээ унтаж байсан чинь шөнийн 01 цагийн орчим саахалт айлын Б, эхнэр Б, манай саахалт айлын Б нар ирсэн. Тэгэхээр нь Манай нөхөр босоод тухайн хүмүүстэй мэнд мэдээд тамхилсан. Харин Б манай гэрийн галыг түлж өгсөн. Гал түлсний дараа би босоод хоол цай хийж өгсөн. Б нэлээн согтуу байх шиг байсан. Намайг хоол цай хийж байх хооронд унтчихсан. Харин Б, Б хоёр гайгүй эрүүл байх шиг байсан. Тэгээд цагаан сарын дайллага гээд 0.5 литрийн савлагаатай Алтан түрүү нэртэй архи задалж тухайн хүмүүсдээ өгсөн. Тухайн архинаас Б 1,2 хундагыг уугаад буцаад унтаад өгсөн. Үлдсэн архийг Б, Э нар хувааж явсан. Би архи согтууруулах ундааны зүйл ерөөсөө хэрэглээгүй. Харин Б бол ганц нэг хундага архи уусан байх. Тэгтэл Б согтоод моторын асуудал сөхөж ярьж эхэлсэн. Тухайн моторын асуудал гээд байгаа яриа нь одоогоос нэг жилийн өмнө манай нутгийн хүмүүс нийлж худгийн мотор авсан байсан бөгөөд түүнийг 2,3 удаа ажиллуулаад байж байтал мотор нь эвдэрсэн байсан. Тэгээд мотороо шалгаж үзэхэд моторын масло хийдэг зүйл рүү нь элс хийгээд эвдэлсэн байсан. Тэгээд хүмүүс Б-ыг эвдсэн гэж ярьж байсан. Б тухайн яриаг гаргасан хүмүүсээс нэрээ цэвэрлэж авмаар байна гэж нэг бус удаа Э хэлж байсан юм. Өөрөө ярьсан хүмүүстэйгээ учраа олоогүй байж манай нөхөр дээр дахин дахин ирээд нэрээ цэвэрлэмээр байна гэдэг байсан. Тэгтэл манай нөхөр Э Б-т хандан ахын дүү согтсон байна. Одоо харьж амар. Чи иймэрхүү юм ярихаараа согтоод байдаг шүү, энэ дэмий яриагаа ахиад сөхөх гээд байна гэж хэлсэн. Б явахгүй яах гэж байгаа нь мэдэгдэхгүй суугаад байсан чинь Э очоод түүнийг сугадаж босгоод гэрээс аваад гарсан. Би тухайн үед Б-гийн хамт гэр лүү нь явахаар хойноос нь гарсан. Тэгтэл Э машинаа асаагаад гэрэл тусгаад өг гэж хэлсэн. Би өөрийнхөө машинд Бгийн хамт суугаад Быг хүргэж өгөх гээд өмнө нь ороод хөдөлсөн. Б машиндаа суугаад машинаа асаагаад гэрлээ тусгаад миний хойноос хөдөлсөн. Тэгээд би жаахан явж байгаад эргээд хартал түүний машин гэрэл байхгүй болчихсон байхаар нь түүнийг яасан юм бол гэж бодоод Б-ийн гэр лүү явсан. Тэгээд Б-ийн гэрт ирээд Б өөрөө галаа түлсэн бөгөөд би ус буцалгаж кофе ууж байгаад нэг цаг гаран болоод буцаад гэртээ Бгийн хамт үүр хаяарч байхад ирсэн. Намайг гэртээ ирэхэд Б Б нар Б-ын машинд сууж байгаа харагдсан. Би гэрийнхээ гадаа машинаа зогсоогоод гэр лүүгээ орсон. Харин Б гэрт хальт орж ирчхээд гараад явсан. Намайг гэрт орж ирэхэд манай гэрийн хойморт байсан идээ таваг мах шүүс нурсан, миний кофе уудаг байсан сэнжтэй аяга хагарсан, гэрийн эд зүйл ундуй сундуй байдалтай болчихсон байсан бөгөөд манай нөхөр Э-ийн дух хэсэгт шалбарч хавдсан байгаа харагдсан. Тэгэхээр нь би юу болсон талаар асуухад Б намайг сэнжтэй аягаар цохичихлоо гэж хэлж байсан. Тэгэхээр нь би гэрээс гараад хартал хүмүүс хөдлөөд явчихсан байсан. Тэгээд би гэрээ цэвэрлээд байж байтал Б Б хоёр буцаад ирсэн. Тэгээд өглөөний 9,10 цагийн үед Б-ын ах нар гэх 2 хүн орж ирээд бид нартай золгоод ойр зуурын юм ярьж байгаад явсан. Бид тухайн хүмүүсийг дайлж цайлаад гаргасан....гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,

7. Гэрч М.Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хөдөө гэртээ нөхөр хүүхэдтэйгээ хамт байж байтал орой 21 цаг өнгөрч байхад Б ганцаараа ирсэн. Тухайн үед Б бид нартай золгохоор ирэхээр нь бид хоол цай хийж өгөөд цагаан сарын идээ гээд 0.5 литрийн савлагаатай архи задлаад түүнээсээ түүнд өгсөн. Тухайн үед Б нэг хундага уугаад манай нөхөр Б нэг хундага уусан. Тэгээд манай нөхөр Быг манай хамаатны айл руу явчихаад ирье гэхэд Б тэгье гээд Б манай нөхөр Б бид нар Сүмбэр сумын 6 дугаар баг Муу хөөт гэх газар нутагладаг Д гэдэг айлд очиж Улаанбаатар хотоос ирсэн таньдаг ах, эгч нартайгаа золгосон. Тухайн айл бидэнд хоол цай хийж өгөөд цагаан сарын идээ гээд архи гаргаж өгсөн. Түүнээс нь нөхөр Б уусан. Харин Б бид хоёр архинаас ерөөсөө уугаагүй. Тэгээд тухайн айлаасаа 23 цаг өнгөрч байхад гараад замд Б гэх айлаар орж тэндээ манай нөхөр Б архи уусан, хэр зэрэг уусан эсэхийг нь мэдэхгүй байна. Б бид хоёр тэр архинаас уугаагүй. Тэгээд гэр лүүгээ явж байтал манай нөхөр Б Э ахынхаар буугаад явах уу гэхэд Б зөвшөөрөөд Э ахынд 01 цагийн орчим ирсэн. Бид нарыг очиход Э ах эхнэр А нар хоёулхнаа гэртээ унтаж байсан. А босож ирээд бидэнд хоол цай хийж өгөөд 0.5 литрийг савлагаатай архи гаргаж өгсөн. Тухайн үед Б нэлээн согтсон байсан болохоор Э ахынд гал түлж байх хооронд унтаад өгсөн. Тэр архийг нь Э, Б хоёр хувааж уусан. А эгч бид хоёр тухайн архинаас уугаагүй, архи ууж байх үед Б худаг усны талаар яриад байх шиг байсан. Би тэр яриаг нь нэг их анзаарч сонсоогүй. Тэгтэл Э ах Б-ыг гэртээ харь, чи согтсон байна гээд гэрээсээ аваад гарсан. Тэр үед А бид 2 гэрээс гараад манай гэрт очоод манай хүүхдүүдийг эргэж тойрчихоод эргээд машинд суугаад хөдөлсөн. Бид хоёрыг машинтайгаа түүний урд ороод хөдлөхөд Б машиндаа суучихсан машинаа асаагаад гэрлээ тусгасан байсан. Тэгээд би жаахан явж байгаад эргээд хартал Бын машины гэрэл алга болчихсон. Тэгэхээр нь бид хоёр манай гэрт ирээд би галаа түлсэн. Тэгээд буцаад Э ахынх руу очиход биднийг ирэх үед Б Б нар Бын машинд сууж байсан. Би Э ахын гэрт ороход тэдний гэр нь ундуй сундуй болчихсон байсан. Тэгэхээр нь би гэрээс гараад Б-ын машинд суугаад Б бид хоёр Б-ыг гэрт нь хүргэж өгсөн. Тэгээд тэдний хажуу айлын нэг эмэгтэй Б бид хоёрыг буцаагаад Э ахын гэр лүү хүргэж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар хуудас/,

8. Гэрч Б.Э мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг Банзарын Хоолой гэх газар 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Д хамт Э-ийнд очиход Б, Э нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан. Э, Б хоёр намайг очих үед танай Б өчигдөр ирээд худаг усны асуудлаас болж маргаан болж зодолдсон гэж хэлсэн. Тухайн үед юу болсон талаар мэдээгүй. Тэгтэл Э Б-ын асуудлаар яваа юм уу гэж надаас асуусан. Тэр асуудлыг мэдсэнгүй ээ. Цагаан сар болж байгаа болохоор танай саахалт айлаар орж байна гэж хэлсэн. Тухайн үед би та нар Б-ыг зодож цохисон юм асуудал байгаа юу гэж асуухад Э би нэг удаа цохиж мөргөсөн. Б нь би үүд рүү авч гарах үед босго 2 удаа мөргүүлсэн. Б-ыг гадаа гаргаж хүлсэн  талаар өөрсдөө ярьсан. Б нь Б-ын нүүр нь 2 удаа ус цацаж мөн нүүрнийх нь цусыг нь угааж гэрт нь хүргэж өгсөн гэж хэлсэн. Энэ талаар би Б-т очиж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуудас/,

9. Гэрч С.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар Банзарын хоолой гэх газар оршин суудаг Э гэх айлд Э бид хоёр шинэлэхээр очиход Б-ийн эхнэр нь гэх хүн та хоёр яах гэж яваа юм бэ зодоон нүдээн шүүх гэж яваа юм уу гэж хэлэхээр нь бид хоёр сайн мэдэхгүй байна. Зүгээр явна гэж хэлсэн. Тэгтэл Б, Б-ийн эхнэр нь Б-ын талаар яриад байсан. Б өөрөө ирж агсам согтуу тавьсан, танай дүүгийн буруу гээд Э-од хандаж хэлээд байсан. Тэр үед Э орон дээрээ хэвтэж байсан. Та нар дуугүй бай, чимээгүй бай, наад хүмүүс чинь айлд шинэлж байгаа, зодоон цохион мэдээгүй гэж хэлээд байсан. Э гэх хүн Б манайд орж ирээд агсам тавиад байхаар нь би боль, агсам тавих гэж байгаа бол надад агсам тавь гэж хэлтэл миний үгэнд орохгүй болохоор нь би нэг удаа мөргөсөн гэж хэлсэн. Э сар шинэ болж байхад хэрүүл яриад яах вэ, саахалт хүмүүс байна гэж хэлсэн. Бид нар юм яриад сууж байтал Б согтуу байсан. Би Б үгэнд орохгүй болохоор нь чирч гаргахдаа босго мөргүүлээд Б-г зодсон гэж яриад байсан. Э ах асуудал үүсвэл Б чи хэрэг төвөгт орох нь байна. Бид хоёр ямар хэрэг төвөг шүүх гэж ирсэн биш. Айлд шинэлэх гэж ирсэн Б чи зодож цохисон талаар яриад байх юм гэж хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 35-38 дугаар хуудас/,

10. Гэрч Э.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

Би 2012 оноос хойш сайн мэднэ. Би энэ айлд гэр бүл болсноосоо хойш мэддэг болсон. Уг дуу цөөтэй төлөв даруу зан зантай, малч ухаантай бусадтай харьцахдаа илэн далангүй, нөхөрсөг, нийтэч хүн байгаа юм. Би Э ахыг архи согтууруулах ундааны зүйл болон тамхи татдагийг нь харж байгаагүй, баяр ёслолоор л хэрэглэдэг байх. Ер нь байнга хэрэглээд байдаггүй байнга инээж явдаг хүнд их тусархуу хүн байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 дүгээр худас/,

11. Гэрч Ц.А мөрдөн байцаалын шатанд мэдүүлэхдээ:

2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр манай нөхөр Сэнгээ бид хоёр золголт хийхээр Говьсүмбэр аймагт ирсэн. Манай хүү Б тухайн өдөр гэрээ харж үлдсэн. Тухайн үед сар шинэ болж байсан болохоор бид нар айлаар шинэлчихээд шөнө очих үед манай хүү Б гэртээ байгаагүй. 2023 оны 02 дугаар сарын 25-ны өглөө Б нь Б-ыг өглөө Д гэх айлд хүргэж өгөөд явсан байсан. Д-н эхнэр Б, Б-ийн эхнэр хоёрыг Э-ийнд хүргэж өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр нь би Д-н гэрт ороод хаагуур явсан бэ гэж асуухад Б надтай дуугарахгүй байхаар нь би нүүрийг нь хартал нүүр нь хавдартай, хувцас нь нойтон, дээл нь урагдсан байдалтай байсан. Б тухайн үед биеэ авч явах чадваргүй байсан. Намайг Д-н гэрт орж ирэх үед зодуулсан байдалтай байсан. Надад хэнд зодуулсан талаараа хэлээгүй, Б-ын зүүн талын нүд хөхөрсөн хавдсан, хоолой нь улаан эрээн болсон байсан. Хамар нь хавдартай байсан. 2023 оны 02 дугаар сарын 25-ны өглөө үүрээр манай гэрээр Б шагайсан. Тэгээд босоод хартал Б-ын машин хөдлөөд явсан. Хэн явсан талаар асуух гээд айл руу ортол Б зодуулсан байдалтай гэрийнх нь зүүн талд хэвтэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 147-148 дугаар хуудас/,

12. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 73 дугаартай дүгнэлтэнд:

- С.Б-ын биед хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас 2023.02.24-нд үүсгэгдсэн байх боломжтой.

- Хамрын ясны хугарал, таславчийн мурийлт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Зүүн нүдний зовхины цус хуралт, салстын цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонгид нөлөөлөхгүй болно.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 47-48 дугаар хуудас/,

13. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 80 дугаартай дүгнэлтэнд:

- Н.Э-ийн биед духанд сорви тогтоогдлоо.

- Дээрх сорив нь хэзээ, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг тогтоох боломжгүй байна.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /хх-ийн 56 дугаар хуудас/,

14. Шинжээч Л.Жаргалтогтох мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:

С.Б-ын биед учирсан гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй. Мохоо зүйл гэдэг нь гэмтэл үүсгэгч зүйлийн гадаргуу нь иртэй бус зүйлийг хэлнэ. Үүнд хүний гар хөл зэрэг ч багтана. С.Б-ын биед мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлийн улмаас дурдагдсан гэмтлүүд үүссэн байна. Яг ямар зүйл вэ гэдгийг ялгах боломжгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,

15. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 50-10 дугаар хуудас/,

16. Хохирогч С.Б-ын өвчний түүх /хх-ийн 49-50, 98-104 дүгээр хуудас/,

17. Хохиролын баримт /хх-ийн 106 дугаар хуудас/,

18. Шүүгдэгч Н.Э-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108 дугаар хуудас/ зэрэг болно.

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 25-ны шөнө Сүмбэр сумын 6 дугаар баг “Банзарын хоолой” гэх газар өөрийн гэрт иргэн С.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар мөргөж эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, салстын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Н.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна.” гэх дүгнэлтийг,

Хохирогч С.Б гэм буруугийн шүүх хуралдаанд “Эмнэлгийн байгууллагаас намайг хамрын хагалгаанд ор гэсэн. Хагалгаанд ороход хэдэн төгрөг гарахыг мэдэхгүй байна. Энэ хагалгааны зардлаа нэхэмжилнэ” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнээд шүүхээс шүүгдэгчид холбогдох гэм буруугийн асуудлыг шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 25-ны шөнө Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг “Банзарын хоолой” гэх газар өөрийн гэрт хохирогч С.Б-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газар мөргөж эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, салстын цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч Н.Э нь хохирогч С.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Түүнчлэн шүүгдэгч Н.Э нь хохирогч С.Б-ыг мөргөж түүний эрүүл мэндэд хамрын ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, салстын цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.Б, гэрч Б.Б, Б.Э, С.Д нарын мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 73 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ. 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч Н.Э-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Э нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч Н.Э нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч Н.Э-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан. Шүүгдэгч Н.Э нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч С.Б-т эмчилгээний зардлыг нөхөн төлсөн байна. Харин хохирогч С.Б нь хамрын хагалгаанд орох зардлаа нэхэмжилнэ гэж байгаа боловч энэ талаарх баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Н.Э-өөс жич нэхэмжлэх эрхтэй болно.

            ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүхээс шүүгдэгч Н.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнийг уг зүйлд зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна” гэх дүгнэлтийг,

Хохирогч С.Б гэм буруугийн шүүх хуралдаанд “эрүүгийн хариуцлагын талаар санал хүсэлт байхгүй” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгч Н.Э нь эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “санал хүсэлт байхгүй” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүхээс шүүгдэгч Н.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч Н.Э-ийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин шүүгдэгч Н.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Иймд шүүгдэгч Н.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Шүүгдэгч Н.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдлээ.

            Шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч С овогт Н-н Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Н.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Н.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Хохирогч С.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Н.Эөөс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

   8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Э-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ЭНХМАНДАХ