Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 120

 

Т.Б-ын нэхэмжлэлтэй, Авлигатай

тэмцэх газарт холбогдох захиргааны

хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                   Л.Атарцэцэг

                                                  Х.Батсүрэн

                                                  Д.Мөнхтуяа

Илтгэгч шүүгч:                         Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга:          Д.Долгордорж

Нэхэмжлэлийн шаардлага: Авлигатай тэмцэх газрын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргалын 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 01/5315 тоот захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0822 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0092 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгч Т.Б, түүний өмгөөлөгч С.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, З.Э нар

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0822 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.5, 23.6, 23.7-д заасныг баримтлан “Авлигатай тэмцэх газрын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 01/5315 тоот захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэгч Т.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, 2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасны дпагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гомдлоор хэргийг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2019/0092 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0822 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 1 дэх заалтаас “...3 дугаар зүйлийн 3.1.3, мөн хуулийн ... 23.5, 23.7” гэснийг хасч, “...23.6” гэсний дараа “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1” гэж нэмж, 2 дахь заалтын “... дпагуу” гэснийг “... дагуу” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Нэхэмжлэгч Т.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... хариуцагч “Авлигатай тэмцэх газрын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянах тухай" 01/5315 дугаар албан бичиг нь Үндсэн хуулийн дээрх заалтын “шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх” гэсэн зарчмыг зөрчсөн төрийн байгууллагын үйл ажиллагаа мөн болох нь доорх байдлаар тогтоогдож байгаа болно. Тухайлбал :

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 129 дүгээр тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын дийлэнх чиг үүргийг хэрэгжүүлэх зорилгоор байгуулагдсан “Иргэний нисэхийн үндэсний корпорац” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Нэхэмжлэгч Т.Б намайг шинээр байгуулагдсан төрийн өмчит аж ахуйн нэгжийн захирлаар ажиллуулахаар Зам, тээврийн яамнаас Авлигатай тэмцэх газарт Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулийн дагуу хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулсан. 2015 оны 7 дугаар сард Авлигатай тэмцэх газраас намайг хувийн болон нийтийн ашиг сонирхлын зөрчилгүй болохыг хянасан тухай албан бичгийг Зам, тээврийн яаманд ирүүлсэн. Энэ үед ч маргаан бүхий актад дурдсан эрүүгийн хэрэгт шалгагдаж байсан нөхцөл байдал түдгэлзээтэй хэвээр хадгалагдаж байсан. Харин маргаан бүхий “Авлигатай тэмцэх газрын 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянах тухай“ 01/5315 дугаар албан бичигт урьд онд нь зөрчлийн талаар дурдагдаагүй атлаа Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаалд томилох үед ашиг сонирхлын зөрчилтэй гэж зөрүүтэй байр суурьнаас дурдсан нь ойлгомжгүй байна.

4. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчдын тэгш эрх алдагдсан талаар:

Нэхэмжлэгчээс Авлигатай тэмцэх газрын бичиг хэргийн бүртгэлд нэр дэвшигч миний хувийн ашиг сонирхлын мэдүүлгийг хянаж хэдэн сарын хэдний өдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн талаар үзлэг хийлгэх хүсэлт гаргахад. шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд татгалзсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй. Уг хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, хариуцагчид нэхэмжлэгчийн шалгуулахыг хүссэн хүсэлтийн талаарх нотлох баримтыг бүрдүүлж шүүхэд ирүүлэхийг даалгаж захирамж гаргасан. Эндээс дүгнэхэд нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчтай бус шүүхтэй мэтгэлцэх нөхцөл байдал бий болсон. Учир нь намайг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж байхдаа 2002 онд батлагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.4 дэх заалтыг үндэслэн “... зайлшгүй шаардлагатай гэрч, хохирогч байхгүй...” гэсэн үндэслэлээр Нийслэлийн прокурорын газрын 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдөр прокурорын 23 дугаар тогтоолоор мөрдөн байцаалтыг түдгэлзүүлсэн. Шүүхэд прокурорын эрүүгийн хэргийг түдгэлзүүлсэн тогтоолыг маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг няцаах зорилгоор гаргахад уг нотлох баримтыг үнэлээгүй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “нийтийн ашиг сонирхол”, 3.1.2-т “хувийн ашиг сонирхол” гэдгийг хуульчилсан байдалтай миний ашиг сонирхол хэрхэн харшилж байгаа нь тодорхойгүй.

5. Мөн хуулийн 3.1.3-т "ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдал”-ыг ойлгохоор байна. Тэгвэл маргаан бүхий захиргааны актад намайг бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед миний ямар хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ шударгаар хэрэгжүүлэхэд ямар үндэслэлээр харшилж болохыг тодорхой заагаагүй, сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргахдаа надад мэдэгдээгүй. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хариуцагч Авлигатай тэмцэх газар хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай“ илт хууль бус захиргааны акт болохоор байна.

6. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2018/0822 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0092 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

8. Нэхэмжлэгч Т.Б нь “... хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох эрх зөрчигдсөн, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан, ... гэм буруутай нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно, хууль дээдлэх, хараат бус, ил тод байх, нууцыг чанд сахих зарчмыг баримтална гэснийг зөрчсөн” гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газрын 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 01/5315 дугаартай албан бичиг /дүгнэлт/-ийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан илт хууль бус акт болохыг тогтоолгохыг хүсчээ.

9. Маргааны үйл баримтуудаас үзвэл, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ХЭГ/1293 дугаартай албан бичгээр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Т.Батжаргалын “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг хянуулахаар хүргүүлсэн, Авлигатай тэмцэх газрын 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай” албан бичигт Иргэний нисэхийн ерөнхий газрын Захиргаа, хүний нөөцийн ерөнхий менежерээр ажиллаж байх буюу 2011, 2012 оны үйл баримтад холбогдуулан Т.Б-д эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан, 2013 онд харъяаллын дагуу Цагдаагийн байгууллагад хэргийг шилжүүлсэн, одоогоор тус хэрэг нь түдгэлзээтэй байгаа талаар дурдаж, энэ нөхцөл байдлыг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т тодорхойлсон “ашиг сонирхлын зөрчил”-ийг бий болгохоор байна гэж дүгнэжээ.

10. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “энэ хуулийн 4.1-д заасан нийтийн алба хашиж байгаа болон тэдгээр албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээд ... хувийн ашиг сонирхлын мэдүүлэг гаргах ...”-аар, 23.5-д “нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан хүлээн авч Авлигатай тэмцэх газарт хүргүүлэх”-ээр, 23.6-д “Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх”-ээр тус тус зааснаас үзэхэд Авлигатай тэмцэх газар нь нэр дэвшигчийн гаргасан хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж, үүнд үндэслэн тухайн нийтийн албан тушаалд ажиллахад “ашиг сонирхлын зөрчил” үүсэх эсэх талаар дүгнэлт гаргах эрхтэй.

11. Мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “...“нийтийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар олгогдсон бүрэн эрхээ хувийн ашиг сонирхлоосоо ангид тэгш, шударгаар хэрэгжүүлнэ гэх олон нийтийн итгэлийг”, 3.1.2-т “...“хувийн ашиг сонирхол” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг”, 3.1.3-т “...“ашиг сонирхлын зөрчил” гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэх үед түүний хувийн ашиг сонирхол нийтийн ашиг сонирхолтой зөрчилдөх болон албан үүргээ тэгш, шударгаар хэрэгжүүлэхэд харшаар нөлөөлж болохуйц нөхцөл байдлыг” ойлгоно гэж тус тус тайлбарласан, иймд “ашиг сонирхлын зөрчил” үүсэх эсэхийг үүнд нийцүүлэн дүгнэх учиртай.

12. Харин, Т.Б-ыг эрүүгийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа нөхцөл байдалтай нь холбогдуулан “ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэх дүгнэлтийг Авлигатай тэмцэх газар гаргасан нь зөрчилтэй хэдий ч эрүүгийн хэрэг үүсгэгдэж, хэрэг нь түдгэлзээтэй байгаа нөхцөл байдлыг томилох эрх бүхий этгээдэд мэдэгдсэнийг буруутгах боломжгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай шүүхээр тогтоогдоогүй байхад ийм дүгнэлт гаргасан гэх агуулга нь тухайн актыг хүчингүй болгох эсэхэд хамаарах үндэслэл болохоос илт хууль бус болох актын шинжийг агуулахгүй байна. Өөрөөр хэлбэл, аливаа эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа нь бодитой байлаа ч үүнд нь холбогдуулж “ашиг сонирхлын зөрчил үүснэ” гэх дүгнэлт /акт/ нь уг актыг анхнаасаа гарах ёсгүй байсан буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 -д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэлд хамаарахгүй талаар давж заалдах шатны шүүх зөв дүгнэжээ.

13. Нөгөө талаар уг албан бичиг нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Т.Б-ын хувьд уг албан тушаалд томилогдох үйл явдалд хамааралтай, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл тухайн албан тушаалд гуравдагч этгээд томилогдсоноор уг актын эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон, иймээс илт хууль бус болохыг тогтоосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэхгүй учир шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх эрх зүйн үндэслэлгүй байна.

14. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл, нэхэмжлэгч M.Б нь “Иргэний нисэхийн үндэсний корпораци” төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын ерөнхий захирлын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн, түүний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянаж, Авлигатай тэмцэх газрын 2015 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 03/4768 дугаартай албан бичгээр “ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал одоогоор тогтоогдоогүй” гэсэн дүгнэлт гарсан, нэхэмжлэгчээс “эрүүгийн хэрэг түдгэлзсэн байсан ижилхэн нөхцөлд өөр өөр дүгнэлт гаргасан нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх зарчмыг зөрчсөн” гэж маргасан, маргааны энэ зүйлийн талаар анхан шатны шүүхийн шийдвэрт үндэслэл бүхий тодорхой дүгнэгдсэн бөгөөд уг үндэслэл нь нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “... захиргааны акт, ... шүүхийн шийдвэр, магадлал Үндсэн хуулийн зарчимтай зөрчилдсөн байх үндэслэлгүй” гэх гомдлыг хангах боломжгүй.

15. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д “Авлигатай тэмцэх газар нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг ажлын 10 өдөрт багтаан хянан үзээд тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдэгдэнэ” гэж заасан, “Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг хянуулахаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөр огноолсон албан бичгээр нэхэмжлэгч Т.Б-ын, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөр огноолж гуравдагч этгээд Л.Б-гийн мэдүүлгийг тус тус хүргүүлсэн, мэдүүлгүүдийг хянаж, Авлигатай тэмцэх газрын 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн албан бичгээр Т.Б-ын, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн албан бичгээр Л.Б-гийн талаарх дүгнэлтүүдийг хүргүүлснээс үзвэл хариуцагч нь хуульд заасан хугацаанд нь тухайн мэдүүлгүүдийг хянасан байна.

16. Түүнчлэн, нэхэмжлэгчээс мэдүүлгүүдийг хүргүүлсэн болон ирүүлсэн албан бичгүүдийг чухам хэзээ явуулсан болон ирүүлсэн болохыг холбогдох баримтад үзлэг хийлгэж тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч үзлэг хийж, холбогдох баримтуудыг хангалттай цуглуулсан, Авлигатай тэмцэх газрын дээрх албан бичгүүд нь огноолсон өдөртөө Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ирээгүй гэдгийг үгүйсгэх баримт тогтоогдоогүй байна.

17. Мөн Т.Б-д холбогдох эрүүгийн хэргийг түдгэлзүүлсэн тухай прокурорын тогтоол нь энэ маргааны зүйлд хамааралгүй тул шүүхүүд уг баримтыг үнэлээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэсэнд нийцсэн тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан “... нотлох баримт бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй, ... үнэлээгүй” гэх гомдол үндэслэлгүй байна.

18. Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгах тухай” гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 221/МА2019/0092 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Т.Батжаргалын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс төлсөн тэмдэгтийн хураамж 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                              М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                           Ч.ТУНГАЛАГ