Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 221/МА2017/0782

 

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар0221/МА2017/0782

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

           

В.Ё нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Мөнхжаргал даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О, гуравдагч этгээд Д.Б, түүний өмгөөлөгч Т.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0675 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О гаргасан давж заалдах гомдлоор В.Ё нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч В.Ё 2017 оны 6 дугаар сарын 9-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“...“А т” ХХК-ийн 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан хууль бус дүрмийг үндэслэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь “А т” ХХК-ийн хувьцааны 50 хувийг иргэн Д.Б руу шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг эс зөвшөөрч, тухайн захиргааны акт нь илт хууль бус болохыг тогтоолгох”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0675 дугаар шийдвэрээр:

“Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль /2002/-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.7, 9.1.9, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003/-ийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч В.Ё Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “...“А т” ХХК-ийн 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан хууль бус дүрмийг үндэслэн Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь “А т” ХХК-ийн хувьцааны 50 хувийг иргэн Д.Б руу шилжүүлэн бүртгэсэн бүртгэлийг эс зөвшөөрч, тухайн захиргааны акт нь илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...В.Ё 2004 оноос эхнэр С.Э хамт “А т” ХХК-ийн хувьцааг 93%, 7%-ийн харьцаатай эзэмшиж, үйл ажиллагаа явуулж ирсэн. 2009 онд үйл ажиллагаагаа өргөтгөх, тендер, сонгон шалгаруулалтад оролцох зорилгоор бүрдүүлсэн баримтыг иргэн Д.Б ашиглан улсын бүртгэлийн албанд хуурамч баримт бичиг бүрдүүлэн өгч бүртгэл хийлгэснийг иргэн Д.Б Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар мэдэж, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын улсын байцаагчийн 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох талаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсан боловч шүүх В.Ё эрх ашгийг хохироосон шийдвэр гаргаж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр илт үндэслэлгүй, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон Компанийн тухай хуулийн агуулга, зарчим, холбогдох заалтуудыг буруу тайлбарлаж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэргийг буруу шийдвэрлэлээ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль зүйн фактыг тогтоох нь хамгийн чухал боловч тогтоож чадалгүй хэргийг шийдвэрлэсэн. Хууль зүйн фактыг тогтоохын тулд тухайн 2009 онд улсын бүртгэлийн алба мөрдөх ёстой байсан хуулийг мөрдсөн эсэхийг тогтоох нь чухал байсан. Үүнд:

Компанийн тухай хуулийн /1999/ 5 43, 45 дугаар зүйлд сонирхогч этгээд хувьцаа эзэмшигч болохын тулд

-Хувьцаа эзэмшиж байсан этгээдээс худалдан авах, бэлэглэлээр, өв залгамжлалын журмаар;

-Компанийн нэмж гаргасан хувьцааг худалдан авах хэлцлийн аль нэг хэлбэрээр хувьцаа эзэмшигч болох эрх үүсдэг.

Гэтэл Д.Б нь В.Ё худалдаж, бэлэглэлээр, өв залгамжлалаар хувьцаа аваагүй ба компани нэмж хувьцаа гаргах талаар Компанийн тухай хуулийн /1999/ 63 дугаар зүйлийн 63.2-т “Төлөөлөн удирдах зөвлөлгүй хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувь нийлүүлэгчдийн хурал нь энэ хуулийн 63.1-д зааснаас гадна дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ” гэсний дагуу 63 дугаар зүйлийн 63.2.1-д “Компанийн үнэт цаас гаргах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх” гэж компани нэмж хэдий хэр хувьцаа гаргах, Д.Б оруулсан гэх хөрөнгийн хэмжээгээр компанийн дүрмийн сан хэрхэн нэмэгдсэн талаар хэлэлцсэн тухайн үеийн хувьцаа эзэмшигч болох С.Э, В.Ё нарын хурлын шийдвэр огт байхгүй болно.

Хувьцаа эзэмшигчид дээрх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн Компанийн тухай хуулийн /1999/ 63 дугаар зүйлийн 63.1.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд, тус хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.8-т “Нөхөрлөл, компани, хоршоо төрийн /орон нутгийн/ өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг улсын бүртгэлд бүртгэх журам”-ын 5.1-д заасныг тус тус үндэслэн дүрмийн шинэчилсэн найруулгыг саналын эрхтэй хувь нийлүүлэгчдийн саналын дийлэнх, олонхоор баталж, шинэчлэн найруулсан дүрмийг улсын бүртгэлд бүртгэснээр хүчин төгөлдөр болно гэж хуульд заасан байна.

Түүнчлэн компанийн дүрэмд заавал тусгах хэд хэдэн зүйлийг мөн хуулийн 16 дугаар зүйлд тусгаснаас харахад Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар хадгалагдаж байгаа, компанийн тэмдэг дарагдаагүй, хувь нийлүүлэгч С.Э, В.Ё нарын гарын үсэггүй компанийн дүрэм нь илт хууль бус байгаа нь дээрх хууль тогтоомж, дүрэм журам, гарын үсгийн криминалистикийн шинжилгээгээр нотлогдож байна.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар илт хууль бус бүртгэлээ хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрөх байтал үүнийг үгүйсгэж, шүүх түүнийг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргасан нь үнэнд үл нийцнэ. Мөн хариуцагч өөрийн тайлбар, татгалзлаа хангалттай, хууль зүйн үндэслэлтэйгээр нотолж чадаагүй, улсын бүртгэлээс гол нотлох баримт болох компанийн баталгаажсан дүрэм байхгүй байхад гуравдагч этгээдээс гаргасан үнэн эсэх нь тодорхой бус баримтад үндэслэн шүүхийн шийдвэр гаргасан нь ойлгомжгүй.

Компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр гаргах асуудал нь дэс дараатай хийгддэг ажлууд байтал, Д.Б хувьцаа эзэмшигчээр бүртгэх бүртгэл хийгдээгүй байхад компанийн хувьцаа эзэмшигчийн эрхээр компанийн дүрэм баталсан нь агуулга, логикийн хувьд анхнаасаа хуурамч байсан гэдэг нь тогтоогдож байхад шүүх анзаарсангүй.

Хэдийгээр С.Э нь нөхөр В.Ё өөрийн эзэмшлийн хувьцаагаа бэлэглэх гэрээ хийсэн боловч түүнийг хувьцаа эзэмшигчээс хассан бүртгэл улсын бүртгэлд хийгдээгүй байсан. Хуулийн шаардлагын дагуу С.Э хувьцаа эзэмшигчээс хасах тухай улсын бүртгэл хийгдээгүй байхад Д.Б орж ирсэн бол энэ талаар шийдвэрлэсэн хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрт В.Ё, С.Э нар гарын үсэг зурах ёстой.

Гэтэл хувьцаа эзэмшигчээр бүртгэгдээгүй байгаа Д.Б нэрийг бичиж, гарын үсгийг зурсан “А т” ХХК-ийн компанийн дүрэм гэх хуурамч баримт нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын хувийн хэрэгт бус гуравдагч этгээд Д.Б хадгалагдаж байсан нотлох баримтад үндэслэн шийдвэрээ гаргаж байгаа нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь баталгаагүй, хуурамч компанийн дүрмээр улсын бүртгэл хийж болохыг зөвшөөрсөн, цаашид энэ жишгээр ажиллаж болохыг зөвшөөрсөн шийдвэр болсон гэж үзэж байна.

Тус хэргийг шийдвэрлэхэд хамгийн чухал хууль болох Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичгийг дурджээ. Үүнд:

  1. Баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл
  2. Үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр
  3. Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт
  4. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт гэж заасан.

Үүнээс үзэхэд шүүхийн шийдвэрийн гол үндэслэлээ болгосон нотлох баримт болох компанийн тэмдэггүй, гарын үсэггүй компанийн дүрэм нэхэмжлэгч гэх баримт дээрхийн алинд ч тохирохгүй байна.

Дээрх зайлшгүй байх баримт бичгийн жагсаалтад дурдсан “Үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр” гэдэг нь 1999 оны Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2.1-д заасан компанийн үнэт цаас гаргах тухай шийдвэр, 63 дугаар зүйлийн 63.1.1-д заасан үнэт цаас гаргахтай холбоотой компанийн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг батлах тухай шийдвэр, шийдвэрүүдэд С.Э, В.Ё нарын гарын үсэг зурагдсан тогтоол байхыг ойлгож байна.

Дараа нь үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт буюу хувь нийлүүлэгч С.Э, В.Ё нарын баталсан компанийн дүрэм эх хувиараа байхыг шаарджээ. Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “А т” ХХК-ийн үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг бүртгэхдээ Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.3 дахь хэсэгт заасан баримтуудыг анхнаасаа хувийн хэрэгт авч хадгалаагүй, түүнийгээ шүүх хуралдаанд ч гаргаж өгөөгүй болно.

Үүнээс үзэхэд хариуцагч өөрийн тайлбар, татгалзлаа нотолж чадаагүй, эргэлзээтэй, хуурамч баримтуудад үндэслэн түүнийг амаар батлах маягаар, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...гуравдагч этгээдийн зүгээс өөрт хадгалагдсан дүрмийн эх хувийг шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн бөгөөд уг дүрэмд татварын улсын байцаагчийн тамга дарагдсан, хариуцагч тал уг дүрмийг эх хувь мөн хэмээн хүлээн зөвшөөрч байх тул гуравдагч этгээдийн зүгээс тухайн үед компанийн дүрмийг боловсруулах үйлчилгээ үзүүлдэг хүмүүсээр боловсруулсан болохоор бид өөрсдөө гарын үсэг зураагүй дүрмээ өгсөн, нэг хувь нь надад хадгалагдсан гэх тайлбарыг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ...” гэж дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн хуулийн агуулгыг зөрчсөн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт нь улсын бүртгэлд “А т” ХХК-ийн хувийн хэрэгт байхгүй байхад компанид бус хувь хүнд хадгалагдаж байсан, татварын улсын байцаагчийн тэмдэг нь үнэн зөв эсэхэд дүгнэлт хийлгүй хэтэрхий хийсвэр дүгнэлт гаргасан.

Түүнчлэн шүүх хэргийг шийдвэрлэхдээ 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буцаан хэрэглэсэн, яагаад буцаан хэрэглэсэн талаар тайлбарлаагүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс 2009 оны бүртгэлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь тусгай зохицуулсан Компанийн тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийг буцаан хэрэглэж тухайн үед мөрдөх ёстой хуулийг мөрдсөн эсэхийг шалгах байтал процессын хуулийг буцаан хэрэглэсэн нь хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна.

Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.2, 121.1.2-т заасныг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0675 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар захиргааны акт илт хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагын тухайд уг хуульд заасан нэхэмжлэл гаргах хугацаа үл хамаарах хэдий ч “А т” ХХК-ийн хувьцааны 50 хувийг Д.Б руу шилжүүлэн бүртгэсэн 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий захиргааны хэргийг хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд зөвхөн нэхэмжлэлийн шаардлагаар хязгаарлагдаж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2009 онд Авто тээврийн газраас зарласан хот хоорондын зорчигч тээврийн сонгон шалгаруулалтад оролцохдоо “А т” ХХК-ийн үүсгэн байгуулагч, одоогийн нэхэмжлэгч В.Ё тус компанийн дүрмийг өөрчлөн 2 үүсгэн байгуулагчтай буюу 50/50 хувийн хувьцааг гуравдагч этгээд Д.Б хамтран эзэмшихээр болсон нь 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн хувь нийлүүлэгчдийн хурлын тогтоол, мөн өдрийн 4 тоот албан бичгээр Үндэсний татварын газрын улсын бүртгэлийн албанд хандаж гаргасан хүсэлтээр тус тус батлагдах бөгөөд эдгээрт зурсан гарын үсэг нэхэмжлэгч В.Ё мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын архивт хадгалагдаж буй компанийн хувийн хэрэгт дээрх дүрмийн өөрчлөлтийн хувьцаа эзэмшигчдийн гарын үсэггүй хувь байгаа нь тухайн үед хийгдсэн бүртгэлийг илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй, өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Д.Б дүрмийн өөрчлөлтийн эх хувь байгаа, шинжээчийн дүгнэлт ч энэхүү эх хувьд үндэслэж гарчээ.

Нэхэмжлэгчийн зүгээс тендерт оролцохын тулд компанийн хувьцааг 50/50 хувиар эзэмшихээр дүрэмдээ өөрчлөлт оруулсан болохоо өөрөө хүлээн зөвшөөрдөг, иймд дүрмийн өөрчлөлтийн талаарх бүртгэл тухайн үед нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийн дүнд хийгдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

“...улсын бүртгэлээс гол нотлох баримт болох компанийн баталгаажсан дүрэм байхгүй байхад гуравдагч этгээдээс гарч ирсэн үнэн эсэх нь тодорхой бус баримтад үндэслэж шүүхийн шийдвэр гаргасан нь ойлгомжгүй...” гэх давж заалдах гомдлын үндэслэлээс үзэхэд харин ч үнэн эсэх нь тодорхой бус энэхүү баримтад нэхэмжлэгчийн гарын үсэг зурсан байдал болон улсын бүртгэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг гаргасан явдал нь компанийн хувьцаа эзэмшлийн өөрчлөлтийн талаар хийгдсэн бүртгэлийг илт хууль бус гэж буруутгах боломжгүй нөхцөлийг бий болгож байна. 

Нэхэмжлэлд “...Сонгон шалгаруулалтад тавигдсан шаардлагын дагуу 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдөр “А т” ХХК-ийн дүрмийг өөрчилж, 2 үүсгэн байгуулагчтай, 50/50 хувийн хувьцаа эзэмшигчтэй болгон баталсан. Энэ нь зөвхөн сонгон шалгаруулалтын материалд зориулан байгуулсан дүрэм...” гэдэг ч компанийн дүрмийн өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох бөгөөд энэ ч агуулгаараа нэхэмжлэгчээс тухайн үед дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэх хүсэлтийг гаргасан байна.

Цааш нь “...2009 оны бүртгэлээс хойш 2010 онд дахин сонгон шалгаруулалтад оролцохоор “А т” ХХК-ийг 4 үүсгэн байгуулагчтай, үүнд гуравдагч этгээд Д.Б 32.5 хувийн хувьцаа эзэмшигч байхаар дүрэм үйлдсэн...” гэснээс үзэхэд 2009 оны бүртгэлийг 2017 онд мэдсэн гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй, бас үнэмшилгүй.

Тодруулбал нэхэмжлэгчээс 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Оюуны өмч, улсын бүртгэлийн газарт гаргасан хүсэлтдээ “...2009 онд 50/50 хувиар компанийн хувьцааг эзэмшихээр байгуулсан дүрэмд гарын үсэг зурсан...” болохоо хүлээн зөвшөөрсөн байдаг.

Тийм ч учраас В.Ё “А т” ХХК-ийн дүрэмд оруулсан 2009 оны өөрчлөлтийн талаарх бүртгэлтэй холбоотой ямар нэгэн гомдол шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө огт гаргаж байгаагүй болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 12/5701 дүгээр лавлагаагаар батлагддаг. 

Энэ тохиолдолд маргаан бүхий актыг нэхэмжлэл болон давж заалдах гомдолд дурдсанчлан хууль тогтоомжид нийцээгүй гэдэг үндэслэлээр илт хууль бусад тооцох боломжгүй, 2009 оны бүртгэлийн талаарх маргааныг нэхэмжлэлийн шаардлагад хөтлөгдөн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх ч үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчийн тухайд 2009 оны бүртгэлийг тухайн үед нь, магадгүй 2010 онд мэдэж байсан нөхцөл байдал дээрх байдлаар хангалттай тогтоогддог, гэвч энэхүү бүртгэлтэй холбоотой огт маргаагүй атлаа 2017 онд шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэл гаргах хугацааны асуудал үүсэхээс сэргийлж, илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага гаргажээ гэж дүгнэхээр байна.

Дашрамд тэмдэглэхэд, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг баримталсан, гэтэл уг хуульд нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн тодорхойлохоос үл хамааран нэхэмжлэл гаргах хугацааны талаарх зохицуулалт бүхэлдээ үйлчилж байсан.

Гэтэл яагаад 2009 оны бүртгэлтэй холбоотой маргааныг 8 жилийн дараа шийдвэрлэхдээ энэ талаар дүгнэлт өгөөгүй нь ойлгомжгүй, эсхүл одоогийн мөрдөгдөж буй процессийн хуулийн дагуу илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэл гаргах хугацааны зохицуулалт үйлчлэхгүй гэж үзсэн тохиолдолд яагаад хүчингүй болсон хуулийн заалтыг шүүхийн шийдвэрт баримталсан нь мөн л ойлгомжгүй болжээ.

Түүнчлэн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд иргэн С.Э гэрчээр оролцуулж мэдүүлэг авсан атлаа шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт түүнийг орхигдуулсан байгааг цаашид анхаарвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0675 дугаар шийдвэрийг хүчингүй болгон, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг баримтлан В.Ё нэхэмжлэлтэй Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, “А т” ХХК-ийн хувьцааны 50 хувийн эзэмшигчээр Д.Б бүртгэсэн 2009 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн бүртгэлийг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.О гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮГЧ                                                           С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                           Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН