Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00293

 

 

 

 

 

 

 

 

 

М.Ч-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/03067 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Ч-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.У-т холбогдох, 3 280 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.У-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: М.Ч- нь 2019 оны 05 сарын 31-ний өдрийн зээлийн гэрээгээр 2 000 000 төгрөгийг Б.У-т сарын 2 хувийн хүүтэй, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлдүүлсэн. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хоногт 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон. Б.У- 2 000 000 төгрөг бэлнээр авсан. Үүнийгээ хүлээн зөвшөөрч зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанаас хойш алдангийг тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу гэрээний үндсэн үнийн дүнгийн 50 хувиар алдангийг тооцсон. Иймээс үндсэн зээл 2 000 000 төгрөг, зээлийн хүүд 280 000 төгрөг, алдангид 1 000 000 төгрөг нийт 3 280 000 төгрөгийг хариуцагч Б.У-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч хариу тайлбартаа: М.Ч-ийн Хан-Уул дүүргийн 19-ийн салбар RUBU4 ломбардаас 2017 оны зун 14 хоногийн 8 хувийн хүүтэй, 800 000 төгрөгийг зээлсэн. Энэхүү 800 000 төгрөгийн хүү, алдангийг төлж чадахгүй явсаар сүүлдээ өгч чадахгүй байдалд орсон. Иймээс ломбардын эзэн М.Ч- унадаг дугуй, компьютерыг чинь өгнө, нотариат явж 2 000 000 төгрөгийн гэрээ байгуулчих, хугацаа өгье гэсэн. Унадаг дугуй, компьютер манай найзынх байсан бөгөөд тэрээр ломбардаас яаралтай авч өг гэж шаардаж байсан. М.Ч-ийг дагаж нотариат орж тус 2 000 000 төгрөгийн гэрээг байгуулж, найзын юмыг авч өгсөн. 800 000 төгрөг л төлнө, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан Б.У-аас 3 280 000 төгрөгийг гаргуулан М.Ч-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 430 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.У-аас 67 430 төгрөгийг гаргуулан М.Ч-т олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хариуцагч талыг харгалзан үзэлгүй зөвхөн нэхэмжлэгчийн байр сууриар шийдвэрлэсэнд гомдолтой байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч М.Ч- нь хариуцагч Б.У-т холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2 000 000 төгрөг, зээлийн хүү 280 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг, нийт 3 280 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч нь 2 000 000 төгрөгийг аваагүй, харин нэхэмжлэгчийн барьцаалан зээлдүүлэх газраас 800 000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлж авсан учир 800 000 төгрөгийг төлнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргадаг.

 

Хэрэгт авагдсан 2019 оны 05 сарын 31-ний өдрийн Зээлийн гэрээ, түүнд хийгдсэн Б.У- миний бие 9.05.31-ны өдөр М.Ч-оос (2 000 000) төгрөг бэлнээр авсан нь үнэн болно гэсэн гар бичмэл зэргээс үзэхэд нэхэмжлэгч М.Ч- нь 2 000 000 төгрөгийг 7 сарын хугацаатай 1 сарын 2 хувийн хүүтэйгээр хариуцагч Б.У-т зээлдүүлэхээр харилцан тохиролцож, улмаар 2 000 000 төгрөгийг бэлнээр хүлээлгэн өгсөн болох нь тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагчийн татгалзал баримтаар нотлогдохгүй буюу хариуцагч М.Ч- нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй буюу нэхэмжлэгчийн шаардлагыг үгүйсгэх, өөрийн татгалзлыг нотлох баримтыг өөрөө цуглуулж, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа хэмээн зөв тодорхойлж, зээлийн гэрээний дагуу зээлдэгч Б.У-ын хүлээх үүргийг 3 280 000 төгрөг гэж зөв тооцоолсон боловч хариуцагчаас 1 000 000 төгрөгийн алданги гаргуулан шийдвэрлэсэн атлаа Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтыг баримтлаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж үзэв.

 

Хариуцагч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулан шийдвэрлэхээр тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.     Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/03067 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...282 дугаар зүйлийн 282.1... гэсний дараа ...232 дугаар зүйлийн 232.6... гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 430 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.НЯМБАЗАР