Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2020/03067

 

 

 

2020 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 102/ШШ2020/03067

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:М.Ч нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Б.У холбогдох

 

3 280 000 төгрөг гаргуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, хариуцагч Б.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М.Чийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:М.Ч Б.У нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээгээр М.Ч нь 2 000 000 төгрөгийг Б.Ут сарын 2 хувийн хүүтэй, 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд зээлдүүлсэн. Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хоногт 0,5 хувийн алданги тооцохоор тохирсон байдаг. Иймд зээлийн 2 000 000 төгрөг, хүү 280 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг нийт 3 280 000 төгрөгийг Б.Уаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа:М.Ч, Б.У нарын хооронд 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 1300 цагт зээлийн гэрээ байгуулагдсан байдаг. Энэ талаар талууд маргаангүй. Зээлийн гэрээний дагуу М.Ч нь Б.Ут 2,000,000 төгрөгийг 6 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлж, тус өдөр мөнгийг хариуцагч Б.Ут бэлнээр өгсөн. Б.Ут 2,000,000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч зээлийн гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасны дагуу 0,5 хувийн алданги тооцохоор тохиролцсон. Үүрэг гүйцэтгэх хугацаанаас хойш алдангийг тооцоход Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-д заасны дагуу гэрээний үндсэн үнийн дүнгийн 50 хувиар алдангийг тооцсон. Тиймээс алдангид 1,000,000 төгрөг, үндсэн зээл 2,000,000 төгрөг, зээлийн хүүд 280,000 төгрөг нийт 3,200,000 төгрөгийг хариуцагч Б.Уаас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.У шүүхэд гаргасан тайлбартаа:Би М.Чийн Хан-Уул дүүргийн 19-ийн салбар RUBU4 ломбардаас 2017 оны зун 14 хоногийн 8 хувийн хүүтэй, 800 000 төгрөгийг зээлсэн. Энэхүү 800 000 төгрөгийн хүү, алдангийг төлж чадахгүй явсаар сүүлдээ өгч чадахгүй байдалд орсон. Ийм учраас ломбардын эзэн М.Ч надад хэлэхдээ чамд унадаг дугуй, компьютерыг чинь өгнө, чи надтай нотариат явж 2 000 000 төгрөгийн гэрээ байгуулчих, би чамд хугацаа өгье гэсэн. Би найзынхаа унадаг дугуй, компьютерыг барьцаалсан тул надаас юмаа нэхээд, ломбардаас авч өг гээд шаардаж байсан. Би М.Чийг дагаж нотариат орж тус 2 000 000 төгрөгийг гэрээг байгуулж, найзынхаа юмыг авч өгсөн. Би 800 000 төгрөг л төлнө, нэхэмжилсэн 3 280 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Б.У шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 3,200,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй, би ломбардад унадаг дугуй, компьютер тавьж, анх 2017 оны 06 дугаар сард 800,000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлсэн, 14 хоногоор зээлийн хугацааг сунгадаг байсан, 2017 оноос хойш хүүг төлж байгаад 2019 оны 01 сараас эхэлж төлөлт хийж чадахаа больсон. Нэг хэсэг ломбард хаасан эсэхийг мэдэхүй байна, очиход хүнгүй байдаг байсан. Би хүний унадаг дугуй, компьютер хоёрыг барьцаанд тавьчихсан байсан. Тэгээд М.Ч барьцаа хөрөнгийг чинь буцааж өгье, 2,000,000 төгрөгийг гэрээ байгуулъя гэхэд нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр М.Чтой 2,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, унадаг дугуй, компьютероо авсан. Тиймээс зээлсэн 800,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М.Ч нь зээлийн 2 000 000 төгрөг, хүү 280 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг нийт 3 280 000 төгрөгийг хариуцагч Б.Уаас гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч Б.У нь 800 000 төгрөг өгнө, бусдыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Хариуцагч Б.У нь М.Чоос 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 2 000 000 төгрөгийг, 7 сарын хугацаатай, сарын 2 хувийн хүүтэй зээлсэн болох нь талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээгээр нотлогдож байх бөгөөд энэхүү хэлцэл нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т заасан үндэслэлд нийцэж байна.

 

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-т Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно гэж заасан байх бөгөөд зохигчдын хооронд хийгдсэн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар Б.У нь 280 000 төгрөгийн хүү төлөх нь үндэстэй байна.

 

Энэхүү талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хийгдсэн зээлийн гэрээнд Б.У нь 2 000 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан гэж гарын үсгээ зурсан байгаа нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т заасан Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэсэн зохицуулалтад нийцэж байна.

 

Зохигчид нь зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-д гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал хоногт тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөхөөр талууд тохиролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хэмжээнд 1 000 000 төгрөгийг алдангид тооцож шаардсан нь үндэстэй байна.

 

Зээлдэгч Б.У нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-т зааснаар зээлийн мөнгийг тохирсон хугацаанд зээлдүүлэгчид буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байх тул М.Ч нь шаардах эрхтэй байна.

 

Иймд Б.Уаас үндсэн зээлийн 2 000 000 төгрөг, зээлийн хүү 280 000 төгрөг, алданги 1 000 000 төгрөг нийт 3 280 000 төгрөгийг гаргуулан М.Чт олгож шийдвэрлэв.

 

Хариуцагч Б.У нь шүүхэд гаргасан тайлбар, татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-т зааснаар өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан Б.Уаас 3 280 000 /гурван сая хоёр зуун наян мянган/ төгрөгийг гаргуулан М.Чт олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 67 430 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Б.Уаас 67 430 /жаран долоон мянга дөрвөн зуун гучин/ төгрөгийг гаргуулан М.Чт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ДОРЖНАМЖИН