Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 152

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга О.Бадмаараг,

Улсын яллагч Ц.Амгаланбаатар,

Хохирогч Б.Болорчулуун,  

Шүүгдэгч Ж.Л /өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Жавзангийн Лувсанбаярт холбогдох эрүүгийн 1709000000245 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэнийг 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол улсын иргэн, 1966 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Нарийн Тээл суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 6 эхнэр, 1-9 насны 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Тахилтын 4 дүгээр гудамж 25 тоотод оршин суух, урьд 3 удаагийн ял шийтгэлтэй

Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн 1995 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 324 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,

Сэлэнгэ аймгийн сум дундын 3-р шүүхийн 1998 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 108 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 төгрөгөөр торгох ялаар,

Баянзүрх дүүргийн шүүхийн 1999 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 399 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заанаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Боржигон овогт ЖЛ/РД: /,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ж.Л нь 2017 оны 11 сарын 30-ны өдөр 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Кибер” захын 3 давхарт байрлах “Саруул” дэн буудалд хамтран амьдрагч Б.Болорчулууныг гэртээ харилгүй архи ууж явлаа гэж шалтаглан баруун гарын шууг хутгаар зүсэж биед нь баруун шууны судас, шөрмөс, мэдрэл гэмтээсэн гүн зүсэгдсэн шарх буюу хүндэвтэр хохиролыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ж.Л нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 11 дүгээр сарын 29-30-ны өдөр алга болсон. Гэртээ ирэхгүй байхаар нь хүнээс асуухад Кибер гэх буудалд байна гэсэн. Тэгээд би 4 хүүхэдтэйгээ очиход Болорчулуун согтуу байсан. Тэгэхээр нь би гадаа тод цуулж байсан хутгыг гаргаж ирээд Болорчулууны гарыг зүссэн…” гэв.

Хохирогч Б.Болорчулуун шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…2017 оны 11 дүгээр 29-ны өдөр гэрээсээ найзуудтайгаа уулзах гэж гарсан. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өглөө “Кибер” зочид буудлын 3 давхарт найз Сэржмядагаас автобусны мөнгө авах гээд юм яриад сууж байсан. Сэржмядагийн нөхөр нь танай нөхөр 4 хүүхдийг чинь дагуулаад ирж байна гэсэн. Лувсанбаяр хүүхдүүдтэй орж ирээд, хутга гаргаж ирээд миний баруун гарын бугуйнд гэмтэл учруулсан. Гэмтлийн эмнэлэгт хэвтэж хагалгаанд орсон. Одоогоор өдөртөө физик эмчилгээнд явж байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй…” гэв.

Эрүүгийн 1709000000245 дугаартай хэргээс:

Шүүгдэгч Ж.Л нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...эхнэр Б.Болорчулуун нь 2017 оны 11 дүгээр сарын 29-ний үдээс хойш гэрээсээ гараад хонуутаар яваад гэртээ ирээгүй юм. Тэгээд сураглахад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кибер” нэртэй зочид буудалд архи ууж байна гэсэн. Уг нь бид хоёр аль аль нь архи уухгүй гэж тангараглачихаад архи уухаар нь би гомдоод гэртээ ганцаараа нэг шил архи уугаад бага охин ой хүрээгүй болохоор ээжийгээ санаад уйлаад байхаар нь 4 хүүхдээ аваад таксинд суугаад очихоор болсон. Тэрнээс хойш би юу болсоныг санахгүй байна. Таксины мөнгө байхгүй учраас “Галакси эс 4” маркийн гар утсаа ломбарданд тавьсан. Бид хоёр одоогоос 17 жилийн өмнө үерхэж байхдаа муудалцаад нэг мөрийг нь сэрээгээр урж байсан. Болорчулуун архи их уугаад агсам согтуу тавиад байхаар нь алгадаж, өшиглөж, цохиж байсан асуудал зөндөө байгаа. Тэр үед би мод цуулж байсан тонгоргоо кармалчихсан юм. Би хохирогчийн биед гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Надад хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-44 дүгээр хуудас/,

 

Хохирогч Б.Болорчулуун нь мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Архи уухаар нь би уурлаад загнадаг тэгэхээр Лувсанбаяр агсан тавиад эхэлдэг юм. ...Хамгийн анх 2009 оны өвөл 12 сард байх тодорхой санахгүй байна жирэмсэн том хүүхдээ тээж байхад Ж.Лтай маргалдсан. Тэгэхэд Лувсанбаяр хутгаар мөрийг зүссэн ба цус гараад байхаар нь гэмтлийн эмнэлэгт очиж нэг оёдол тавиулсан. Энэ талаар цагдаагийн байгууллагад хандаагүй. 2010 онд өвөл 11, 12 сарын орчим 21 дүгээр хороололд айлын хажуу өрөө хөлсөлж амьдарч байхад Ж.Лтай гадуур тэнэж явлаа гэснээс маргалдсан юм тэгэхэд хутгаар гарыг зүсэж гэмтээсэн. 2016 оны 10 сард ойр зуурын юмнаас болж маргалдсан би Лувсанбаярыг хэл амаар доромжилсон тэгэхэд Лувсанбаяр уурандаа заазуур бариад үс огтолно гэж дайрсан тэр үед би айгаад орилоод доошоо суусан чинь Лувсанбаяр гараад яваад өгсөн юм. Тэгээд сая 2017 оны 11 сарын 30-нд хутгаар гар зүсэж гэмтээсэн юм. Өөрөөр цохиж зодоогүй. Харин архи уусан үед нь би загнаж хэрэлдсэнээс болж Лувсанбаяр согтуудаа агсарч хараалын үг хэлж /пиздаа наахуу гэж/ цохиж зодох гэж айлгадаг гарт тааралдсан дэр гутал гэх мэт зүйлээ шидээд байдаг тэгэхээр нь би сүүлдээ Лувсанбаярыг “архи битгий уу” гэж хэлдэг, архи уугаагүй үед нь хэрүүл хийдэггүй тэр үед Лувсанбаяр зүгээр байдаг юм. ... 2016 оны хавар 3 билүү 4 сард Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд амьдарч байхдаа гэртээ агсан тавиад байхаар нь дуудлага өгч эрүүлжүүлсэн. 2017 оны зун наадмаас өмнө сарыг нь санахгүй байна согтуу ирээд маргалдсан тэр үед цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн боловч даралт өндөр гээд эрүүлжүүлэхэд хонуулаагүй гэртээ буцаад ирсэн юм." ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-77 дугаар хуудас/

 

Гэрч Г.Гансүх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...2017 оны 11 дүгээр сарын 30-ны өглөө гаднаас 08 цагаас 09 цагийн орчимд зүс мэдэх Болороо гэх эмэгтэй орж ирээд халамцуу байдалтай уйлаад амьдралаа яриад байгаад байсан. Би тухайн үед яваач гэж хэлсэн чинь явна гээд байсан ба гаднаас нөхөр нь гэх залуу 4 хүүхдийн хамт орж ирээд хутга гаргаж ирээд Болороо гэх эмэгтэй рүү дайраад гарыг нь зүссэн ба би шууд үл таних залуугийн хутгатай гарыг нь барьж аваад хутгыг нь салгаж авсан. Тэгээд шууд цагдаагийн байгууллага болон түргэн тусламжийн газарт дуудлага өгсөн…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,

 

Гэрч Б.Сэржмядаг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Өнөө өглөө 09 цагийн үед манай буудлаар хааяа орж ирж үйлчлүүлдэг зүс таних Болорчулуун нь согтуу хаалга нүдэж байгаад орж ирсэн. ... Орж ирчихээд зовлон яриад юм яриад сууж байсан. Гэтэл удалгүй нөхөр нь гэх зүс мэдэх хүн эхлээд ганцаараа гаднаас орж ирээд авгайгаа хараад чи наанаа байж байгаарай гэчихээд гараад явсан. Удалгүй 5 минутын дараа нөхөр нь 4 хүүхдийг нь дагуулчихсан орж ирсэн. Тэгтэл нөхөр нь орж ирэнгүүтээ хүүхдээ газар тавьтал авгай нь ухасхийгээд хүүхдээ авах гэтэл нөхөр нь кармаанаасаа тонгорго гаргаж ирээд дэлгээд шууд авгай руугаа далайгаад дайрахад нь манай нөхөр тэр хоёрын голоор орж салгаад хутгыг нь булааж авах үед эхнэрийнх нь гар нь зүсэгдсэн байсан. Тэгтэл эхнэрийнхээ гарыг зүсчихээд эхнэр нь цаашаа 2 номерийн өрөө рүү хүүхдээ тэврээстэй гүйж орсон. Тэгтэл араас нь дахиад дайраад байсан. Тэгтэл манай нөхөр ноцолдож байгаад арай гэж хутгыг нь салгаж авхаар нь би газар дээр нь цагдаа дуудсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/,

          Гэрч Б.Эрдэнэчулуун мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: "...Элбэгбаярыг олоод жирэмсэн байхдаа мөрөндөө хутгалуулсан гэж Болорчулуун эгч өөрөө ээжид ярьдаг байсан талаар би ээжээс сонссон. Болорчулуун эгч өөрөө ээжид ярьдаг надад энэ талаар ярьдаггүй юм. Мөрөн дээр нь болон гаран дээр нь хутгалуулж байсан сорив байдаг юм. Хүүхдээ төрсөний дараа эмнэлэг дээр нь ирж байхыг хараагүй бөгөөд ирэхээрээ согтуу л байж байдаг юм. Сүүлд 2 ихэр хүүхдийг нь төрөхөд ч гэсэн очиж аваагүй бөгөөд гэрт нь хоол, ундны мөнгөгүй хаяад явчихдаг арчаагүй амьтан байгаа юм. ... Болороо эгч өөрөө их гүргэр бөгөөд яаж ч байсан  утасдаж хэлдэггүй бүүр болохоо байсан үедээ л найз, нөхөд нь ингэлээ, тэглээ гэж ээжид хэлдэг юм шиг байна лээ. Ерөнхийдөө байнга л дарамтлаж, зоддог юм шиг байна лээ. Би байнгын хажууд нь байгаад байдаггүй болохоор надад хэлдэггүй юм. Сүүлд 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хутгалахад нь би гэмтлийн эмнэлэг дээр очиж байсан. Өөрөө ярихдаа их дарамтанд байдаг гэж хэлж байсан…" гэсэн мэдүүлэг /хх-ийн 75-76 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Л.Элбэгбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “…2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн өмнөх орой ээж ажилдаа явлаа гээд гараад явсан тэр шөнөө ирж хоноогүй. Тэгсэн чинь өглөө намайг унтаад сэртэл аав ганцаараа гадагшаа гараад явсан. Хэсэг хугацааны дараа аав орж ирэхдээ согтуу орж ирээд бид нарыг босгоод хувцас өмсүүлээд ээж рүү чинь хамт явна гээд зам руу гарч такси бариад бид нар нэрийг нь сайн мэдэхгүй буудлын гадаа иртэл аав эхлээд оронгуутаа буцаж гарч ирээд хоёр дүүгээ хөтөл би охин дүүг чинь тэврээд гаръя гээд бид нар тэр буудлын 3 давхарт гарахад аав охин дүүг газар шидээд дүү уйлахад ээж очоод тэврээд авсан. Ээж цаашаа дүүг тэврээд нэг өрөө рүү ороод цагдаа дуудаарай гэж орилсон. Тэгээд буудлын хамгаалагч ах аав руу дайраад аав гартаа барьж байсан хутгаараа нөгөө ахын зүүн талын гуя руу нь хутгалах гэж байтал нөгөө ах хөлөө наашлуулахад шүргээд өнгөрсөн. Тэгтэл аав охин дүүг оруулсан өрөө рүү ороод ээжийн гарыг зүссэн ба цагдаа ирсэн. Би дүү нартайгаа өрөөнд байсан болхоор хараагүй…” гэсэн мэдүүлэг /хх-ийн 73 дугаар хуудас/,

 

                 Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...

  “…гэрч Гансүх текнээс нааш корьдоор руу гарч ирэхэд хохирогч Болорчулуун мөн зогсож байснаа нааш харагдахад Ж.Л бага охиноо доош газарт тавихад Болорчулуун нааш Лувсанбаяр руу дөхөж ирэн хүүхдээ дээш тэвэрч өргөхөд Лувсанбаяр өмднийхөө кармаанаас тонгорго гаргаж ирэн зүүн гараараа дэлгэн хохирогч руу далайхад хохирогч баруун гараа дээш өргөтөл Лувсанбаяр хутгаараа хохирогчийн баруун гарын бугуйн дотор хэсгийг зүсэхэд хохирогч орилон арагш алхан гарруугаа харах үед гэрч Гансүх Лувсанбаярын хутга барьсан баруун гараас барихад Лувсанбаяр нь хутгаа нөгөө гартаа шилжүүлж Гансүх Лувсанбаярыг тэвэрсэн байхад дахин зүүн гараараа хохирогч руу чичих ба тэр үед гэрч Сэржмядаг текний араас гарч ирэх ба Гансүх Лувсанбаярыг нааш татахад хохирогч 2 номерын өрөө рүү орох бөгөөд Лувсанбаяр дахин хутгаа баруун гартаа шилжүүлж байгаа харагдав. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд 12:37:44-д Гансүх Лувсанбаяр хутгыг булаан авч эвхэх бөгөөд үзлэгийн явцад өөр хэрэгт ач холбогдолтой зүйл илрээгүй…” гэжээ /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

                Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолоор:

                 Бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт эд мөрийн баримтаар тооцов…” гэжээ /хх-ийн 15 дугаар хуудас/,

 

                  Эд мөрийн баримт хэрэгт хавсаргах тогтоолоор:

                 Бичлэг бүхий 1 ширхэг хутгыг хэрэгт эд мөрийн баримтаар тооцов…” гэжээ /хх-ийн 16 дугаар хуудас/,

  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹15022 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Б.Болорчулууны биед баруун шууны судас, шөрмөс, мэдрэл гэмтээсэн гүн зүсэгдсэн шарх, зүүн мөр, сарвуунд сорви бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2. Баруун шууны гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдэх боломжтой.
  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.
  5. Б.Болорчулууны биед учирсан зүүн мөр, сарвуунд сорви гэмтлийн үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэжээ. /хх-ийн 27 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹11365 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн марьлд шингээсэн цус мэт улаан хүрэн өнгийн зүйл дээр цус илэрсэн. Энэ нь АВО системээр А/II/ бүлгийн харъяалалтай байна…” гэжээ /хх-ийн 29 дүгээр хуудас/, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ¹11364 дугаартай шинжээчийн дүгнэлт:

  1. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн модон оруулгатай 12 см иштэй 22 см урттай эвхдэг хутган дээр цус илэрсэн. Бүлгийн харъяаллыг тогтоох боломжгүй байна…” гэжээ /хх-ийн 31 дүгээр хуудас/, 

 

Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-12 дугаар хуудас/, Ж.Лын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 дугаар хуудас/, хувийн байдал тогтоосон баримтууд /хх-ийн 49-57/, хорооны тодорхойлолт /хх-ийн 58 дугаар хуудас/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 59 дүгээр хуудас/, гэрч Н.Эрдэнэчимэгийн мэдүүлэг /хх-ийн 80 дугаар хуудас/, гэрч Д.Ганболдын мэдүүлэг /хх-ийн 81 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Ж.Л нь согтуурсан үедээ 2017 оны 11 сарын 30-ны өдөр 12 цагийн үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутагт байрлах “Кибер” захын 3 давхарт байрлах “Саруул” дэн буудалд хамтран амьдрагч Б.Болорчулууныг гэртээ харилгүй архи ууж явлаа гэж шалтаглан зүй бус харьцаж маргалдан улмаар түүний баруун гарын шуу хэсэгт хутгаар зүсч гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь баруун шууны судас, шөрмөс, мэдрэл гэмтээсэн гүн зүсэгдсэн шарх бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.Лын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Болорчулууны мэдүүлэг, гэрч Г.Гансүх, Б.Сэржмядаг, Б.Эрдэнэчулуун, насанд хүрээгүй гэрч Л.Элбэгбаяр нарын мэдүүлэг, ШШҮХ-ийн шинжээчийн  ¹15022, №11364, ¹11365 дугаартай дүгнэлтүүд, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хэрэгт тооцох тогтоолууд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгчийн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудтай агуулгын хувьд зөрүүгүй байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болов.

 

Шүүгдэгч нь өөрийн хамтран амьдрагч Б.Болорчулууны гарын баруун шуу хэсгийг хутгаар зүсч хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогч, гэрч нь хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч хохирогчийг гэмтээснийг гэрчилж мэдүүлсэн, шүүгдэгч хохирогчийн шуу хэсгийг зүссэн талаар камерийн бичлэгт бичигдсэн, шүүгдэгч нь хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Лт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хуульзүйн үндэслэлтэй байна.

 

Шүүх шүүгдэгч Ж.Лт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт хохирогч Б.Болорчулуун шүүгдэгч Ж.Л нарыг гэр бүл болохыг нотлосон шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлгээс гадна хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар авагдсан байх ба Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн” гэдэгт хохирогч Б.Болорчулуун хамаарах болохыг тэмдэглэв.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж, хоорондоо зүй зохистой харьцах талаар зан харьцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

Шүүх шүүгдэгч Ж.Лт ял оногдуулахад хүндрүүлэх, хөнгөрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

 

Шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн буюу хохирогчтой эвлэрсэн ба гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Лт хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, эрхийн хязгаарлалтыг тогтоох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Ийнхүү шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хэдий ч шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан нийгэмд биеэ зөв авч дадал хэвшүүлэх зорилгоор зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанд хохирогч Б.Болорчулуунаас гаргасан хүсэлтэд “..Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдлаа. 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.Л нь 2 хоног цагдан хоригдсоныг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:                                                                                                                                                            

            1. Боржигон овогт Жавзангийн Лувсанбаярыг гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

   2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Лт хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

   3. Шүүгдэгч Лувсанбаярыг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Лувсанбаяр нь 02 /хоёр/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

            5. Эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч  Ж.Лт хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн  186 дугаар зүйлийн 186.1 дэхь хэсэгт зааснаар түүний оршин суугаа газрын нутаг дэвсгэрийн шүүхийн  шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг анхааруулсугай.

            7. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.Л нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар зохих байгууллагад шилжүүлж, мөн хууль зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

 

  9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар  тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.

 

            10. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

             11. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Лт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН