Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/00237

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Аарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/03701 дугаар шийдвэртэй, Г.Аарын нэхэмжлэлтэй, “Хх” ГҮТББ-д холбогдуулан гаргасан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17 080 000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэх тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнлхам, түүний өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анар, түүний өмгөөлөгч Ц.Жавхлантөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжпэгч нь 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс Сандэй плаза үйлчилгээний төвд барилга төсөл, сантехникийн инженерээр ажилд орсон бөгөөд тухайн үед Сандэй плаза үйлчилгээний төвийн ашиглалтын захиргааг Сандэй плаза үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ эрхлэн явуулдаг байсан. 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Сандэй плаза үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо нь Сандэй плаза худалдаа үйлчилгээний төвийн ашиглалтын захиргааг ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээний дагуу “Хххх” ГҮТББ-д шилжүүлсэн ба гэрээний 3.2-т байгууллагын үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөхгүй учир хөдөлмөрийн гэрээтэй ажилтан, албан хаагчдын гэрээг шинэчлэн үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж зааснаар “Хх” ГҮТББ нь ажилчидтай хөдөлмөрийн гэрээг өөрийн нэрээр шинэчлэн байгуулж үргэлжлүүлэн хэвийн ажиллуулах үүргийг хүлээсэн. Гэвч хариуцагч нь энэ үүргээ биелүүлээгүй.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/01759 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1447 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2020/00406 дугаар тогтоолоор Г.Аартай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан барилгын төсөл, сантехникийн инженерийн албан тушаалд томилж, түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “Хх” ГҮТББ-д даалгаж, 7 200 000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн.

Хариуцагч нь өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй, урьд эрхэлж байсан албан тушаалд томилоогүйгээс нэхэмжлэгч нь урт хугацаагаар ажилгүй, цалин орлогогүй байж хохирч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэгч тухайн албан тушаалыг эрхэлж байхдаа сарын дундаж цалин 1 200 000 төгрөг авч байсан гэж тогтоосон тул нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 14 сар 7 хоногийн цалинд нийт 17 080 000 төгрөгийг гаргуулж, дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын давтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Нэхэмжпэгч Г.Аар нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шийдвэр гарсан өдрөөс тооцон нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Хуульд заасан эрхийнхээ дагуу хэргийн оролцогч талууд давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлж явсаар дээрх хугацаа өнгөрсөн.

Хариуцагч нь 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нэхэмжлэгчийг ажилд томилсон. Нийгмийн даатгалын лавлагаагаар нэхэмжлэгч нь 2019 оны 06 дугаар сараас хойш ажил хийж байгаа болох нь нотлогдож байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилгүй байсан хугацааны цалин хөлсний талаар зохицуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Хх” ГҮТББ-аас 1 280 002 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Аарт олгож, нэхэмжлэгч Г.Аарын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагч “Хх” ГҮТББ-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 15 799 998 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хх” ГҮТББ-аас 35 270 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Аарт олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/01759 шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/01759 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ200/00406 дугаар тогтоолоор Г.Аарыг сантехникийн инженерийн албан тушаалд хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах, түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг “Сандэй плаза үйлчилгээний төвд бизнес эрхлэгчидхх” ТББ төвд даалгаж, 7 200 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн.

Хариуцагч байгууллага нь шийдвэрийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хууль бус эс үйлдлээс шалтгаан хөдөлмөрийн хөлс авч чадаагүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэж чадаагүй.

Нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны цалинг тооцоолохдоо анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэлх хугацааг хамааруулсан. Гэтэл анхан шатны шүүх “өмнөх анхан шатны шүүхийн шийдвэрээс хяналтын шатны шүүхийн тогтоол гарах энэ хугацаанд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан тул хариуцагчийг дурдсан хугацаанд хохирол учруулсан гэж үзэхгүй. Улсын дээд шүүхийн тогтоол гарсан өдрөөс эхлэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг үүсч хариуцагч талаас энэ хугацааг хэтрүүлсэн нь нэхэмжлэгчид хохирол нөхөн төлөх үндэслэл болно” гэж дүгнэсэн. Хэрэв хариуцагч тал гэрээний үүрэг зөрчөөгүй бол нэхэмжлэгчид ажилгүй байсан хугацааны цалин бий болохгүй байх байсан улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ч явагдахгүй байх байсан.

Иймд нэхэмжлэлийн зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлсон атлаа хэрэгт цугларсан баримтуудыг бүрэн үнэлж дүгнэлгүй “Хх” ГҮТББ- аас 1 280 002 төгрөг гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хэрэгт авагдсан Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн Г.Аарын “Нийгмийн даатгальш шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт”-оос үзэхэд нэхэмжлэгч Г.Аар нь нэхэмжлэлийн шаардлагад дурдаад буй 2019 оны 06 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд “Даймонд констракшн” ХХК болон “ТТТинэ сандэй худалдааны төв” ХХК-д тасралтгүй ажил хөдөлмөр эрхэлж, дунджаар 1 500 000 төгрөг, дээд тал нь 2 634 708 төгрөгийн цалин авч, холбогдох эрүүл мэндийн болон нийгмийн даатгал төлж байсан болох нь тодорхой байна.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Г.Аар нь хариуцагч байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулан “Барилгын төсөл, сантехникийн инженер”-ийн албан тушаалд бүтэн цагаар ажиллаад нэг сард 1 200 000 төгрөгийн цалин авахаас харьцангуй өндөр цалин авч байсан тул нэхэмжлэгчид цалин хөлсний хохирол учирсан гэж үзэх боломжгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан манай байгууллагын зүгээс Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2020/00406 дугаар тогтоолыг гардан аваад 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/168 дугаар тушаалаар нэхэмжлэгч Г.Аарыг ажилд авч, “Барилгын төсөл, сантехникийн инженер”-ийн албан тушаалд томилсон. Гэтэл Г.Аар нь одоог хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хөдөлмөрийн гэрээ байгуулалгүй, дуудсан хугацаанд ажил албан тушаалаа хүлээн авахгүй байгаагаас үзэхэд нэхэмжлэгч Г.Аар нь хариуцагч байгууллагад анхнаасаа ажил хөдөлмөр эрхлэх хүсэл зориг байхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргах замаар ашиг олох зорилготой байсан гэдэг нь илт байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Г.Аар нь хариуцагч “Хх” ГҮТББ-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин 17 080 000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2019/01759 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх ба Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1447 дугаар магадлалаар дээрх шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Г.Аартай хөдөлмөрийн гэрээ байгуулж, сантехникийн инженерийн албан тушаалд томилж, түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч “Хх” ГҮТББ-д даалгаж, ажилгүй байсан хугацааны олговорт 7 200 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 1447 дугаар магадлалыг хариуцагч байгууллага эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт заасан эрхийн дагуу Улсын дээд шүүхэд гомдол гаргасан учраас уг магадлал гарсан өдөртөө хүчин төгөлдөр болоогүй гэж дүгнэнэ.

 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 001/ХТ2020/00406 дугаар тогтоолоор магадлалыг шийдлийн агуулгын хувьд хэвээр үлдээж шийдвэрлэснээр магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3-т зааснаар хүчин төгөлдөр болсон. /хх7-17/

 

“Хх” ГҮТББ-ын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн Б/168 дугаар тушаалаар Г.Аарыг 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн байр ашиглалтын захиргааны Барилгын төсөл, сантехникийн инженерийн ажил, албан тушаалд томилжээ. /хх44/ Иймд хариуцагч нь 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэлх хугацаанд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байх тул Иргэний хуулийн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг биелүүлээгүйгээс үүсэх хохирлыг төлөх үүрэгтэй болно.

Анхан шатны шүүх, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2020/00406 дугаар тогтоол гарч баталгаажсан 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаагаар Г.Аарын ажилгүй байсан хугацааны олговрыг тооцож “Хх” ГҮТББ-аас 1 280 000 төгрөгийг гаргуулж Г.Аарт олгож, нэхэмжлэлээс 15 799 998 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл, уг зүйл заалт нь нэхэмжлэлийн шаардлагын шууд шаардах эрхэд хамаарахгүй, шүүхийн шийдвэрийн дагуу хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэг хүлээсэн, уг үүргийн зөрчилтэй холбоотой маргаан учраас хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэх үндэслэлээр Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлах нь зүйтэй юм.

 

Дээрх үндэслэлээр зохигчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/03701 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 203 дугаар зүйлийн 203.1” гэснийг хасч шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240 152 төгрөгийг, хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32 270 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                          ШҮҮГЧИД                                  Д.НЯМБАЗАР

 

                                                                                            Э.ЗОЛЗАЯА