Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/00734

 

Г.Хуягтбаатарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Ундрах даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/03701 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 237 дугаар магадлалтай,

Г.Хуягтбаатарын нэхэмжлэлтэй,

Сандэй плазад бизнес эрхлэгчид Цэлмэг төв Гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага /ГҮТББ/-д холбогдох 

Ажилгүй байсан хугацааны цалинтай хөлстэй тэнцэх олговорт 17,080,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, холбогдох дэвтэрт бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнлхам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Анар, хариуцагчийн өмгөөлөгч Э.Жанчивдорж, нарийн бичгийн дарга Х.Билгүүн нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч нь 2016.07.25-ны өдрөөс Сандэй плаза үйлчилгээний төвд барилга төсөл, сантехникийн инженерээр ажилд орсон бөгөөд тухайн үед Сандэй плаза үйлчилгээний төвийн ашиглалтын захиргааг Сандэй плаза үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ эрхлэн явуулдаг байсан. 2018.12.10-ны өдөр Сандэй плаза үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо нь Сандэй плаза худалдаа үйлчилгээний төвийн ашиглалтын захиргааг ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээний дагуу Сандэй плазад бизнес эрхлэгч Цэлмэг төв ГҮТББ-д шилжүүлсэн ба гэрээний 3.2-т байгууллагын үйл ажиллагааны чиглэл өөрчлөгдөхгүй учир хөдөлмөрийн гэрээтэй ажилтан, албан хаагчдын гэрээг шинэчлэн үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж зааснаар Сандэй плазад бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ нь ажилчидтай хөдөлмөрийн гэрээг өөрийн нэрээр шинэчлэн байгуулж үргэлжлүүлэн хэвийн ажиллуулах үүргийг хүлээсэн. Гэвч хариуцагч нь энэ үүргээ биелүүлээгүй. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.12-ны өдрийн 101/ШШ2019/01759 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.08.02-ны өдрийн 1447 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020.07.21-ний өдрийн 001/ХТ2020/00406 дугаар тогтоолоор Г.Хуягтбаатартай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан барилгын төсөл, сантехникийн инженерийн албан тушаалд томилж, түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Сандэй плазад бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ-д даалгаж, 7,200,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн. Хариуцагч нь өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй, урьд эрхэлж байсан албан тушаалд томилоогүйгээс нэхэмжлэгч нь урт хугацаагаар ажилгүй, цалин орлогогүй байж хохирч байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй байна. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар нэхэмжлэгч тухайн албан тушаалыг эрхэлж байхдаа сарын дундаж цалин 1,200,000 төгрөг авч байсан гэж тогтоосон тул нэхэмжлэгч нь анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдөр буюу 2019.06.12-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр буюу 2020.08.19-ний өдрийг хүртэл 14 сар 7 хоногийн цалинд нийт 17,080,000 төгрөгийг гаргуулж, дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгч Г.Хуягтбаатар нь Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс шийдвэр гарсан өдрөөс тооцон нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Хуульд заасан эрхийнхээ дагуу хэргийн оролцогч талууд давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлж явсаар дээрх хугацаа өнгөрсөн. Хариуцагч нь 2020.09.09-ний өдөр нэхэмжлэгчийг ажилд томилсон. Нийгмийн даатгалын лавлагаагаар нэхэмжлэгч нь 2019 оны 06 дугаар сараас хойш ажил хийж байгаа болох нь нотлогдож байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ажилгүй байсан хугацааны цалин хөлсний талаар зохицуулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/03701 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сандэй плазад бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ-аас 1,280,002 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Хуягтбаатарт олгож, нэхэмжлэгч Г.Хуягтбаатарын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагч Сандэй плазад бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 15,799,998 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 243,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сандэй плазад бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ-аас 35,270 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Хуягтбаатарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 237 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/03701 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 203 дугаар зүйлийн 203.1 гэснийг хасч, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нэхэмжлэгчийн зүгээс анхан болон давж заалдах шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч, дараах үндэслэлээр хяналтын гомдлыг гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн өмнөх шүүхийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлыг буруу дүгнэсэн. Өмнөх шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Г.Хуягтбаатарт учирсан хохирол буюу ажилгүй байсан хугацааны цалинг тооцоолохдоо хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзсан шийдвэр гарсан өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааг хамруулсан тул нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17,080,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан болно. Анхан шатны шүүхийн шийдвэрээр өмнөх анхан шатны шүүхийн шийдвэрээс хяналтын шатны шүүхийн тогтоол гарах энэ хугацаанд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байсан тул хариуцагчийг дурдсан хугацаанд хохирол учруулсан гэж үзэхгүй. Улсын дээд шүүхийн тогтоол гарсан өдрөөс эхлэн шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэг үүсч хариуцагч талаас энэ хугацааг хэтрүүлсэн нь нэхэмжлэгчид хохирол төлөх үндэслэл болно гэж үзээд энэ өдрөөс нэхэмжлэл гаргасан өдөр хүртэлх хугацааны цалин хөлсөнд 1,280,002 төгрөг гаргуулж үлдэх 15,799,998 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тус шийдвэрийг давж заалдах шатны шүүх зөвтгөж, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1447 дугаар магадлалыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020.07.21-ний өдрийн 001/ХТ2020/00406 дугаар тогтоолоор магадлалыг шийдлийн агуулгын хувьд хэвээр үлдээж шийдвэрлэснээр магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар 120.1.3-т зааснаар хүчин төгөлдөр болсон гэж үзэн 2020.07.21-ний өдрөөс шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацааны хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй гэж магадлалдаа дурджээ. Шүүхийн шийдвэр шинээр шаардах эрхийг бий болгоогүй. Харин 2018.12.10-ны өдрийн Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээ-ний 3.2-т зааснаар үүссэн үүргээ зөрчсөн болохыг хожим шүүх тогтоосон. Иймд тус гэрээ хүчин төгөлдөр байгаа тохиолдолд гэрээний үүргийг бүрэн биелүүлэх хүртэл гэрээний үүрэг хэвээр байсаар байна. Үүнд үүрэг гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн үүргийг шүүхийн журмаар биелүүлэхээр даалгасан эсэх нь хамааралгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч гэрээний үүрэг хэвээр хадгалагдана. Хэрэв Иргэний хуулийн 8.1.2 иргэний эрх зүйн харилцаа үүсгэхэд чиглэсэн шүүхийн шийдвэр гэж заасан журмаар үүргийг шинээр үүсгэсэн бол анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох гэж заасан нөхцөлд үүрэг үүснэ гэж дурдсан агуулгыг зөвшөөрч болох юм. Харин Иргэний хуулийн 8.11. хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл гэж зааснаар үүссэн үүргийг Иргэний хуулийн 9.4.З. хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх аргаар хамгаалуулсан нь үүрэг гүйцэтгэгчийг үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Нөгөө талаас Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.12-ны өдрийн 101/ШШ2019/01759 дугаар шийдвэрийг дараагийн шатны шүүхүүдээс хүчингүй болгоогүй гагцхүү нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Давж заалдах, хяналтын шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоогүй бол маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр дараагийн шатны шүүхүүдийн өөрчлөлтийг нэмж агуулан хүчинтэй хэвээр байдаг тул 2019.06.12-ны өдрөөс үүргийн зөрчлийг тогтоож даалгасан гэж үзнэ. Энэ өдрөөс шүүхийн шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн эрхийн зөрчил үргэлжилсэн хэвээр, хариуцагчийн үүргийн зөрчил мөн адил үргэлжилсэн хэвээр байх юм. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх шүүхийн шийдвэрийн хүчин төгөлдөр байдлын талаар буруу дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Иргэний хуулийн 206.1 Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ. 208.1. Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан. Хариуцагчийн Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээний 3.2-т зааснаар хүлээсэн үүрэг нь тус гэрээ байгуулагдсан цагаас эхлэн Г.Хуягтбаатартай Хөдөлмөрийн гэрээ байгуулж үүргийг гүйцэтгэж дуустал хэвээр хадгалагдана. Тус үүргээ биелүүлээгүй байсаар байгаа бол 227.1. Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй. ИХ-ийн 227.3-т заасны дагуу үүрэг гүйцэтгэгч Г.Хуягтбаатартай хөдөлмөрийн гэрээ байгуулсан бол түүний авах ёстой байсан цалин, төлөгдөх ёстой байсан НДШ, ЭМДШ-ийг хохиролд тооцож нэхэмжилсэн болно. Үүнд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр нөхөн олгох хуулийн зохицуулалтыг төсөөтэйгөөр хэрэглэж болно. Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээний үүргийн зөрчил нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй зөрчил бөгөөд уг хууль бус эс үйлдэхүйн улмаас цалин хөлсөө авч чадаагүй хохирол нэхэмжлэгчид учирсан бодит үйл баримтаас ажил олгогчийн хууль бус шийдвэрээс ажилтанд хохирол учирсан тухай шалтгаант холбоотой. Мөн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.08.02-ны өдрийн 1447 тоот магадлалаар нэхэмжлэгч Г.Хуягтбаатарыг урьд эрхэлж байсан барилгын төсөл, сантехникийн инженерийн албан тушаалд эгүүлэн томилохыг хариуцагчид даалгасан тул Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх зохицуулалтууд хэргийн үйл баримтад хамааралтай юм. Гэвч хоёр шатны шүүх хуулийн эдгээр зохицуулалтыг хэрэглээгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрийн хууль ёсны хийгээд үндэслэл бүхий байх шинжийг алдагдуулж байна. Магадлалд анхан шатны шүүх ИХ-ийн 203.1-д заасан гэрээний үндсэн дээр шаардах эрхийг тодорхойлсныг буруутган ИХ-ийн 219.1 зааснаар шаардах эрхийн үндэслэлийг тодорхойлно гэжээ. Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээ хүчин төгөлдөр бөгөөд тус гэрээний үүрэг биелэгдээгүй. Тус гэрээний үүргийн биелэлтийг шүүхийн журмаар хэрэгжүүлэхээр даалгах шийдвэр гарсан. Түүнийг хариуцагч биелүүлээгүй. Иргэний хуулийн 236.1. Үүрэг дараах үндэслэлээр дуусгавар болно: 236.1.1. үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж заасан. Иймд тус үүргийг гүйцэтгээгүй учраас гуравдагч этгээдэд ашигтай хэлцэл болох Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээний 3.2-т заасан үүрэг хэвээр бөгөөд үүнд үндэслэн шаардах эрхийг тодорхойлсон нь зөв юм.

Шүүх нэхэмжлэгчид эрх зүйн хамгаалалт үзүүлэхээс татгалзсан. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдон өнгөрсөн хугацаа нь хариуцагчийг үүргээс чөлөөлөх, түүний хууль бус шийдвэрийн үр дагаврыг арилгах үндэслэл болохгүй. Бид гагцхүү үүрэг зөрчсөн этгээдээс түүний шийдвэрийн үр дагаврыг шаардахаас биш шүүхээс шаардах боломжгүй билээ. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх давж заалдах, хяналтын гомдол нь хариуцагчийг үүргээс чөлөөлөх, түүний хууль бус шийдвэрийн үр дагаврыг зөвтгөх арга мэтээр тайлбарлаж, хэргийг шийдвэрлэсэн нь иргэний эрх зүйн үндсэн зарчимд нийцээгүй, нэхэмжлэгчид Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4. учруулсан хохирлыг арилгуулах; 9.4.2. эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх гэж заасан иргэний эрх зүйн хамгаалалт үзүүлэхээс татгалзсан явдал болжээ. Нэхэмжлэгч хариуцагч байгууллагын үүрэг гүйцэтгээгүй хууль бус эс үйлдэхүйн улмаас өөрт учирсан хор уршгийг нэхэмжилж байгаа. Хор хохирлыг арилгах хэмжээ нь шүүхээр зөрчсөн болох нь тогтоогдсон хариуцагч байгууллагын Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээний 3.2-т заасныг зохих ёсоор биелүүлсэн бол ямар хэмжээнд нэхэмжлэгчид үр шим, цалин хөлс олгогдох байсан тэр хэмжээнд эрхийг сэргээх ёстой. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.10.26-ны өдрийн 03701 тоот шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.01.25-ны өдрийн 239 тоот магадлалын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Г.Хуягтбаатар нь хариуцагч Сандэй плазад бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 17,080,000 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах нэхэмжлэл гаргасан байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сандэй плазад бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ-аас 1,280,002 төгрөг гаргуулан Г.Хуягтбаатарт олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн шимтгэлийн нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 15,799,998 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 гэснийг хасч, бусад хэсгийг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.06.12-ны өдрийн 101/ШШ2019/01759 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019.08.02-ны өдрийн 1447 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020.07.21-ний өдрийн 001/ХТ2020/00406 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 203 дугаар зүйлийн 203.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан  Г.Хуягтбаатартай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулан барилгын төсөл, сантехникийн инженерийн албан тушаалд томилж, түүний эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг  Сандэй плазад бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ-д даалгаж, хариуцагчаас 7,200,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байх бөгөөд энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болжээ.  /хх-7-17/

Шүүхийн дээрх шийдвэрт хариуцагчийг 2018.12.10-ны өдрийн ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээнд заасны дагуу Сандэй плаза үйлчилгээний төвд худалдаа эрхлэгчдийн холбоо ГҮТББ-ын хөдөлмөрийн гэрээтэй ажилтан, албан хаагчдын гэрээг шинэчлэн, үргэлжлүүлэн ажиллуулах үүргээ зөрчсөн гэж дүгнэжээ.

Иймээс талуудын хооронд ажлаас буруу халах, ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай маргаан үүсээгүй тул үүний үр дагавар болох ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох буюу Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалт хамааралгүй, харин гэрээний үүрэг зөрчсөнөөс учирсан хохирол нөхөн төлүүлэх харилцаа гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт маргааны үндэслэлд нийцсэн байна. Өөрөөр хэлбэл, өмнөх шийдвэр биелэлттэй холбоотойгоор нэхэмжлэгчийн шаардах эрх үүссэн тухай дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг зөрчөөгүй байна.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.  

Хариуцагч байгууллага шүүхийн дээрх шийдвэрийг биелүүлэхдээ хяналтын шатны шүүхийн тогтоол гарснаас хойш буюу Г.Хуягтбаатарыг 2020.09.10-ны өдрөөс эхлэн барилгын төсөл, сантехникийн инженерээр ажиллуулахаар 2020.09.09-ний өдрийн Б/168 тушаал гаргасан байна. /хх-44/

Шүүх Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 101/ШШ2019/01759 дүгээр шийдвэр гарсан 2019.06.12-ны өдрөөс Улсын дээд шүүхийн тогтоол гарсан 2020.07.21-ний өдрийг хүртэл хариуцагчийг үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэн, хариуцагчаас 2020.07.21-нөөс нэхэмжлэлд заасан 2020.08.19-ний өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгчийн авах байсан цалин хөлсний хохиролд нийт 1,280,002 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь буруу, мөн 2020.08.19-ний өдрийг хүртэл гэж тооцсон үндэслэл нь тодорхойгүй байна.

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн дээрх алдааг залруулж чадаагүй, түүнчлэн анхан шатны шүүхийг Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу нэхэмжлэлийн шаардлагын шаардах эрхэд шууд хамаарахгүй гэж дүгнэн, шийдвэрээс уг заалтыг хасахдаа зохигчийн хооронд өмнө нь үүссэн маргааны үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг хуульд зааснаар үнэлж чадаагүй байна.

Зохигчийн хооронд өмнө нь үүссэн маргаан гурван шатны шүүхээр хянан хэлэлцэх хугацаанд хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэхгүй гэж хоёр шатны шүүх дүгнэсэн нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй шүүхийн шийдвэрийн үндэслэлд нийцэхгүй, хариуцагч гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн байдлыг анхаараагүйгээс уг дүгнэлт учир дутагдалтай болжээ.

Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 237 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2020/03701 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Сандэй плазад бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ-аас 17,080,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Хуягтбаатарт олгож, нэхэмжлэгч Г.Хуягтбаатарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Сандэй плазад бизнес эрхлэгчид Цэлмэг төв ГҮТББ-д даалгасугай гэж, шийдвэрийн 2 дахь заалтын 35,270 гэснийг 243,350 гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 236,949.99 (хоёр зуун гучин зургаан мянга есөн зуун дөчин есөн төгрөг ерэн есөн мөнгө) төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАХ

ШҮҮГЧИД С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Г.ЦАГААНЦООЖ

Д.ЦОЛМОН

Х.ЭРДЭНЭСУВД