Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2021/00291

 

 

 

 

 

 

 

 

 

Ө.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/02118 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ө.А-ын хариуцагч Б.Г-од холбогдуулан гаргасан 14 830 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ө.А-, түүний өмгөөлөгч Ц.Цэцэгсүрэн, хариуцагч Б.Г-, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: 2015 онд нэхэмжлэгчийн төрсөн эгч н.Ундаръяа нь сэтгэцийн өвчний улмаас Шархадны сэтгэц эмгэг судлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Тухайн үед эгчийгээ өвчнөөс ангижруулах үүднээс гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад хий гүйдэлд дайрсан хүнд улаан өнгийн чулууг ээлтэй мөн айл гэрт байвал сайн гэж сонссон учир гэрийнхэнтэйгээ ярьж олдохоор бол гэртээ залж шүтэх гэж щ байсан. Ө.А-ын төрсөн дүү Ө.Бат-Оргил ви-чатаар холбогдон уг чулууны сураг гаргаж зарах хүнтэй нь холбогдон өөрийн дүүгийн гэрийн хаягийг зааж өгсөн. Ингээд 2015 оны 12 сард Хан-Уул дүүрэгт амьдардаг өөрийн төрсөн дүү болох Ө.Бат- Учралынд эхнэр н.Наранчимэг түүний дүү н.Алтанцэцэг нар байх үед н.Ганболд гэж хүн 2 залуутай ирж уулзаж, зууван хэлбэртэй баримлын шавар шиг улаан өнгийн уг чулууг үзүүлсэн. 15 000 000 төгрөгөөр зарна гэснийг буулгуулж, тэр өдрөө өөрийн аавын данснаас нь 5 000 000 төгрөг гаргуулан, өөрийн 9 830 000 төгрөгийн хамт нийт 14 830 000 төгрөгийг бэлнээр Б.Г-од өгч чулуугаа худалдан авсан. Уг чулуу тухайн үед нэхэмжлэгчийн нөхөр н.Ундрахад хадгалагдаж байсан. Ингээд 2015 оны 04 сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст мэдүүлэг өгч уг чулууг эд мөрийн баримт болгон хураалган өгсөн. Уг хэрэг нь Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 06 сарын 21-ний өдрийн 2523 дугаар тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр хандах үндэслэлтэй байна. Иймд Б.Г-оос 14 830 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: 2015 онд Ө.Бат-Оргил гэх хүн над руу яриад улаан чулуу хэрэгтэй байна гэсэн Энэ үеэр нь манай нутгийн дүү н.Ганбаатар манай гэрт байж таарсан. н.Ганбаатар надад фэйсбүүкээр улаан өнгөтэй чулууны зураг яваад байна. Би тэр хүнтэй чинь холбогдъё гэхээр нь Ө.Бат-Оргил н.Ганбаатар нарыг утсаар яриулсан. Ө.Бат-Оргил нь БНХАУ-д байсан тул ви-чатаар холбогдсон байх. 2015 оны 12 сарын сүүлчээр Ө.Бат-Оргил над руу яриад нөгөө хүмүүс чинь манай эгчтэй наймаа хийнэ гэсэн. Та очоод уулзаадхаач гэж гуйхаар нь Алтай хотхоны урд байдаг хороололд дүү Ө.Бат-Учралтай очсон. Тэр байрны гадаа н.Ганбаатар 2 хүнтэй хамт машинтай ирсэн байсан. Гэрт нь ороход Ө.Бат-Учралаас гадна 3 хүн, 2 хүүхэд байсан. Эгч Ө.А- нь нөгөө хүмүүстэй уулзаад үлдсэн. Би гэр рүүгээ явсан. Мөнгө болон чулууны алийг ч аваагүй.

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст гэрчээр дуудагдаж мэдүүлэг өгсөн. Нэхэмжлэгч Ө.А- нь Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2019 оны 06 сарын 21-ний өдрийн 2523 дугаартай тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр хандах үндэслэлтэй байна гэжээ. Гэтэл Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Уянгын 2019 оны 06 сарын 02-ний өдрийн 2523 дугаартай тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд оногдох, хураан авахыг хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ гэж зааснаар улаан чулууны өмчлөлийг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэжээ. Мөн тогтоолд нэхэмжлэгч Ө.А- нь улаан өнгийн чулууг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдоогүй, мөн хэргийн хохирогч Ж.Энх-Амар нь уг чулууг гэмт хэргийн улмаас алдаж хохирсон, уг чулууны өмчлөгч байсан нэр бүхий оролцогч нар нь улаан өнгийн чулууг буцаан aвax хүсэлтийг тус прокурорын газарт гаргасан болно гэж дүгнэсэн байна.

Дээрх тогтоолд дурдсан хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Ө.А- нь уг чулууг худалдан авсан, Ж.Энх-Амар нь хулгайд алдсан чулууг өмчлөлдөө буцаан авахаар маргасан бөгөөд уг тогтоолд улаан чулуу болон чулууны мөнгийг Б.Г-оос гаргуулах талаар нэг ч үг үсэг байхгүй байгаагаас гадна уг хэрэгт надааc сэжигтэн, яллагдагч биш гэрчээр мэдүүлэг авсан болно.

Иймд Ө.А- нь уг чулууны өмчлөгч буюу шударга эзэмшигч мөн эсэхийг тогтоолгох, хэрэв худалдаж авсан мөнгөө нэхэмжлэхээр шүүхэд хандсан бол чулууны мөнгийг авсан н.Ганбаатар гэх хүнээс нэхэмжлэх нь зүйтэй. Б.Г- уг чулууны мөнгийг аваагүй тул хариуцан төлөх үндэслэлгүйгээс гадна уг чулууны хулгайн гэмт хэрэгтэй хамааралгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Г-оос 14 830 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.А-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-оос 232 100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.А-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хэрэг бүртгэлтийн хэргийн баримт болох мөрдөгчийн авсан Ө.Бат-Оргилын мэдүүлэг гэх баримт болон түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг, мөн гэрч Л.Ганбаатарын мэдүүлгээр нотлон мэтгэлцсэн ба шүүх нэхэмжлэгчийн төрсөн дүү болох Ө.Бат-Оргилын мэдүүлгийг бусад баримтаар нотлогдоогүй байхад шийдвэрийнхээ үндэслэл болгосон, мөн гэрч Л.Ганбаатарын ...мөнгөө дараа авахаар болоод гарч ирлээ гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж буй байдалд бодитой, үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэт нэг талыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн. Тодруулбал, гэрч Л.Ганбаатарын мэдүүлгээр нэхэмжлэгч, түүний дүү Ө.Бат- Оргил нарын ...Б.Г-од 14 830 000 төгрөг өгсөн гэх тайлбар, мэдүүлэг үгүйсгэгдэж, Б.Г-ын ...Ө.А-аас мөнгө аваагүй гэх тайлбар нотлогдож буйд шүүх үндэслэлтэй, бодитой дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох, бодит байдалд нийцсэн шийдвэр гаргах журмыг ноцтой зөрчиж, зөрчилтэй дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Учир нь шүүх Ө.А- нь Б.Г-оос чулууг 14 830 000 төгрөгөөр худалдан авч гэх дүгнэлтийг хийж, улмаар эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно хэмээн дүгнэсэн нь бодит байдлыг тогтоох зарчим-д харшилсан гэж үзнэ. Тодруулбал, бодит байдалд Б.Г- нь Л.Ганбаатарыг Ө.А-тай уулзахад Л.Ганбаатартай хамт явсан атал шүүх талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн, тухайн харилцаанд оролцогч буюу тал нь хэн болохыг бодитой тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Дээрх үндэслэлээр, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлгүй болсон тул талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн болохыг, тус харилцаанд хэн, нар эрх, үүрэгтэй оролцсон болохыг тогтоох зайлшгүй шаардлагыг харгалзан, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Ө.А- нь иргэн Б.Г-оос тахианы цусан чулуу гэх нэртэй чулууг 14 830 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд Цагдаагийн байгууллагаас хураан авсан учир түүний үнийг буцаан гаргуулна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлага гаргасан бол хариуцагч Б.Г- нь иргэн Ө.А-д ямар нэгэн чулуу худалдаагүй, түүнээс мөнгө аваагүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Дээрх маргааныг хянан шийдвэрлэхэд шүүх хуралдааны явцад зохигчдын гаргасан тайлбар, гэрч нарын мэдүүлэг ач холбогдолтой байна. Учир нь, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчдын тайлбар, гэрчийн мэдүүлэг, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нь нотолгооны хэрэгсэлд хамаарахаас гадна талууд худалдах, худалдан аван гэрээг бичгээр байгуулаагүй болох нь тэдгээрийн тайлбараар тогтоогддог.

 

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн ...Тухайн өдөр би Ө.Бат-Учрал дүүгийндээ байж байсан. ...Гэрийнхээ хаягийг Ө.Бат-Учрал өөрөө өгсөн. Ингээд улаан чулуугаа бариад манай дүүгийн гэрт ирсэн. ...Б.Г- хоёр хүнтэй хамт гэрт орж ирсэн. ...Тэгээд баримлын шавар шиг жижиг дөрвөлжин чулууг үзүүлсэн. ...Ингээд 15 сая төгрөгөөс бага зэрэг яриад... Надад бэлэн 8 000 000 төгрөг, данснаас авсан 900 000 төгрөг, аавынхаа данснаас 6 000 000 төгрөг авсан байдаг... Би мөнгөө эхлээд Ө.Бат-Учралд өгсөн. Тэгээд манай дүү Б.Г-од дамжуулан өгсөн... гэсэн тайлбар /хх 130-131, 133/;

 

Хариуцагчийн шүүх хуралдаанд өгсөн ...2015 оны 12 сарын сүүлээр над руу утсаар яриад Б.Г- ахаа та манай дүүгийнд очоод наймаа хийх гэж байгаа юм байна уулзуулаад өгөөч гэсэн. Би хаягийг нь аваад очиход чулууны эзэн Л.Ганбаатар хоёр хүнтэй хамт машинтай ирсэн байсан. Тэгээд тэр хоёр хүнийг Ө.Бат-Оргилын гэрт дагуулаад орсон. Л.Ганбаатар машиндаа үлдсэн. ...Ингээд тэд хоорондоо өгч, авахаар болсон... гэсэн тайлбар /хх 131/;

 

Гэрч Ө.Бат-Учралын шүүх хуралдаанд өгсөн ...Нөгөө хүмүүс нь чулуугаа аваад ирнэ гэрийн хаягаа хэлээд өгөөч гэхэд нь хаягаа хэлсэн. Б.Г- ах манай ахын найз гэсэн. Б.Г- ах хоёр залуутай чулуугаа аваад ирсэн. ...Ингээд чулууг авахаар болсон. Манай гал тогоо, том өрөө нэг бөгөөд текний хажууд сууж байгаад мөнгөө өгөөд чулуугаа авсан. ...Эгчийн тоолсон мөнгийг би дамжуулж өгсөн. Манай том өрөөний голд жижиг ширээ байдаг бөгөөд миний зүүн гар талд Б.Г- ах сууж байсан. Би Б.Г- ахыг зүс таньж байсан болохоор 14,0 сая төгрөг байгаа тоолоод ав гэж хэлээд чулууг авсан. Энэ үйлдлийг би өөрөө гараараа хийсэн болохоор маш сайн санаж байна... гэсэн мэдүүлэг /хх 133/;

 

Гэрч Л.Ганбаатарын шүүх хуралдаанд өгсөн ...Б.Г- ах хоёр залуутай хамт Ривер стоуны байр руу орсон. Би гадаа машиндаа суугаад хүлээж байсан. Тэгээд наймаа хийгээд мөнгөө дараа авахаар болоод гараад ирсэн. ...Тэгээд дараа наймаа хийгдсэн гэж байсан гэсэн мэдүүлэг /хх 134/;

 

Гэрч Ө.Бат-Оргилын шүүх хуралдаанд өгсөн ...Манай хуурай ах Б.Г- ВиЧатаар чулууны зургийг явуулсан. ...Ви чатаар мэнд асуугаад Б.Г- ахтай ярьсан. Тэгээд Б.Г- ах ийм чулуу байна гэхээр нь би эгчдээ хэлсэн. Ингээд чулууг худалдаж авахаар болсон. ... Тухайн үед 15,0 сая төгрөг гэж яригдаж байсан... гэсэн мэдүүлэг /хх 135-136/ зэргийг нэхэмжлэгчийн эцэг Д.Өлзий-Очирын дансны хуулга, түүнд хийгдсэн 2015 оны 12 сарын 15-ны өдрийн 6 000 000 төгрөгийн зарлагын гүйлгээний бичилт /хх 5/, Цагдаагийн байгууллагаас тахианы цусан чулуу гэх нэртэй чулууг хураан авсан үйл баримттай харьцуулан дүгнэхэд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбарыг үнэн зөв гэж үзэхээр байна.

 

Өөрөөр хэлбэл, зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээний зүйл болох тахианы цусан чулуу гэх нэртэй чулуу нь эрхийн зөрчилтэй буюу хулгайн эд зүйл байх тул нэхэмжлэгч нь мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, шилжүүлэн өгсөн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй юм.

 

Нэхэмжлэгч болон хариуцагч нарын тайлбарт дурдсанаар Ө.Бат-Учрал тахиан цусан чулуу гэх нэртэй чулууг өгч, авалцах үед байлцсан болох нь тогтоогдож байхаас гадна гэрч Ө.Бат-Учрал өөрөө гэрээний үнэ болох мөнгөн хөрөнгийг дамжуулан өгсөн гэж мэдүүлж байх тул түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа этгээд гэж үзнэ. Шүүх хуралдааны явцад гэрч нараас мэдүүлэг авахын өмнө Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг сануулж, баримт үйлдсэн байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн дүүгийн мэдүүлгийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. /хх 128/

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас 14 830 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн шийдлийг хэвээр үлдээж, тогтоох хэсгийн 1 дэх заалтад хууль хэрэглээний өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

 

Эрүүгийн журмаар цугларсан бичмэл баримт нь иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд шууд үнэлэгдэх нотлох баримт болж чадахгүй хэдий ч хэрэгт авагдсан тэдгээр бичмэл баримтууд нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх явцад цугларсан нотлох баримтуудыг дэмжсэн агуулгатай мэдээллийг агуулсан болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.     Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/02118 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...243 дугаар зүйлийн 243.1... гэсний дараа ...205 дугаар зүйлийн 205.1... гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 100 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

 

Д.НЯМБАЗАР