Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2020/02118

 

 

 

 

 

 

 

 

            2020         09         23  

      182/ШШ2020/02118

    

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Даваасүрэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар  

 

Нэхэмжлэгч: Ө.А-ийн нэхэмжлэлтэй,

  

Хариуцагч: Б.Г-д холбогдох

  

14.830.000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагч Б.Г, гэрч Ө.Б, Ө.Б, Л.Ганбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.  ,

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2015 онд миний төрсөн эгч У нь сэтгэцийн өвчний улмаас Шархадны сэтгэц эмгэг судлалын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Тухайн үед эгчийгээ өвчнөөс ангижруулах үүднээс гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж байгаад хий гүйдэлд дайрсан хүнд улаан өнгийн чулууг ээлтэй мөн айл гэрт байвал сайн гэж сонссон байсан учир гэрийнхэнтэйгээ ярьж олдохоор бол гэртээ залж шүтэх гэж бодож байсан. Миний төрсөн дүү Ө.Ба ви-чатаар холбогдон уг чулууны сураг гаргаж зарах хүнтэй нь холбогдон би өөрийн дүүгийн гэрийн хаягийг заан өгсөн. Ингээд 2015 оны 12 сард Хан-Уул дүүрэгт амьдардаг өөрийн төрсөн дүү болох Б эхнэр Н түүний дүү А нар байх үед Г гэж хүн 2 залуутай ирж уулзаж, зууван хэлбэртэй баримлын шавар шиг улаан өнгийн уг чулууг үзүүлэн би худалдан авахаар болоод зарах үнэ нь 15.000.000 төгрөг харин би гуйж үнийг буулгуулж тэр өдрөө өөрийн ааваас 5.000.000 төгрөгийг данснаас нь гаргуулан, өөрийн 9.830.000 нийт 14.830.000 төгрөгийг бэлнээр Б.Г-д гаргаж өгөн чулуугаа худалдан авсан. Уг чулуу тухайн үед миний нөхөр Ундрахд хадгалагдаж байсан. Ингээд 2015 оны 04 дүгээр сарын 09-ны өдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэст бид мэдүүлэг өгч уг чулууг эд мөрийн баримт болгон хураалган өгсөн. Уг хэрэг нь Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2523 дугаар тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр хандах үндэслэлтэй байна. Иймд Б.Г-оос 14.830.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Г нь иргэн Ө.А гаргасан 14.830.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж дараах тайлбарыг гаргаж байна. 2015 онд Ба гэх хүн над руу яриад улаан чулуу хэрэгтэй байна гэсэн Энэ үеэр нь манай нутгийн дүү Г манай гэрт байж таарсан. Г надад фэйсбүүкээр улаан өнгөтэй чулууны зураг яваад байна. Би тэр хүнтэй чинь холбогдоё гэхээр нь Ба Г 2-ыг утсаар яриулсан. Ба нь Хятадад байсан тул ви чатаар холбогдсон байх. 2015 оны 12 дугаар сарын сүүлчээр Ба над руу яриад нөгөө хүмүүс чинь манай эгчтэй наймаа хийнэ гэсэн.Та очоод уулзаадахаач гэж гуйхаар нь Алтай хотхоны урд байдаг хороололд дүү Ба очсон. Тэр байрны гадаа Г 2 хүнтэй хамт машинтай ирсэн байсан. Намайг ор гээд гэрт нь ороход Ба өөр 3 хүн, 2 жижиг хүүхэд байсан. Эгч А нь надтай гарч ирээд нөгөө хүмүүстэй уулзаад үлдсэн. Би тэгээд гэр рүүгээ явсан. Би тэр мөнгө болон чулууны алийг ч аваагүй. Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст би гэрчээр дуудагдаж мэдүүлэг өгсөн. Нэхэмжлэгч Ө.А нь Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 2523 дугаартай тогтоолоор иргэний нэхэмжлэгчээр хандах үндэслэлтэй байна гэжээ. Гэтэл Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.У-н 2019 оны 06 дугаар сарын 2-ний өдрийн 2523 дугаартай тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “ Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд оногдох, хураан авахыг хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж зааснаар улаан чулууны өмчлөлийг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байна” гэжээ. Мөн тогтоолд “ Нэхэмжлэгч Ө.А нь улаан өнгийн чулууг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдоогүй, мөн хэргийн хохирогч Ж.Э нь уг чулууг гэмт хэргийн улмаас алдаж хохирсон, уг чулууны өмчлөгч байсан нэр бүхий оролцогч нар нь улаан өнгийн чулууг буцаан aвax хүсэлтийг тус прокурорын газарт гаргасан болно” гэж дүгнэсэн байна. Дээрх тогтоолд дурдсан хэргийн нөхцөл байдлаас үзэхэд Ө.А нь уг чулууг худалдан авсан, Ж.Э нь хулгайд алдсан чулууг өмчлөлдөө буцаан авахаар маргасан бөгөөд уг тогтоолд улаан чулуу болон чулууны мөнгийг Г надаас гаргуулах талаар нэг ч үг үсэг байхгүй байгаагаас гадна уг хэрэгт надааc сэжигтэн, яллагдагч биш гэрчээр мэдүүлэг авсан болно. Иймд Ө.А нь уг чулууны өмчлөгч буюу шударга эзэмшигч мөн эсэхийг тогтоолгох, хэрэв худалдаж авсан мөнгөө нэхэмжлэхээр шүүхэд хандсан бол чулууны мөнгийг авсан Г гэх хүнээс нэхэмжлэх нь зүйтэй. Миний бие уг чулууны мөнгийг аваагүй тул хариуцан төлөх үндэслэлгүйгээс гадна уг чулууны хулгайн гэмт хэрэгтэй хамааралгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг огт хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.     

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ө.А нь хариуцагч Б.Г-д холбогдуулан улаан өнгийн “Тахианы цусан чулуу” гэх нэртэй чулууг Б.Г-оос худалдан авсан. Гэтэл худалдан авсан чулууг Цагдаагийн байгууллага хураан авсан тул Б.Г-оос чулууны үнэ  болох 14.830.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Хариуцагч нь би Ө.А-д ямар ч чулууг худалдаагүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Ө.А, хариуцагч Б.Г-оос 2015 оны 12 сарын 15-ны өдөр улаан өнгийн “Тахианы цусан чулуу” гэх нэртэй чулууг  14.830.000 төгрөгөөр худалдан авч 14.830.000 төгрөгийг Ц.Г-д өгсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.П-ийн Ө.Б-оос авсан гэрчийн мэдүүлгийн тэмдэглэлд “...Г ах надад “Тахиан цусан чулуу” гэх нэртэй гэж хэлсэн. Би анх удаа тэр тахиан цусан чулууг харсан. Ийм жижигхэн улаан өнгийн чулуу байдаг юм байна гэж бодсон. Би зургийг нь үзэж сонирхоод Эгч А руу холбогдоод миний танил Г гэх ах “тахиан цусан чулуу” гэх нэртэй жижигхэн улаан чулуу зарна гэж байна. Та сонирхоод үз гэж хэлээд Г ахыг өөрийн эгч Ө.А-тай холбогдуулсан юм. Ингээд манай эгч А нь Г ахтай холбогдсон. Манай эгч удалгүй долоо хоногийн дараа байхаа  Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах төрсөн дүү Ө.Ба гэрт Г ах танихгүй хоёр залуутай хамт очоод манай эгч Ө.А уг жижигхэн тахиан цусан чулууг гэх  нэртэй чулуугаа 14.380.000 төгрөгөөр бэлэн мөнгөөр зараад явсан байсан юм... гэх мэдүүлэг/хх-50/, гэрч Л.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ... Ривер стоунд хотхоны байр луу Б.Г 2 залуутай хамт орсон. Наймаа хийгээд мөнгөө дараа авахаар болоод гарч ирлээ гэсэн. Би айл руу ороогүй гадаа машинд сууж байсан. Би хэн нэгэнд чулуу энэ тэрийг зарж мөнгө төгрөг аваагүй... гэх мэдүүлэг, гэрч Ө.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ... Манай том эгчийн бие муу байсан учраас чулуу авахаар болсон. Ө.А эгчийг чулууг яаж ганцаараа авах юм бэ манайд ирж ав гэж хэлсэн. Б.Г ах манай ахын найз гэсэн, Б.Г ах 2 залуутай 3-уулаа чулуугаа аваад ирсэн. Чулууг авахаар болж мөнгийг А эгч тоолж надад өгөөд би мөнгийг Б.Г ахад өгсөн... гэх мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Талуудын хооронд үүссэн дээрх харилцаа нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн шинжийг агуулсан байх бөгөөд гэрээг бичгийн хэлбэрээр байгуулаагүй боловч гэрээний талууд харилцан тохиролцсоны дагуу мөнгө, эд хөрөнгийг шилжүүлэн өгснөөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна. Энэ нь Иргэниий хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д заасан эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулагдахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцогддог зохицуулалтад хамаарна.

 

Дээрх үйлдлээр талуудын хооронд хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

 

Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст улаан өнгийн “Тахианы цусан чулуу” гэх нэртэй чулууг хураалгасан тухайд талууд маргаагүй болно.

              

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ улаан өнгийн “Тахианы цусан чулуу” гэх нэртэй чулууг Ө.А-д худалдаагүй, түүнээс нэг төгрөг аваагүй гэх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар өөрийн татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй.

 

Хариуцагч Б.Г нь хариу тайлбартайгаа холбоотой нотлох баримтыг гаргаагүй болно.

 

Иймээс улаан өнгийн “Тахианы цусан чулуу” гэх нэртэй чулууны үнэ 14.830.000 төгрөгийг хариуцагч Б.Г-оос гаргуулан нэхэмжлэгч Ө.А-д олгох нь зүйтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Г-оос 14.830.000 /арван дөрвөн сая найман зуун гучин мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.А-д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232.100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Г-оос 232.100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.А-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийн хувийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.ДАВААСҮРЭН