Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2016/01212

 

С.Нацагдуламын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/03448 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1277 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч С.Нацагдуламын нэхэмжлэлтэй

Хариуцагч Б.Алтанхүүд холбогдох,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Дэлгэрбуян,

Орон сууц, дугуй засварын газрын үнээс оногдох хэсгийг гаргуулж, автомашины үнэ 5 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,

Хариуцагчийн үндэслэлгүй хөрөнгөжсөн 24 548 689 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,

Гуравдагч этгээдийн Баянгол дүүрэг 20 дугаар хороо 45а байрны 156 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлээс Б.Алтанхүү, С.Нацагдулам, А.Өнөмөнх нарыг хасаж, өмчлөгчөөр Г.Дэлгэрбуянг бүртгэхийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.        

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Нацагдулам, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батбаатар, хариуцагч Б.Алтанхүү, гуравдагч этгээд Г.Дэлгэрбуян, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие С.Нацагдулам нь Б.Алтанхүүтэй 2009 онд танилцаж, 2011 оноос эхлэн хамтран амьдарч 2012 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүү А.Өнөмөнхийг төрүүлсэн. Энэ үедээ Баянгол дүүрэг 10 дугаар хороолол, 6 дугаар байрны 14 тоотод хадам эх Г.Дэлгэрбуян, түүний нөхөр н.Ядмаа нартай хамт амьдардаг байсан. Бид орчин нөхцлөө сайжруулж, шинэ байранд амьдралаа эхлүүлье гэж байраа зарсан. Үүний дараа Номин констракшнд байр захиалсан. Хүүгээ төрснөөс хойш шинэ байранд орсон. Хадмууд манайд ирж бэр гуйж бид байрандаа тохижиж жил гаруй хугацаанд хамт амьдарсан. Б.Алтанхүү бид хоёр шинэ байрныхаа бичиг баримтаа бүрдүүлээд Үл хөдлөхийн гэрчилгээг хуулийн дагуу авсан. Бид ямар ч хуурамч бичиг баримт бүрдүүлээгүй.Амьдрах хугацаанд Б.Алтанхүү архи ууж ирэх бүрдээ хүү бид хоёрыг хөөж туух, гар хүрч зодох тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Надтай хэрэлдэн хүүхдээ цонхоор гаргаж хаяна гэж байх үед хадам эх, миний хажууд сонсоод байж байсан. Энэ байдлыг ээж, ах, дүү нарт нь хэлэхэд таарахгүй бол сал гэж хэлдэг. Б.Алтанхүүгийн зан авирыг тэвчих аргагүй болсон тул тус тусдаа амьдарсан. 2 жил гаруй хугацаанд тусдаа амьдрахад хүүхдээ эргэж ганц ч ирээгүй.Бид хамт амьдарч байхдаа Чингэлтэй дүүрэг Тасганы овооны уулзварт байршилтай дугуй засварын газрыг ажиллуулж хоолоо залгуулдаг байсан. Өмнө нь би компанид тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан. Б.Алтанхүү намайг оройтдог гэж ажлаас гаргасан.Б.Алтанхүү миний өөрийн өмч байсан тоёота автомашиныг өөрийн дүү Б.Алтангэрэлтэй үгсэн хуйвалдаж зарсан. Тухайн үед Б.Алтанхүү намайг нэрээ шилжүүлчих урьдчилгаа 2 000 000 төгрөгийг өгч байгаа чи битгий муу санаад бай гээд над руу дайралт хийсний үндсэн дээр би шилжүүлсэн. Одоо болтол тэр автомашины мөнгийг би олж аваагүй. Өнөөдрийг хүртэл оронд нь авсан автомашинаа өөрөө унаж байна.Дугуй засварын газарт 2010 оноос контейнер авч доторх тоног төхөөрөмжөөр тоноглож 2012 он хүртэл ажиллуулсан бөгөөд одоо хүртэл ажиллаж байгаа. Тухайн үед би нялх хүүхэдтэй байсан тул дугуй засварын газрыг ажиллуулж чадаагүй, манай аав ажиллуулж байсан. Дугуй засварын газрыг Б.Алтанхүү нь эгч Б.Аптансувдтайгаа үгсэн хуйвалдаж авсан.Орон сууцтай холбоотой улсын бүртгэл үнэн, зөв хийгдсэн болох нотлох баримт хэрэгт авагдаж 3 шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. 2010 оны хүн ам, орон сууцны улсын тооллогоор би бүртгэгдсэн.Иймд орон сууц, засварын газраас ногдох хэсгийг гаргуулж, автомашины үнэ 5 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Бид 2009 онд танилцсан. Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын байранд цуг амьдарсан. 2012 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүү А.Өнөмөнх төрсөн. Би өмнө нь Сопонгос Улсад ажиллаж байгаад авсан орон сууцаа өөрийн хүүд өгсөн тул өөрийн гэсэн орон сууцтай болж чадалгүй ээжтэйгээ 10 дугаар хорооллын байранд нь амьдардаг байсан. Энэ үед ээж орон сууцаа зарж, “Номин констракшн” ХХК-ийн шинэ байранд захиалга хийж, уг 2 өрөө байр ашиглалтанд орж, С.Нацагдулам бид хамт орж амьдарсан.Би 2012 оны 04 дүгээр сард “Алтайн хүдэр” ХХК-нд ажилд орсон. Говь-Алтай аймгийн Цээл сумын Таян нуурын хүдрийн уурхайд ажиллаж 40 хоног ажиллаад 20 хоног амардаг байсан. Баянгол дүүргийн 43а байрны 156 тоот 2 өрөө орон сууц нь бидний хамтран өмчлөх дундын эд хөрөнгө биш. Миний ээж Г.Дэлгэрбуянгийн орон сууц юм. Манай ээж 14а байрны 14 тоот 2 өрөө орон сууцаа 2012 оны 06 дугаар сард зарж дээрх орон сууцыг захиалж авсан. Иймд 2 өрөө орон сууцны оногдох хэсгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Энэ орон сууцыг авахад С.Нацагдулам ямар ч хувь хөрөнгө оруулаагүй, өөрөө ч хүлээн зөвшөөрч байна.С.Нацагдулам автомашинаа өөрөө зармаар байна гэхэд нь манай дүү зуучилж зарж өгсөн. Автомашины мөнгийг С.Нацагдулам өөрөө авсан. Дугуй засварын газрын доторх тоног төхөөрөмжийг С.Нацагдуламд өгөхийг зөвшөөрч байна. Бусдыг нь өгөх боломжгүй. Газар нь түр зөвшөөрөлтэй улсын өмч. Контейнерийг биднийг танилцахаас өмнө манай эгч Б.Алтансувд худалдаж авсан гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:С.Нацагдуламтай 2010-2013 он хүртэл хамт амьдарсан. Энэ хугацаанд С.Нацагдулам ажил хийж байгаагүй бөгөөд би 2012 оны 04 дүгээр сараас 2013 оны 7 дугаар cap хүртэл “Алтайн хүдэр” ХХК-нд ажилласан. Энэ хугацаанд нийт 49 097 379 төгрөгийн цалин авсан болох нь цалингийн тодорхойлолт, Нийгмийн даатгалын дэвтрээр нотлогдож байна. Бид гэрлэгчдийн харилцаа байхгүй учир бие биенээ тэжээн тэтгэх үүрэггүй. Цалингийн карт хамтран амьдрагч С.Нацагдуламын мэдэлд байдаг байснаас тэрээр цалингийн бүх мөнгийг дангаараа захиран зарцуулсан болох нь баримтаар нотлогдсон, нэхэмжлэгч ч хүлээн зөвшөөрдөг.Б.Алтанхүүгийн цалин хэдэн өдрийн дараа орлого болоод С.Нацагдуламын дансанд ордог байсан талаарх баримтыг шүүхэд өгсөн. С.Нацагдулам үндэслэлгүй хөрөнгөжсөн тул түүнээс цалингийн 50 хувь болох 24 548 689 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:Б.Алтанхүү 2012 оны 05 дугаар сард “Алтайн хүдэр” ХХК-нд ажилд орсон. Ингэж их мөнгө авч байсныг нь мэдэхгүй. Би нялх хүүхэдтэй ажилгүй тул түүний өөрийнх нь зөвшөөрлөөр картнаас нь хоол унд, ойр зуурын хэрэглээнд зарцуулах мөнгийг авч байсан. Б.Алтанхүү өөрөө хөдөөнөөс ирээд картаа аваад гардаг байсан. Энэ хүн өнөөдөр гэрлэлтээ батлуулахаас эрс татгалзаж байснаа ашиглан гэрлэлтийн баталгаа байхгүйг далимдуулж хамтран амьдарч байсан мэтээр дурдаж, бие биеэ тэжээн тэтгэх үүрэггүй гэж хэлжээ. Би хүүхдээ гаргаад ажил хийж чадахгүй нь тодорхой байсан. Бид хамтдаа хүүхдийн төлөө хариуцлага хүлээх ёстой. Би ч хүүхдээ эрүүл саруул өсгөсөн. Энэ хугацаанд хүүхдийн хэрэгцээ болон өөрсдийн өмсөж зүүх, хоол унд, орон байр, унаа машины зардал гэж гарч байсан. Үүнийг төлөхийн тулд Б.Алтанхүүгийн картнаас өөрийнх нь зөвшөөрлөөр мөнгө авч байсан. Мөнгө авахад Б.Алтанхүү юу авав гэж шалгаан дургүйлхдэг байсан.Иймд би өөрийн өрхийн орлого, зарлагыг хөтлөн харуулж танилцуулдаг байсан. Манай дүү Ирландад ажилладаг байсан учраас их хэмжээний мөнгө явуулж, түүнийг нь би гуйвуулдаг байсан. Түүнийг Б.Аптанхүү өөрийнх нь цалин гэж бодоод байх шиг байна. Би 2010 оны 01 дүгээр сараас эхлээд тооцооны нягтлан бодогчоор тасралтгүй ажиллаж байсан. Хамт амьдарч байх хугацаанд Б.Алтанхүү өөрийгөө болон хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан шаардлагадаа:Г.Дэлгэрбуян орон сууцны нөхцлийг сайжруулах, шинэ байр худалдаж авах зорилгоор барилга орон сууц барьж байсан нилээд олон газрыг судлан үзээд “Номин констракшн” ХХК-тай 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдөр орон сууцны захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан.Уг орон сууцыг авахын тулд Баянгол дүүрэг 14а байрны 14 тоот 2 өрөө орон сууцыг иргэн н.Батболдод худалдаж, уг мөнгөөр маргаан бүхий 45а байр 156 тоот 2 өрөө орон сууцыг авсан. С.Нацагдулам, Б.Алтанхүү, А.Өнөмөнх нар эрхийн улсын бүртгэлд бүртгэгдэхэд Г.Дэлгэрбуян өөрийн эрх ашиг зөрчигдсөн гэж мэдсэн. С.Нацагдулам, Б.Алтанхүү нар хамтын амьдралтай байсан. Энэ орон сууцыг бий болоход С.Нацагдулам нэг ч төгрөг оруулаагүй.Иймд Баянгол дүүргийн 20 дугаар хороо 45а байрны 156 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлээс Б.Алтанхүү, С.Нацагдулам, А.Өнөмөнх нарыг хасаж уг орон сууцны өмчлөгчөөр Г.Дэлгэрбуянг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч гуравдагч этгээдийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:Уг байрыг худалдан авсан эх үүсвэр нь 2007 онд Б.Алтанхүү Солонгос улсад ажил хийж цуглуулж ирсэн мөнгөөрөө 3 өрөө байр авсан байдаг. Энэ байраа иргэн н.Золзаяад 47 500 000 төгрөгөөр зарж, Баянгол дүүрэг 14а байр 14 тоот 2 өрөө орон сууцыг худалдан авч Г.Дэлгэрбуянг хамтран өмчлөгчөөр оруулж дараа нь өөрөө сайн дураараа нэрээ хасуулсан. Б.Алтанхүү, С.Нацагдулам нар хүүтэй болсон тул шинээр амьдралаа эхлэхээр ярилцаж 14а байрны 14 тоот 2 өрөө орон сууцыг худалдаж, 45 а байрны 156 тоот 2 өрөө байрыг худалдаж авсан. Б.Алтанхүү орон сууцны гэрээг хийж мөнгийг шилжүүлж төлсөн.Хариуцагч тал гэрчилгээний асуудлаар Захиргааны шүүхэд хандаж улсын бүртгэл үнэн зөв хийгдсэн, байрны өмчлөгч С.Нацагдулам, Б.Алтанхүү, А.Өнөмөнх болохыг тогтоосон. Г.Дэлгэрбуян өөрт нь мэдэгдэлгүй өөрсдийн нэрийг улсын бүртгэлд бүртгүүлж миний эрх ашгийг зөрчсөн гэж бичсэн боловч энэ байдлыг анхнаас нь мэдэж байсан. Орон сууцны үнэ 49 900 000 төгрөгийг Г.Дэлгэрбуян өөрөөсөө гаргасан гэсэн баримт байхгүй. Энэ хэмжээний мөнгөтэй болох баримт ч байхгүй. Насаараа худалдагч хийж олон хүүхэдтэй эрт тэтгэвэрт гарсан хүн.Иймд шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/03448 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар С.Нацагдуламын нэхэмжлэл орон сууц, дугуй засварын газрын чингэлэгний үнээс оногдох хэсгийг, автомашины үнэ 5 500 000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Б.Алтанхүүгээс дугуй засварын газрын тоног төхөөрөмжийн үнэ 1 000 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Нацагдуламд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 505 550 төгрөгийг нөхөн гаргуулж Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот дансанд оруулж, хариуцагч Б.Алтанхүүгээс 28 550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Нацагдуламд олгох, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар цалин 24 548 689 төгрөгийг нэхэмжлэгч С.Нацагдуламаас гаргуулах хариуцагч Б.Алтанхүүгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-д зааснаар Баянгол дүүргийн 20 дугаар хороо 45а байрны 156 тоот 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн өмчлөх эрхийн бүртгэлээс Б.Алтанхүү, С.Нацагдулам, А.Өнөмөнх нарыг хасаж, уг орон сууцны өмчлөгчөөр Г.Дэлгэрбуянг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах тухай бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Дэлгэрбуянгийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Б.Алтанхүүгийн төлсөн 280 693 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Г.Дэлгэрбуянгийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын төсвийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1277 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 102/ШШ2016/03448 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Алтанхүүгээс 79 361 132 төгрөг, дугуй засварын газрын тоног төхөөрөмжийн үнэд 1 000 000 төгрөгийг гаргуулж С.Нацагдулам, А.Өнөмөнх нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 5 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, Шийдвэрийн 2 дахь заалтын “…хариуцагч Б.Алтанхүүгээс 28 550 төгрөг гаргуулж С.Нацагдуламд олгох” гэснийг “…Б.Алтанхүүгээс 559 750 төгрөг гаргуулж С.Нацагдуламд олгосугай” гэж, шийдвэрийн 4 дэх заалтын “…Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэг ..” гэснийг “… Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4…” гэж тус тус өөрчлөн хариуцагч Б.Алтанхүү, бие даасан шаардлага гаргасан Г.Дэлгэрбуян нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамжид С.Нацагдуламаас төлсөн 217 700 төгрөг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батбаатарын төлсөн 70 200 төгрөгийг тус тус буцаан олгохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа Б.Алтанхүүгээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 693 төгрөг, Г.Дэлгэрбуянгаас төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээжээ.

Гуравдагч этгээд хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Миний бие Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 14 а байрны 14 тоотын 2 өрөө орон сууцыг хүү Б. Алтанхүүгийн хамт дундаа өмчилдөг байгаад, 2009 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Б.Алтанхүү уг орон сууцны хамтран өмчлөгчөөс хасагдсанаар орон сууцыг би дангаар өмчлөх болсон юм. Орон сууцны өмчлөгчөөс Б.Алтанхүү хасагдах, би ганцаар өмчлөгч болсон үйл явдал нь хүү Б.Алтанхүү нь С.Нацагдуламтай хамтран амьдрахаас өмнө болсон бөгөөд, би орон сууцны нөхцлөө сайжруулахаар хуучин орон сууцаа 2011 оны 3 дугаар сарын 22-ны өдөр иргэн С.Батболдод 54 000 000 төгрөгөөр худалдаж, уг орон сууцыг худалдсан мөнгөөр С.Нацагдуламын авна гэж маргаж буй Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхон, Москвагийн гудамж, 45 А байрны 156 тоотод хаягтай, 2 өрөө орон сууцыг “Номин Консртакшн” ХХК-иас  худалдан авсан юм. Тухайн үед миний бие “Номин Констракшн” ХХК руу очиж худалдан авах орон сууцны сонголтоо хийгээд, захиалгын гэрээ байгуулахдаа Б.Алтанхүүг явуулахад, тэрээр өөрийн нэрээр орон сууцны захиалгын гэрээг байгуулсан байсан. Орон сууц захиалгын гэрээ Б.Алтанхүүгийн нэр дээр хийгдсэн байдлыг түүний хамтран амьдрагч байсан С.Нацагдулам овжиноор ашиглаж, надад мэдэгдэлгүйгээр орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг авахдаа Б.Алтанхүүгийн өмнөөс Улсын бүртгэлд өргөдөл гарган, түүний гарын үсгийг дурайлган зурж, орон сууцны өмчлөх эрхийг хууль бусаар шилжүүлэн авсан нь хэрэгт авагдсан удаа дараагийн шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар тогтоогдсон юм. Энэ орон сууцыг худалдан авахад хүү Б.Алтанхүү, түүний хамтран амьдрагч байсан С.Нацагдулам нарын хэн аль нь хөрөнгө оруулаагүй, харин би өөрийн өмч хөрөнгө болох хуучин орон сууцыг худалдаж, уг мөнгөөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхон, Москвагийн гудамж, 45 А байрны 156 тоотод хаягтай, 2 өрөө орон сууцыг худалдан авсан болох нь мөн хэрэгт авагдсан    бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдсон.Хэрэгт байгаа нотлох баримт, хүү Б. Алтанхүүгийн тайлбараар энэ орон сууц миний өмч хөрөнгө болох нь нотлогдож байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 4 дэх заалтыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 101 дүгээр зүйлийн 101.1-д заасны дагуу Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхон, Москвагийн гудамж, 45 А байрны 156 тоотод хаягтай, 2 өрөө орон сууцны өмчлөгч нь Г.Дэлгэрбуян мөн болохыг тогтоож,Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205045986 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхон, Москвагийн гудамж, 45 А байрны 156 тоотод хаягтай, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлээс С.Нацагдулам, А.Өнөмөнх нарыг хасаж, уг орон сууцны өмчлөгчөөр Г.Дэлгэрбуянг бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

                                                                                 ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг баримтлаагүй, нэхэмжлэлийн шаардлагыг хангах хэмжээг тодорхойлохдоо хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2.-т заасан журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах журмаар алдааг залруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч С.Нацагдулам нь хариуцагч Б.Алтанхүүтэй гэрлэлтийн баталгаагүй тул дундын өмчлөлийн эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах тухай түүний шаардлага Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн бус харин хуулийн 108 дугаар зүйлийн 108.1.-д заасан зохицуулалтад хамаарна гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ. Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн байхаар заасан Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1. дэх хэсгийн зохицуулалт нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1.-д заасан хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болох “хуульд заасан” үндэслэл юм. Харин мөн зүйл, заалтын “хэлцлийн үндсэн дээр” үүсэх өмчлөх эрх нь талуудын харилцан тохиролцоогоор тодорхойлогдоно.

Маргааны зүйл болж буй Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхон, Москвагийн гудамж, 45А-156 тоот 44,2 мкв талбай бүхий 2 өрөө орон сууцыг Б.Алтанхүү “орон сууц захиалга, хөрөнгө оруулалтын” 2011 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн гэрээгээр “Номин констракшн” ХХК-д захиалан бариулж, “Номин констракшн” ХХК нь 2012 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн албан бичгээр Б.Алтанхүү төлбөрөө бүрэн төлсөн болохыг тодорхойлж, улмаар Б.Алтанхүү, С.Нацагдулам, А.Өнөмөнх нар нь уг орон сууцны өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгүүлжээ  \хх-ийн 48, 50-51, 52 дүгаар тал\.

Өмчлөх эрхийн улсын бүртгэл хууль зөрчөөгүй, хүчин төгөлдөр болох нь Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 267 дугаар шийдвэр, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 241 дүгээр тогтоолоор тогтоогдсон  \хх-ийн 244-248 дугаар тал\ тул энэхүү бүртгэлийн талаар талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4., 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар дахин маргах, нотлох эрх, үүрэггүй болно.

Гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдрагчид дундаасаа төрсөн хүүхдийн хамт орон сууцыг дундаа хамтран өмчлөхөөр улсын бүртгэлд бүртгүүлснийг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1.-д заасан “хэлцлийн үндсэн дээр” өмчлөх эрх үүсгэсэн гэж үзнэ.

Нэхэмжлэгч С.Нацагням шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулахаар шаардлагаа тодорхойлсон нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8.-д заасан үндэслэлд нийцжээ. Энэхүү зүйл заалтад дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэйгээр зохицуулсан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчид өмчлөх эрх үүсээгүй, улмаар эд хөрөнгөөс ноогдох хэсгийг шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1., 108.8., 110 дугаар зүйлийн 110.1.-д заасан үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх үүсэх үндэслэлд нийцээгүй бол давж заалдах шатны шүүх зохигчдыг орон сууцыг дундаа хамтран өмчлөх эрхтэй гэж Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1.-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч нэхэмжлэгчийн шаардах эрхийг тодорхойлсон мөн зүйлийн 108.8.-д заасан зохицуулалтыг баримтлаагүй нь алдаатай болжээ.

Түүнчлэн, нэхэмжлэгч С.Нацагням болон А.Өнөмөнхөд ногдох хэсгийг тогтоохдоо тухайн орон сууцны хамгийн сүүлийн буюу цаг үеийн хувьд бодит үнэлгээг баримтлаагүй нь учир дутагдалтай болжээ. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хоёр удаа шинжээч томилсон бөгөөд орон сууцны үнэлгээг  “Итгэлт-Эстимейт” ХХК 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн үнэлгээний тайлангаар 119 041 700 төгрөг гэж тогтоосон бол “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК 2016 оны 01 дүгээр  сарын 08-ны өдрийн байдлаар 75 140 000 төгрөг гэж тодорхойлсон байна  \1-р хх-ийн 84-99, 2-р хх-ийн 38-44 дүгээр тал\. Гэтэл давж заалдах шатны шүүх эд хөрөнгийн 2014 оны үеийн үнэлгээг магадлалын үндэслэл болгосон шалтгаан тодорхой бус байгаагаас хариуцагчийн төлөх төлбөрийн үнийн дүн ойлгомжгүй болжээ.

Хариуцагчийн эх, энэ хэрэгт бие даасан шаардлага гаргасан Г.Дэлгэрбуян нь маргааны зүйл болж буй орон сууцанд хөрөнгө оруулсан байх нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг үүсгэх шууд үндэслэл болохгүй тул энэ талаарх түүний шаардлагыг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1., 110 дугаар зүйлийн 110.1.-д заасан зарчимд нийцжээ. Эрхийн улсын бүртгэлийн Ү-2205045986 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Өнөр хотхон, Москвагийн гудамж, 45 А байрны 156 тоот  2 өрөө орон сууцны өмчлөх эрхийн бүртгэлээс С.Нацагдулам, А.Өнөмөнх нарыг хасаж, уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох Г.Дэлгэрбуянгийн шаардлага болон хяналтын гомдлын энэ талаарх хэсгийг хангах хууль зүйн үндэслэлгүй байна. Харин орон сууцны үнэлгээг бодитоор тогтоогоогүй гэх гомдлыг хангах боломжтой гэж үзлээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас дугуй засварын тоног төхөөрөмжийн үнэд 1 000 000 төгрөг гаргуулах хэсгийг хангасан шүүхийн шийдвэр, магадлалд хариуцагч хяналтын журмаар гомдол гаргаагүй байна

Иймд бие даасан шаардлагыг хангуулах тухай гуравдагч этгээдийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, магадлалд энэ тогтоолд заасан үндэслэлээр өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 1277 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1. дэх хэсэгт” гэснийг “Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1., 108.8-д” гэж, “Б.Алтанхүүгээс 79 361 132 төгрөг” гэснийг “Б.Алтанхүүгээс 50 093 333 төгрөг” гэж, “Б.Алтанхүүгээс 559 750 төгрөг” гэснийг “Б.Алтанхүүгээс 408 416 төгрөг” гэж тус тус өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, бие даасан шаардлагыг хангуулах тухай гуравдагч этгээд Г.Дэлгэрбуянгийн гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээс хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн /70 200+489 550+70 200/ нийт 629 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.ЦАГААНЦООЖ

                                  ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН