Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00342

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Ц-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/02859 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Ц-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГт холбогдох, орон сууцны үнийг 50 хувь бууруулж 92 500 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2012 оны 12 сарын 10-ны өдрийн 102/ШШ2015/07877 дугаар захирамжаар Б.Ганболдоос 70 350 000 төгрөгийг гаргуулж Б.Гэрэлт-Одод төлөхөөр эвлэрснийг баталгаажуулсан байдаг. Гэтэл төлбөр төлөгч Б.Ганболдод холбогдох төлбөрт миний орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шүүхээс захирамжлаагүй байхад миний өмчлөлийн 3 өрөө орон сууцыг 92 500 000 төгрөгийн үнээр төлбөр тооцон өгөх гэж байгаад 76 настай хөгшин би маш их гомдолтой байна. Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах ёстой байтал шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнийн санал авах ажиллагаа явуулахдаа Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг 50 хувь бууруулах хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүйн улмаас өмчлөгч миний эд хөрөнгийг үнэгүйдүүлж, хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчиж орон сууцыг хямдруулсныг би хүлээн зөвшөөрөхгүй. Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.5-д зааснаар зах зээлийн үнэлгээ тогтоосноос хойш 6 сарын хугацаа өнгөрсөн учраас уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тогтоох боломжтой тул хуучин үнэлгээ нь хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

Иймд орон сууцны үнийг 50 хувь бууруулж 92 500 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 03 сарын 21-ний өдрийн тогтоолоор үүсгэж, тус газрын 2016 оны 3/10767 дугаар албан бичгээр үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, төлбөр төлөгчид шүүхийн шийдвэр биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул төлбөр төлөгч Б.Ганболд, Ч.Ц- нарын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1-р хороо, 32-р байрны 31 тоот 44.0 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 2016 оны 04 сарын 21-ний өдөр битүүмжилж, 2016 оны 04 сарын 21-ний өдөр хураасан. Төлбөр төлөгч Б.Ганболд, өмчлөгч Ч.Ц- нарт 2016 оны 3/18665, 3/20437 тоот албан бичгүүдээр үл хөдлөх эд хөрөнгөд үнийн санал ирүүлэх тухай мэдэгдэхэд 185 000 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр тус үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа талаар хүсэлтээ ирүүлжээ. Талуудын харилцан тохиролцсон үнэлгээний 70 хувиар тооцон 129 500 000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд 2016 оны 07 сарын 08-ны өдөр оруулах тухай тогтоол, мэдэгдлийг 2016 оны 06 сарын 24-ний өдрийн 3/23153 дугаар албан бичгээр мэдэгдсэн. Анхны албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй тул 2016 оны 08 сарын 05-ны өдрийн хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол, мэдэгдлийг 2016 оны 11 сарын 16-ны өдрийн 3/35530 дугаар албан бичгээр мэдэгдсэн. 2 удаагийн албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.3-т заасны дагуу төлбөр төлөгч Б.Ганболдын өмчлөлийн орон сууцыг 2016 оны 12 сарын 01-ний өдөр төлбөр төлөгчид төлбөрөө төлөх боломжит 14 хоногийн хугацаа өгч уг хугацаанд төлөөгүй тохиолдолд дээрх хөрөнгийг хоёр дахь албадан дуудлага худалдааны үнэ болох 92 500 000 төгрөгөөр төлбөр авагчид санал болгож, зөрүү 21 715 150 төгрөгийг төлбөр авагчаас гаргуулж төлбөр төлөгчид олгохоор шийдвэрлэсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар НШШГГт холбогдох, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206002297 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 19-р хороолол, 32-р байрны 31 тоот хаягт байрлах 44.0 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 92 500 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Ч.Ц-гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 08 сарын 27-ны өдөр урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Ч.Ц- нь үл хөдлөх эд хөрөнгийг 92 500 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх гэсэнд нийцэхгүй байна гэж гомдол гаргаж байна. Хан-Уул дүүргийн 1-р хороо, 19-р хороолол, 32-р байрны 31 тоот хаягт байрлах 44 м.кв талбайтай 3 өрөө орон сууц нь нэхэмжлэгч Ч.Ц- болон Б.Ганболд нарын өмчлөлийн орон сууц. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 сарын 10-ны өдрийн 7877 дугаар захирамжаар төлбөр төлөгч Б.Ганболдоос 70 350 000 төгрөгийг гаргуулж төлбөр авагч Х.Гэрэлт-Одод олгохоор шийдвэрлэсэн боловч уг шийдвэрээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлээгүй байдаг. Гэтэл НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа шүүхийн шийдвэрээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлээгүй байхад нэхэмжлэгч Ч.Ц-гийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөд ажиллагаа явуулж хууль зөрчиж үнэлгээ тогтоолгосон. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэх байгууллага өмчлөгч Ч.Ц-гийн өмчлөх эрхийг зөрчиж, Ч.Ц-гаас үнийн санал авах ажиллагаа явуулж, Ч.Ц-гийн өгсөн саналаар 185 000 000 төгрөгөөр орон сууцны үнэлгээг тогтоож, уг үнэлгээгээр орон сууцыг албадан дуудлага худалдаанд оруулж, улмаар орон сууцыг 2 дуудлага худалдаагаар борлогдоогүй гэж 2016 оны 12 сарын 01-ний өдөр санал болгох хурал хийж, хоёр дахь албадан дуудлага худалдааны үнэ болох 92 500 000 төгрөгөөр төлбөр төлөгч Х.Гэрэлт-Одод санал болгож, зөрүү 21 715 150 төгрөгийг төлбөр төлөгч Б.Ганболдод олгохоор шийдвэрлэсэн байдаг. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасан зохицуулалтаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгөд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах хуульд заасан үндэслэл бүрдсэн тохиолдолд тус үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болон үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч нарыг харилцан тохиролцуулах ажиллагаа хийж, улмаар харилцан тохиролцож тогтоосон үнээр дуудлага худалдаа явуулахаар хуульчилсан байна гэж ойлгож байна. Гэтэл шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Ч.Ц-гийн өмчлөлийн 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлээгүй байхад шийдвэр гүйцэтгэх байгууллага нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг зөрчиж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасан ажиллагаа явуулж үнэлгээ тогтоосон нь хуульд нийцээгүй гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Нэхэмжлэгч Ч.Ц- нь хариуцагч НШШГГт холбогдуулан, Ч.Ц- болон Б.Ганболд нарын өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 1-р хороо, 19-р хороолол, 32-р байрны 31 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206002297 дугаарт бүртгэлтэй, 44.0 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 50 хувь бууруулж 92 500 000 төгрөгөөр тогтоосон үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг гаргажээ.

 

Дээрх шаардлагын үндэслэлээ, Ч.Ц- миний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүх шийдвэрлээгүй байхад уг үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хийж байгааг зөвшөөрөхгүй, мөн үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 50 хувь бууруулах хууль зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй гэж нэхэмжлэгч тайлбарладаг бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж хариуцагч маргадаг.

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 сарын 10-ны өдрийн 102/ШШ2015/07877 дугаар захирамжаар хариуцагч Б.Ганболдоос 70 350 000 төгрөг болон 254 850 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Х.Гэрэлт-Одод олгохоор шийдвэрлэжээ. /хх 8-9/

 

Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг хариуцагч биелүүлээгүй үндэслэлээр хариуцагч байгууллага нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 03 сарын 09-ний өдрийн 102/ШЗ2016/08730 дугаар захирамж, мөн шүүхийн 2016 оны 03 сарын 09-ний өдрийн 01021 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн 2016 оны 03 сарын 21-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн, холбогдох ажиллагааг явуулжээ. /хх 23, 26, 39/

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 2016 оны 04 сарын 21-ний өдөр битүүмжилж /хх 45, 46-47/, 2020 оны 05 сарын 04-ний өдөр хураан авсан байна. /хх 48, 20-51/

 

Улмаар төлбөр төлөгч Б.Ганболд, өмчлөгч Ч.Ц- нараас өгсөн 185 000 000 гэсэн үнийн саналыг /хх 58, 59, 60, 61/ төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гантөмөр хүлээн зөвшөөрсөн /хх 63/ үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Ч.Ц- нь нэхэмжлэлийн шаардлагаа орон сууцны үнийг 50 хувь бууруулж 92 500 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах гэж томъёолж, үндэслэлээ шийдвэрт тусгагдаагүй ажиллагааг хийсэн, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 50 хувь бууруулж дуудлага худалдаанд оруулах эрх зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй хэмээн тайлбарлаж буюу түүнээс үнийн санал авсан ажиллагаа болон түүний өгсөн үнийн саналыг 50 хувь бууруулж хоёр дахь дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон ажиллагааг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан байхад анхан шатны шүүх шинжээчийн тогтоосон үнэлгээг эс зөвшөөрч гомдол гаргах хуулийн зохицуулалтыг баримталж маргааныг шийдвэрлэсэн нь буруу болжээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3 дахь хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд өөрийн эрх хэмжээ хөндөгдсөн асуудлаар гомдлоо шүүхэд гаргахдаа мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт заасан ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргах журмыг баримтлах шаардлагагүй боловч 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан 14 хоногийн хугацаанд шүүхэд гомдлоо гаргах учиртай.

 

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Ч.Ц- нь үнийн санал авах ажиллагааны талаар үнийн санал өгсөн өдрөө буюу 2016 оны 06 сарын 08-ны өдөр мэдсэн /хх 60/, хоёр дахь албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг түүний өгсөн үнийн санал 185 000 000 төгрөгийн 50%-иар тогтоох-ыг мөн өдөр буюу 2016 оны 06 сарын 08-ны өдөр мэдсэн байна. /хх 61/

 

Иймд нэхэмжлэгч Ч.Ц- нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас явуулсан дээр дурдсан ажиллагааны талаарх гомдлоо 2016 оны 06 сарын 22-ны өдрийн дотор шүүхэд гаргах учиртай байсан бөгөөд уг хугацаа өнгөрсөн байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв.

 

Түүнчлэн хэргийн 61 дүгээр талд авагдсан шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээс үзэхэд шийдвэр гүйцэтгэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гуравдагч этгээд Ч.Ц-д түүний санал болгосон үнийн 70%, 50%-иар дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоох тухай танилцуулж байсан болох нь тогтоогдож байх тул үл хөдлөх эд хөрөнгийн үнийг 50 хувь бууруулж дуудлага худалдаанд оруулах эрх зүйн үр дагаврыг тайлбарлаж өгөөгүй гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүхийн маргааныг шийдвэрлэхдээ баримталсан хуулийн зүйл, заалт буруу байгаа нь хэргийн шийдэлд нөлөөлөхгүй учир анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 22-ны өдрийн 183/ШШ2020/02859 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.НЯМБАЗАР