Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2021/00341

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Б-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Мөнхзул, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 16-ны өдрийн 182/ШШ2020/02797 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Б-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох, үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Б.Б- нь нөхөр Г.Анхбаярын хамтаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 сарын 17-ны өдрийн 182/ШШ2020/00385 дугаар захирамжийн дагуу 21 631 751 төгрөгийг Хас банк ХХК-д төлж барагдуулах үүрэг хүлээсэн боловч үүргээ биелүүлэх эдийн засгийн боломжгүй нөхцөл байдалд орж, улмаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас дээрх захирамжийг албадан биелүүлэх ажиллагаа хийж байгаа болно.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас миний өмч болох Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Тахилт-1-ийн 129 тоот хаягт байрлах үл хөдлөх эд хөрөнгө болох 289 м.кв талбай бүхий газар, 53 м.кв талбай бүхий хувийн сууц, 31 м.кв талбай бүхий 2 автомашины гаражийг нийт 27 763 000 төгрөгөөр үнэлснийг 2020 оны 09 сарын 15-ны өдөр 4-127/33339 дугаартай албан бичгээр мэдэгдсэн болно.

НШШГГ- нь дээрх үнэлгээг Виннер Вэй ХХК-аар хийлгэсэн байх бөгөөд тус компанийн үнэлсэн 27 763 000 төгрөгийн үнэлгээ нь зах зээлийн ханшаас хэт доогуур, бидний эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохиролтойгоор тогтоогдсон байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд Виннер Вэй ХХК-ийн тогтоосон үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны төлбөр төлөгч Г.Анхбаяр, Б.Б- нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Б.Б-ын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 19-р хороо, Тахилт 1 гудамж, 129 тоот хаягт байрлах 53 м.кв хувийн сууцыг 289 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрын хамт 2020 оны 08 сарын 26-ны өдөр битүүмжилж, 2020 оны 09 сарын 01-ний өдөр хураасан.

Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55.2.2-т заасны дагуу хөрөнгийн үнэлгээний Виннер Вэй ХХК-ийг шинжээчээр томилон дээрх хөрөнгийн үнийг 27 763 000 төгрөгөөр тогтоосон үнэлгээний мэдэгдлийг төлбөр төлөгч Г.Анхбаяр, Б.Б- болон нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Наранбаатар нарт 2020 оны 09 сарын 15-ны өдрийн албан бичгээр хүлээлгэн өгч тэмдэглэл хөтөлж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсан.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар төлбөрт хураагдсан эд хөрөнгө болох Чингэлтэй дүүргийн 9-р хороо, Тахилтын 1-р гудамж, 129 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний 289 м.кв талбайтай газар, 53 м.кв талбай бүхий хувийн орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Б-ын гомдлыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Шүүгч шүүх хуралдааны өмнө надад хэргийн оролцогчийн эрх, үүргийг тодорхой, ойлгомжтой тайлбарлаж өгөөгүйгээс миний бие эрх зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх эрхээ эдэлж чадаагүй. Үүнээс шалтгаалан мэтгэлцэх зарчим хэрэгжээгүй бөгөөд зах зээлийн ханш нь 50 000 000 төгрөгөөр үнэлэгдэх үл хөдлөх эд хөрөнгийг минь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тал үнээр нь буюу 27 763 000 төгрөгөөр үнэлж, 19 434 100 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэснийг хэвээр үлдээсэн.

Түүнчлэн шүүх үндэслэх хэсэгтээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлоогүй гэсэн боловч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас тус шүүхэд гаргаж өгсөн баримт дотор анх 2013 онд тус хашаа байшинг 32 000 000 төгрөгөөр худалдан авч байсан тухай Хас банк ХХК-тай байгуулсан гэрээгээр нотлогдоно. Гэрээ байгуулагдах үед буюу 2013 оны 10 сарын 01-ний өдрийн байдлаар төгрөгийн ам.доллартай тэнцэх ханш 1 650 төгрөг байсан ба өнөөдөр 2 850 төгрөг болсон байна. Үл хөдлөх эд хөрөнгийн ханш ч мөн үүнийг дагаад өссөн гэдгийг нийтээрээ мэднэ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Б.Б- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан, Б.Б-ын өмчлөлд бүртгэлтэй, Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Тахилт 1 гудамжны 129 тоот хаягт байршилтай, 53 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, 289 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар зэргийг 27 763 000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай шаардлагыг гаргажээ.

 

Дээрх шаардлагын үндэслэлээ зах зээлийн үнэ ханшаас хэт доогуур үнэлсэн учир үнэлгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэж нэхэмжлэгч тайлбарладаг бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж хариуцагч маргадаг.

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 сарын 17-ны өдрийн 182/ШШ2020/00385 дугаар захирамжаар хариуцагч Г.Анхбаяр, Б.Б- нараас 21 631 751 төгрөг болон 203 254 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /55-58/

 

Дээрх хүчин төгөлдөр шүүгчийн захирамжийг хариуцагч нар биелүүлээгүй тул хариуцагч байгууллага нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 05 сарын 05-ны өдрийн 182/ШЗ2020/04674 дугаар захирамж, мөн шүүхийн 2020 оны 05 сарын 05-ны өдрийн 182/ГХ2020/00352 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулжээ. /хх 52-53, 54/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас маргаан бүхий хувийн сууц, газрыг 2020 оны 08 сарын 26-ны өдөр битүүмжилж /хх 59-60, 61/, 2020 оны 09 сарын 01-ний өдөр хураан авч /хх 62-63, 64/, холбогдох тэмдэглэлийг үйлджээ.

 

Төлбөр төлөгч Г.Анхбаяр, Б.Б- битүүмжилж, хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө болох хувийн сууц, газрыг 50 000 000 төгрөгөөр үнэлсэн санал гаргасныг /хх 66, 67/ төлбөр авагч Хас банк ХХК эс зөвшөөрсөн /хх 65/ үндэслэлээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2020 оны 09 сарын 07-ны өдөр Виннэр Вэй ХХК-ийг шинжээчээр томилсон нь /хх 68/ Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.

 

Виннэр Вэй ХХК-ийн үнэлгээчин Сангийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөл бүхий этгээд /хх 95/ байх ба Хөрөнгийн үнэлгээний тайлан-даа үнэлгээ гаргах болсон үндэслэл, үнэлгээний зорилго, үнэлгээнд ашигласан стандартыг дурдаж, үнэлж буй эд хөрөнгийн талаарх мэдээллийг тусган, үнэлгээг гаргасан арга, аргачлалыг нэг бүрчлэн тодорхой дурдсан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд нийцсэн гэж үзнэ. /хх 74-94/

 

Хөрөнгийн үнэлгээний тайланг хариуцагч байгууллага 2020 оны 09 сарын 15-ны өдөр хүлээн авсан /хх 69/ байх ба шинжээчийн дүгнэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан хугацаанд төлбөр төлөгч нарт мэдэгдсэн байна. /хх 99/

 

Нэхэмжлэгч Б.Б- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд шинжээчийн тогтоосон үнэлгээтэй холбоотой гомдлоо гаргасан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу өөрийн шаардлага, түүний үндэслэлийг нотолж чадаагүй буюу нотлох үүргээ биелүүлээгүй, энэ талаархи анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий хувийн сууц, газрын зах зээлийн үнэ ханш 50 000 000 төгрөг болох нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдагдсан анх 2013 онд 32 000 000 төгрөгөөр худалдан авсан, түүнээс хойш ам.долларын ханш өссөн гэсэн үндэслэл нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ ханш 50 000 000 төгрөг гэдгийг нотлохгүй юм.

 

Мөн хууль зүйн туслалцаа авах эсэх нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зоригийн асуудал бөгөөд энэхүү эрхээ эдлэх боломжийг шүүхээс хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хангах боломжгүйг тайлбарлах нь зүйтэй.

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.      Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 сарын 16-ны өдрийн 182/ШШ2020/02797 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД А.МӨНХЗУЛ

 

Д.НЯМБАЗАР