Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2021/00352

 

МАГАДЛАЛ

2021.02.08 Дугаар 00352

 

 

 

 

 

 

Ж.С, Б.Б нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ш.Оюунханд, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/04177 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.С, Б.Б нарын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Ж.С, Б.Б нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02695 дугаартай эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай захирамжийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эрхийн улсын бүртгэлийн Ү-2204080809, Ү-2204080811 дугаартай, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү /13312/ гудамж, 420/1-ын 12, 13 дугаар давхарт байрлах далан хувийн гүйцэтгэлтэй, үйлчилгээ, оффиссын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг Файн-Эстимэйт ХХК-иар үнэлүүлсэн бөгөөд давхар түс бүрийг 9 410 432 000 төгрөгөөр үнэлгээг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр танилцуулж, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 4/18577, 18578 дугаартай үнэлгээний мэдэгдлийг 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр гардаж авсан. Файн-Эстимэйт ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийг тус бүр нь 9 410 432 000 төгрөгөөр үнэлсэнг зөвшөөрөхгүй байна. Файн-Эстимэйт ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлангаас харвал төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгийг үнэлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээч оролцох тухай журмыг ноцтой зөрчсөн. Файн-Эстимэйт ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, үнэлгээ хийсэн мэргэжилтний хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ зэрэг үнэлгээ хийсэн аж ахуй нэгж, этгээдийн эрхийг нь баталгаажуулсан нотлох баримт нь шаардлага хангахгүй буюу нотариатаар баталгаажуулаагүй, шууд сканнердаж тайланд хавсаргасан нь тусгай мэдлэгтэй гэж үзэхээргүй байна. Мөн Шүүхийн шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг огт баримтлаагүй. Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт шинжилгээг шүүхийн шмнжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээд шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлт гаргаж, шинжилгээ хийхээр томилогдож байгаа шүүхийн шинжилгээний байгууллагад ажилладаггүй шинжээчийг дуудан ирүүлж, түүний биеийн байцаалт, мэргэжил, чадвартай танилцан сэжигтэн, яллагдагч, хохирогчтой ямар харилцаатай болохыг тогтоохоос гадна шинжээчээс татгалзан гарах үндэслэл байгаа эсэхийг шалгана гэж, 9.2 дахь хэсэгт ...энэ хуулийн 9.1-д заасан ажиллагааг явуулсны дараа харшлах шалтгаан байхгүй гэж үзвэл шинжээчид шинжилгээ хийлгэх тухай тогтоол захирамж, хүсэлтийг гардуулан өгч, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулна гэж заасныг тус тус зөрчсөн. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шаардсанаар төлбөр төлөгчөөс үл хөдлөх хөрөнгүүдийн үнэлгээг гаргаж өгсөн. Төлбөр төлөгч хөрөнгийг үнэлэхдээ 1 кв.м-ийн үнэлгээг 10 500 000 төгрөг, 12 дугаар давхар 1 259,56 м.кв талбайн үнэлгээ 13 225 380 000 төгрөг, 13 дугаар давхар 1 259,56 м.кв талбайн үнэлгээ 13 225 380 000 төгрөг, нийт 26 450 760 000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл шинжээч хөрөнгийг үнэлэхдээ 3 814 948 000 төгрөгөөр зөрүүтэй үнэлсэн. Мөн уг үл хөдлөх хөрөнгө нь идэвхитэй борлуулагдаж байгаа байтал барилгыг борлуулж буй байгууллагатай уулзаж ямар үнээр борлуулагдаж байгаа талаар мэдээлэл аваагүй. Хөрөнгийн үнэлгээний аргуудыг хослуулан хэрэглэн үнэлгээг боловсруулах ёстой байтал шинжээч нь зөвхөн жишиг үнийн аргыг ашигласан нь хууль зөрчиж үнэлгээ гаргасан гэж үзэхээр байна. Манай үл хөдлөх хөрөнгийн хувьд орлогын болон өртгийн хандлагын аргыг заавал ашиглан үнэлгээг гаргах ёстой байсан болно. Шинжээч нь хөрөнгийг үнэлэхдээ 947,13 м.кв талбайг ашигтай талбай гэж үзэн энэ талбайн 1 м.кв талбайн үнэлгээг 9 935 730 төгрөгөөр тооцон гаргасанг зөвшөөрөхгүй байна. Нэгэнт 1 давхрыг бүхэлд нь үнэлж байгаа тул 1 м.кв талбайн үнэлгээг нийт талбайд үржүүлэн үнэлгээг гаргах ёстой. Ингэж тооцвол 1 давхрын үнэлгээ 12 514 648 079 төгрөг болж үнэлгээ бодитой тооцогдоно гэж үзэж байна. Иймд Файн-Эстимэйт ХХК-ийн тус бүр нь 9 410 432 000 төгрөг, нийт 18 820 864 000 төгрөгийн үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргасан этгээд Инвескор ББСБ ХХК шүүхэд гаргасан шаардлага болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээч оролцуулах харилцааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Шүүхийн шинжилгээний тухай, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар зохицуулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тухай хуулиар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийн үнэлгээг тохиролцож чадаагүй тохиолдолд дүгнэлт гаргуулах зорилгоор шинжээч оролцдог. Иймд хөрөнгийн үнэлгээний тайлан нь төлбөр төлөгч нарын гаргасан үнэлгээг бус Хөрөнгийн үнэлгээний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид заасныг баримтлан гардаг учир төлбөр төлөгч нарын үнэлгээнээс зөрүүтэй байх явдал нь хууль зөрчсөн асуудал биш юм. Шинжээчээс татгалзан гарах боломж олгоогүй тухайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 43 дугаар зүйлд шинжээчийн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас өөрөө татгалзан гарах тохиолдлуудыг тодорхойлсон. Мөн хуулийн 33 дугаар зүйлд тодорхойлсон талуудын эрх үүрэгт шийдвэр гүйцэтгэгчээс татгалзан гаргах тухай хүсэлт гаргах эрхийг дурдсан боловч шинжээчээс татгалзах эрхийг тусгаагүй. Төлбөр авагчийн хувьд барьцаа хөрөнгийг үнэлсэн Файн-Эстимэйт ХХК-ийн 9 410 432 000 төгрөгийн үнэлгээг холбогдох хууль тогтоомжид нийцсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Харин уг үнэлгээ нь зах зээлийн үнээс хэт өндөр тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнгөнцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2695 дугаар захирамжаар Ж.С, Б.Б нараас 4 168 849 072 төгрөгийг гаргуулж Инвескор ББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Ж.С, Б.Б нарт шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч мэдэгдлийн хугацаанд төлбөрөө төлөөгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннү /13312/ гудамж, 420/1-ын 12, 13 давхар тус бүр нь 1 259,56 м.кв талбайтай үйлчилгээ, оффисийн зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 20260251/01 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилж, 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 20260251/02 дугаартай эд хөрөнгийг хураах тогтоолоор хураан авсан. Төлбөр төлөгч Ж.С, Б.Б нар, төлбөр авагч Инвескор ББСБ ХХК-д 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 4/15183, 4/15184, 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 4/16112, 4/16111 дугаар албан бичгээр үнийн санал өгөх мэдэгдлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржсүрэнд гардуулан өгөхөд давхар тус бүрийг 13 225 380 000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч зөвшөөрөхгүй шинжээч томилуулах хүсэлт ирүүлсэн тул 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр хөрөнгийн үнэлгээний Файн-Эстимэйт ХХК-иар үнэлүүлэхэд давхар тус бүрийг 9 410 432 000 төгрөгөөр үнэлснийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 4/18577, 4/18578 дугаартай албан бичгээр төлбөр төлөгч, төлбөр авагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулан өгсөн. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үнэлэгдсэн үнийн 70 хувиар тооцон давхар тус бүрийг 6 587 302 400 төгрөгөөр дуудлага худалдааны доод үнийг тогтоон анхны албадан дуудлага худалдаанд 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдөр оруулах 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 6/20, 6/21 дугаар тогтоол, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 4/19348, 4/19439 дүгээр мэдэгдлийг итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт гардуулан өгсөн. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 101/Ш32020/11111 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул анхны албадан дуудлага худалдаанд оруулаагүй болно. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байх тул төлбөр төлөгч Ж.С, Б.Б нарын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Ж.С, Б.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Инвескор ББСБ ХХК нарын гаргасан хариуцагч НШШГГ-т холбогдох Ү-2204080809 тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү /13312/ гудамж, 420/1-ын 12 давхар тоот хаягт байрлах 1259,56 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисийн зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, мөн Ү-2204080811 тоот улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү /13312/ гудамж, 420/1-ын 13 давхар тоот хаягт байрлах 1259,56 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффисийн зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 800 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.С, Б.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Файн-Эстимэйт ХХК нь төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгийг үнэлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээч оролцох тухай журмыг зөрчсөн. Файн-Эстимэйт ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, үнэлгээ хийсэн мэргэжилтний хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ нь нотлох баримтын шаардлага хангахгүй буюу нотариатаар баталгаажуулаагүй, шууд сканнердан тайланд хавсаргасан байгаагаас үнэлгээ хийх эрхтэй эсэхээ нотлоогүй, үнэлгээ хийж дүгнэлт гаргах тусгай мэдлэгтэй мэргэжлийн гэх баримт авагдаагүй байгаагаас хууль ёсны шинжээчээр ажилласан гэж үзэхээргүй байна. Шинжилгээ хийсэн эрх бүхий этгээд нь тусгай мэдлэгтэй эсэхээ баримтаар нотлоогүй байх тул үнэн зөв дүгнэлт гаргасан гэж үзэхгүй байна. Гэтэл анхан шатны шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар үнэлгээчин нь тусгай зөвшөөрөлтэй, компани нь хөрөнгийн үнэлгээ хийх үйл ажиллагаа явуулдаг байна гэж нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үнэлэн шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэгч хөрөнгийг үнэлэхдээ 1 м.кв талбайн үнэлгээг 10 500 000 төгрөг гээд 12 дугаар давхар 1 259,56 м.кв талбайн үнэлгээ 13 225 380 000 төгрөг, 13 дугаар давхар 1 259,56 м.кв талбайн үнэлгээ 13 225 380 000 төгрөг, нийт 26 450 760 000 төгрөгөөр үнэлсэн. Гэтэл үнэлгээний компании хөрөнгийг үнэлэхдээ 3 814 948 000 төгрөг, нийт 7 629 896 000 төгрөгөөр зөрүүтэй үнэлж хөрөнгийг хэт үнэгүйдүүлсэн. Хөрөнгийн үнэлгээний аргуудыг хослуулан хэрэглэн үнэлгээг боловсруулах ёстой байтал шинжээч нь зөвхөн жишиг үнийн аргыг ашигласан нь хууль зөрчиж үнэлгээ гаргасан гэж анхан шатны шүүх дүгнэснийг зөвшөөрөхгүй. Шинжээч нь хөрөнгийг үнэлэхдээ 947,13 м.кв талбайг ашигтай талбай гэж үзэн энэ талбайн 1 м.кв талбайн үнэлгээг 9 935 730 төгрөгөөр тооцсныг зөвшөөрөхгүй. Харин анхан шатны шүүхээс бие даасан шаардлагын талаар үндэслэлтэй, хууль ёсны зөв дүгнэлт хийсэн байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон хэсгийг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган бусад хэсгийг хэвээр үлдээж өөрчлөлт оруулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч Ж.С, Б.Б нар хариуцагч НШШГГ-т холбогдуулан Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Хүннү /13312/ гудамж, 420/1-ын 12, 13 давхарт байрлах 1 259,56 м.кв талбайтай үйлчилгээний, оффиссын зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг тус бүр 9 410 432 000 төгрөгөөр, нийт 18 820 864 000 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2020/02695 дугаар захирамжаар Ж.С, Б.Б нар 4 168 849 072 төгрөгийг Инвескор ББСБ ХХК-д 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр төлөхөөр, дээрх хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаанд барьцаалуулсан Ж.Сансарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204080809 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү /13312/ гудамж, 420/1-ын 12, 13 давхарт байрлах 1 259,56 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффиссын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар талууд эвлэрлэснийг баталсан байна. /1хав-58-67х/

 

Дээрх захирамжийг Ж.С, Б.Б нар биелүүлээгүй тул Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШЗ2020/03195 дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамжаар 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 101/ШЗ2020/02695 дугаар захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэж гүйцэтгэх хуудас олгосон байна./1хав-89,95х/

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь төлбөр төлөгч Ж.Сансарын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах буюу албадан дуудлага худалдаагаар худалдахаар битүүмжлэн хураах ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасантай нийцсэн гэж үзнэ. /1хав-115-118х/

 

Хэрэгт авагдсан төлбөр төлөгч нарын хөрөнгийн үнэлгээний талаар ирүүлсэн саналаас үзвэл, төлбөр төлөгч Ж.Сансар төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгө болох Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү /13312/ гудамж, 420/1-ын 12, 13 давхарт байрлах 1 259,56 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффиссын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгө тус бүрийг 13 225 380 000 төгрөгөөр буюу нийт 26 450 760 000 төгрөгөөр дуудлага худалдаагаар худалдах үнийн санал ирүүлсэн, харин төлбөр төлөгч Б.Баясгалан тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгч биш гэх үндэслэлээр үнийн санал өгөхөөс татгалзсан үйл баримт тогтоогдсон. /1хав-123-124х/

 

Харин төлбөр авагч Инвескор ББСБ ХХК нь дээрх үнийн саналыг зөвшөөрөхгүй, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар Файн-Эстимэйт ХХК-ийг шинжээчийг томилжээ.

 

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шинжээчээр Файн-Эстимэйт ХХК-ийн томилж, шинжээч Н.Цолмонгэрэлд шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэхийг тодруулж, мөн хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн нь хуульд нийцсэн байна. /1хав-119-120х/

 

Файн-Эстимэйт ХХК үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн жишиг үнийн хандлага, тухайн хөрөнгийн байршил, ашиглалтын нөхцөл, эдэлгээ зэрэг байдлуудыг харьцуулан үзэж, 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Хүннү /13312/ гудамж 420/1-ын 12, 13 давхарт байрлах 1 259,56 м.кв талбай бүхий үйлчилгээ, оффиссын зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг тус бүр 9 410 432 000 төгрөгөөр, нийт 18 820 864 000 төгрөгөөр үнэлсэн үйл баримт тогтоогджээ. /1хав-139-167х/

 

Зохигчид шинжээчийн дүгнэлт дэх үл хөдлөх хөрөнгийг үнэлсэн байдал, тогтоосон үнэлгээний талаар маргажээ.

 

Шинжээч нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд зах зээлийн буюу зах зээлийн хандлага, орлогын хандлага, өртгийн хандлагын холимог арга болох үлдэгдлийн аргыг хэрэглэдэг боловч тухайн үед зах зээлийн хандлага, орлогын хандлага, өртгийн хандлагын холимог арга болох үлдэгдлийн аргыг ашиглахад шаардагдах хөгжүүлэлтийн болон барилгын ажлын өртөг, зөвлөгчийн үйлчилгээний, санхүүгийн, марктенгийн зардлууд, хугацааны хуваарь, хөгжүүлэлтийн ашиг гэх мэт мэдээллэл мэдэгдэхгүй байсан тул хөрөнгийн зах зээлийн ханш буюу үнийг ижил төрлийн 5 объектыг жишиг болгон зээлийн харьцуулалтын аргад тулгуурлан үнэлсэн талаар дүгнэлтдээ дурдснаас үзэхэд нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн ханшийн талаар маргаж байгаа тохиолдолд шаардлага, үндэслэлээ баримтаар нотлох, холбогдох баримтыг шүүхэд өгөх үүргээ биелүүлээгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нар хөрөнгө үнэлгээний Файн-Эстимэйт ХХК нь тухайн эд хөрөнгийг зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй тул түүний гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан. Иймд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шинжээчийн дүгнэлтийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр талуудад танилцуулсан байхад төлбөр авагч нь Инвескор ББСБ ХХК нь 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хуульд заасан хугацааг хэтрүүлэн гомдлоо гаргасан гэж шүүх дүгнэсэнийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2020/04177 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 140 400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

 

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

 

Д.БАЙГАЛМАА