Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 372

 

Б.Б, Б.Т нарт холбогдох

 эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Оюунгэрэл, шүүгдэгч Б.Б-ийн  өмгөөлөгч Ц.Раашзэвэг, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар магадлалтай, Б.Б, Б.Т нарт холбогдох 201619000687 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1972 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,

Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 71 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-д зааснаар 5 жил хорих ял шийтгэснийг Хэнтий аймгийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2000 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 132 дугаартай шүүгчийн захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Хэнтий аймгийн шүүхийн 2002 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 1231 дугаар зүйлийн 4, 260 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж, Баянзүрх дүүргийн шүүхийн Ерөнхий шүүгчийн 2005 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 28 дугаартай шүүгчийн захирамжаар тэнсэн суллагдсан,

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 1163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 6 жил хорих ял шийтгүүлж, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 573а дугаартай шийтгэх тогтоолоор Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байсан Б овогт Б-н Б,

2. Монгол Улсын иргэн, 1983 онд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежмент мэргэжилтэй, ял шийтгэлгүй, Г овогт Б-ийн Т нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан “Бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Б-, Б.Т- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Б.Б, Б.Т нарыг бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр, бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.Б-т 6 жил 1 сар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар Б.Т-т 1 жил 1 сар хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “хөнгөрүүлэн” гэснийг хасч, шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 6 жил 1 сар хорих ялыг 4 жил 1 сар болгон хөнгөрүүлж, тогтоолын тогтоох хэсгийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт өөрчлөлт оруулж, Б.Б, Б.Т нарын тус бүрийн цагдан хоригдсон 91 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх магадлалын тодорхойлох хэсэгтээ анхан шатны шүүхийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хохирогч Д.М-ийн хулгайд алдагдсан гэх адууны тоо нь эргэлзээтэй, эхний 2 удаа 38 тооны адуу гэж мэдүүлсэн бол дараагийн мэдүүлэгтээ 43 тооны адуу гэж 5 адуу нэмсэн талаар тайлбарлахдаа 180 гаруй адуугаа бүртгэхэд дутсан тул хулгайд алдагдсан байх гэсэн таамаглалаар нэмсэн боловч шүүх хуралдаан дээр 5 тооны адуугаа нас, зүсээр нь хэлж чадаагүй болно. Гэтэл шүүх энэ талаар анхаараагүйгээс болж малын тоо нэмэгдсэн. Анхан шатны шүүх Б.Б, Б.Т нарыг 40 тооны адуу хулгайлж, Д.М-т 28,096,408 төгрөгийн хохирол учруулсан гэж ял халдаасан нь үндэслэлгүй байна. Б.Б нь Д.М-ийн 15 тооны адууг өр төлбөртөө Энхбаярт өгч, 5 тооны адууг ченжид худалдсан бөгөөд үлдэх 18 адууг хэрхэн ашигласан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй байхад 40 тооны адуу хулгайлсан гэж дүгнэж, ял халдаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4, 1.5 дахь хэсгийг зөрчсөн. Мөрдөн байцаалт болон шүүх хуралдаан дээр Б.Б нь Д.М-ийн 38 тооны адуунаас 20 тооны адууг тасалж авч, үлдэх 18 тооны адууг нутгийн зүг рүү туусан гэж мэдүүлснийг Б.Т гэрчилдэг. Мөн эдгээр 18 тооны адуу ирсэн талаар Д.М нь хүнд ярьж байхыг нь Хуягаа гэх хүн сонссон байдаг. Д.М-ийн хулгайд алдагдсан гэх адууны хохирлыг Төв аймгийн Баяндэлгэр сумын зах зээлийн үнэлгээгээр үнэлсэн байхад аймгийн төвийн үнэлгээний байгууллага орон нутгийн биш улсын дунджаар дахин үнэлснээс болж хохирлын хэмжээ их гарч, шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан. Иймд дээрх байдалд дүгнэлт хийж, Б.Б-ийн ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор А.Оюунгэрэл гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч нар бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон. Олон тооны адуу хулгайлсан гэх үйлдэл нь хохирлын хэмжээгээр 2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарахгүй бөгөөд одоо дагаж мөрдөж байгаа Эрүүгийн хуулиар зүйлчлэх нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул хэргийн зүйлчлэл тохирсон байна. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б-т анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хангалттай хөнгөрүүлж шийдвэрлэжээ. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн гаргасан гомдлыг үндэслэн Б.Б, Б.Т нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Б.Б, Б.Т нар нь бүлэглэн 2016 08 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө иргэн О.Энхбаяраас авсан хэт хутганы төлбөрийг өгөх зорилгоор Төв аймгийн Баяндэлгэр сумын Галуут багийн нутаг “Дэлбэрхий” гэх газраас иргэн Д.М-ийн 40 тооны адууг хулгайлж, 28,096,408 төгрөгийн хохирол учруулсан,

Дээрх гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын 1 дүгээр багийн нутаг “Элстэй” гэх газраас хохирогч Б.Энхтүвшингийн 1 тооны үхэр, Б.П-н 1 тооны үхрийг тус тус хулгайлж 2,399,900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан ба давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б, Б.Т нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг болгон зүйлчлэлийг өөрчилж, тэднийг бүлэглэн бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулсан нь үндэслэлтэй болжээ.

Хэдийгээр давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийн хорих ялыг 4 жил 1 сар болгон хөнгөрүүлэх болсон үндэслэлийн талаар дүгнэлт хийгээгүй боловч энэхүү хөнгөрүүлсэн нөхцөл байдал нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон гэж хяналтын шатны шүүх үзнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах шатны шүүх өөрчлөлт оруулж, ялыг хөнгөрүүлж буй тохиолдолд үндэслэлийг заавал тусгаж байх шаардлагатай болохыг цаашид анхаарвал зохино.

Хулгайлагдсан адууны тоо 38, 43 гэж хэргийн оролцогч нараас маргаж байх  боловч хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгийг хэрэгт авагдсан нотлох баримттай харьцуулан шинжлэн судалж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар анхан шатны шүүх хулгайд 40 тооны адуу алдагдсан болохыг нэг бүрчлэн зүсээр нь тогтоож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Мөн хэрэгт авагдсан Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын 18/271 дугаартай шинжээчдийн үнэлгээний тайланг тусгай зөвшөөрөлтэй бүрэлдэхүүнтэй шинжээчдийн баг гаргаснаас гадна уг тайлан нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн бөгөөд хулгайд алдагдсан адууг нас, хүйсээр нь 2015, 2016, 2017 онуудыг харьцуулсан байдлаар зах зээлийн дундаж үнэ ханшаар тооцож гаргасан үнэлгээг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зөрчөөгүй гэж дүгнэв.

Давж заалдах шатны шүүх шинжээчийн үнэлгээгээр тогтоогдсон 43 тооны адууны үнэлгээнээс /30,227,341 төгрөг/ хэрэгсэхгүй болгосон 3 тооны адууны үнэлгээ 2,130,933 төгрөг, хохирогчид хүлээлгэсэн өгсөн 15 тооны адууны үнэлгээ 10,408,261 төгрөгийг тус тус хасч, харин түлш, шатахуунд зарцуулсан 1,300,000 төгрөгийг хохиролд тооцож шүүгдэгч Б.Б, Б.Т нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 05 дугаар шийтгэх тогтоол, түүнд нэмэлт өөрчлөлт оруулсан Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 28 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Раашзэвэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН