Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2017/0681

 

2017 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2017/0681

Улаанбаатар хот

 

 

“Л м” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0554 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э гаргасан давж заалдах гомдлоор “Л м” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Л м” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 4 дүгээр шийдвэрийн “Л м” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.

Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0554 дүгээр шийдвэрээр:

“Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг тус тус баримтлан “Л м” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 4 дугаар шийдвэрийн “Л м” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж зааснаар “Л м” ХХК нь ашигт малтмалын ашиглалтын MB-005040 тоот тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрөөс өмнө урьдчилан төлөх ёстой байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар тусгай зөвшөөрөл цуцлагдах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 7/1397 дугаар албан бичгээр хүргүүлсэн бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөр, алдангийг төлсөн тухай нотлох баримтыг төрийн захиргааны байгууллагад ирүүлээгүй байна.

Улмаар ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 4 дүгээр шийдвэрээр “Л м” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MB-005040 тоот тусгай зөвшөөрлийг цуцалж, Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 7/118 дугаар албан бичгээр цуцалсан талаарх мэдэгдлийг хүргүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Улсын Дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” 9 дүгээр тогтоолд “...Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж заасан ба “Л м” ХХК-д 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 7/1397, 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 7/118 дугаар албан бичгүүдээр мэдэгдэл хүргүүлсэн нь баримт бичиг хүлээлцэх дэвтрийн хуулбараар баталгаажиж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсны дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ” гэж зааснаас үзвэл хаягийн өөрчлөлтөө зохих журмын дагуу бүртгүүлээгүйгээс гарах үр дагаврыг төрийн захиргааны байгууллага хариуцахгүй.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0554 дүгээр шийдвэрийн хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.

Ашигт малтмалын ашиглалтын MV-020482 тоот тусгай зөвшөөрөл, уг зөвшөөрлийн 1, 2 дугаар хавсралтад хийсэн тэмдэглэгээнээс үзэхэд “Л” ХХК-д 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдрийг дуустал 30 жилийн хугацаагаар олгосон тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг нэхэмжлэгч жил бүрийн 10 дугаар сарын 25-аас өмнө төлөх үүрэгтэй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрөл олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасан байдаг.

Гэвч нэхэмжлэгчээс 2017 оны төлбөрийг 2016 оны мөн өдрөөс өмнө төлөөгүйгээс тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийг бий болгосон хэдий ч хариуцагчаас маргаан бүхий актыг гаргахдаа дээрх хуульд заасан зохицуулалтыг хэрэгжүүлээгүй, мөн уг хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу цуцлах үндэслэл бүрдсэнээс хойш 10 хоногийн дотор энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэх үүргээ биелүүлэлгүйгээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 4 дүгээр шийдвэрээр “тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй” гэсэн үндэслэлээр “Л м” ХХК-ийн ашигт малтмалын ашиглалтын MV-020482 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан нь хууль бус болжээ.

Тухайлбал Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна”, 34.7-д “Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх...” гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн дотор тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлөх боломжтой.

Цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг Кадастрын хэлтсээс 2016 оны 11 дүгээр сарын 4-ний өдрийн 7/1397 дугаар албан бичгээр “Л м” ХХК-ийн “Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7-р хороолол, “Х н” ХХК-ийн байрны 2 тоот” гэсэн хаягаар хүргүүлсэн боловч “тус хаягт ийм нэртэй компани байхгүй” гэсэн шалтгаанаар хүлээн аваагүй, харин цуцалсан тухай мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн авсан байдаг.

Хариуцагчаас “...хаягийн өөрчлөлтөө зохих журмын дагуу бүртгүүлээгүйгээс гарах үр дагаврыг төрийн захиргааны байгууллага хариуцахгүй” гэж давж заалдах гомдлын үндэслэлээ тайлбарладаг боловч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн албан бичгээр шүүхэд ирүүлсэн лавлагаагаар “Л м” ХХК-ийн хаяг “Хан-Уул дүүргийн 11-р хороо, Кинг тауэр хотхоны 118-р байрны 129 тоот” гэж өөрчлөгдсөн болох нь 2016 оны 7 дугаар сарын 7-ний өдрөөр бүртгэгдсэн байгаагаас гадна энэхүү хаягийн өөрчлөлтийг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн Кадастрын хэлтэст мэдүүлсэн болох нь хариуцагчаас нотлох баримтаар шүүхэд ирүүлсэн “Хуулийн этгээдийн тодорхойлолт”-оор /ХХ-ийн 47 дахь талд авагдсан/ тогтоогдож байх тул дээрх тайлбар үндэслэлгүй, харин ч хариуцагчаас хуучин хаягаар цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлсэн байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн эзэмшлийн тусгай зөвшөөрөл нь ашиглалтын тусгай зөвшөөрөл байгааг, мөн цуцалсан тухай мэдэгдлийг авсны дараа буюу 2017 оны 1 дүгээр сарын 13-ний өдөр тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлсөн зэргийг анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ харгалзан үзсэнийг буруутгах боломжгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2017/0554 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                                       Э.ЛХАГВАСҮРЭН