Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2020/02381

 

МАГАДЛАЛ

2020.12.18 Дугаар 2381

 

 

 

 

 

 

Б.Ө-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/02723 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.Ө-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ф ХХК-д холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ө нь 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр Ф ХХК-д инженер механикчийн ажилд орсон. Гэтэл үйлдвэрийн захирал Иаким Ионас, нь захирлын эрх мэдэл булаацалдлаа, ажлаасаа гар, өргөдлөө өг гээд хөөсөн. Миний бие нэг ч удаа ажил тасалж, хоцорч үзээгүй, компанийн эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг эвдэж сүйтгэж ямар нэг хохирол учруулаагүй. Иймд механик инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ө нь 2019 оны 8 дугаар сарын 18-ны өдөр манайд үйлдвэрийн цахилгаанчаар ажилд орсон. Өөрийн хүсэлтээр ажлаас гарах хүсэлттэй байгаа талаар хөдөлмөр хамгааллын ажилтан О.Отгонзаяа, үйлдвэрийн инженер Х.Цогмягмар нарт мэдэгдсэн, мөн Үйлдвэр хариуцсан захирал Иаким Ионас, гүйцэтгэх захирал Б.Цасчимэг нартай уулзсан уулзалтад 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгож ажлаас гарна гэсний дагуу тухайн өдрөөс хойш ажилдаа ирээгүй. Хүний нөөцийн менежер ажлаас гарах хүсэлтээ бичгээр өгөөрэй гэж хэлсэн боловч хариуд өгөхгүй, холбогдох байгууллагуудаар нь шалгуулна гэж хэлээд гарсан. Мөн Б.Ө нь үйлдвэрт ажиллаж байхдаа гагнуурын аппарат хулгайлан авсан нь камерын бичлэгээр харагдах ба энэ тухайгаа өөрөө хүлээн зөвшөөрөхгүй, буцаан авчирч өг гэсэн шаардлагыг хүлээн аваагүй тул Баянгол дүүргийн цагдаагийн 2 хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байна. Хэргийн явц нь гагнуурын аппаратыг холбогдох байгууллагаар үнэлгээ хийлгэн шалгагдаж байгаа. Иймд Б.Өийг Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг зөрчсөн, байгууллагаас эд зүйлс хулгайлсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан /РД:НК72040617/ Чонод овогтой Батхүүгийн Ө-гийг Ф ХХК-ийн /РД:2698463/ үйлдвэрийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин олговорт 6 537 366 /зургаан сая таван зуун гучин долоон мянга гурван зуун жарган зургаан/ төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хураамжид 119 548 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Б.Ө нь Ф ХХК-аас эд зүйлс буюу гагнуурын аппарат хулгайлсны улмаас ажлаас халагдсан. Энэ талаар баримт хэрэгт авагдсан байхад шүүх үнэлээгүй. Хөдөлмөрийн гэрээг ноцтой зөрчсөн үндэслэл болохгүй байна гэж Б.Өийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл төлж нөхөн бичилт хийлгэхийг даалгаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

Нэхэмжлэгч Б.Ө нь хариуцагч Ф ХХК-д холбогдуулан тус компанийн үйлдвэрийн инженерийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Б.Ө нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс Ф ХХК-д хөдөлмөрийн гэрээний дагуу үйлдвэрийн инженерээр ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 231 дүгээр тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн байна. /хх-20,22-23, 24/

 

Ажил олгогч Ф ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилтан Б.Өийг ажлаас чөлөөлсөн дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, хөдөлмөрийн дотоод журмын 8.10-т заасныг үндэслэл болгожээ.

 

Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар заасан. Хариуцагч Ф ХХК-ийн нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний гэрээний 3.2.3 болон хөдөлмөрийн дотоод журмын 8.10.в-д заасан ажилтан албан тушаалын дагуу өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан буюу компанийн нэр хүнд, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц ёс зүйн гаргасан зөрчлийг ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар тус тус заасан.

 

Хэргийн 25 дахь талд хариуцагч Ф ХХК-ийн Баянгол дүүргийн цагдаагийн 2 хэлтэст ...Б.Ө нь худал бичиг баримт авчирч байгууллагад хохирол 3 900 000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр үйлдвэрийн байрнаас гагнуурын аппарат хулгайлсан нь байгууллагын камерын бичлэгт бичигдсэн. Иймд Б.Өлзийбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, байгууллагад учирсан хохирлыг барагдуулна уу гэсэн агуулгатай албан бичиг авагдсан байх боловч хэрэгт авагдсан бусад баримтаар Б.Ө нь гэрээ болон журамд заасан ноцтой зөрчлийг гаргасан буюу эд зүйл болох гагнуурын аппарат хулгайлгасан гэх үйл баримт тогтоогдсонгүй.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээг цуцлах ноцтой зөрчил гаргасан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Д.Өлзийхутаг нь урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоолгох хүртэлх хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэн, нэхэмжлэгч Б.Өийг Ф ХХК-ийн үйлдвэрийн инженерийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 6 537 366 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн гэх гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 102/ШШ2020/02723 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 119 548 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХТӨР

 

Д.БАЙГАЛМАА